Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00237

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг, 5-16 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОК63022018, Бэх овогтой Жогиогийн Үнэнбатын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Үнэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Үнэнбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1963 онд төрсөн, 54 настай. Би Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 17 настайгаасаа буюу 1980 оноос эхлэн МТЗ-50 тракторын жолоочоор ажиллаж 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Жинст бүрэн бус хариуцлагатай хувьцаат компани болтол жолоочоор ажиллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд тракторчноор ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Шинэ зам нэгдэл болон Жинст ББХХ-д тус тус 1980 оноос 1994 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ж.Үнэнбат нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

       Хэрэгт Ж.Үнэнбатыг Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн МТЗ-50 маркийн тракторын жолоочоор томилсон тус нэгдлийн даргын 1980 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 13 тоот тушаал, тус нэгдлийн тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тус нэгдлийн даргын 1993 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 50 тоот тушаал, Өндөрхангай сумын Жинст ББХХ-ны тракторын жолоочийн ажлаас чөлөөлсөн тус хоршооны даргын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 тоот тушаалууд авагдсан байна.

         Мөн Ж.Үнэнбатын 1984 он болон 1990 онд нэгдлийн хадлан бэлтгэн, тээвэрлэж байсан үеийн 2 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 20 тоот Жинст хоршоо нь 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Урансанаа, Б.Батням нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Урансанаа: Миний бие нь 1971 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш 1994 он хүртэл нэгдэл болон хоршоонд ажилласан. Ж.Үнэнбат нь тус нэгдэлд 1980 оноос тракторын жолоочоор ажилд орж, бид хамтдаа нэгдэл болон хоршоонд тракторын жолоочоор ажилласан. Тракторын жолооч нар нь хадлан тэжээл болон нэгдлийн айл өрхийн нүүдэл суудал, өтөг бууц зөөх гэх мэтийн бүхий л ажил хийдэг байсан. Шинэ зам нэгдэл нь 1993 онд Жинст бүрэн бус хариуцлагатай хоршоо болж байсан. Жинст бүрэн бус хариуцлагатай хоршоо нь 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад тарсан. Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэл болон Жинст бүрэн бус хариуцлагатай хоршооны даргаар н.Цэрэннадмид, У.Баянбилэг, Б.Батням гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Б.Батням: Миний бие нь 1987 онд хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж ирээд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд хөдөө аж ахуйн инженерээр ажилласан. Тэр үеэс хойш Ж.Үнэнбаттай хамт ажиллах болсон. Ж.Үнэнбат нь нэгдэлд МТЗ-50 тракторын жолоочоор ажиллаж байсан. Тракторын жолооч нар нь нэгдлийн хадлан тэжээл бэлтгэх, нэгдлийн айл өрхийг нүүлгэх, хашаа хороо засварлах, тэжээл өвс малчдад хүргэх, нүүлгэх гэх мэтийн нэгдлийн бүхий л ажилд явдаг байсан. Шинэ зам нэгдэл нь 1993 онд хувьчлагдсан. Шинэ зам нэгдлийн хадлан салаа нь Жинст бүрэн бус хариуцлагатай хоршоо болон үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсан. Жинст бүрэн бус хариуцлагатай хоршооны даргаар би өөрөө ажиллаж байсан ажилчдынхаа талаар сайн мэднэ. Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргаар н.Цэрэннадмид, У.Баянбилэг гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсныг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар авагджээ.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Үнэнбатын 1980 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд, 1993 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Жинст ББХХ-нд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Үнэнбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бэх овогтой Жогиогийн Үнэнбатын 1980 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд, 1993 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Жинст ББХХ-нд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Үнэнбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА