Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овгийн Д-ийн Г-д холбогдох 2027000000070 тоот хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1973 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл 7, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овгийн Д-ийн Г- /РД: ___/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г- нь 2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Билүүтийн урд ширэнгэ гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.224 шоометр шинэс мод бэлтгэн, ___ улсын дугаартай Виста маркын авто машин ашиглан тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Д.Г- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би мэдээгүй байж байгаад өөрөөс нь мэдсэн. Надад хэлэхдээ гоожингүй мод ачиж явж байгаад цагдаад шалгагдаж байна. Одоо би модны гоожин авч болох уу гэж наадмын үеэр асуусан. Д.Г- нь надаас тус 9 ширхэг модондоо гоожин аваагүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй бүс юм” гэсэн мэдүүлэг /хх 53 дугаар хуудас/,

Гэрч Н.Загарзүсэмийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын эхээр байх он, сар, өдрийг сайн санахгүй байна. Сумын төвийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад сумын төвийн хойно ЭНБ шатахуун түгээх станцын хажууд тээврийн хэрэгсэл шалгаж байхад ___ улсын дугаартай цагаан өнгийн Виста маркын авто машин сумын төвийн хойно ертөнцийн зүгээр хойд талаас ирсэн. Тухайн автомашиныг зогсоож шалгахад Д.Г- гэх хүн эхнэр, хүүхдийнхээ хамт зорчиж явсан.

Тэгээд тухайн авто машины багажийг нээн шалгахад 2 метр урттай 9 ширхэг шинэс мод тээвэрлэж явсан. Жолоочоос эрхийн бичгээ шалгуулна уу гэхэд мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй хашааны шон хийх гэж байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 58 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтэд: “1.Д.Г-ын бэлтгэсэн 9 ширхэг мод нь хэрэглээний хуурай модны төрөлд орно. 2.Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 68,000 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх 20 дугаар хуудас/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Г-ын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан 98-25 ӨВР улсын дугаартай Виста маркын авто машины зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 78-85 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Г-ын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон шар өнгийн модон бариултай гар хөрөөг хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 40-44 дүгээр хуудас/,

-Бат-Өлзий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15/04/336/34 дугаартай “ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай” акт /хх 17 дугаар  хуудас/,

- Хохирол төлсөн талаар баримт зэрэг болно.

Шүүгдэгч 2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг “Билүүтийн урд ширэнгэ” гэх газрын ойд хууль бусаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мэдүүлэг /хх 53 дугаар хуудас/, гэрч Н.Загарзүсэмийн мэдүүлэг /хх 58 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх 20 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 дугаар хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Г-ын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан 98-25 ӨВР улсын дугаартай Виста маркын авто машины зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 78-85 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Г-ын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон шар өнгийн модон бариултай гар хөрөөг хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 40-44 дүгээр хуудас/, Бат-Өлзий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15/04/336/34 дугаартай “ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай” акт /хх 17 дугаар  хуудас/, хохирол төлсөн талаар баримт, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

 Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Г-ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г- шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 9 ширхэг 0.224 шоометр хэмжээтэй шинэс модыг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг улсын орлогод орохоор хуульчлагдсан байх тул улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ___ Тоёото Виста маркын автомашин нь С.Мартмаагийн өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёото Виста маркын автомашины үнэлгээ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Г-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй гар хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,  

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

  давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овгийн Д-ийн Г-ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овгийн Д-ийн Г-ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г- шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёото Виста маркын автомашины үнэлгээ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Г-аас гаргуулж улсын орлого болгох,

 шүүгдэгчийн бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 9 ширхэг 0.224 шоометр хэмжээтэй шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Д.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй гар хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН