Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/92

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

Улсын яллагч: Н.Өнөрбаяр ,

Хохирогч М.Ж-, М.Б-

Шүүгдэгч М.Ж-ын өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч М.Ж-, М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц- овгийн М-ын Б-, Б- овгийн М-ийн Ж- нарт холбогдох эрүүгийн 2027001090081 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, халх, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ___ ХХК-ийн ___ ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо баруун түрүү ___ дугаар гудамж ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц- овгийн М-ын Б- /РД: ___/.

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б- овгийн М-ийн Ж- /РД: ___/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.Ж- нь  2020 оны 06 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Онгоцотын гүүр гэх газар хохирогч М.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч М.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Онгоцотын гүүр гэх газар хохирогч М.Ж-тай маргалдаж улмаар түүний зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр миний байрладаг кэймп дээр ирээд намайг гагнуур хийгээд өгөөч гэж гуйсан. Намайг очтол манай хэд гол орчихоод ирлээ гээд байж байсан. Манай эхнэр надад хандаад бид хоёрыг энд ажил хийхээр ирснээс хойш О-, Ж- хоёр бид хоёрыг 2-3 удаа дайллаа. Чи төв рүү хүнд нэг шил архи захичих гэж хэлсэн. Би төв рүү яриад хүнд нэг шил архи захисан. Би орой ажлаа 22 цагийн үед дуусаад орсон. Бид нар архиа ууж байхад М.Ж- нөхөр О-т хандан хүүхэд гэртээ ганцаараа байгаа чи одоо гэрлүүгээ яв гэж хэлэхээр нь би нөхөр болох О-ыг жоохон байж байгаад явахгүй юу гэж хэлтэл М.Ж- уурлаад бид нарын амьдрал чамд хамаа байхгүй гээд хэрүүл эхэлсэн. М.Ж- бид хоёр маргалдаад намайг нэг удаа өшиглөсөн. М.Ж- босож ирээд надтай зууралдаад авахаар нь би салаад зугтаж гарсан. Гэтэл М.Ж- миний араас гарч ирээд малгайтай цамцны малгайнаас арагш нь татаад байсан. Тэр үед нь би арагшаа эргэж хараад гарынхаа тохойгоор М.Ж-ыг нэг удаа нүд рүү нь цохисон. Тийм л зүйл болсон...” гэв.

Шүүгдэгч М.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Одоо гомдол байхгүй, бид эвлэрсэн гэв.

Хохирогч М.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ямар нэгэн гомдол санал байхгүй, бид эвлэрсэн гэв.

Хохирогч М.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 4 дүгээр баг ___ ХХК-д тогооч хийж байгаад өдрийн хоол хийчхээд 15 цагийн орчим тогооч Б-, үйлчлэгч Б-, нярав Б- манай нөхөр О- нарын хамт Орхон голын эрэг очоод мах шараад 2 сав пиво ууцгаасан юм. Тэгээд байж байсан чинь Б- маргалдаад босож ирээд нүд рүү цохиод авсан.  Б-той барилцаад авсан чинь манай нөхөр намайг орон дээр дараад боль гэсэн. Тэр өрөөнд Б-, Б- бид гурав үлдээд ахиад би Б-той барилцаж аваад байж байсан чинь Б- эгч гараад явсан чинь Б- намайг газар унагаад цээж нь дээр хөлөөрөө дэвссэн. Тэгээд Б- гараад зугтаасан юм...Би тухайн үед их согтуу байсан...Б- миний зүүн нүд хэсэгт гараараа цохиод, дараа нь миний цээж рүү хөлөөрөө дэвссэн...Одоо эмчилгээний мөнгөө гаргуулан авмаар байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, /хх 19-20 дугаар хуудас/

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ж- гэнэт уурлаад намайг бид нарын амьдрал та нарт хамаагүй гээд намайг хамар руу өшиглөсөн юм. Нөхөр О- нь чи яаж байгаа юм гээд орон дээр дараад авсан. Тэгээд Ж-ын хүүхэд нь уйлаад байхаар нь манай эхнэр аваад, Ж-ыг тайвшруулаад байж байсан чинь нөхөр О-той, Ж- хамт суугаад намайг чиний дарга гэж юу байсан юм гэх мэтээр доромжлоод байхаар нөхөр О- амыг нь дараад байж байтал босож ирээд миний шүд, ам руу өшиглөсөн юм...би холдохын түүс болоод тохойгоороо нүүр рүү нь дэлссэн юм...Ямар нэгэн гомдолгүй. Надаас ямар нэгэн зүйл нэхэмжпэхгүй бол би нэхэмжлэх зүйл алга байна....” гэсэн мэдүүлэг, /хх 22-23 дугаар хуудас/

Гэрч П.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 00 цаг өнгөрч байхад манай хажуу талын байрны гадаа хүмүүс орилоод байхаар нь гарсан чинь Ж-, О-, Б- нар байсан тэгээд би юу болов гээд яваад очсон чинь Ж- согтуу Б- хаана байна гээд орилоод байсан......” гэсэн мэдүүлэг, /хх 24-25 дугаар хуудас/

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ж- айлын амьдрал чамд ямар хамаатай юм гээд Б-ийг өшиглөсөн Тэгээд нөхөр О-, Ж-ыг бариад авсан. Нөхөр О-, Ж-ыг дийлэхгүй, хүүхдээ аваад гараад явсан. Би Ж-ыг тэгж болохгүй гээд дараад унасан. Тэгээд би ерөнхий инженер Гантулгыг байна уу гээд өрөөнд нь очоод ирсэн чинь Б-ийг дагаад Ж- хөөцөлдөөд гараад ирсэн. Б-, Ж- нар хоорондоо ноцолдоод Ж-, Б-ийн цамцыг ураад шидэж байгаа харагдсан. Тэгээд би өрөө рүү гээ орсон. Ж- согтуу орилоод байсан. Тэгээд Байгаль эгч, Ж-ыг машинд нь оруулаад явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-27 дугаар хуудас/

Гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Ж-, Б-ид нүдэндээ цохиулчихлаа гэж орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 28-29 дүгээр хуудас

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаартай “...1. Үзүүлэгч М.Ж-ын биед тархи доргилт, зүүн нүдний алимны салс, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, хүзүү хоолой, цээж, зүүн гарын бугалга, баруун хөлийн гуяанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх 36 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай “...1. Үзүүлэгч М Б-ийн биед тархи доргилт, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний хагас мултрал хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, доод уруулын дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийгтүр хуга^аагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт...” /хх 44 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 10 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 65 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Онгоцотын гүүр гэх газар хохирогч М.Ж-тай маргалдаж улмаар түүний зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  М.Ж- нь  2020 оны 06 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Онгоцотын гүүр гэх газар хохирогч М.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Б-, М.Ж- нарын мэдүүлэг (хх 19-20, 22-23 дугаар хуудас), гэрч П.Н-, С.Б-, Н.Б- нарын өгсөн мэдүүлэг (хх 24-25, 26-27, 28-29, дугаар хуудас), Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №287, 294 дугаартай дүгнэлтүүд (хх 36, 44 дүгээр хуудас), гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 10 дугаар хуудас/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч М.Ж-, М.Б- нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч М.Ж-, М.Б- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч М.Б-, М.Ж- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Ж-, М.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ж-, М.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ж-, М.Б- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц- овгийн М-ын Б-, Б- овгийн М-ийн Ж- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц- овгийн М-ын Б-, Б- овгийн М-ийн Ж- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ж-, М.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ж-, М.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЭНХ-АМГАЛАН