Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/91

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Ц-гийн Б-, Ц- овогтой Н-гийн Б-, Х- овогтой Н-ийн Н-, Ц- овогтой Л-гийн Н- нарт холбогдох эрүүгийн 2027000000057 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б- овогтой Ц-гийн Б- /РД:___/,

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур  суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо Булгийн ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 05 жил 10 хоног хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1181 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Ц- овогтой Н-гийн Б- /РД:___/,

3. Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 03 жил хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 04 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Х- овогтой Н-ийн Н- /РД:___/,

4. Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 05 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Ц- овогтой Л-гийн Н- /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хужир” гэх газраас 144.2 кг нэн ховор ургамал болох хонин арц зохих зөвшөөрөлгүйгээр түүн хадгалж байгаль орчинд 7 210 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Өвөрхангай аймгийн Бүрд сум хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2016 оноос эхлэн ажиллаж байна. Миний хариуцсан сумын нутаг болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “Бор хужир” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэд арц түүгээд байна гэсэн мэдээллийн манай багийн засаг дарга надад утсаар хэлсэн. Тэгээд холбогдох хүмүүсийн хамт очиход нэх бүхий дөрвөн хүн долоон шуудай арц түүж бэлтгэсэн байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч үзлэг хийж гэрэл зургаар баримтжуулсан. Тухайн 4 хүн болох Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нар автомашинтай явж байсан. Автомашин жолооч хэн байсан талаар би тухайн цаг хугацаанд мэдээгүй. Хонин арц нь Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн   хавсралтын дагуу нэн ховор ургамлын ангилалд хамаарна. Би Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн01/04 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 7 210 000 төгрөгийг нэхэмжлэх болно. Уг мөнгийг манай Бүрд сумын төрийн сангийн дансанд байршуулчихвал надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө би гэрээсээ Хүчит шонхор зах руу ажил дээрээ очиход нэг найз таарч хоёулаа Хараа нэртэй 0.33 хэмжээтэй архи хувааж уучихаад Б- нэж найзынхаа гэрт орсон чинь Б-, Н- 2 архи уугаад сууж байсан. Тэрнээс би жаахан уугаад сууж байсан чинь Б- арцанд хамт явах уу өдрийн 30 000 төгрөгийн цалинтай гэж асуухаар би тэгье гэж зөвшөөрөөд бид нар бөөндөө Нарантуул захаас очиж ажлын бээлий, шуудай, гар шимэск зэргийг худалдан авсан. Тэгээд Улаанбаатар хотоос 15 цагийн үед гарч жолооч архи уугаагүй харин би Б-, Н- хоёртой 3 шил 0.75, 1 шил 0.5 гээд 4 шил архи хувааж уусан. Тухайн үед би их согтсон байсан. Шөнө миний бодлоор 1 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Мухар ам” гэх газар бөөндөө машиндаа хонож өглөө 08 цагийн үед нэг газар /сүүлд би “Бор хужир” гэдэг газар байсныг мэдсэн/ очиж бид нар гар шимээсгээр арцаа хадаад нийтдээ хэсэг, хэсэг газраас 7 шуудай арцаа түүж тэндээ хэвтүүлж нууж тавьчихаад бид нар ам цангаж байсан учраас ус уух, ус авч нүүр гараа угаачихаад эргээд ирж бэлтгэсэн арцаа ачаад явах бодолтой цагдаагийн эргүүл шалгалтаар таарч бидний сууж явсан тээврийн хэрэгслийг ачааг шалгаж бидний өмсөж явсан бээлий, гар шимэск, шуудай зэргийг олсон учир бид нар усаа уулгүй нөгөө бэлтгэсэн арц дээрээ очиж зааж өгч 7 шуудай арцаа аваад Өвөрхангай аймгийн Бүрд сумын цагдаагийн хэсэг дээр ирж шалгуулсан. ... Манай эхнэрийг О- гэдэг. Том охин Б.А- 16 настай, охин Б.А- 12 настай, хүү Б.Т- 4 настай, охин Б.А- 1 настай ам бүл зургуулаа амьдардаг. Манай эхнэр ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад амьдардаг. Би гэр бүлээ тэжээхийн тулд Хүчит шонхор зах дээр мах үүрч ажилладаг ба ер нь мөнгө олох ажил гарвал хийж л амьдралаа авч явдаг. Би арц түүхээр хариуцлага хүлээдэг гэдгийг мэдээгүй. 1 кг арцийг 1500 төгрөгөөр авдаг гэж сонссон ба надад 30 000 төгрөг өгнө гэхээр л манайх түрээсийн хашааны мөнгө, тогны мөнгө, хоол унд, 1 настай хүүхдэд хэрэглэх мөнгө хэрэгтэй байсан учраас хамт явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Н-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө би гэрээсээ Ч- төрсөн ахынхаа гэрээс гараад гадуур найзуудтайгаа архи уучихаад бага зэрэг согтуу 21 цагийн үед Б- найзындаа ороод хоол унд идчихээд унтсан. Маргааш нь би Б-ий гэрт хоол идээд байж байхад гэрийн гаднаас Б-, Н- 2 орж ирсэн. Дараа нь би архинд явж ирчихээд архиа Б- бид 2 хувааж уугаад байж байтал гаднаас Б- бага зэргийн согтуу гэрт орж ирж мөн архинаас хамт ууж арцанд явахаар болсон. Бид нар тэгээд арц түүх газар луу Н-ийн эзэмшлийн ___ улсын дугаартай Hyundgai Verna маркийн тээврийн хэрэгслээр явахаар болж замаараа шуудай, гар шимэск зэргийг Нарантуул захаас аваад замдаа мөн 4 шил архи аваад жолооч Н-ээс бусад нь камдаа тэр 3 шил архиа уугаад Б- замаа заагаад шөнө 12-01 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт нэг газар бөөндөө машиндаа хонож өглөө 08 цагийн үед арц түүсэн “Бор хужир” гэдэг газар дээрээ ирээд машиндаа зам дээр ил тавиад гар шимээсгээр 7 шуудай арц хадаад хэсэг, хэсэг газар шуудай арцаа түүж тэндээ хэвтүүлж тавьчихаад бид нарын ам цангаж байсан учраас ус уух, ус авч гар нүүрээ угаачихаад эргээд ирж бэлтгэсэн арцаа ачаад явах бодолтой Н- найзын эзэмшлийн ___ улсын дугаартай Hyundgai Verna маркийн тээврийн хэрэгслээр бид дөрөв явж явж байтал цагдаагийн эргүүл шалгалттай таарч бидний сууж явсан тээврийн хэрэгслийн ачааг шалгаж бидний өмсөж явсан бээлий, гар шимэск, шуудай зэргийг олсон учир бид нар усаа уулгүй нөгөө бэлтгэсэн арц дээрээ очиж зааж өгч 7 шуудай арцаа аваад Өвөрхангай аймгийн Бүрд сумын цагдаагийн хэсэг дээр ирж шалгуулсан. ... Би ажил хийхээрээ 10 000-20 000 төгрөг олдог. Харин арц түүх энэ ажилд хоёр өдрийн 60.000 төгрөг олдог гэсэн учраас хамт явж энэ үйлдлийг хийхээр болсон. Тэгээд 60 000 төгрөг дээрээ хэдэн төгрөг нэмж олоод Завхан аймгийн Баянтэс суманд байгаа ээж дээрээ очиж амьдрах бодолтой байсан. Би арц түүхээр хариуцлага хүлээдэг гэдгийг мэдээгүй. Хэрвээ мэдэж байсан бол энэ үйлдлийг огт хийхгүй байх байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

“...Манай эхнэрийг С- гэдэг. Том охин Н.Н- 13 настай, хүү Н.Ө- 8 настай, хүү Н.А- 5 настай, хүү Н.А- энэ хоёр хүү минь ихэр байгаа юм дараагийнх нь хүү Н.А- 4 настай, охин Н.А- 1 настай ам бүл наймуулаа амьдардаг. Манай эхнэр ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад амьдардаг. Би гэр бүлээ тэжээхийн тулд хүн тээвэр буюу хувиараа такси хийж ажилладаг. Амьдралынхаа төлөө мөнгө олох ажил гарвал хийж л амьдралаа авч явдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай эхнэрийг С- гэдэг. Том хүү С.М-14 настай, хүү С.П- 10 настай, хүү Б.П- 7 настай, охин Б.А- 6 настай ам бүл зургуулаа амьдардаг. Манай эхнэр ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад амьдардаг. Би гэр бүлээ тэжээхийн тулд Нарантуул зах дээр комиссын бараа хүнээс зээлж авч зардаг ба ер нь мөнгө олох ажил гарвал хийж л амьдралаа авч явдаг. Би ээж аавтайгаа Бүрд сумын 3 дугаар баг Хавчигийн нүүр, Цагаан толгойн өвөр, Марз гэх газраар амьдардаг байсан болохоор арц ургадаг гэдгийг мэддэг байсан. Ер нь бол гэр бүлээ тэжээхийн тулд л ийм асуудал гаргачихлаа...”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/, 

Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...___ улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашины эзэмшигч нь би. Н.Н- надад хоёр сая төгрөг өгнө сарын 500 000 төгрөгийг таксинд явж байгаад олно гэж хэлээд авсан. Гэхдээ автомашины гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичиг дээр миний нэр, гэрийн хаяг бүртгэлтэй байгаа. Тэгэхээр ___ улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашин миний эзэмшлийнх. Н.Н-т өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Олон бага насны хүүхдүүдтэй. Эхнэр нь ажилгүй тийм л хүмүүс байгаа. Эхнэрийн болон Н.Н- нарын дундын өмч болох 5 ханатай Монгол гэрт амьдардаг. Өөр эд хөрөнгийн талаар мэдэхгүй. Амьдрал тусдаа болохоор тэр болгон уулзаад байдаггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн үедээ унаж явсан ___ улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашин нь манай нөхрийн эзэмшлийн автомашин байгаа. Бид хоёр одоогоос олон жилийн өмнө худалдаж авч байсан. 2020 оны 05 дугаар сарын эхээр Н.Н- манайд ирээд ___ улсын дугаартай Hyundai Verna маркийн автомашиныг аваад сарын 500 000 төгрөг өгнө нийт 2 000 000 төгрөгийг таксинд яваад олно гэж хэлээд аваад явсан. Гэтэл ийм асуудалд холбогдсон байна. Манай хүү сүүлийн үед үл бүтэх хүмүүстэй нийлээд архи уучихаад байх болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд,  тогтоол танилцуулсан тэмдэглэлүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгч болон прокурорын тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ, /1 дүгээр хх-ийн 03-28, 29, 33-44, 45-49, 54-55, 56-59, 78 дугаар хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/04 дугаартай

“...1. Иргэн Ц.Б-, Л.Н-, Н.Н-, Ц.Б- нарын бэлтгэсэн ургамал нь Хонин арц байна.

2. Хонин арц нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын дагуу нэн ховор ургамлын ангилалд хамаарна.

3. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль ургамлын нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу 1кг үнэлгээ 50 000 төгрөг. Нийт хохирлыг үнэлгээ 144.2кг*50 000 төгрөг=7 210 000 төгрөг  байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт /1 дүгээр хх-ийн 212-213 дугаар хуудас/,

Хонин арцны зах зээлийн үнэлгээ /2 дугаар хх-ийн .... дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Н.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын Н.Н-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх, Н.Н-ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 105, 109, 110, 142, 143, 144-149 дүгээр хуудас/ зэрэг болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хужир” гэх газраас 144.2кг нэн ховор ургамал болох хонин арц зохих зөвшөөрөлгүйгээр түүж байгаль орчинд 7 210 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нар үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/04 дугаартай “...1. Иргэн Ц.Б-, Л.Н-, Н.Н-, Ц.Б- нарын бэлтгэсэн ургамал нь Хонин арц байна. 2. Хонин арц нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын дагуу нэн ховор ургамлын ангилалд хамаарна. 3. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль ургамлын нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу 1кг үнэлгээ 50 000 төгрөг. Нийт хохирлыг үнэлгээ 144.2кг*50 000 төгрөг=7 210 000 төгрөг  байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт /1 дүгээр хх-ийн 212-213 дугаар хуудас/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарын зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг түүсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н-  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 7 210 000 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 7 210 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 36 050 000 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нар нь хохирлоо төлөөгүй тул тэдгээрээс дээрх хохирлыг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Л.Н-оос 9 012 500 төгрөг, шүүгдэгч Н.Б-аас 9 012 500 төгрөг, шүүгдэгч Ц.Б-эс 9 012 500 төгрөг, шүүгдэгч Н.Н-ээс 9 012 500 төгрөг тус тус гаргуулан Бүрд сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 2 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 50-12 УБТ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийг ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь Г.Н-ийнх болох нь гэрч Г.Н-, С.Алтанцэцэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Н-ийн тайлбар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ  зэргээр тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нараас ___ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын хууль бусаар түүсэн хонин арц нь анх 7 шуудай 144.2кг байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хатаж шүүхэд 7 шуудай 95кг болж хорогдон ирсэн бөгөөд ямар ч төрлийн байгалийн ургамал нь түүж бэлтгэсэн даруйд нойтон жин нь хүнд байх ба хадгалалтын хугацаанд хатаж жингээ алддаг тухай Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан бичигт дурдсан тул шүүхэд ирсэн арцны жин болох 95кг-ыг зах зээлийн үнэлгээ болох 1кг нь 2 500 төгрөгөөр тооцож нийт 237 500 төгрөгийн үнэлгээ бүхий 7 шуудай хонин арц нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг гар хадуурыг устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс хохирол төлбөрөө төлнө гэж тайлбарлан хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэж нотариатаар гэрчлүүлсэн баримтыг хуралдаанд гаргаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлхөө илэрхийлсэн гэдгийг хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, төлөх боломжтой өөрөөр хэлбэл тодорхой цалин орлоготой, хохирол төлөх талаар санаачлагатай үйлдэл гаргасан байхыг ойлгох тул шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлнө гэх баримтыг үндэслэн тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарын цагдан хоригдсон нийт 56 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцохыг, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой Ц-гийн Б-, Ц- овогтой Н-гийн Б-, Х- овогтой Н-ийн Н-, Ц- овогтой Л-гийн Н- нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарын цагдан хоригдсон 56 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 2 000 000 төгрөгийг шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нараас хувь тэнцүүлэн гаргуулж /тус бүр 500 000 төгрөгийг/ улсын орлогод оруулж, Бүрд сумын ургамлын санд учирсан хохирол болох 36 050 000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Л.Н-оос 9 012 500 /есөн сая арван хоёр мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Н.Б-аас 9 012 500 /есөн сая арван хоёр мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.Б-эс 9 012 500 /есөн сая арван хоёр мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Н.Н-ээс 9 012 500 /есөн сая арван хоёр мянга таван зуу/ төгрөг тус тус гаргуулан Бүрд сумын Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 237 500 төгрөгийн үнэлгээ бүхий 7 шуудай 95 кг хонин арцыг улсын орлого болгож, 1 ширхэг хадуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нар нь хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-, Н.Б-, Ц.Б-, Н.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА