Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00076/и |
Дугаар | 00231 |
Огноо | 2017-03-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 00231
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баянбулаг баг, 2-97 тоотод оршин суух, 1949 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОА49080107, Борлууд овогтой Гэндэнгийн Булганы,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Булган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1949 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, одоо 68 настай. Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оноос 1980 онд малчнаар ажиллаж байсан. 1983 оноос 1992 онд Баруунтурууны Сангийн аж ахуйд, Туруун ХХК-нд саальчнаар ажиллаж байв. Миний хөдөлмөрийн дэвтэр анх 1988 онд нээгдэхдээ миний багын нэрээр нээгджээ. Намайг бага байхад миний бие их өвдөж айлгадаг хүүхэд байгаад ламд үзүүлэхэд Хорлоо гэж нэрлэсэн юм. Тэгээд хөдөлмөрийн дэвтрийн нэр Хорлоогоор бичигдсэн зөрчил үүссэн тул шүүхэд хандаж байна. Иймд 202106 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Булган нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан 1988 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйгаас олгосон 202106 тоот хөдөлмөрийн дэвтэрт “Гэндэнгийн Хорлоо, 1949 онд төрсөн, бага боловсролтой” гээд түүний гэрэл зургийг тавьсан байх ба тухайн хөдөлмөрийн дэвтрийн 4-7 дугаар хуудаст “1983 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Мал аж ахуйн бригадад малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд “Туруун” ХК-ийн малчнаар ажилласан” тухай тэмдэглэл хийгдсэн байна.
Мөн Г.Хорлоо нэрээр нэрлэгдсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1979-1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл, мөн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйгаас олгосон “Баярын бичиг”, “Диплом”-ууд авагджээ.
Дээрх баримт бичгүүд дээрх гэрэл зургийн үзүүлэлт нь Г.Булганы иргэний үнэмлэхний лавлагаа болон иргэний үнэмлэхний зурагтай тохирч байгаа ба түүний нэр “Хорлоо” гэснээс бусад мэдээлэл нь мөн тохирч байна.
Түүнчлэн гэрч Г.Бадам: “Би гурван эгчтэй бөгөөд Г.Хорлоо нь миний яг дээд талын эгч юм. Миний төрсөн эгч Г.Хорлоо нь 1949 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн бөгөөд түүнийг анх төрөхөд нь Г.Булган гэж нэрлэсэн гэсэн. Тэгээд Г.Булган гэх нэртэй байж байгаад эгч маань 1968 онд хүнтэй суусан ба бие нь өвдөөд, өвчин ороогоод байхаар нь ламд очиж үзүүлэхэд “Нэр чинь таарч тохирохгүй байна, тиймээс нэрээ солих хэрэгтэй” гээд лам “Хорлоо” гэх нэр хайрласан гэсэн. Тэр үеэс хойш Г.Хорлоо гэх нэртэй болсон юмаа. Энэ үйл явдал нь 1971 онд болсон бөгөөд 1971 оноос хойш Г.Хорлоо гэх нэртэй болж, одоог хүртэл энэ нэрээрээ явж байгаа” гэж, гэрч Б.Бурмаа: “Г.Булган нь миний ээж Г.Дээшингийн төрсөн дүү юм. Манай ээж Г.Дээшин нь ах дүү 6-лаа юмаа. Даш, Тогмид, Живзэн, Дээшин, Булган, Бадам гэх зургаан хүүхэдтэй айлын хүүхэд юм. Г.Булган эгч нь одоо Эрдэнэт хотод хүүгийнхээ дэргэд амьдардаг, бие нь тааруухан байгаа. Г.Булган эгчийг бид нар Г.Хорлоо гэх нэрээр нь нэрлэдэг. Г.Хорлоо эгч багадаа их айлгадаг хүүхэд байсан учир нэрийг нь өөрчилж байсан гэдэг ба бид одоо ч Г.Хорлоо гэх нэрээр нь нэрлэдэг. Г.Хорлоо эгчийн бичиг баримт нь Г.Булган гэх нэрээр байдаг гэсэн. Одоо дээрх зургаан хүнээс 3 нь байгаа, бусад нь өөд болцгоосон. Г.Булган эгчийн эгч Г.Дээшин нь Тэс суманд өндөр настай хүн байдаг” гэж, гэрч Т.Цэгмид: “Г.Булган нь миний аав Г.Тогмидын төрсөн дүү бөгөөд Гэндэн гэх 6 хүүхэдтэй айлын хүүхдүүд байсан юм. Г.Булган эгчийг бид Г.Хорлоо гэж нэрээр нэрлэж, мэддэг бөгөөд тэрээр багадаа их айлгадаг хүүхэд байсан тул түүний нэрийг сольсон гэдэг юм” гэх мэдүүлэг тус тус өгчээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 32 тоот лавлагаанд: “Увс аймгийн Тэс сумын 1956 оны 2 дугаар сард явагдсан хүн амын тооллогод Хуц овогтой Гэндэн 58 настай, эрэгтэй, түүний гэр бүлд эхнэр Жаргал овогтой Панав 44 настай, хүү Г.Тогмид 20 настай, охин Г.Живзэн 17 настай, хүү Г.Баатар 14 настай, охин Г.Дээшин 9 настай гэж бүртгэгдсэн байна” гэсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “Тухайн хүн амын тооллого явагдаж байх үед ээжийг маань өөр айлд өргүүлсэн байсан ба сүүлд буцаан авсан тул бүртгэлд хамрагдаагүй” гэсэн болно.
Хэдийгээр Г.Булган, эсхүл Г.Хорлоо нь 1956 онд явагдсан хүн амын тооллогод Х.Гэндэнгийн гэр бүлд бүртгэгдээгүй боловч гэрчийн мэдүүлэг болон хүн амын тооллогод бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд Г.Булганы эцэг, эх, ах, эгч нарын нэрс тохирч байна.
Өөрөөр хэлбэл, Г.Булганы нэрийг “Г.Хорлоо” хэмээн сольж байсан, тухайн солигдсон нэрээр түүний бичиг баримтууд бүртгэгдэж байсан нь дээрх бичгийн баримт болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул энэхүү зөрчлийг арилгаж, Г.Булганыг 1988 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйгаас олгосон 202106 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Г.Булганы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1988 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйгаас олгосон 202106 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ОА49080107 регистрийн дугаартай, Борлууд овогтой Гэндэнгийн Булган мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1988 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйгаас олгосон 202106 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ОА49080107 регистрийн дугаартай, Борлууд овогтой Гэндэнгийн Булган мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Булганы тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА