| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00117/и |
| Дугаар | 00224 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00224
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ77101804, Уран овогтой Дашийн Тогтуурын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОВ76092014, Хөх овогтой Цэрэнгийн Цогтдэмбэрэлд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Тогтуур, хариуцагч Ц.Цогтдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Тогтуур шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Цогтдэмбэрэлтэй гэр бүл болсон. Хүү Ц.Лувсанпүрэв 2004 онд, хүү Ц.Төгөлдөрбаян 2008 онд, охин Ц.Уранчимэг 2010 онд тус тус төрсөн. Ц.Цогтдэмбэрэл нь 2006 оноос архи ууж, агсам согтуу тавьдаг болсон. 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ц.Цогтдэмбэрэл нь архи ууж ирээд агсам тавьж гэр орноо түйвээж, 3-н хүүхдээ ус цацаж хөөгөөд намайг зодож дарамтлахад би зугатан гарч хажуу айлд мэдэгдсэн. Хажуу айлын хүмүүс цагдаа дуудаж 2 хоног хайгаад олоогүй, Улаанбаатар хот руу зугатсан байсан. Энэ хугацаанд буюу 2011 оноос 2016 он хүртэл ээжийнхээ гэрт, ээжийнхээ тэтгэвэрээр амьдарч байсан. Ээж маань 2016 оны 2 дугаар сард нас бараад түүнээс хойш 3-н хүүхдээ тэжээхэд хэцүү болсон. Тухайн үед 2012 оны 5 дугаар сар, 2013 оны 6 дугаар сард аймгийн Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахад Ц.Цогтдэмбэрэлийн хаяг тодорхойгүй гээд шийдвэрлээгүй. Би түүний хаяг, утасны дугаарыг олж, 2016 оны 10 дугаар сард шүүхийн эвлэрлүүлэн зуучлагчид хандсан боловч тэрээр одоо хүртэл надтай уулзаагүй. Иймд хүү Ц.Лувсанпүрэв, Ц.Төгөлдөрбаян, охин Ц.Уранчимэг нарыг миний асрамжид үлдээж, эцэг Ц.Цогтдэмбэрэлээс хаяад явсан өдрөөс нь хойш хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид эд хөрөнгийн асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг бага охины нэр дээр хадгаламж нээж хийж өгөхөөр болсон тул өөр эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хаиуцагч Ц.Цогтдэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Д.Тогтууртай гэр бүл болж хэл ам хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан. Гэтэл 2009 онд миний ээж М.Оюунгэрэл даралт харвасны улмаас хэвтэрт орж би ээжийгээ 3 сар эмнэлэгээр явж асарч байх хугацаанд хадам эгч Д.Энхмаа хотоос ирж бид хоёрыг салгаж, дүү буюу миний эхнэр Д.Тогтуурыг аваад хот явсан. Бид хоёрыг салгаж байгааг би ойлгоогүй үлдсэн. Миний бие том хүү Ц.Лувсанпүрэвийн хамт 1 жил амьдраад 2010 онд шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар орж буцаж амьдарсан. Удахгүй салсан учир нь хадам ах Д.Мэндбаяр нь надыг зодож “Манайхаас яв, зайл” гэж дарамталсан. Мөн хадам дүү Д.Баянмөнх бас зодож хөөж, тууж дарамталсан. Ийм ийм асуудлаас болж миний амьдрал утагагүй болсон учир би салсан. Иймд гэрлэлт цуцуулахыг зөвшөөрч байгаа. Мөн хэдийгээр би өөрөө нэг хүүхдээ өөрийн асрамждаа авахыг хүссэн боловч Д.Тогтуурын ах, дүү нартай маргаантай байгаа учир одоохондоо энэ асуудлыг үлдээхээр шийдсэн. Харин миний хүүхдүүд тул тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Эд хөрөнгийн хувьд бид хамт амьдрах хугацаандаа малаа зуданд үрэгдүүлсэн тул аймгийн төв рүү ажил хийхээр орж ирж байсан. Мөн өөрөө эд хогшлоо ачаад явсан тул надад өгөх эд хөрөнгө байхгүй. Харин 1.500.000 төгрөгийг бага охин Ц.Уранчимэгийн нэр дээр хийж өгөхөөр болсон. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Тогтуур нь хариуцагч Ц.Цогтдэмбэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэн Д.Тогтуур, Ц.Цогтдэмбэрэл нар 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Хөх овогтой Цогтдэмбэрэлийн Лувсанпүрэв, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Хөх овогтой Цогтдэмбэрэлийн Төгөлдөрбаян, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр охин Хөх овогтой Цогтдэмбэрэлийн Уранчимэг нар төрсөн, хүүхдүүд Увс аймгийн Давст сумын Дуд сургуульд сурч, хүмүүжиж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд дахин хамтран амьдрах боломжгүй болох зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Д.Тогтуур, Ц.Цогтдэмбэрэл нарын гэрлэлтийг цуцалж, мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл байдал болон хүүхдүүдийн санал зэргийг харгалзан хүү Ц.Лувсанпүрэв, Ц.Төгөлдөрбаян, охин Ц.Уранчимэг нарыг эх Д.Тогтуурын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ц.Уранчимэг, хүү Ц.Төгөлдөрбаян нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол, мөн хүү Ц.Лувсанпүрэвийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Цогтдэмбэрэлээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдүүдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тогтуур нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ц.Цогтдэмбэрэлээс гэрлэлт цуцлах болон хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, мөн хүүхдүүдийн тэтгэмж 3.955.200 төгрөгт /Баруун бүсэд 2016 онд тогтоогдсон амьжиргааны түвшин/ ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.233 төгрөг, нийт 148.433 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь “хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар хариуцагч Ц.Цогтдэмбэрэлтэй тохиролцон “Д.Тогтуурын хувийн эд хөрөнгө болох 3 тооны үхэр, 20 тооны хонь, ямааны оронд 1.500.000 төгрөгийг бага охин Ц.Уранчимэгийн нэр дээр банкинд хадгаламж нээн өгч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор хийж өгнө” гэсэн байх тул уг эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар шийдвэрлэлээ. Мөн зохигчид эд хөрөнгийн өөр маргаангүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Уран овогтой Дашийн Тогтуур, Хөх овогтой Цэрэнгийн Цогтдэмбэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Хөх овогтой Цогтдэмбэрэлийн Лувсанпүрэв, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Хөх овогтой Цогтдэмбэрэлийн Төгөлдөрбаян, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Хөх овогтой Цогтдэмбэрэлийн Уранчимэг нарыг эх Д.Тогтуурын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ц.Уранчимэг, хүү Ц.Төгөлдөрбаян нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол, мөн хүү Ц.Лувсанпүрэвийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Цогтдэмбэрэлээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Д.Тогтуурын хувийн эд хөрөнгө болох 3 тооны үхэр, 20 тооны хонь, ямааны оронд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг бага охин Ц.Уранчимэгийн нэр дээр банкинд хадгаламж нээн өгч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор хийж өгнө” гэсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тогтуур нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 330 тоот захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ц.Цогтдэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамж нийт 148.433 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА