Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00269

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00269

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00108/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, 4 дүгээр багт оршин суух Ү.Лхагвасүрэн /НЮ66082061/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “-Миний бие 1957 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1972 оны 09 сараас 1982 оны 12 сар хүртэл малчин хийж байсан. 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс мөн суманд 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл Хөдөлмөр ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Миний ажилласан жилийн тушаалын хуулбар архивт байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, цалингийн түүвэр зэрэг нотлох баримтын үндэслэн тухайн үед нэгдэлд хамт ажиллаж байсан Р.Цэнддоржийн гэрчийн мэдүүлэг зэргийг үндэмлэн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан 9 жил 10 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Лхагвасүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1972 оны 09 сараас 1982 оны 12 сар хүртэл малчнаар, 1985 оны 05 сарын 01-ний 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Ү.Лхагвасүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1972 оны 09 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 15 хүртэл, 1978 оны 08 сарын 12-ны өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 2 сарын 01-ний өдөр хүртэл “Хөдөлмөр” ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Үржингийн Лхагвасүрэнгийн Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: -Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн малчин Ү.Лхагвасүрэнгийн 1985 оноос 1992 он хүртэлх хугацааны цалингийн түүвэр /хх-6/, Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн малчин Ү.Лхагвасүрэнгийн 1972 оноос 1982 он хүртэлх хугацааны цалингийн түүвэр /хх-7/,  Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1972 оны 06 сарын 20-ны өдрийн 34 дугаартай “...Үржингийн Лхагвасүрэнг хонин сүргийн ахлагч Үржингийн туслах хоньчиноор...тус тус томилсугай...” гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал /хх-8/, Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 сарын 10-ны өдрийн 85 дугаартай “...Дараах нэр бүхий малчдыг 1987 оны ээлжийн амралтыг 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногоор бодож тус тус олгосугай...4-т Ү.Лхагвасүрэн...” гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал /хх-9/, Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 сарын 10-ны өдрийн 85 дугаартай “...Дараах нэр бүхий малчдыг 1987 оны ээлжийн амралтыг 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 15 хоногоор бодож тус тус олгосугай...45-т Ү.Лхагвасүрэн...” гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал /хх-10/, Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-ийн захирлын 1992 оны 04 сарын 15-ны өдрийн 07 дугаартай “...Дараах нэр бүхий хүмүүсийг 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн компанийн малчнаар томилон ажиллуулсугай...1-т Ү.Лхагвасүрэн...” гэх ажилд томилох тухай тушаал /хх-11/, Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-ийн захирлын 1994 оны 02 сарын 15-ны өдрийн 02 дугаартай “...Компани тарах болсон тул компанийн дараах ажиллагсадыг 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...1-т Ү.Лхагвасүрэн...” гэх бичилттэй ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-12/, Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-ийн захирлын 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 29 дугаартай “...Хөдөлмөр нэгдэл нь Монгол улсын аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу Хөдөлмөр, Аргал гэсэн хоёр хувьцаат компани болж байгаа тул дараах хүмүүсийг 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...1-т Ү.Лхагвасүрэн...” гэх бичилттэй ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-13/, Төв аймгийн Алтанбулаг сумын МСНХ нэгдлээс Үржингийн Лхагвасүрэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-14/, гэрч Р.Цэнддоржийн “...Ү.Лхагвасүрэн нь 1972 1972 онд 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд ирж 1992 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг /тэмдэглэлд/ зэрэг болно.

Иймд Ү.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Үржингийн Лхагвасүрэнгийн Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1972 оны 09 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 15 хүртэл, 1978 оны 08 сарын 12-ны өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар, 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 2 сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын  “Хөдөлмөр” ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ