| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00236/и |
| Дугаар | 151/ШШ2017/00271 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/00271
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00271 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, 3-7 тоотод оршин суух хаягтай боловч одоо Төв аймгийн Зуунмод сум, 3 дугаар баг, Жишиг хороолол 92 тоотод оршин суух Дамдинжавын Нэргүйгийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу Жишиг хороолол 31 тоотод оршин суух Осорын Хандад холбогдох,
Барааны үнэ 51 600 төгрөг гагруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 03 сарын 15 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие Д.Нэргүй нь Төв аймгийн Зуунмод сумын Жишиг хороололд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2017 оны 01 сард иргэн Н.Хандаа нь хүнсний дэлгүүрээс нийт 51 600 төгрөгийн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүн, барааг зээлээр худалдан авсан. Тухайн үед ямар нэг гэрээ хийлгүй, амаар тохиролцож 7 хоногийн дотор төлбөрийг барагдуулахаар болсон. Гэтэл үүнээс хойш н.Хандаатай уулзах бүрт мөнгийг чинь өгнө гэж хэлдэг ч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй, сүүлдээ утсаа авахгүй, уулзахгүй зугтдаг болсон. Иймд Н.Хандаагаас дэлгүүрээс зээлээр худалдан авсан барааны үнэ 51 600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Нэргүй нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Хариуцагч О.Хандаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 51 600 төгрөгийг төлж барагдуулсан тул Д.Нэргүй би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Нэргүй нь хариуцагч О.Хандад холбогдуулж, барааны үнэ 51 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Нэргүй нь хариуцагч О.Хандааг нэхэмжлэлийн шаардлага болох 51 600 төгрөгийг төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргажээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хариуцагч О.Хандад холбогдох, барааны үнэ 51 600 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч Д.Нэргүйн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 2 275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Д.Нэргүйд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ