Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/105

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: Г.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаяр, шүүгдэгч А- овогт Г-ын Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027001180099 дугаартай, 146/2020/0099/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг “___” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, А- овогт Г-ын Ж-,

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж- нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч М.М-гийн эзэмшлийн 7 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Манай хонинд хэдэн хонь ирээд нийлсэн байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан. Манай хонь туранхай байсан учир манай хонинд нийлсэн байсан 7 хонийг заруулахаар хүргэний машинд ачиж явуулсан. Би хэний хонь гэдгийг нь сайн мэдээгүй... гэв.

Хохирогч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манайх Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр баг “___” гэх газарт гэртээ зуслангийн буйр бариад байж байтал гар утас дуугарахаар нь гар утсаа аваад ярьтал Булган аймгийн Рашаант сумын цагдаагаас ярьж байна. Манай суманд хонь ачсан машин хонь буулгаж байна гэж хэлээд уг цагдаа нь манай хонины им болон тэмдэглэсэн будаг болон будагны өнгийг хэлэхээр нь тухайн хонийг шалгахаар Булган аймгийн Рашаант сумын төвд орж ирээд уг хонинуудыг үзэхэд манай имтэй 7 тооны хонь байсан юм. Манайх 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хонио тоолсон чинь 258 хонь байсан. Манайд нийт 325 хонь байх ёстойгоос одоо 67 тооны хонь дутаж байна. 67 хониноос цагдаа надад 7 тооны хонийг хүлээлгэж өгсөн ба одоо манай хониноос нийт 60 тооны 2-4 настай хонинууд дутаж байна. ...Манай нөхрийн авга ах болох Г-ын Ж-, Ж-гийн хүргэн болох н.Н- нар манай хониноос 7 тооны хонийг ачаад Булган аймгийн Рашаант суманд малын ченжид өгөх гэж байгаад цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Хохирогч М.М-гийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: ...Алдагдсан гэх 7 хониноос гадна 60 тооны хонь нь Зараа гэх газарт байсан ба уг 60 тооны хонио 2020 оны 08 дугаар сарын дундуур олсон. ...Манайх одоо ямар нэгэн хохирол байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Аав болох Г.Ж- нь та 2 яваад хонь зараад ир гэхээр нь би за гэж хэлээд гэрт ороод гэрээ цэвэрлэчихээд нөхөр болох н.Н-аас хонио ачиж дууссан юм уу гэж асуусан чинь нөхөр ачаад дуусчихлаа гэхээр нь нөхөр н.Н- болон манай охин болох Ууганцэцэг /2 нас гарантай/ бид 3 Булган аймгийн Рашаант суманд орд ирээд н.Болд гэх хүний хашаанд уг хонинуудыг хашаад дуусчихаад байж байтал Рашаант сумын Цагдаа ирж үзэж байснаа энэ хүний мал байна гэж хэлэхээр нь аав болох Г.Ж- хүний хонь өгч явуулсныг нь мэдсэн юм. Би нөхөр хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотоос 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багт байрлах аавынхаа гэрт ирсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэгт: ...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Рашаант сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал манай нутгийн хүмүүс хонь ачсан Истима маркийн тээврийн хэрэгсэл яваад байна гэхээр нь уг тээврийн хэрэгслийг хайгаад явж байтал уг тээврийн хэрэгсэл нь Б-ы хашааны дотор зогсож байхаар нь очоод шалгасан чинь 7 тооны хонийг Б-ы хонь хашдаг жижиг саравчинд оруулчихсан байхаар нь тухайн жолоочоос уг хонины гарал үүслийн бичгийг асуухад ямар ч бичиг баримтгүй байхаар нь хаанаас уг хонийг ачсан талаар асуухад Өвөрхангай аймгийн Бүрд сумаас ачиж ирсэн тухайн хонийг М.М- гэх айлаас ачиж явна тухайн хонийг М.М- гэх хүн зараад ир гэж хэлсэн гэхээр нь М.М-гийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь М.М-гийн хүү гэх Б-ын ___ дугаарын утас руу залгаад манай суманд 7 тооны хонь байна танайх заруулах гэж Рашаант сум руу явуулсан юм уу гэж хэлсэн чинь үгүй ээ манай аав болох н.Энхболд, ээж болох М.М- хоёр нь хонио алдсан хайгаад явж байгаа гэж хэлэхээр нь аав, ээж хоёрыгоо манай сум руу яаралтай ороод ир гэж хэлсэн ба М.М-, н.Энхболд гэх хоёр хүн ирээд тухайн 7 тооны хонийг үзээд манай алдсан 60 гаран тооны хонины 7 ширхэг мөн байна гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 08-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 580.000 /таван зуун наян мянган төгрөг/... гэх ӨХЦ20-50 дугаартай дүгнэлт, /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг болно.

Хохирогч М.М-гийн хониноос нь 67 тооны хонь дутсан, шүүгдэгч Г.Ж- өөрийн хонинд өөр айлын хонь нийлснийг мэдсээр байж 7 тооны хонийг Д.Н-ын машинд ачиж явуулсан үйл баримт хэрэг авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг өмчлөх эсрэг гэмт хэрэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинж нь нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байдаг бол алдуул мал завших гэмт хэргийн шинж нь алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.Ж-гийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн нууц далд аргаар  үйлдэгдэх объектив талын шинж тогтоогдохгүй байна.

Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүйгээр өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран өөр эзэмшигчийн малд нийлсэн байхад өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж авсан идэвхитэй үйлдэл, зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй эс үйлдэхүйгээр илэрч гэмт хэргийн шинж хангагдаж байна.

Шүүгдэгч Г.Ж- нь хохирогчийн хонь өөрийн хонинд нийлснийг мэдсээр байж бусдад өгч явуулснаар хохирогчид 580000 төгрөгийн хохирол учруулснаар  алдуул малыг завших гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч Г.Ж- нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч М.М-гийн эзэмшлийн 7 тооны хонь буюу алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж  завшсаны улмаас  хохирогч М.М-д 580,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч Ж.Б-, Ц.Н-, хохирогч М.М- нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ж-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг алдуул малыг завших гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн гэж шүүхээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Иймд шүүгдэгч Г.Ж-г 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.М-гийн эзэмшлийн 7 тооны хонь буюу алдуул малыг завшиж  580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

Хохирогч М.М-д 7 тооны хонийг шүүгдэгч буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч  60 тооны хонио Зараа гэх газарт байсныг 2020 оны 08 дугаар сарын дундуур олж авсан гэх мэдүүлгийг хохирогч өгсөн байхыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцож, ___ улсын дугаартай, цагаан өнгийн Toyoto Estima маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Д.Н-т буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.5 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А- овогт Г-ын Ж-г алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцож, ___ улсын дугаартай, цагаан өнгийн Toyoto Estima маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Д.Н-т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА