Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: П.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой П-ийн Х-т холбогдох эрүүгийн 2027000000084 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд  суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймаг, Бүрд сум, 1 дүгээр баг “___” гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй,

урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 100 нэгжтэй тэнцэх буюу 100 000 төгрөгөөр торгох ялаар,

Булган аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 01 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овогтой П-ийн Х- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Х- нь 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр баг “Булаг” гэх газар оршин суух иргэн С.Г-ийн гэрийн гадна байсан хохирогч Х.Б-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр хохирогч Х.Б-ийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 цаг орчимд би өөрийн төрсөн ах болох С.Г- гэх айлд өөрийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикльтой очоод ахындаа орчиод буцаад өөрийн гэр рүүгээ явахдаа ахын гадаа байсан өөрийн эзэмшлийн “Мазда” бонго маркийн тээврийн хэрэгслээ унаад ахын гадаа өмнө унаж ирсэн мотоциклио үлдээгээд яваад гэртээ хариад амарсан. Маргааш нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 06 цагийн орчимд малдаа явах гээд ах болох С.Г- гэх айлд очоод мотоциклио авах гэтэл миний мотоцикль алга байсан. Би өөрийнхөө ах болох Г- гэх хүнээс мотоциклио асуухад урд шөнө манай 00 цагийн орчимд танайд байдаг Х- гэх хүн манай гэрт ирээд айраг уугаад явсан хэрэв манай гадаа чи мотоциклио үлдээсэн бол тэр хүн унаап явсан байх гэж хэлсэн. Тэгээд миний мотоцикль алга болоод  хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гомдолтой байна мотоциклио олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 26-27дугаар хуудас/,

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 08 дугаар сарын 30-ны шөнө манай сумын иргэн Б- гэж дууддаг өөрийн нэрийг нь сайн  мэдэхгүй байна өөр нэртэй гэсэн тэр хүн манайд шөнийн 00 цагийн орчим манай гэрт ганцаараа орж ирсэн. Манайд айраг ууж байгаад 30 минутын орчим болоод гараад явсан. Тэр өдөр манай дүү болох Х.Б- өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслээ үлдээгээд явсан юм байна лээ үлдээснийг нь би маргааш нь мэдсэн. Б- гэдэг хүн манай төрсөн дүү болох Х.Б- гэх айлд байдаг хүн байгаа юм. Эхнэр хүүхэдгүй ганц бие залуу юм. Тэр шөнө манай гаднаас дүүгийн мотоциклийг унаад явахаар нь манай дүүгээс зөвшөөрөл аваад унаад явж байгаа юм байх гэж бодсон юм. Тэгсэн чинь дүү маргааш нь би танай гадаа мотоциклио үлдээсэн байсан чинь алга болсон байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

“...Би П.Х-ыг харж амар гэсэн. Гаднаас мотоцикль унаад явсныг мэдсэн, манай дүү Х.Б- гэж айлд нэг сарын хугацаанд байсан болохоор Х.Б- гэж хүний мотоцикль байсан талаар мэдээгүй би гэрээсээ П.Х-ыг гаргаж өгөх үед манай гадаа дүү Х.Б-ийн мотоцикль байсан. Тэгээд би Х- гэж хүнд хандаж хойшоо Х.Б-ид очиж амрах юмуу гэсэн чинь дугарахгүй байхаар нь мотоциклио унаад явсан юмуу гэж хэлсэн чинь мотоцикль асаагаад явсан. Манайд ирж айраг уучихаад онц юм яриагүй ээ. Айраг ууж байгаад гарсан. П.Х- хөлөө гэмтээчихээд манай дүү Х.Б- гэх айлд амьдарч байсан. 1 сар болсон байх садан төрлийн холбоо байхгүй, орон гэргүй хүн байгаа юм. Манай гадаа П.Х- бид 2 хоёулаа байсан. П.Х- дүүгийн мотоциклийг унаад явах юм уу яах юм гэж хэлсэн. П.Х- нь тэгээд унаад явсан. Тухайн үед мэдүүлэгтээ сандраад тэгж хэлсэн. Гаднаас асуугаагүй би л дүүгийн мотоциклийг унаад явж амрах юм уу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн Засаг даргын П.Х-ын талаарх тодорхойлолт, П.Х-ын өмнө ял эдэлж байхад гаргасан хорих ангийн тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 43, 60-61, 66, 69, 79 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч П.Х- нь 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр баг “Булаг” гэх газар оршин суух иргэн С.Г-ийн гэрийн гадна байсан хохирогч Х.Б-ийн  эзэмшлийн “Мустанг-5” маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах   гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 26-27 дугаар хуудас/, гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 31-33 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 35-38 дугаар хуудас/, шүүгдэгч П.Х-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Х- нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Х.Б-ийн өмчлөх эрхэнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас П.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч П.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Х- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх, шүүгдэгч П.Х-ын гэмт хэрэг үйлдэгдс­эн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой П-ийн Х-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1зааснаар П.Х-ыг 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар П.Х- нь оногдуулсан 250 /хоёр зуун тавин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА