| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0030/э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч С.Б,
Шүүгдэгч Т.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-нд холбогдох эрүүгийн 2125000000015 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 12 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ...... тоотод өөрийн хамтран амьдрагч Л.Ж-ныг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Л.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 12-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө би гэртээ архи уугаад согтоод унтчихсан. 11 цагийн үед би сэрээд хамтран амьдрагч болох Т.Т-наас тамхи асуухад байхгүй гэж надад хэлэхээр би хамтран амьдрагчаа хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийхэд Т.Тн намайг уурласандаа хутгаар цээжин тус газар 1 удаа хутгалчихсан. Тэгээд миний цээжнээс цус гойжоод байхаар нь түргэн тусламж дуудахад цагдаа ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,
-Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Т-тай 2000 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа, сайн найзын минь нэг. Ж, Т нар нь эрүүл үедээ сайн эцэг, эх халамжит ханиуд байдаг. Хоорондын харилцаа таарамж бол сайн архи уухаараа ямар байдаг талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 14 ху/,
-Гэрч Э.Н-тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр би ажлаасаа орой 21 цагийн үед гэртээ ирэхэд аав Ж, ээж Т нар согтуу байсан. Тэгээд би хоолоо идчихээд өрөөндөө ороод унтаад өгсөн тэр үед аав, ээж хоёр хэрэлдэж байсан. Унтаж байсан чинь өрөөний хаалга цагдаа онгойлгохоор нь би сэрсэн. Тэгээд босоод харсан чинь аав Ж-ны цээжнээс цус гарсан байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг / хх 15 ху/,
-Яллагдагч Т.Т-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би тухайн үед хоол хийх гээд мах хэрчиж байсан. Гаднаас нөхөр Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг хэл амаар доромжилж, үснээс зулгааж толгойгоор гал тогооны шал мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би мах хэрчиж байсан хутгаараа урдаас нь дахиж намайг зодох юм бол хохино шүү гэж хэлээд өөдөөс зүгээр л чичиж айлгах гэтэл цээжин тус газар нь хутгалсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 12 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Ж-ны биед цээжинд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь хурц, үзүүр, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2020 оны 12 сарын 15-нд үүссэн байж болно гэх дүгнэлт / хх 21-22 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 22 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Т-ны биед баруун бугалга, болон шуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Гэмтэл нь 2020 оны 12 сарын 15-нд үүссэн байж болно гэх дүгнэлт / хх 17-18 ху/,
- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 1 ху/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5 ху/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6 ху/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 8 ху/,
- Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 34 ху/
- Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх 36 ху /,
- Орхон аймгийн хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын тодорхойлолт /хх 38 ху/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 40 ху/,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн тодорхойлолт /хх 43 ху/,
- Хаан банкны деспозит дансны хуулга /хх 44 ху/,
- Т.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 45 ху/,
- Т.Э-ын төрсний гэрчилгээний хуулбар / хх 45 ху/,
- Т.Т-ныг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28, 29-30 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 12 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн тоотод өөрийн хамтран амьдрагч Л.Ж-ныг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...намайг хэл амаар доромжилж, үснээс зулгааж толгойгоор гал тогооны шал мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би мах хэрчиж байсан хутгаараа урдаас нь дахиж намайг зодох юм бол хохино шүү гэж хэлээд өөдөөс зүгээр л чичиж айлгах гэтэл цээжин тус газар нь хутгалсан” гэсэн, хохирогч Л.Ж-ны “...би хамтран амьдрагчаа хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийхэд Т.Т намайг уурласандаа хутгаар цээжин тус газар 1 удаа хутгалчихсан” гэсэн /хх 10 ху/ мэдүүлгүүд, гэрч Б.У /хх 14 ху/, Э.Н /хх 15 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжинд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.Т-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Л.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т-нд нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн фудболк, бор өнгийн иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Т-ын Т-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Т нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 100.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн фудболк, бор өнгийн иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Б