Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/102

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

              Шүүгдэгч: С.Э- /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч Б- овогт С-ын Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027001080090 дугаартай, 146/2020/0095/Э индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэтолгой баг, ___ тоотод оршин суух хаягтай,

урьд 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2020/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, ___ регистрийн дугаартай, Б- овогт С-ын Э-

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б- овогт С-ын Э- нь 2019 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ___ тоотод оршин суух хохирогч Д.Э-ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дотор нь байсан саарал бор өнгийн доороо 4 ширхэг дугуйтай чемодан, гурил, будаа, гоймон, усны сав, эрэгтэй, эмэгтэй хүний хувцас зэрэг эд зүйлс мөн бэлнээр 500,000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,879,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр одоо өдрийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу яваад 30 гаруй хоноод ирсэн чинь манай байшингийн гадна модон хаалганы цоожийг эвдэж хулгай орж Хурх 25 кг гурил, Сакура нэртэй 25 кг будаа, саарал бор өнгийн доороо 4 ширхэг дугуйтай чемодан, баадан дотор байсан нийт 500.000 төгрөг үүн дотор 5000, 10000, 20000, төгрөгийн дэвсгэртүүд байсан учир нь би мөнгөний дээж цуглуулж баадан дотор хийсэн байсан юм. Гадна талаараа цэнхэр өнгийн хайрцагтай туузан гоймон 1 хайрцаг буюу нийт 40 ширхэг, хөнгөн цагаан 20-н бетон 1 ширхэг, эмэгтэй хүний монгол гутал, эрэгтэй хүний цэнхэр өнгийн дан дээл, усны гутал, эмэгтэй пүүз, углааш, сандаал, эмэгтэй плаж, эмэгтэй дан дээл 2 ширхэг, эрэгтэй цамц, эрэгтэй өмд, эрэгтэй куртик, эмэгтэй шорт, улсын их дэлгүүрээс 2018 онд худалдаж авсан хуван зүүлтийг газар тастаж няц няц гишгэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Э-ы 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: ...Миний бие 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот явсан тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр гэрт ирсэн. Улаанбаатар ганцаараа замын унаанд сууж шөнө 01-02 цагийн үед хот хооронд асфальтан зам дээр бууж явган гэртээ алхаж ирсэн. Тэгэхэд манай байшингийн хаалганы цүү нь эвдэрсэн байсан тухайн үед би цагдаад хэлж дуудаагүй юм. Тэгээд өөрөө унтаж амраад гэрт дотор байсан эд зүйлсээ бүртгэж улмаар цагдаагийн ажилтанд хандаж эд зүйлсээ алдсан тухайгаа бүртгүүлсэн. Би гомдолтой байна хулгайчийн гэрээс хувцаснуудтай байсан өөрийнхөө цүнхийг авсан өөр зүйл огт аваагүй байсан мөн манайхаас бэлэн мөнгө алга болсон учир юу гэхээр мөнгөний дээж болгон 20.000, 10.000, 5000, 1000, 500 төгрөг, 100, 50, 20, 10 гэх мэт ойролцоогоор 500.000 орчим төгрөг алга болсон ба түүнийг нэмж нэхэмжлэх болно. Би гомдолтой байна алдсан эд зүйлсээ зах зээлийн үнэ ханшаар төлүүлж авах бодолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Э-ы 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: ...Тиймээ тухайн саарал өнгийн чемоданыг 2020 оны 01 дүгээр сард манай гэрт хулгай орох үед алдсан манай гэрээс алдагдсан чемодан мөн байсан. Ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа вэ? гэвэл би 2016 оны 02 дугаар сард Энэтхэгт аялж явахдаа уг бор саарал өнгийн чемоданыг худалдан авч байсан ба их хэмжээний зүйлс хийх гэхээр багтахгүй болохоор нь дотор даавууг нь ханзалж байсан содон шинжтэй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай хажуу талын хашаан дахь байшин 2-3 жил эзэнгүй байсан ба 2019 оны зун нэг эхнэр, нөхөр 2 хэсэг зуур амьдарч байгаад гарсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд эзэнгүй байж байгаад 2019 оны намар 09 дүгээр сард Д.Э- эгч тухайн хашаа байшинг худалдан авч орсон. ...Манайхаас 180.000 төгрөгийн түлээний мод худалдан авч урьдчилгаа мөнгө гээд 100.000 төгрөгийг өгөөд тэтгэвэр буухаар үлдсэн 80.000 төгрөгийг өгье гээд авсан юм. Тэгээд сүүлд нь тэтгэврийн мөнгөө үрчихлээ, оронд нь надад Японоос ирсэн хувцас, гоймон зэрэг зүйлс байгаа үзэж байгаад таалагдвал 80.000 төгрөгт тохируулаад авчихгүй юу гэхээр нь би үзэж байгаад 1 өмд, 1 цамцыг үлдсэн мөнгөнд тааруулаад авсан. Тухайн үед үзүүлэхдээ жижигхэн чемодан дотроос даашинз, өмд, цамц гэх зүйлс гаргаж ирж үзүүлсэн. Мөн Япон улсаас ирсэн гэх жижиг цаасан хайрцагтай дотроо олон ширхэг боодолтой ногоон өнгийн ууттай Шпагетти гэсэн нэртэй гоймон зэргийг үзүүлсэн. Үзүүлсэн хувцас нь их материал сайтай, чанартай, шошготойгоо шинэ хувцас байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.379.000  нэг сая гурван зуун далан есөн мянган төгрөг/... гэх ӨХЦ20-39 дугаартай дүгнэлт, /хх-ийн 50-52- дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 45-48 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-28 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан, хэрэг авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, үйл баримт хангалттай тогтоодсон,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон, хууль ёсны баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авадгадсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Э-ыг 2019 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ___ тоотод оршин суух хохирогч Д.Э-ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн эд хөрөнгийг хулгайлж, хохирогчид 1,879,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч С.Э-ыг нууцаар хүн амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.Э-д хохиролд Вендо ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр 1379000 төгрөгийн, бэлнээр 500000 төгрөг нийт 1879000 төгрөгийн хохирол учирснаас 1,300,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хохирогч чемоданаа буцаан авсан байх ба хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх-ийн 37-38 дугаар хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, учруулсан хохиролын хэмжээ, хохирол төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулав.

            Шүүгдэгч С.Э- энэ хулгайлах гэмт хэргийг үйлдсний дараа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 04 сар 22 хоногийн хорих ялыг эдэлж, 07 сар 08 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдэж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

            Иймд шүүгдэгч С.Э-ы Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 08 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж нийт эдлэх хорих ялыг  тогтоов.

            Шүүгдэгч энэ хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.  

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.5 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт С-ын Э-ыг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт С-ын Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 01 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 07 /долоон/ сар 08 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ы 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 36 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ДУЛМАА