| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 183/2016/01775/и |
| Дугаар | 961 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 961
Н.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00489 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх
хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би тус компанид 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ТУЗ-ийн 2016-ны 9 дүгээр сарын 21-ний 23 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Баярсайхан томилогдсон. Тэрээр 11 дүгээр сарын эхэн үеэс эхлэн Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэж өг хэмээн надаас шаардах болсон. Би хууль зөрчөөгүй, сахилгын зөрчил гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний яам дээр ажилтай явж байхад "ажлаа хүлээлгэж өг" хэмээн утсаар хэлж, улмаар хаалгыг маань эвдэн орж, ажлыг маань өөр хүнд хүлээлгэн өгсөн байна. Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ажилтнуудад уншиж танилцуулсан ч надад гардуулж өгөөгүй болно. Би ямар тушаал гарсныг ч мэдээгүй, өөр ажилд томилогдсон талаар ч мэдэгдээгүй, надтай ярилцсан, харилцан тохиролцсон зүйл ч байхгүй. Би ажлаа сайн хийж байсан, ямар ч зөрчил гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа намайг 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш өөр албан тушаалд шилжүүлсэн, цалин буураагүй гэсэн боловч нэг ч цалин хөлс аваагүй. Иймд намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд минь эгүүлэн тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, халсан зүйл байхгүй бөгөөд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан байгаа. Манай байгууллага Хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийнхөө бүрэн эрхийн дагуу захирлын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлж, захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлж ажиллуулсан. Энэ талаар өөрт нь мэдэгдээд, тушаал гардуулна гээд шилжүүлж байгаа талаараа хэлсэн, энэ талаар өөрөө мэдсэн. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, ажлын байрыг шилжүүлж байгаа учир тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барих шаардлагагүй. Тушаалын үндэслэл нь ажилтнуудын хөдөлгөөн зохицуулах журмыг барьж ажилд шилжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 4.11, 4.12-оор шилжүүлэн ажиллуулахаар заасан байгаа. Гэхдээ энэ үндэслэлүүдийн 4.11-ийг удирдлага болгож, ажлыг нь сайжруулах зорилгоор шилжүүлсэн. Байгууллагууд ч гэсэн шилжин ажиллуулах талаар хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ журмын дагуу захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлэн ажиллуулсан боловч нэхэмжлэгч 11 дүгээр сараас хойш ажилдаа ирээгүй, тийм учраас цалин бодогдоогүй. Бид Н.Эрдэнэ-Очирыг Захиргаа хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэнгээр томилсон байсан. Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер байхдаа авдаг байсан цалин нь буураагүй хэвээрээ байгаа. Одоо томилогдсон ажлын байрандаа ирэхгүй байгаа тул дараагийн арга хэмжээ яригдах байх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Бархас овогт Нямсүрэнгийн Эрдэнэ-Очирыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас Н.Эрдэнэ-Очирын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 105 918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид 112 644 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдолдоо: ...Тус компанийн 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/98 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтны хөдөлгөөнийг зохицуулах журам"-д байгууллага эрхээ хэрэгжүүлэхдээ "ажилтанд урьдчилан мэдэгдэж, ажилтантай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар заасныг зөрчсөн" гэсэн ийм заалт уг журамд байхгүй ба зөрчсөн зүйл байхгүй болно. Мөн 4 дэх хуудсанд "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил сайжруулахаар ажлын байрыг нь өөрчилж, шилжүүлсэн гэж тайлбарласан боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах талаараа урьдчилан мэдэгдсэн талаараа баримтаар нотлоогүй" гэжээ. Дээрх асуудал буюу урьдчилан мэдэгдсэн байдлыг нотлохоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Баатарнямыг гэрчээр асуулгасан бөгөөд гэрч нь нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирт шилжүүлэн ажиллуулах болон ажил хүлээлцэх талаар мэдэгдсэн ариун цэврийн өрөө ороод ирье гэж хэлээд алга болсон талаар шүүх хурал дээр тодорхой гэрчилсээр байтал шүүгч нотлох баримт ирээгүй, нотолж чадсангүй гэж дүгнэж үндэслэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөр ажилд томилсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулсан тогтоогдоогүй гэсэн байна. Н.Эрдэнэ-Очир ажилдаа ирэхгүй гэрээ байгуулах ямар ч боломж байгаагүй. Тийм учир шүүхэд баримт гаргаж өгөх боломжгүй байсан. Мөн дээрх энэ нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шинжлэн судалж, тал бүрээс харалгүй, гэрчийн мэдүүлэг, хуулийн дагуу гаргаж өгсөн нотлох баримт, компанийн дүрэм журмыг судлалгүйгээр, тус "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын хууль, дүрэм журмаар олгогдсон ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн шилжүүлэн ажиллуулах бүрэн эрхэд халдаж шүүгч үндэслэлгүй гэж дүгнэж Н.Эрдэнэ-Очирыг ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нь хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрөн маргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь ажилтан Н.Эрдэнэ-Очиртой 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн албан тушаалд ажиллуулжээ. /хх12-14/
Ажил олгогч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/673 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Ажилтнуудын хөдөлгөөний зохцуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2, 6.2 дахь заалтыг үндэслэн Н.Эрдэнэ-Очирыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн байна. /хх 35/
Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй, байгууллага хөдөлмөрийн дотоод журамд заасан бүрэн эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн дотоод журмын 4.11-д заасан үндэслэлээр буюу ажил сайжруулах зорилгоор шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.11 дэх заалтыг баримтлан ажилтанг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хэргийн баримтаар ажил олгогч байгууллага компанийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан, компанийн үр ашгийг дээшлүүлэх, технологийн шинэчлэлтэй холбоотой ажлын байр өөрчлөгдсөн, ажил сайжруулах бодлогын хүрээнд ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага өөрийн тайлбараа нотлоогүй болно.
Түүнчлэн ажил олгогч нь Н.Эрдэнэ-Очиртой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Ажил олгогч ажилтанг захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлж, өөр ажил албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй нэхэмжлэгчийг ажлаас нь халаагүй гэж тайлбарлаж байгаа атлаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/673 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болсон гэж дүгнэсэн нь зөв болсон байна.
Иймд Н.Эрдэнэ-Очирыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх заалттай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхйолох журам”-ын 7-д зааснаар … ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 6 105 918 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.
Харин нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нь нэхэмжлэлдээ ажил олгогчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж тогтов.
Хариуцагчийн төлөөлөгч “... шүүх ажил олгогчийн ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн ажиллуулах бүрэн эрхэд халдаж үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэсэн агуулгаар давж заалдсан байгаа боловч нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэлээр тухайлбал ажлын зайлшгүй шаардлага гарсан, сул зогсолт бий болсон, эсхүл ажилтны эрүүл мэндийн улмаас өөр ажилд шилжүүлэх нөхцөл байдал бий болсон, ажил олгогч ажилтантай тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй байх тул уг гомдлыг хангах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00489 дүгээр шийдвэрт
“Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанид нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгасугай” гэсэн 3 дахь заалт нэмж, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан давж заладах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ц.ИЧИНХОРЛОО