Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 51

 

П.Энхтайванд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэцогт,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар магадлалтай, 201503000433 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, Ц.Бат-Эрдэнэ нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Пүрэвжавын Энхтайван нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, С.Нармандал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэцогт саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Энхтайваны өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... давж заалдах шатны шүүхээс “... П.Энхтайван нь хохирогч Мааньрагчааг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон ...” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоох шаардлагыг хангаагүй. П.Энхтайван нь хохирогчийн хамар, амнаас цус гараад байрны буланд хэвтэж байхад нь өргөж Цэрэнтуяагийн гэрт оруулсан, тэр үед нь Наранцэцэг гэдэг хүн таарсан талаар мэдүүлсээр байхад тэр хүнээс мэдүүлэг аваагүй. Мөн хохирогч, гэрч Цэрэнтуяа, Сарангэрэл, Энхтайван нарын хоол идсэн зоогийн газар болон Мааньрагчаагийн хэвтэж байсан гэх 24 дүгээр байрны хажууд байрлах 10 давхар орон сууцанд камер байршуулсан байхад эдгээр камерын бичлэгүүдийг нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж аваагүй. Гэрчүүдийн мэдүүлэг эрс зөрүүтэй байхад П.Энхтайваныг Мааньрагчаагийн биед хүнд гэмтэл учруулсан гэж ял оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч П.Энхтайваны өмгөөлөгч Б.Эрдэнэцогт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Шүүхээс П.Энхтайванд ял оногдуулахдаа гэрч Ү.Цэрэнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Энхтайван ах Мааньрагчаа ахыг байшингийн хажууд уначихсан, хамар амнаас нь цус гарсан хэвтэж байна гээд гаднаас оруулж ирээд, цусыг нь угааж арилгасан ...” гэх, мөн гэрч Д.Сарангэрэлийн “... баарнаас гараад Цэрэнтуяагийнд ороход Мааньрагчаа ах байгаагүй ...” гэх зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авна” гэснийг зөрчиж хохирогч байшингийн гадаа унасан байсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэрэв хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан П.Энхтайванд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч П.Энхтайван хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... мөрдөн байцаалтын явцад байцаагч А.Алтанзул “хохирогч чинь зодсон гэж байхад та зодоогүй гэж хэлж болохгүй, хоёр, гурав цохисон гээд хэлчих, гэмтлийн зэрэг нь хөнгөн гарсан болохоор тохироод салчихна” гэж хэлүүлээд хүчээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед өмгөөлөгчгүй байсан учраас учрыг нь сайн ойлгоогүй гарын үсэг зурсан. Мөн гэрч Цэрэнтуяагаас иймэрхүү байдлаар мэдүүлэг авсан байсан. Анхнаасаа “зоогийн газар, орон сууцны камерын бичлэгүүдийг шалгаж үзээч” гэхэд хүлээж аваагүй. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээс хэргийг буцаасан боловч байцаагч Баттогтох мөн л дээрх шаардлагуудыг хангаагүй. Хохирогч Мааньрагчааг байранд оруулах үед харсан гэрч байна гэж хэлсээр байхад тэр гэрчээс байцаалт аваагүй. Гэрч Цэрэнтуяа үнэн зөвөөр мэдүүлгээ өгөх гэж байхад нь “ингэж мэдүүлэг өгвөл бүгд хамт шоронд явна” гэж айлгаад бүрхэг мэдүүлэг авсан байдаг. Анхнаасаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байхад өмгөөлөгчгүй байдлыг ашиглан гарын үсэг зуруулсан. Хувь хүний хариуцлагагүй байдлаас болж хийгээгүй хэргийнхээ төлөө хүнд ял авч, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, амьдралаараа хохирч байна. Иймд энэхүү байдлуудыг дахин нягтлан шалгуулж, хэргийн үнэн зөвийг олж өгнө үү ...” гэжээ. 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “... П.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэрч Цэрэнтуяагийн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч П.Энхтайван нь 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 24 дүгээр байрны 16-06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Мааньрагчааг зодож, биед махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх П.Энхтайваны үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй нөхцөл байдал, баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж үйл баримтыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч П.Энхтайваны “... мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан, би гэмт хэрэг хийгээгүй, өөр бусад хүмүүст зодуулсан ...”, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, Ц.Бат-Эрдэнэ нарын “... хохирогч өөр хүмүүст зодуулаад хэвтэж байсан, П.Энхтайван түүнийг зодоогүй, энэ талаарх нотлох баримтыг дахин бүрдүүлэх шаардлагатай ... “ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин П.Энхтайваны анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлж барагдуулсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн энэ талаар өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар П.Энхтайваныг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын хяналтын шатны шүүхэд гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч П.Энхтайван, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ