Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Л.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Л-гийн Э-т холбогдох эрүүгийн 2027001400087 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум 1 дүгээр баг, ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овогтой Л-гийн Э- /РД: ___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Э- нь 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Од хороонд байрлах Хархорин сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн эд хөрөнгө болох үерийн далангаас нийт 24 ширхэг бетон ялууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 375 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабудын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 06 дугаар сард үерийн даланг шалгаж яваад ялуу алдагдсан гэдгийг анх мэдсэн. Вангийн-Овоо баг 1 дүгээр багт байрлах үерийн далангийн бэхжүүлэгч цементийг л ялуу гэж нэрлээд байгаа юм. Яг нарийн бол монголоор хэлж чадахгүй байна. Би тухайн үерийн далангаас алдагдсан ялуунуудыг тоог нарийн гаргасан яг 2 ширхэг байхгүй байсан. Ором нь үлдсэн байсан. Одоо бол тухайн оромд нь усанд идэгдээд мэдэгдэхгүй болсон байсан. Нэг талаас нь олс юм уу ямар нэг зүйлээр оосорлож нэг талын сэнжнээс нь чирээд аваад явах боломжтой...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Э- нь хэрэг бүртгэлтийн шатанд холбогдогчоор мэдүүлсэн:

“...2020 оны 06 дугаар сарын сүүлээр байшингийн хундам цутгах гээд чулуу түүж явахад Вангийн-Овоо багт байрлах үеийн далангийн ялуунууд үерт урсан байхаар нь авсан юм аа. Тухайн үед ганцаараа явж авсан. Эдгээр ялуу нь үерт урсаад хаягдсан байхаар нь хэрэггүй зүйл хаягдсан байхаар нь хэрэггүй зүйл хаягдмал зүйл гээд авсан юм эзэнтэй хүнийх байсан бол би авахгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар  хуудас/,

Шүүгдэгч Л.Э- нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

“...2020 оны 04 дүгээр сард би эхний 4 ширхэг бетон ялууг авсан дараа нь 2020 оны 06 дугаар сард үлдсэн 20 орчим бетон ялууг авч байшингийн суурь хэсэгт хийж цутгасан. Харин эхлээд авсан 4 ширхэг бетон ялууг хаалга цонхны дээд хэсэгт хийсэн. Би өмнөх зөрчлөөр өгсөн мэдүүлэгт цаг хугацаагаа жаахан андуураад хэлчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

“Вендо” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн Хаан банкин дахь депозит дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, хохирол төлсөн баримт, иргэний нэхэмжлэгчийн прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 21-24, 27-29, 41-46, 51-61, 62, 63, 64, 66, 67, 86, 88 дугаар хуудас/ зэрэг болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Э- нь 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Од хороонд байрлах Хархорин сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн эд хөрөнгө болох үерийн далангаас нийт 24 ширхэг бетон ялууг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Л.Э- үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч Г.Лхагвабудын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, “Вендо” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 21-24, 27-29, 41-46 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүгдэгч Л.Э- нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр Хархорин сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн үерийн далангийн ялууг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Л.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч Л.Э-ын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас Өвөрхангай Хархорин сумын Засаг даргын тамгын газарт 375 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд талууд маргаагүй, дээрх хохирол учирсныг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүх, шүүгдэгч Л.Э-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Л.Э- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э-ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Л.Э-  нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргасныг прокуророос хангаж, шүүгдэгч Л.Э-тай ял оногдуулах санал дээр тохиролцон хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүхээс прокурорын ялын саналын хүрээнд Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой Л-гийн Э-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Л.Э-ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Л.Э-т тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Л.Э-ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Л.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА