| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0088/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/96 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/96
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч: Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогтой Б-ын Б-од холбогдох эрүүгийн 2027001020079 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ___ дүгээр байрны ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй О- овогтой Б-ын Б- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох “Улиастайн” голоос зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг “Зэвэг” буюу /Lenok/, 5 ширхэг Хадран буюу /Монгольский Хариус/, мөн тусгай хамгаалалттай газар болох Орхон голоос 1 ширхэг “Зэвэг” буюу /Lenok/ загас тус тус барьсан, агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- нь шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ:
Би өмнө нь Архангай аймгийн Өгийнуураас загас барьж байсан. Би фэйсбүүкийн загасчдын группт байдаг. Тэр группээс Бат-Өлзий сумын Орхон голыг загастай байдаг гэдгийг мэдсэн. Тэгээд загас барихаар Бат-Өлзий сум руу ирсэн. Намайг Улиастайн гол дээр очиход хэдэн хүмүүс загас барьж байсан. Би Улиастайн голоос загас барьж болохгүй байж магадгүй гэж бодоод байгаль хамгаалагч нар ирж магадгүй гэж хүлээсэн боловч хүн ирээгүй. Би байгаль хамгаалагч нар ирээгүй учир Улиастайн голоос загас барьсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Өөрийнхөө гэм бурууг ойлгож байгаа. Би одоогоор тэтгэврээ гарчихсан Солонгос улс руу явж ажил хийдэг. Манай эхнэр гэртээ 10 сартай нялх хүүхдээ хараад байж байдаг. Би мөн тэтгэврийн зээлтэй. Миний хийсэн гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулж өгөөч гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Дүгэрдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учир тус газраас загас агнаж болохгүй. Загас агнах зөвшөөрөл өгдөггүй. Манай сумын хувьд зөвшөөрөл өгдөггүй. Хэрэв загас агнах зөвшөөрөл өгвөл Бат-Өлзий сумын удирдлагын зүгээс ан агнуур зохион байгуулалтын зөвшөөрөл төлөвлөгөө гаргаж Байгаль орчны яамаар батлуулсны дараа ан амьтан агнах зөвшөөрөл гаргах ёстой..." гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"…Тэгээд маргааш өглөө босоод байж байсан чинь Улиастайн голоос манай найз Б- 7 загас бариад ахиад тэр газраас нь загас баригдахгүй байхаар нь голоо уруудаад Орхон голоос 1 загас бариад байж байсан чинь цагдаа нар ирээд манай найз Б-ыг тусгай хамгаалалттай газраас загас барьсан байна гэсэн. Би яг ямар нэг төрлийн загас барьсан эсэх талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Х.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Бат-Өлзий сумын Улиастайн гол орчмоор тасгийн алба хаагчдын эргүүл хяналт шалгалт хийж байх хугацаанд 8 ширхэг загас барьсан иргэнийг олж тогтоон зохих алба хаагчид нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/07 дугаартай:
“...Шинжилгээнд нийт 8 загас ирүүлсэн. Үүнээс 3 нь зэвэг /ленок/, 5 нь хадран /монгольский хариус/ байна.
2. Зэвэг /ленок/ загас нь монгол орны загасны улаан дансанд эмзэг A3d ангиллаар бүртгэгдсэн амьтан юм. Хадран /монгольский хариус/ нь нэн ховор амьтан биш
3. Байгаль орчинд учруулсан шууд хохирол нийт 76 000 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уртраг өргөргийн зураг, Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн акт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-15, 39-40, 41-45, 48 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох “Улиастайн” голоос зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг “Зэвэг” буюу /Lenok/, 5 ширхэг Хадран буюу /Монгольский Хариус/, мөн тусгай хамгаалалттай газар болох Орхон голоос 1 ширхэг “Зэвэг” буюу /Lenok/ загас тус тус барьсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Б- үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч Д.Дүгэрдорж, гэрч П.Б-, Х.Баасан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 23, 80, 81 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/07 дугаартай: “...Шинжилгээнд нийт 8 загас ирүүлсэн. Үүнээс 3 нь зэвэг /ленок/, 5 нь хадран /монгольский хариус/ байна. 2. Зэвэг /ленок/ загас нь монгол орны загасны улаан дансанд эмзэг A3d ангиллаар бүртгэгдсэн амьтан юм. Хадран /монгольский хариус/ нь нэн ховор амьтан биш, 3. Байгаль орчинд учруулсан шууд хохирол нийт 76 000 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б- нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох “Улиастайн” гол, “Орхон” голуудаас зөвшөөрөлгүйгээр нийт 8 ширхэг загас барьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас амьтны аймагт эдийн засгийн үнэлгээгээр 76 000 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т амьтны аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 76 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 152 000 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлоо төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн 101 600 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн бариултай 2.3 метрийн урттай 1 ширхэг загасны уурга, ногоон тагтай цэнхэр өнгийн загас хадгалах зориулалт бүхий савыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй. Мөн хууль бусаар агнасан 76 000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг загас нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-ыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Б.Б-ыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б- нь битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О- овогтой Б-ын Б-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б-од хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар Б.Б-ыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Б.Б-ыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Б-ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Б-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 101 600 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн бариултай 2.3 метрийн урттай 1 ширхэг загасны уурга, ногоон тагтай цэнхэр өнгийн загас хадгалах зориулалт бүхий сав, 76 000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг загас зэргийг тус тус улсын орлого болгосугай.
7. Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА