| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0079/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/88 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/88
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч: Т.О-
Шүүгдэгч:Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т-гийн О-, Б-ы О- нарт холбогдох эрүүгийн 2027001040068 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нислэгийн удирдагч мэргэжилтэй, ___ ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ___ байрны ___ тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б- овгийн Т-гийн О- /___/,
2.Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Аврагч, гал сөнөөгч, жолооч мэргэжилтэй, ___ ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ___ дугаар байрны ___ тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б- овгийн Б-ы О- /___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.О- нь Т.О-тай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Шар тохой гэх улсын хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг Зэвгэ загас, 1 ширхэг Хадран загас нийт 5 ширхэг загас барьсан, агнасан гэх,
Яллагдагч Т.О- нь Б.О-тэй бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Шар тохой гэх улсын хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг Зэвгэ загас, 1 ширхэг Хадран загас нийт 5 ширхэг загас барьсан, агнасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Т.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Т.О- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2020 оны 06 дугаар сарын эхээр ээлжийн амралтаа авсан байсан юм. Тэгээд найзтайгаа ярьж байгаад загасны хорио тавигдсан хоёулаа загасанд явъя гээд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирж хөдөө явж 2 ширхэг загас барьсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/
Шүүгдэгч Б.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.О- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр найзтайгаа хамт загасны хорио цээр тавигдсан гээд Бат-Өлзий сум руу явсан. Тэгээд бид хоёр нийлээд 5 ширхэг загас барьсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/
2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, (хх-ийн 1-4-р хуудас)
Иргэний нэхэмжлэгч М.Бат-Үүлийн 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 60-р хуудас)
Гэрч Ц.У-ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Тус өдөр найзуудаараа салхинд гаръя гээд наашаа буюу Бат-Өлзий сум руу гарсан. Загасны хорио тавигдаж байгаа учраас салхинд гарангаа ганц нэг дэгээ шидье гээд наашаа гарсан юм. Би бол загас барьдаггүй, надад загасны уурга ч байдаггүй найзуудыгаа дагаад л цэвэр агаарт гаръя гээд ирсэн юм. Би Улаанбаатар хотоос ирэх замдаа найз болох О-, Ч-, Т- бид хэд архи уугаад О- архи уулгүй машин барьж явсан. Би замдаа тасарчихсан байсан өгөөд унтаад өгсөн байсан. тэгээд байж байтал юм барьчихлаа гээд орилоод байхаар нь би сэрсэн. Сэрээд машинаасаа буугаад гол дээр очсон чинь О- 2 ширхэг загас барьчихсан байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 61-р хуудас)
Гэрч М.Т-ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Найзуудаараа ярилцаад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр загас барих хорио тавигдаж байгаа учир Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирээд гол дагаад дээшээ явсан. Тухайн үед би согтчихсон явж байсан. Тэгээд хэсэг явж байгаад голын эрэг дагуу буудалласан. Бид хэд буугаад гол руу дэгээ шидсэн тэгээд манай О-, О- 2 загас барьсан. У-, Ч-, бид 3 загас бариагүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 63-р хуудас)
Гэрч Д.Э-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...1996 онд Улсын их хурлын 47 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон. Тус сумын газар нутгийн 80% буюу 190.000 га талбай нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг...Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хариуцсан нутаг дэвсгэрээс загас болон ямар нэгэн амьтан агнаж, барьж болохгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 70-р хуудас)
Орхоны хөндийн Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “...1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Шар тохой гэх улсын тусгай хамгаалалттай газраас иргэн Т.О-, Б.О- нарын барьсан 4 ширхэг загас нь зэвгэ, 1 ширхэг нь Шивэр хадран буюу /Сибирь хадран/ загас байна. 2. Тус 5 ширхэг загас нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт заасан ховор амьтны төрөлд хамаарагддаггүй болно. 3. Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 4 дүгээр заалт, Монгол Улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 тоот тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэлгээ-17000 төгрөг, 1 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загасны үнэлгээ-4000 төгрөг байна. Нийт 74 ширхэг Зэвгэ загас *17000 үнэлгээ=68000 төгрөг, 1 ширхэг Шивэр хадран /Сибирь хадран/ загас *4000=4000 төгрөг болж байна...” гэх 39-04-078-04 дугаартай дүгнэлт, (хх-ийн 18-р хуудас)
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Шар тохой гэх газрын уртраг, өргөрөгийн N46°50’48.1, Е102°06.36.1 улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх албан бичиг, зураг, (хх-ийн 51-52-р хуудас)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 9-12-р хуудас), загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 13-14-р хуудас), Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбилэгийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-04 дугаартай акт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О-, Б.О- нарын гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Т.О-, Б.О- нар нь тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.О-, Б.О- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Т.О-, Б.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 160 000 төгрөгийн 4.3 метрийн урттай хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, хар өнгийн 4 метрийн урттай 1 / нэг/ ширхэг загасны уурга, улаан өнгийн 2.7 метрийн урттай 1 / нэг/ ширхэг загасны уурга, хүрэн өнгийн иштэй 3 метрийн урттай уурга 1 / нэг/ ширхэг загасны уурга, 125 000 төгрөгийн үнэлгээ бүхий зэвэг загас 4 /дөрөв/ ширхэг зэргийг тус тус устгахаар шийдвэрлэв
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Б-ы О-, Б- овгийн Т-гийн О- нар нь бүлэглэн тусгай хамгаалалтай газар зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-ы О-г 5400 /таван мянга дөрвөн зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т-гийн О-ыг 5400 /таван мянга дөрвөн зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г, Т.О- нарт тус тус оногдуулсан 5400 / таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.О-, Т.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 160 000 төгрөгийн 4.3 метрийн урттай хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уурга, хар өнгийн 4 метрийн урттай 1 / нэг/ ширхэг загасны уурга, улаан өнгийн 2.7 метрийн урттай 1 / нэг/ ширхэг загасны уурга, хүрэн өнгийн иштэй 3 метрийн урттай уурга 1 / нэг/ ширхэг загасны уурга, 125 000 төгрөгийн үнэлгээ бүхий зэвэг загас 4 /дөрөв/ ширхэг 1 ширхэг Хадаран загас зэргийг тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.О-, Т.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О-, Т.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА