| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/0080/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/87 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/87
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц- овгийн Б-ийн С-д холбогдох эрүүгийн 2027000940069 дугаар хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, охины хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, одоо Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай ангид ял эдэлж байгаа, Ц- овгийн Б-ийн С- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.С- нь 2017 оны 10 дугаар сарын эхээр Өвөрхангай Есөнзүйл сумын Хайрхан багийн ___ гэх газар оршин суух хохирогч Ц.Г-ын эзэмшлийн бор голтой, хонгор зүстэй, туухай тамгатай, нас гүйцсэн 1 тооны адууг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт байхад нь хулгайлж 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны намар айлын мал маллаж байсан. Манай гэр урд буюу Орхон багт байдаг байсан. Би гэртээ ирчихээд буцах гэтэл миний унаж явсан морь эцээд явахгүй байсан болохоор замд байсан бор голтой хонгор морийг унаж явсан. Тухайн морийг унаж яваад Архангай аймгийн Хотонт суманд байх найз Б-д бэлгэнд өгчихсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Ц.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эхэн үед өөрийн адуунаасаа хонгор зүстэй, туухай тамгатай, нас гүйцсэн хурдан удмын 1 тооны морь алдсан. Тухайн үед би Улаанбаатар хот руу хувийн ажлаар яваад 2 хоночихоод сумандаа ирсэн. Манай адуу “___” гэх газрын тэнд байсан. Тухайн үед би Улаанбаатар хотоос ирээд адуугаа хартал Хонгор зүстэй, хурдан удмын морь алга болсон байсан. Би нутгийн хүмүүсээс сураглаж байгаад сүүлд нь зурагтаар зарлуулсан юм...Би 2017 онд Булган аймгийн Дашинчилэн сумаас Д.Ц- гэх хүнээс тэр үед 2,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Сумын наадамд айрагдсан 5 медаль байдаг юм...Бор голтой, хонгор зүстэй, туухай тамгатай, ясаар том биетэй, том толгойтой сайхан морь байсан юм. Алдсандаа их харамсаад байгаа юм...Би 2,000,000 сая төгрөгөөр худалдаж авч байсан 2,000,000 сая төгрөгөөр л үнэлж байна...” гэсэн мэдүүлэг, /хх 13-15 дугаар хуудас/
Гэрч Г.Ё-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хар голтой хонгор зүсмийн морь уначихсан манай гэрт ирээд намайг тэжээгээд өгчих гэж авчирж өгсөн. Маргааш өглөө нь манай аав, ээж хоёр Б.С-ийг хонгор зүсмийн морь авч ирж өгсөн талаар мэдээд намайг буцаагаад аваачиж өг гээд уурлаад байхаар нь Б.С-д буцаагаад аваачиж өгсөн...Манай гэрт Б.С- бид 2-г хамт байх үед бол ирээгүй харин маргааш нь Б- гэр хорооллын гудманд Б.С-ийн унаж явсан хонгор зүсмийн морийг уначихсан явж байхыг нь би харсан. Тэгээд худалдаад авчихсан юм байхдаа гэж бодож байсан. Б.С- нь зарна гэж ярьж байсан юм...Ямар нэгэн зүйл хэлээгүй тэжээгээд өгөөч гэж хэлж байсан...Толгой томтой хар голтой, засмал дэлтэй, туранхай, биеэр яс томтой, зүүн талын гуя дээрээ буруу 5 тоо шиг тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 16-18 дугаар хуудас/
Гэрч Ц.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр цаг хугацаанд буюу онийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 2017 онд шиг санаж байна. Ямар ч байсан С- нь хонгор зүстэй, нас гүйцсэн бүдүүн адууг манай нутгийн Г- овогтой Б-д бэлгэнд өгсөн талаар Б- надад хэлсэн. Би ямар учиртай адуу байсныг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хх 19-20 дугаар хуудас/
Гэрч Ц.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү 2017 оны намар сар, өдрийг нь хэлж мэдэхгүй ямар ч байсан. Манай хүүд найз нь хонгор зүстэй морь бэлгэнд өгсөн байсан. Морь бэлгэнд авсан талаараа манай хүү Б- надад хэлсэн. Уг морийг би өөрөө үзсэн. Тэгэхэд тэр хонгор зүстэй морь болохоор туранхай байсан намар цас орчихсон байсан. Гадаа хяруу хаячихсан хүмүүс идшээ хийж байх цагаар адуу бэлгэнд авсан байсан. Тэр үед би Б-гээс хэнээс ямар учиртай морь бэлгэнд авч байгааг асууж тодруулаагүй. Б-гийн тэр бэлгэнд авсан морь туранхай байсан учир хүнсэнд хэрэглэчих гэж хэлсэн. Тэжээх гэхээр өвс, тэжээл их орох талаар Б-д хэлсэн. Уг морийг Б- хөдөө Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр багийн нутаг “Өндөрийн өвөр” гэх газарт байдаг гэрийнхээ гадна нядалсан талаараа надад хэлсэн. Адуу нядлах цаг хугацаанд би байгаагүй. Харин манай дүү Ч- байсан гэж хэлж байсан. Тэгээд тухайн адууг өөрийнхөө хүнсэнд хэрэглэсэн. Уг адууны мах, шир, толгой зэрэг нь одоо байхгүй. Одоогоос хоёр жилийн өмнөх асуудал байгаа юм...Б-гийн бэлгэнд авсан хонгор зүстэй адуу болохоор бор хонгор зүстэй гэж хэлмээр юм шиг, дунд зэргийн бүдүүн морь байсан хүүхдэд бэлгэнд өгсөн гэж хэлсэн болохоор би нарийн шинжиж үзээгүй ямар буруу гарын адуу бэлгэнд өгчихсөн байх гэж бодох биш дээ...” гэсэн мэдүүлэг, /хх 23 дугаар хуудас/
Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны намар 09 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат С- гэх залуу хар голтой том хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь надад бэлэглэсэн. Би хариуд нь 6 ширхэг 2.5 л савтай нийслэл нэртэй пиво дэлгүүрээс худалдаж авч өгсөн. Хонгор зүсмийн морийг С- гэх залуугаас бэлгэнд аваад удалгүй 7-10 хоногийн дараа зурагтаар тухайн морийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас алдсан гээд содон шинж тэмдэг, эм тамгатай зарлаж байсан. Тэгээд би тухайн хонгор зүсмийн морийг хулгайн морь байна гэж мэдээд нядалж махыг нь тэр намар идшиндээ хэрэглэсэн. С- хонгор зүсмийн морийг надад бэлгэнд өгөхдөө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын хурдан адуу байгаам тэнд манай нэг хуурай ах байдаг тэр хүн бэлгэнд надад өгсөн гэж хэлж байсан юм...Том биетэй хар голтой засмал дэлтэй туранхай морь байсан. Тамганы нэрийг нь хэлж мэдэхгүй байна...Хэлсэн чинь наадах биш чи андуурч харсан байх. Би тийм зүйл хийх залуу биш шүү дээ гэсэн. Гэхдээ зурагтаар эрэн сурвалжилж зарлаж байгаа нь эм тамга зүс, содон шинж тэмдэг мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас алдсан гээд бүх зүйл тохирч байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 25-27 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ӨХЦ20-26 дугаартай дүгнэлтэд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 10 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 550,000 /таван зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх 30-32 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.С- нь 2017 оны 10 дугаар сарын эхээр Өвөрхангай Есөнзүйл сумын Хайрхан багийн ___ гэх газар оршин суух хохирогч Ц.Г-ын эзэмшлийн бор голтой, хонгор зүстэй, туухай тамгатай, нас гүйцсэн 1 тооны адууг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт байхад нь хулгайлж 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Г-ын өгсөн мэдүүлэг /хх 13-15/, гэрч Г.Ё-, Ц.Ө-, Ц.Г-, Г.Б- нарын өгсөн мэдүүлэг /хх 16-18, 19-20, 23, 25-27/, Вендо ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ӨХЦ20-26 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх 30-32/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.
Талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Б.С-ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.С-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.С- нь тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул шүүдэгчид тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж заасныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Б.С- нь бусдад төлөх хохирол төлбөргүй, 23 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц- овгийн Б-ийн С-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц- овгийн Б-ийн С-ийг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан шүүдэгч Б.С-д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг 1 жил 08 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн 23 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 жил 08 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.С- нь 23 цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН