Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч А- овогт Ц-ын О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000000071 дугаартай, 146/2020/0082/Э индекстэй хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, 4 хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А- овогт Ц-ын О- /РД:___/ гэв.

                                    Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А- овогт Ц-ын О- нь 2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Баруун сөдтийн “Хөх хад” гэх газрын ойд 1 шоо метр нойтон шинэс мод бэлтгэж ___ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Алтай овогт Ц-ын О- нь 2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Баруун сөдтийн “Хөх хад” гэх газрын ойд 1 шоо метр нойтон шинэс мод бэлтгэж ___ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.О-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2020 оны 07 дугаар сард түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг Бат-Өлзий сумын байгаль хамгаалагчаас авсан. Өөрийн эзэмшлийн портер маркийн машинаараа ойгоос түлээний мод бэлтгэхээр явсан. Ойд 8 ширхэг мод бэлтгээд тавьсан байхаар нь хүн гуйж ачуулаад сумын төв рүү явсан. Би мод бэлтгэх багаж хэрэгсэлгүй явж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би шүүгдэгч Ц.О-т ямар нэг мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгөөгүй. Ц.О-ийг гоожин авах үеэр би Өвөрхангай аймагт сургалтанд сууж байсан. Шүүгдэгч Ц.О- нь манай нөгөө байгаль хамгаалагч Н.Пүрэвтогтохоос түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм байна лээ. Гэхдээ тэр бичгээр 2 метр урттай нойтон мод тээвэрлэж болохгүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй орчны бүс нутагт ордог. Байгаль орчинд учруулсан хохирлоо төлөөд барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Н.Загарзүсэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төвийн нутаг дэвсгэрт тасгийн даргын хамт үүрэг гүйцэтгэж байсан ба сумын төвийн хойно байх “ЭНБ” шатахуун түгээх станцын хажууд тээврийн хэрэгсэл шалгаж байхад ___ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин сумын төвийн хойд талаас орж ирсэн. Тухайн автомашиныг зогсоон шалгахад Ц.О- гэх эмэгтэй ганцаараа жолоо барьчихсан явж байсан. Машиныг шалгахад тэвшин дээр 8 ширхэг шинэс мод аччихсан байсан. Тухайн ачиж явсан мод нь ойн ангийн тэмдэг тэмдэглэгээ байхгүй 2 метр орчим урттай нойтон хэрэглээний мод байсан учир саатуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Гэрч П.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хөдөө мал дээр хонио хариулаад байж байхад Ц.О- эгч өөрийнхөө цэнхэр өнгийн Портортой ирээд хойшоо гол гараад хэдэн мод ачилцаад өгөөч эгч нь түлээгүй болчихсон гэж хэлсэн. Би морьтой, Ц.О- эгч машинтайгаа яваад бид хоёр Баруун сөдтийн “Хөх хад” гэх газарт очсон. Мод руу ороход 8 ширхэг бөөрөнхий мод байсан. Би тус 8 модыг Ц.О- эгчийн машинд ачилцаж өгсөн. Ц.О- эгч за баярлалаа гээд сумын төв рүү явлаа гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч Н.Пүрэвтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгийг Бат-Өлзий сумын иргэн Ц.О- гэх хүнд олгосон. Тухайн мод бэлтгэх эрхийн бичиг нь түлшний мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Тус түлшний мод бэлтгэх эрхийн бичигт зөвхөн унанги, мөчир, орой бэлтгэх ёстой түлшний модоо тээвэрлэхдээ 1 метрээс доош тайрч тээвэрлэх ёстой гэж зааж өгч байсан. Мод бэлтгэх эрхийн бичигт Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Баруун сөдтийн “Хөх хад” гэх газраас мод бэлтгэхээр зааж өгсөн.  Ц.О-т миний өгсөн түлшний мод бэлтгэх 089357 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр 2 метр 10 сантиметрийн урттай 8 ширхэг нойтон шинэс мод тээвэрлэсэн нь эрхийн бичигт заагдсан нөхцлийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тус модыг хэрэглээний мод гэж үзнэ. Хэрэглээний модыг түлшний модны эрхийн бичгээр тээвэрлэж болохгүй. Ц.О- нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсаны дагуу буюу зөвхөн унанги, уг орой, мөчир л бэлтгэх ёстой бэлтгэсэн мод нь 1 метрээс доош байх ёстой... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Б.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлыг хийж байна. Түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр нойтон мод тээвэрлэж болохгүй. Байгаль хамгаалагч түлээний модны гоожин дээр түлээний модоо ямар модноос авах талаар гараар бичиж зааж өгдөг. Байгаль хамгаалагчийн өгсөн гоожин дээрээс тухайн мод бэлтгэж байгаа хүний мод нь гоожинд бичигдсэнээс зөрсөн байвал хууль бус гэж үзнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, 

Шинжээч Д.Очирхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ц.О-ийн бэлтгэсэн 8 ширхэг мод нь нойтон шинэс мод байсан. Нойтон мод байсан учраас босоо мод байсан гэж үзэж болно. Тухайн моднуудыг ойролцоогоор 1 сар орчмын өмнө унагаж бэлтгэсэн байх магадлалттай. Би дүгнэлт гаргахдаа дүгнэлтийн ерөнхий хэсэгт тухайн 8 ширхэг модыг нойтон шинэс модны төрөлд орно гэж бичсэн боловч дүгнэлт хэсэгт 8 ширхэг модыг ямар төрлийн мод болохыг оруулж өгөөгүй байна. Тухайн 8 ширхэг модыг үзэхэд ойролцоогоор 16-18 метр урттай шинэс модноос бэлтгэсэн байсан. 8 ширхэг модны урт 2 метр, 10 сантиметр урттай байсан тул ойролцоогоор 1-2 ширхэг модноос гарсан байх магадлалттай... гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

Сум дундын ойн ангийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай дүгнэлтэнд: ...Ц.О-ийн бэлтгэсэн 8 ширхэг мод нь хэрэглээний нойтон модны төрөлд орно. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 1026388 төгрөг болж байна... гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.О-ийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан ___ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.О-ийн ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Бат-Өлзий сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15/04/336/35 дугаартай “ойн санд учруулсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөр төлбөр ногдуулах тухай” акт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,

зэрэг болно.

Иймд дээрх нотлох браимтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О-ийг зөвшөөрөлгүйгээр  2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Баруун сөдтийн “Хөх хад” гэх газрын ойд 1 шоометр нойтон шинэс мод бэлтгэсэн, ___ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                      Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ц.О- нь 2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Баруун сөдтийн “Хөх хад” гэх газрын ойд 1 шоометр нойтон шинэс мод бэлтгэж ___ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 1026388 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул шүүгдэгчид 3079164 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан  байна.

Шүүгдэгч нөхөн төлбөр 3079164 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж байгаль орчны санд оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Ц.О- нь гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай, Портер маркийн автомашиныг Лэндс ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар 3,500,000 /гурван сая таван зуун/ төгрөгөөр үнэлсэн байх тул /хх-ийн 42-43 дүгээр хуудас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг хурааж үнийг улсын орлогод оруулах нь хуулийн зохицуулалттай.

Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэлгээтэй, ___ улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж үнийг  улсын орлогод оруулах, мөн нойтон 8 ширхэг, 2 м 10 см урттай шинэс модыг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А- овогт Ц-ын О-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч А- овогт Ц-ын О-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Ц.О-ээс нөхөн төлбөр 3079164 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль орчны санд оруулсугай.

            5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй,   бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.О-ийн эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэлгээтэй, ___ улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 80,000 төгрөгийн үнэлгээтэй, 8 ширхэг шинэс модыг хурааж үнийг нь улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3,500,000 төгрөгийн үнэлгээтэй ___ улсын дугаартай Портер маркийн ачааны автомашины үнийг буюу 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол төлүүлж илүүг нь улсын орлогод оруулсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                                                         

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА