Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/100

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч: Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогтой Б-ын Л-д холбогдох эрүүгийн 2027001460093 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “___” ХХК-д ___ ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, ___ тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй  Г-  овогтой Б-ын Л- /РД:___/. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 04 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг “___” гэх газар хохирогч Б.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун талын эрүү хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Л- мэдүүлэхдээ:

Манай хадам аавыг Д- гэж хүн байдаг. Манай эхнэрийн Д.Н- гэдэг айлын том охин байгаа. Тухайн өдөр манай эхнэрийн хамгийн бага дүү охин болох Д.О- нь Өвөрхангай аймгийн Бүрд суманд айлын хүн болж бид нар бүгд найранд нь очсон. Бид нар орой 17 цагийн үед найранд очсон. Манай хадам аав уушигны өвчтэй найранд нь орж чадахгүй гадаа машинд хэвтэж байсан. Манайх нялх хүүхэдтэй болохоор би найранд нь орж чадахгүй машиндаа хүүхдээ хараад байж байтал манай хадам аав миний том хүргэн найранд нь ороод сууж бай гэж хэлэхээр нь шөнө 1 цагийн үед найранд орсон. Тухайн найранд архиар их шахаж байсан. Би архи уудаггүй болохоор өгсөн архийг нь уухгүй өөр аяганд хийж байсан. Найраа хийж байсан манай баз болон А- хоёр тухайн үед дууны дугараа бариад тоглоом шоглоомоор бие биенийгээ пизда гэх мэтээр хэлээд байсан. Гэтэл гаднаас Б.Г- орж ирээд миний дүүг пизда гэж хэллээ гээд А-тай маргалдаад бие биерүүгээ айраг цацаад, ааруул зэргийг шидээд байсан. Би 4 цаг болж байхад хэдүүлээ айлын найранд ирчихээд хэрүүл маргаан хийгээд яахав гээд А-г гэрээс аваад гарсан. Би машинаа гэрээс хол 300 метрийн цаана тавьчихсан байсан. А- бид хоёр машины хажууд очоод 30 минут орчим гадаа нь хэвтсэн. Бид хоёр хэвтэж байснаа хоёулаа машин машиндаа орж унтъя гээд хувцсаа тайлж байтал Б.Г- гэж залуу том хүргэнтэйгээ хүрч ирээд А-г дуудаад учраа олчихъё гээд байхаар нь та нар согтуу хүнтэй юу ярих гээд байгаан юм бэ ярих юм байвал надтай ярьчих гэж хэлсэн. Гэтэл араас хадам аавын том хүү нь гүйж ирээд А- бид хоёрыг зүгээр биздээ наад хоёр чинь эвгүй зүйл яриад та хоёр луу яваад өгсөн гэж хэлсэн. Б.Г- бид хоёр луу агсам тавиад орилж чарлаад байсан. Удалгүй А-гийн эхнэр, манай эхнэр хоёр гарч ирээд та нар найранд ирсэн хүмүүсээ хүндлээд унтаж амраач гэж хэлээд эхнэр нь А-г аваад явсан. Бид нөгөө хоёр залууг авч яваад гэрт нь аваачиж амраасан. Замдаа би Б.Г-ээс А-гийн өмнөөс зөндөө уучлалт гуйсан. Би тэр хоёр залууг гэрт нь аваачиж өгчихөөд буцаад машиндаа ирээд яг унтах гэж байтал нөгөө хоёр залуу удалгүй нэг шил архи барьчихсан учраа олно гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би эр хүмүүс үнэхээр учраа олох байх гэж бодоод бид 4 тойрч суугаад нөгөө шил архинаас хүргэн нь аягалаад хоёр удаа тойруулсан. Би тухайн архинаас уучих гээд байхаар нь нэг л удаа уусан. Архи ууж байхдаа Б.Г-, А- хоёр бие бие рүүгээ дайраад хэрэлдээд байж байтал нэг залуу яваад ирсэн. Удалгүй араас нь нэг эгч ирээд та нар одоо болиод унтаач гэж хэлчихээд яваад өгсөн. А- юм ярьж байхдаа гичий гээд нэг үг хэлтэл Б.Г- уурлаад ууж байсан архины хундагаар А-гийн нүүрэн дундуур цохиод дээр нь гараад гараараа багалзуурдаад авсан. Би та нар болиоч гээд Б.Г-ийг татаад салгатал архи аягалж байсан залуу А-г очоод дэвслээд байсан. Би та нар согтуу хүн алчихна шдээ гэж хэлээд Б.Г-ийг тавиад нөгөө залууг очоод салгатал нөгөө залуу аймар том чулууг аваад шидтэл миний хавирга тус газар оносон. Би тэр залууд чи ямар солиотой юм бэ газар хэвтэж байгаа хүн оночихвол яах юм бэ гэж хэлтэл манай эхнэр болон бага базын аав нь намайг хориод байсан. Би нэг хартал А- дээр зөндөө хүн овоорсон байсан. Би хэлэхдээ та нар эрүүл хүн хориод байх юм цаана чинь согтуу хүнийг аллаа шдээ гэж хэлсэн. Би эргээд гүйж явтал замд ууж байсан архины шил таарахаар нь хол аваад шидсэн. Би овоороод байсан хүмүүс дээр очтол А- байхгүй Б.Г- агсараад орилж чарлаад байж байсан. Б.Г- босож ирээд над руу цохихоор нь зайлаад хөлөө явуултал Б.Г-ийн эрүүнд нь оносон байсан. Тухайн үед тийм л зүйл болсон гэв.

Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Б.А-д хандаж чи миний эгчийг гичий гэж хэллээ гээд Б.А-гийн цээжин хэсэг рүү зүүн гараараа 1 удаа зохисон. Тэгээд Б.А- гэх хүн миний дээр гарч суугаад намайг гараараа боосон. Удалгүй намайг тэнд байсан хэн нэгэн нь салгаж авсан байна. Би тэндээсээ салаад Ж.Н- эгчийн хамт гэрийн зүг алхаад гэрийнх нь гадаа ирээд гэрийн хажууд сууж байтал Б.А-, Б.Л- хоёрын хэн нь мэдэгдэхгүй нэг нь л байсан архины шил бариад гөлөгнүүдийг бүгдийг нь алчихъя л даа гээд гүйж ирж байхаар нь би архины шилнээс зугтаах гэж байгаад газар унасан чинь л хажуугаас намайг Б.Л- гэх хүн миний эрүү тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд миний эрүү хугалчихлаа гэж хэлсэн чинь тэнд байсан хүмүүс бүгд яваад өгцгөөсөн. Миний эрүүг эмчлэх, намайг хохиролгүй болгож өгүүлмээр байна. Бензин шатахуунаас авахуулаад зардал их гарч байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү. Би гарсан зардлаа бүрэн гаргуулчих юм бол  гомдол саналгүй. Миний эмчилгээний зардалд 2 000 000 төгрөг өгсөн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Б.Л- хэлэхдээ би өшиглөсөн гэж өөрөө надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Ж.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би босоод гартал шинэ гэрийн цаана Б.Г-, хүргэн САРАНТУЯА, бэрийн талаас 2 залуу нийтдээ 4-үүлээ суучихсан архи ууж байхаар нь би очоод одоо архи больцгоо, унтаж амар гэж хэлчхээд буцаад гэр рүү явж байтал ард хүмүүс маргалдах чимээ гарахаар нь эргээд хартал нөгөө 4 чинь хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь би эргэж очоод Б.Г-ийг салгаад аваад явж байтал араас 1 хүн гүйж ирээд Б.Г-ийг өшиглөчхөөд яваад өгсөн. Б.Г- ч газарт хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №391 дугаартай:

“...1. Үзүүлэгч Б.Г-ийн биед баруун доод эрүүний зөрөөтэй хугарал, баруун гайморын хөдийн цөмөрсөн хугарал, тархи доргилт баруун хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ байх боломжтой.

6. Хэрэг ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Г-ийн өвчтний түүхүүд /хх-ийн 66-73 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Л- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 04 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг “___” гэх газар Б.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний баруун талын эрүү хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Л- үйлдсэн болох нь

хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/, гэрч Б.А-, Ж.Н- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38, 45-46 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №391 дугаартай: “...1. Үзүүлэгч Б.Г-ийн биед баруун доод эрүүний зөрөөтэй хугарал, баруун гайморын хөдийн цөмөрсөн хугарал, тархи доргилт баруун хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ байх боломжтой. 6. Хэрэг ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Л-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л- нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Л- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч Б.Л-гээс эрүүл мэндэд учирсан хохирол 2 600 000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч Б.Г- нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Л-гийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргасныг прокуророос хангаж, шүүгдэгч Б.Л-тэй ял оногдуулах санал дээр тохиролцон хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүхээс прокурорын ялын саналын хүрээнд Б.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г- овогтой Б-ын Л-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Л-г  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5зааснаар Б.Л-  нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоожбиелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Б.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА