Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00279

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00279

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Жамсранжавын гудамжны 9/1 тоотод байрлах “Экспресс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Батсүмбэр сум, 3 дугаар баг, Баянголд байрлах “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-д холбогдох

Гэрээний төлбөр 5 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 17 өдөр хүлээн авч хянаад, 2017 оны 01 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Манай компани тус шүүхэд “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-д холбогдуулан 20 000 литрийн багтаамжтай хөнгөн цагаан ёмкост буюу усны савны үнэ болох 5 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасн билээ. Хариуцагч тал болох “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-өөс манай нэхэмжилсэн төлбөрийг 2017 оны 04 сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлт гаргаж байгааг мнай талаас хүлээн зөвшөөрч зохигчид ямар нэг маргаангүйгээр эвлэрч байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулмйн дагуу бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь хариуцагч “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-өөс нэхэмжилсэн 5 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө  2017 оны 04 сарын 07-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрчээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг зохигчдын эвлэрэл нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 350 төгрөгийн 50 хувь болох 50 675 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 50 675 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-өөс 50 675 төгрөгийг гаргуулж нийт 101 350 төгрөгийг нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-д холбогдох иргэний хэргийн зохигчид 5 400 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 07 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд   хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 101 350 төгрөгийн 50 хувь болох 50 675 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 50 675 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-өөс 50 675 төгрөгийг гаргуулж нийт 101 350 төгрөгийг нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК-д олгуулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.МӨНХЦЭЦЭГ