Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/103

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: Д.Б-,

Шүүгдэгч: Ж.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Ж-ын Э-т холбогдох эрүүгийн 2027000000096 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ___ ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн Рашаант хэсгийн ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогтой Ж-ын Э- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хүрзээр цохиж хамрын нуруу, баруун хацар хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч Д.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хүнсний дэлгүүр худалдагч хийдэг. Ж.Э- нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний худалдагч хийдэг хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн зээлж авсан байсан. Би тухайн өдөр амралтаа аваад хүмүүсээс өр зээл цуглуулах гэж яваад Ж.Э-тай таарсан. Тэгээд Ж.Э-аас зээлж авсан барааныхаа мөнгийг авъя гэтэл машиныхаа арын багаажинд байсан хүрзээр миний нүүр лүү цохисон гэв.

Хохирогч Д.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өгссөн мэдүүлэгтээ:

“...Би Есөнзүйл сумын төвд байх “___” хүнс барааны дэлгүүрт худалдагч ажилтай юм. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус дэлгүүрт өөр зээл тавьсан хүмүүстэй уулзаж өр авлагаа нэхэх гээд явж байсан чинь Есөнзүйл сумын төвд байдаг. “___” нэртэй шатахуун түгээх станцын урд байх О- гэх айлын гадна манай дэлгүүрт өртэй Ж.Э- гэх хүний машин байсан. Би тухайн машин байсан айлын гадаа очсон чинь Ж.Э-ын машины арын багаж онгорхой нүүрс буулгаж байсан. Ж.Э- өөрөө машиныхаа арын суудалд сууж байсан юм. Би Ж.Э-ын машины арын хаалгаар Э-т хандаж “өр зээлээ авъя” гэж хэлсэн чинь уурлаад элдвээр хэлж доромжлоод хүмүүсийн хажууд өр нэхээд хүний нэр төр гутаалаа гээд арын суудал руу гаа тонгойж тэнд байсан хүрзийг аваад над руу шидсэн юм. Тухайн шидсэн хүрз нь миний нүүрэн хэсэгт цохиж хамар, хацар хэсэгт зүссэн. Би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Э- гэдэг хүн машинаасаа  асаагаад зугтаасан. Би тэндээсээ сумын эмнэлэгт үзүүлж тариа хийлгээд тэр шөнө Өвөрхангай аймгийн эмнэлэгт үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-22 дугаар хуудас/,

Гэрч Ж.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Ж.Э- машиныхаа арын багажны хаалгыг дотор талаасаа онгойлгоод байж байтал Б- гэх хүүхэн ирээд арын хаалгаар Ж.Э- луу жижиг хуванцар сав шидсэн чинь Ж.Э- уурлаад машиндаа байсан хүрзийг түлхээд шидсэн чинь нөгөө Б- гэх хүний нүүрэн хэсэгт оносон юм. Удалгүй Б- гэх хүний хацар, хамарнаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №462 дугаартай:

“1. Үзүүлэгч Д.Б-гийн биед хамрын нуруу, баруун хацар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

4. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд гоо сайханыг дүгнэх журам байхгүй тул мөрдөгчийн асуултад хариулах боломжгүй

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ж.Э- үйлдсэн болох нь

хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-22 дугаар хуудас/, гэрч Ж.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №462 дугаартай: “...1. Үзүүлэгч Д.Б-гийн биед хамрын нуруу, баруун хацар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд гоо сайханыг дүгнэх журам байхгүй тул мөрдөгчийн асуултад хариулах боломжгүй. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Э-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Э- нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.Э- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийнхээ дагуу хохирогч Д.Б- нь баримтаар шүүгдэгч Ж.Э-аас 310 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй  ба төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Э-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой Ж-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Ж.Э- нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.Э-аас хохиролд 310 000 /гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д /Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 2 дугаар баг, “Мөнхбулаг” гэх газар оршин суух/ олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Ж.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА