Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00239

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

        Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдох,

      Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2.522.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбарын дарга Ш.Галтхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 480 тоот тогтоолын дагуу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 тоот захирамж гарч, Увс аймгийн Хяргас суманд 16.2 тонн тэжээл хөнгөлөлттэй үнээр хувиарлагдсан. Үүний дагуу 1 дүгээр сарын 16-ны өдөр Хяргас сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Дашцэрэн, жолооч Баянмөнх болон багийн дарга нар ирж үнэгүй өвс, 50 хувийн хөнгөлттэй тэжээлээ хүлээн авсан бөгөөд Зээлээр өгөөч, очоод малчдаасаа мөнгөө хураан авч шилжүүлье гээд явсан. Үүний дараа бид удаа дараа мөнгөө Засаг даргаас нь шаардсан, заримдаа ер утсаа авдаггүй.Тэгээд өөр хүний утсаар залгахад аваад Өгнө, өгнө. Багийн дарга нар тооцоогоо хийгээгүй байна. Тэд тийм ч ажилтай, ийм ч ажилтай гэж хэлсээр 6 дугаар сар хүрсэн. Ингээд хагас жилийн тайлан гаргах болоод багийн дарга нарынх нь утсыг олж 3 хүнтэй ярьсан. /Батцэнгэл, Сүрэнхорлоо, Өлзий-Орших/. Тэд бүгд тооцоогоо хийгээд няравдаа өгсөн гэсэн. Тэгээд няравтай нь ярьсан, тэгтэл Шатахууны өрөнд Засаг даргын зөвшөөрлөөр өгсөн гэж хэлсэн. Ингээд арга мухардаад Засаг даргатай нь арай гэж холбоо барьж мөнгөө шаардсан. Мөн л Дараа долоо хоногт гэж хэлсээр орон нутгийн сонгууль болж Засаг дарга солигдоод, одоо 2 дарга бие бие рүүгээ заагаад хариуцах хүн олдохгүй болсон. Энэ хугацаанд манайд Үндэсний Аудитын шалгалт орсон. Шалгалтын дагуу биднийг зээлээр тэжээл олгосон сумуудтайгаа гэрээ байгуулах шаардлага тавьсан. Ингээд бид 6 дугаар сард Хяргас суманд очиж гэрээ байгуулж,төлбөрөө барагдуулах талаар тохиролцоод, тооцоогоо нийлж тэжээлийн үлдэгдэл 152 уут хивгийг буцаан авахаар болсон. Ингээд тооцоо нийлж нийт 2.946.000 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй болсон. Үүний дараа 424.000 төгрөгийг 3 хувааж багуудын Засаг дарга нар манай дансанд хийсэн. Одоо 2.522.000 төгрөгийн авлагыг гаргуулахаар нэхэмжилж байна. Бид энэ ажлаар 2 удаа Хяргас сум орсон мөн өчнөөн удаа утсаар ярьж байсан болно гэжээ.

         Хариуцагч Увс аймгийн хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Онцгой байдлын еранхий газрын харьяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 2.522.000 мянган төгрөгийн өрийг барагдуулахаар холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж байна. 2016 оны 1, 2 дугаар сард Баруунтуруун сумаас тэжээл хөнгөлөлттэй үнээр авч сумын малчдад Засаг дарга асан Т.Сүхтулга багийн дарга нарт хариуцуулан тараалгаж мөнгийн нь авч өөр зүйлд зарцуулан. Нярав нартай тооцоо нийлээгүйгээс энэхүү өр үүссэн байна. Иймд засаг дарга Ц.Цэвээнравдан миний бие 4 дүгээр сард багтаан өр төлбөргүй болгох арга хэмжээ авахаар эхний байдлаар бага зэргээр авсан иргэдээс мөнгө төвлөрүүлэн төлж байгаа билээ. Үүнд 2016 оны 12дугаар сарын 22-ны өдөр 78.200 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөг тус тус тушаасан болно. Нэхэмжилсэн 2.522.000 төгрөгөөс одоогоор 1.943.800 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Иймц дээрх тооцоог хийж дуусгах тул бидэнтэй хамтран ажиллаж хугацаа 4 дүгээр сард төлөгдөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбарын дарга Ш.Галтхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус салбарт тэжээлийн өглөгтэй Хяргас сумын Засаг даргын хариу тайлбартай танилцлаа. Тайлбарт заасан төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбар нь хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2.522.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга нэхэмжлэгчээс нэхэмжилсэн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2.522.000 төгрөгөөс 578.200 төгрөгийг төлж, үлдэх 1.943.800 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

           Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 27.651 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.522.000 төгрөгөөс 578.200 төгрөгийг төлсөн, үлдэх 1.943.800 /нэг сая есөн зуун дөчин гурван мянга найман зуу/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард төлж барагдуулахаар нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Увс аймгийн Баруунтуруун сум дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 27.651 /хорин долоон мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА