| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00105/и |
| Дугаар | 151/ШШ2017/00273 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2017/00273
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2017/00273 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хас банк ХХК-ийн Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг, Нацагдорж 19-34 тоотод оршин суугч Н.Бадрал, Н.Бадрах нарт холбогдох
Зээлийн гэрээний төлбөр 16 302 700,72 төгрөг гаргуулах, Н.Бадралын өмчлөлийн даавууны суурь машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан, хариуцагч Н.Бадрал, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Зуунмод салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Н.Бадрал, Н.Бадрах нар нь Хас банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн 1300012605 дугаар гэрээгээр 20 000 000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар, 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Н.Бадралын өмчлөлийн тоног төхөөрөмж барьцаалсан. Зээлдэгч банктай байгуулсан гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчиж, 2017 оны 01 сарын 11-ний байдлаар 301 хоног хугацаа хэтэрсэн. Өнөөдрийн байдлаар Н.Бадралын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 12 777 777,12 төгрөг, үндсэн хүү 3 382 768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142 155 төгрөг, нийт 16 302 700,72 төгрөг байна. 1300012605 дугаартай зээлийн гэрээний 2017 оны 01 сарын 11 өдрийн байдлаар үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 12 777 777,12 төгрөг, үндсэн хүү 3 382 768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142 155 төгрөг, нийт 16 302 700,72 төгрөгийг зээлдэгч Н.Бадрал, Н.Бадрах нараас гаргуулах болон Н.Бадралын өмчлөлийн даавууны суурь машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж барьцаалсан энэ хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Зээл авсан нь үнэн. Тухайн үед зээл болон зээлийн хүүгээ төлж явж байгаад эдийн засгийн хямралаас болоод ажил цалгардаад төлөлт хийж чадаагүй. 2014 оны сүүлээс яригдсан одоо удахгүй Солонгос улсын хөрөнгө оруулалттай нарны эрчим хүчний төсөл эхлэх гэж байгаа. Гадны хөрөнгө оруулалттай учир хугацаа жаахан хүлээгдээд байгаа. Энэ хөрөнгө оруулалтын мөнгө орж ирэхээр зээлээ төлөх хүсэлтэй байгаа” гэв.
Шүүх зохигчдын зүгээс хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Зуунмод салбар нь хариуцагч Н.Бадрал, Н.Бадрах нарт холбогдуулан Зээлийн гэрээний төлбөр 16 302 700,72 төгрөг гаргуулах, Н.Бадралын өмчлөлийн даавууны суурь машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Бадрал, Н.Бадрах нар нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хас банк ХХК-н Зуунмод салбартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 30,00 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдэж /хх-н 8-10/, зээлийн барьцаанд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 19-34 тоотод байрлах samstar fd маркийн оёдлын суурь машин 1 ширхэгийг барьцаалсан /хх-н 12-15/ болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1300012605 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 01 дүгээр сарын 1300012605 дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн 20 000 000 төгрөгийг Нацагдоржийн Бадралын Хас банкин дахь 1300012605 дугаартай дансанд шилжүүлсэн дансны хуулга /хх-н 16/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан байх тул зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний хувьд талууд маргаагүй байна.
Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш графикийн дагуу төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчээс зээлээ төлөх тухай шаардах хуудсыг /хх-н 18-19/ удаа дараа хүргүүлсэн боловч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 301 хоног хугацаа хэтрүүлсэн буруутай байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч нарын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байдал нь зээлийн гэрээний 3.2.1, 5.1, 5.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан банк гэрээг хугацаанаас өмнө цуцласан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тайлбарласан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хас банк ХХК-н Зуунмод салбар нь зээлдэгч нь зээлийн гэрээний 3.1.5-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь шаардах эрхтэй байх тул хариуцагч Н.Бадрал, Н.Бадрах нараас үндсэн зээл 12,777,777.72 төгрөг, зээлийн хүү 3,382,768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,155 төгрөг нийт 16,302,700.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс төлбөр гаргуулах эрхийг хангаж өгөхийг хүссэн шаардлага гаргасан ба зохигчид барьцааны гэрээний хувьд маргаагүй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл тул гэрээний үүргээ гүйцэтгэгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар шийдвэрийн биелэлтийг хангах болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Бадрахад 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хурал хуралдахыг 2017 оны 03 дугар сарын 16-ны өдөр мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зуруулжээ. Хариуцагч Н.Бадрал нь хариуцагч Н.Бадрахыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Зуунмод салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан түүний хүсэлтийг зөвшөөрч Н.Бадралыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-д зааснаар Н.Бадралын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Бадрал, Н.Бадрах нараас 16,302,700.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-н Зуунмод салбарт олгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Н.Бадрал, Н.Бадрах нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 19-34 тоотод байрлах samstar fd маркийн оёдлын суурь машиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,463 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Бадрал, Н.Бадрах нараас 239,463 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-н Зуунмод салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ