| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00135/и |
| Дугаар | 00233 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 00233
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр баг, 8-19 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ70101673, Хүрд овогтой Сүхээгийн Очирт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.979.902, зээлийн хүү 844.214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 168.842 төгрөг, нийт 2.992.959 төгрөгийг гаргуулах, цалин болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр, хариуцагч С.Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк С.Очиртой 2014 оны 9дүгээр сарын 03-ны өдөр №2030000712 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,0 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ирээдүйн цалингийн орлого, болон бүрэн тавилгатай гэр барьцаалсан. Зээлдэгч С.Очир нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 520.097,78 төгрөг, зээлийн хүү 477.835,03 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1.979.902,22 төгрөгийн үндсэн зээл, 844.214,45 төгрөгийн хүү, 168.842,89 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 2.992.959,57 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн С.Очироос үндсэн зээл 1.979.902,22, зээлийн үндсэн хүү 844.214,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 168.842,89 төгрөг, нийт 2.992.959,5төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болох цалин болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү гэжээ.
Хаиуцагч С.Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Очир миний бие нь Капитал банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Капитал банктай байгуулагдсан цалингийн барьцаат зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан болохоос тухайн зээлийг авч захиран зарцуулаагүй болно. Манай 10 жилийн ангийн хүүхэд болох Саран цагираг ХХК-ийн захирал Хундага овогтой Анхбаяр Сургуулийн үдийн цайны тендерт оролцох гэсэн юм, чи нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрээ өгч туслаач гэсэн. Түүний гуйсны дагуу бичиг баримтаа өгсөн. Гэтэл удалгүй 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр намайг Капитал банк дээр хүрээд ирээч гэж дуудсан. Яваад очсон чинь Чиний нэр дээр зээл гаргуулахаар боллоо, чи зээлийн гэрээнд гарын үсэг зурчих гэсэн. Хүний нэр дээр ингэж зээл гаргаж өгдөг юм уу? гэхэд Найз нь барьцаанд нь өөрийн 1954 УВХ дугаартай микро автобусыг барьцаалж байгаа юм. Би удаахгүй төлчихнө гэхээр нь ангийнхаа хүүхдэд итгээд гарын үсэг зурсан. Капитал банкны зээл хүүд төлсөн гэх 997.932 төгрөгийг би төлөөгүй, зээлийг авч захиран зарцуулсан Х.Анхбаяр төлсөн. Иймээс энэ төлбөрийг Х.Анхбаяраар төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. ... Гэхдээ би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан ба энэ төлбөрийг би эхлээд төлж барагдуулах шаардлагатай гэдгийг ойлгосон. Би ангийн хүүхэддээ итгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ба ийм асуудал үүснэ гэдгийг мэдээгүй. Банк эхлээд Х.Анхбаярын микро
Машиныг барьцаалсан байсан. Гэтэл сүүлд 8 ханатай монгол гэр барьцаалсан гэж гарч байна. Би өөрөө ямар нэгэн эд хөрөнгөө барьцаалаагүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкнаас хариуцагч С.Очирт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.979.902, зээлийн хүү 844.214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 168.842 төгрөг, нийт 2.992.959 төгрөгийг гаргуулах, цалин болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2030000712 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ-ээс үзэхэд Капитал банк болон иргэн С.Очир нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, С.Очир нь тус банкнаас 2.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, Зээлийн эргэн төлөлтийн тооцоо гэсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч Би энэхүү зээлийн авч ашиглаагүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч зээлийн гэрээнээс үзэхэд С.Очир зээлийн гэрээнд гарын үсэг зурж, харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр байгуулсан байх ба хамтран үүрэг гүйцэтгэхээр өөр этгээд бүртгэгдээгүй байна.
Мөн зээлдэгч нь банктай гэрээ байгуулан авсан тухайн мөнгийг хааш нь, юунд зарцуулах нь зээлдэгчийн эрх тул хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч солих, эсхүл уг зээлийн гэрээнд гарын үсэг зурж, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй өөр хэн нэгэнд хариуцуулан шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Нөгөө талаар, Капитал банкнаас зээл авч, зээлийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө энэхүү нөхцөл байдлыг тодорхой болгож, тухайн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах эрх нь нээлттэй байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Очироос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.979.902, зээлийн хүү 844.214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 168.842 төгрөг, нийт 2.992.959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зээлийн барьцаанд 8 ханатай, иж бүрэн тавилагатай Монгол гэр барьцаалсан ба тухайн барьцаа хөрөнгө болон цалин, бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч С.Очир Би ямар нэгэн барьцаа хөрөнгө барьцаалаагүй, анх Х.Анхбаяр өөрийн автомашиныг барьцаалсан байсан боловч сүүлд 8 ханатай Монгол гэр болж өөрчлөгдсөн байна. Мөн би тухайн үед Саран цагираг ХХК-д ажиллаж байгаагүй, Энержи Эмпайр ХХК-д сүүлийн 8 жил ажиллаж, тухайн байгууллагаас миний цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгчийн дээрх шаардлага, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан 2030000712 тоот зээлийн гэрээнээс үзэхэд тухайн зээлийн гэрээнд Зээлдэгч цалингаасаа зээлийн төлбөрийг үл маргах журмаар төлнө гэсэн үүрэг хүлээсэн байх боловч хариуцагчийн хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, хичнээн төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн 8 ханатай иж бүрэн тавилагатай Монгол гэр барьцаалсан гэх боловч гэрээнд энэ талаар дурдаагүй байгаагаас гадна хэрэгт энэхүү гэр барьцаалагдсан талаарх баримт авагдаагүй байна.
Мөн нэхэмжлэгч бусад орлогоос зээлийн төлбөрийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч зээлдэгч буюу хариуцагч С.Очир нь цалингаас өөр ямар бусад орлого олдогыг нотолсон баримтыг ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ холбогдох нотлох баримтаар нотлоогүй тул Хариуцагч С.Очирын зээлийн барьцаанд тавьсан 8 ханатай Монгол гэр, цалин болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Очироос 68.837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Очироос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.992.959 /хоёр сая есөн зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Капитал банкны Хариуцагч С.Очирын зээлийн барьцаанд тавьсан 8 ханатай Монгол гэр, цалин болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.837 /жаран хоёр мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Очироос 68.837 /жаран хоёр мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА