Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0627

 

 

 

                 “Г.И” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Б.Б,

Гомдол гаргагч: “Г.И” ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б,

Гомдлын шаардлага: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 588 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.А, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж нар,                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 128/2022/0644/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Г.И” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Бад холбогдуулан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 588 дугаар шийдвэрийн

          1 дэх заалтаар: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж”,

 2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж”,

3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Бын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцохоор” дурдаж,

4 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах тохиолдолд амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно”, 13.1.1-д “Энэ хуулийн 10.1 ...- д заасан шаардлагыг хангаагүй” гэсэн бөгөөд 10 дугаар зүйлийн 10.1-д “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна” гэж заасан.  Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр ...- ийг мөрдөх буюу Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай 2002 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар импортолж буй түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад хор хөнөөлт организм ... илэрсэн тохиолдолд тэдгээрийг ариутгаж буцаах буюу устгах арга хэмжээ авна” гэж заасан. Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газраас тус хуульд заасан нийтлэг шаардлагуудыг үндэслэн “Г.И” ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 02/283 дугаар албан бичгээр гадаад хорио цээртэй шавж илэрсэн цагаан будааг экспортлогч оронд буцаах мэдэгдлийг хүргүүлсэн.

            3.2. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “амьтан ургамал, хүнснийхээс бусад түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн задлан шинжилгээ хийж импортын мэдэгдэл олгох” бүрэн эрхтэй байдаг бөгөөд уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Эрсдэлийн задлан шинжилгээг дор дурдсан үндэслэлээр хийнэ” 26.3.1-д “импортын уламжлалт харилцаагүй улс, бүс нутгаас анх удаа мал, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох бол”, 26.3.2-т “импортын уламжлалт харилцаатай боловч тухайн улсад амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, хими, физикийн бохирдлын эрсдэл өссөн байж болзошгүй нөхцөлд Монгол Улсад импортлох бол”, 26.3.3-д “хэд хэдэн улсын нутаг дээгүүр дамжуулан тээвэрлэх бол” гэж заажээ.  Дээрх хуулийн зохицуулалтаас харахад тус компани импортолж буй цагаан будаанд эрсдэлийн задлан шинжилгээ хийгдсэн эсэх талаар тодруулах шаардлагагүй.

            3.3. Харин Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар “Импортын барааны эрсдэлийг тодорхойлох, шалгуур үзүүлэлт”-ийг баталсан. Энэ шалгуур үзүүлэлтийн дагуу Монгол Улсын Шадар сайдын “Жагсаалт батлах тухай” 2021 оны 20 дугаар тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалтыг шинэчлэн баталсан. Энэ жагсаалтад их эрсдэлтэй барааны жагсаалтад “цагаан будаа” байдаг бөгөөд “Г.И” ХХК-д Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу зөвшөөрөгдөх эрсдэлтэй гэж үзэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн албанаас P01223010046 дугаартай амьтан, ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдэл олгосон. “Г.И” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд Вьетнам улсаас нийт 3 вагон 171450 кг цагаан будаа гэж *** дугаартай мэдүүлгээр “Хилийн чанадаас дотоодын хэрэгцээнд оруулах горим” сонгож 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн. Хуваарилагдсан хорио цээрийн албаны хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч “гаалийн хяналтын бүс”-д биет шалгалт болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 2 удаагийн шинжилгээний дүнгээр гадаа хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis/ авгалдай, хүүхэлдэй үхсэн хэлбэрээр, гуужсан арьс, толгой хэвлий хэсгийн тасархай зэргээр их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон.

            3.4. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-ын 1.5-д “Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ” гэж заасны дагуу хорио цээрийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчийн биет шалгалт болон дээж авах ажиллагаа нь АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд хийгдсэн. Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан ... гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Энэ хуулийн 79.1.1-д заасан горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн ногдуулсан импортын гаалийн болон бусад татварыг бүрэн төлсөн тохиолдолд гадаадын барааг гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд оруулна.” гэж тус тус заасан, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.41-д “Гаалийн бүрдүүлэлт хийгдэж баталгаажсаны дараа гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид илгээх бөгөөд гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарж, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгоно” гэж зохицуулсан. Иймд бүсээс гарсны дараа барааг захиран зарцуулах эрх “Г.И” ХХК-д үүсэх юм.

            3.5. “Г.И” ХХК-ийн импортолж буй цагаан будаа гаалийн хяналтад байгаа бөгөөд хилийн гаалийн байгууллагаас Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны A/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх, бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 2.12-т “Гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг тээвэрлэгч дугтуйлан гаалийн байгууллагаар тэмдэглэгээ хийлгэж, гаалийн хяналтын дор тээвэрлэнэ” гэж заасны дагуу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтад битүү вагонд тээвэрлэгдэн ирсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын гаалийн хяналтад байгаа гаалийн нутаг дэвсгэрт ороогүй буюу Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу гаалийн хилээр ороогүй гэж үзнэ.

            3.6. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хэлэлцээрийг “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай” 2002 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “импортолж буй түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад хор хөнөөлт организм ..... илэрсэн тохиолдолд тэдгээрийг ариутгаж, буцаах буюу устгах арга хэмжээ авна” гэж заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Аюулгүй үзүүлэлт батлах тухай” А/200 тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлт”-ийн 3 дахь хэсэгт “хөнөөлт шавж буюу суринамын гурилч цох ... будаанаас шинжилгээнээс илрэхгүй”, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн А-90 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьдын нэрсийн жагсаалтын “Нэг. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм”-ын “2. Ургамлын хөнөөлт шавж, хачиг” хэсгийн 10 дахь заалтад олон улсын нэр нь Oryzaephilus surinamensis буюу Суринамын гурилч цох, авгалдай, хүүхэлдэй үхсэн хэлбэрээр, гуужсан хальс, толгой хэвлий хэсгийн тасархай, зэргээр их хэмжээгээр бохирлогдсон нь хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 3 удаагийн шинжилгээгээр тогтоогдсон. Энэ тохиолдолд Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасны дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй байдаг. Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр” гэж ойлгодог бөгөөд тухайн гадаад хорио цээртэй шавж илэрсэн цагаан будаа АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналтад байсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулаагүй гэж ойлгоно.

            3.7. Хүлээн авагч нь “Г.И” ХХК нийт 171450 кг цагаан будаа нь Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсээс Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ачааны манифест нөхөн бичих, хянах бүртгэх журам”-ын 5.6-д “Гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг тээвэрлэгч дугтуйлан, гаалийн байгууллагаас тэмдэглэгээ хийлгэж, гаалийн хяналтын дор тээвэрлэнэ” гэж заасны дагуу Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтад Улаанбаатар хот дахь Гаалийн газрын АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд ирсэн. “Г.И” ХХК нь Замын-Үүд дэх гаалийн газарт 171450 кг цагаан будааг мэдүүлж эрх зүйн харилцаанд ороогүй. Замын-Үүд дэх Гаалийн газарт манифест буюу хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах бичиг баримт үйлдэгдэж “Ачааны манифест нөхөн бичих, хянах бүртгэх журам”-ын 5.5-д заасны дагуу эцсийн бүрдүүлэлт хийх газар буюу Улаанбаатар хот дахь Гаалийн газар руу цахимаар илгээгдсэн. “Г.И” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд Вьетнам улсаас нийт 3 вагон 171450 кг цагаан будаа гэж *** дугаартай мэдүүлгээр мэдүүлж, хорио цээрийн албанаас биет шалгалт хийж, шинжилгээнд хамруулж, цагаан будаанаас гадаад хорио цээртэй шавж илэрсэн тул хуульд заасан үндэслэлийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 02/283 дугаартай албан бичгээр экспортлогч улсад буцаах үүрэгтэйг мэдэгдэж мэдэгдлийг хүргүүлсэн.

            3.8. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж заасан тул тухайн цагаан будааг хилийн гаалийн байгууллага буюу Замын-Үүд дэх Гаалийн газраас гүний гаалийн байгууллага буюу Улаанбаатар хот дахь Гаалийн газар хүртэлх гаалийн хяналтад хүргүүлж АТБЭМА дахь гаалийн хяналтын бүсэд “Г.И” ХХК нь гаалийн байгууллагад нийт 171450 кг цагаан будааг Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гаалийн байгууллагад мэдээллийн сүлжээ ашиглан мэдүүлгийн загварын маягтын дагуу мэдүүлсэн. “Г.И” ХХК нь барааг гаалийн байгууллагад мэдүүлснээр эрх зүйн харилцаа үүсч гаалийн хорио цээрийн хяналт шалгалт хийх, дээж авч хүнсний аюулгүй байдлын лабораторийн шинжилгээнд хамруулах нөхцөл бололцоо бий болсон.

            3.9. Биет шалгалт болон 2 удаагийн шинжилгээгээр Суринамын гурилч цох, авгалдай, хүүхэлдэй үхсэн хэлбэрээр, гуужсан хальс, толгой хэвлий хэсгийн тасархай, зэргээр их хэмжээгээр бохирлогдсон гэсэн хариу гарч тус аж ахуйн нэгжид хуульд заасан үүргээ биелүүлж экспортлогч улсад буцаах талаар Улаанбаатар хот дахь Гаалийн газраас мэдэгдэл хүргүүлсэн боловч “Г.И” ХХК нь Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасны дагуу “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй” буюу Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газар нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын АБТЭМА дахь гаалийн хяналтын бүс юм.

            3.10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж, 1.8 дугаар зүйлийн 6.11-д “гаалийн улсын байцаагчийн харьяалалд хамаарах зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар  зүйл бүхэлдээ орохоор” заасан. Замын-үүд дэх Гаалийн газраас хүлээн авагч нь “Г.И” ХХК, хүрэх өртөө нь Улаанбаатар хот гэсэн цахим манифест бичигдсэн бөгөөд тус аж ахуйн нэгж нь Замын-Үүд дэх Гаалийн газарт импортолж буй цагаан будааны эцсийн бүрдүүлэлтийг хийгээгүй, өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаа үүсээгүй тул Замын-Үүд дэх Гаалийн газрын хорио цээрийн албаны эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр буцаах мэдэгдэл хүргүүлэх боломжгүй.

            3.11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдагдсан цагаан будааг импортлохоос өмнө эрсдэлийн дүн шинжилгээ хийх эрх гаалийн байгууллагын бүрэн эрх мөн боловч тус аж ахуйн нэгжийн импортолж буй барааны хувьд хуульд заасан үндэслэлд хамаарахгүйгээр ойлгогдож байна.

            3.12. Гаалийн байгууллага гаалийн тухай хуульд заасны дагуу хилийн болон гүний гаалийн байгууллага гэж ангилдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэг буюу “гадаад хорио цээртэй шавж бүхий будааг хуульд заасан хугацаанд экспортлогч улс руу буцаах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил нь Монгол Улсын хилийн бүсэд үйлдэгдэхээр байна, хариуцагч нь Улаанбаатар хот дахь Гаалийн гаалийн улсын байцаагч гэсэн дүгнэлтийг гаргасан нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан “улсын хилээр нэвтрүүлэх үед”, Гаалийн тухай хуулийн гаалийн хилтэй холбоотой нэр томьёог дутуу бичсэн гэж ойлгогдож байна.

            3.13. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гаалийн тухай хууль ... эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ” гэж заасан тул зөвхөн хилээр нэвтрүүлэх үеийн харилцааг зохицуулахгүй гэж ойлгогдож байна.

          3.14. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтад байгаа барааг Гаалийн хууль түүнд нийцүүлэн гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”, “Ачааны манифест нөхөн бичих, хянах бүртгэх журам”-ын дагуу хилийн гаалиас гүний гаалийн хяналтад илгээгдэж Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтад ирсэн, гаалийн хил нэвтрээгүй гадаад хорио цээртэй шавж илэрсэн цагаан будааг шийдвэрийн 6.1-д “гаалийн нутаг дэвсгэрт нэгэнт нэвтэрсэн”, 6.3-д “гаалийн байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэж ойлгогдохоор тусгасан.

            3.15. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цагаан будаанд хийгдсэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 3 удаагийн шинжилгээний дүнгээр гадаа хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis/ авгалдай, хүүхэлдэй үхсэн хэлбэрээр, гуужсан арьс, толгой хэвлий хэсгийн тасархай зэргээр их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгээс тус шавжийн талаар тайлбар тодруулга авсан бөгөөд уг тодруулгад “... уг шавжийг үр тарианы хортон гэж нэрлэгддэг бүлэг шавжийн нэг төлөөлөл юм. Уг зүйл олширсон үедээ ур тариаг буталж бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөө үзүүлдэг. ... Гэхдээ манай улсын хувьд ийм нөхцөл, бололцоо байгаа эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байгаагаа хэлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг ирүүлснийг хурлын явцад танилцуулсан.

            3.16. Мөн “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийн хор хөнөөл тодорхойлох арга MNS 6481:2014 Монгол улсын стандарт”-ад бичигдсэн Гурилч цох /Cucujidae sp/ гэсэн агуулахын шавж нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтад багтаагүй цох юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай /2017 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар үндэсний стандартын үзүүлэлт, шаардлага нь бүс нутгийн стандартад нийцсэн байна, 12 дугаар зүйлд “аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэнэ” гэж заасан. MTD В.И.Э.К-аас цагаан будаа худалдан авах 25/MTD/2021 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Энэ гэрээний 3 дахь хэсэгт “борлуулж буй Ж copтийн цагаан будаа нь худалдагч талын улсын экспортын стандартын шаардлагыг хангасан байна” гэсэн тул “Монгол Улсын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийн хор хөнөөл тодорхойлох арга MNS 6481:2014 Монгол улсын стандарт”-ыг мөрдөх боломжгүй.

            3.17. Oryzaephilus surinamensis буюу Суринамын гурилч цох, авгалдай, хүүхэлдэй үхсэн хэлбэрээр, гуужсан хальс, толгой хэвлий хэсгийн тасархай, зэргээр их хэмжээгээр бохирлогдсон цагаан будаа нь гаалийн хууль тогтоомжийн дагуу хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн хяналтад итгэмжлэгдсэн тээвэрлэгчээр тээвэрлэгдэн ирж бараа хүлээн авагчийн тогтоосон хүрэх өртөө буюу гаалийн хяналтын бүсэд ирсэн. Хууль тогтоомж зөрчсөн зөрчилгүй тохиолдолд барааг гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар энэ хуулийн 79.1.1-д заасан горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн ногдуулсан импортын гаалийн болон бусад татварыг бүрэн төлсөн тохиолдолд гадаадын барааг гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд оруулна. “Г.И” ХХК-ийн импортолж буй цагаан будааны хувьд тус аж ахуйн нэгжийн бараагаа хүлээн авах гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэгдсэн болохоос гаалийн нутаг дэвсгэрт ороогүй. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн бол устгах бөгөөд гадаад хорио цээртэй шавж нь амьд эсхүл үхсэн хэлбэрээр илэрсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу тухайн барааг цэвэрлэх болон ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт авах талаар тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд цагаан будааг гадны биет, хог хольц болон тоос тоосонцроос салгах цэвэрлэгээний тоног төхөөрөмжөөр цэвэрлэгээ хийж шинжилгээнд хамруулсан ч “мэдэгдэл хүлээн авсан хуулийн этгээд ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчлийн үндсэн шинж арилахгүй”.

            3.18. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа Нийслэлийн Прокурорын газрын хяналтын дор Улсын ерөнхий прокурорын А/77 дугаарын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загварын дагуу явагдсан.

            3.19. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Г.И” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: 

            4.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн, нотлох баримтад үндэслэн хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэн дараах хариу тайлбарыг гаргаж байна.

            4.2. Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчийн гаргасан шийдвэр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар гаалийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар шийтгэл оногдуулах тухай хуудсаар “Г.И” ХХК-ийг “гадаадад хорио цээртэй шавж бүхий будааг хуульд заасан хугацаанд экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй” Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн бүтээгдэхүүнийг устгаж , 2,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд хуулийн энэ хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэн шийтгэл оногдуулахын тулд “хуульд заасан тохиолдол бий болсон байх” шаардлагатай. Мөн дээрх зөрчлийн үндсэн шинж нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй байх юм. Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.3 дахь хэсэгт “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж тус тус заасан бөгөөд улсын байцаагчийн шийтгэл оногдуулж буй эрх зүйн зохицуулалт нь гаалийн хилээр нэвтэрч орж ирээгүй бүтээгдэхүүнд хамаарахаар байна. Гэтэл “улсын байцаагч гаалийн хил буюу Монгол Улсын хилээр нэвтрэн орж, Улаанбаатар хотод байршиж байгаа, нэгэнт улсын хилээр нэвтэрсэн бүтээгдэхүүнд Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

            4.3. Гаалийн улсын байцаагчийн шийдвэр гармагц манай компанийн зүгээс бараа, бүтээгдэхүүнийг буцаах талаар судалсан боловч Монгол Улсын хилээр нэгэнт нэвтэрсэн бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй, хэрэв буцаах үндэслэл бий болсон бол Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхгүй буцаах шаардлагатай байсан талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Социолист Вьетнам Улсын гаалийн байгууллагаас тайлбар гаргасан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д зааснаар “Хуульд заасан тохиолдолд ... ” улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг хүн, хуулийн этгээдэд хүргүүлэхээр байна. Гаалийн улсын байцаагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “энэ хуулийн 10.1-д заасан шаардлагыг хангаагүй”, хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн шийтгэл оногдуулсан. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх” шаардлагыг бүтээгдэхүүнийг импортлоход баримтлахаар заасан бөгөөд хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Эрсдэлийн задлан шинжилгээг мал , амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан гаалийн байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг гүйцэтгэнэ”, 7.1.3-д “Гаалийн байгууллага” амьтан, ургамал, хүнснийхээс бусад түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн задлан шинжилгээ хийж, импортын мэдэгдэл олгох” эрхтэй гэж тус тус заасан байх бөгөөд Монгол Улсад импортолж байгаа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээс өмнө эрсдэлийн задлан шинжилгээ хийх нь гаалийн байгууллагын үүрэг юм. Нэхэмжлэгчийн хувьд зөрчлийн хэрэг үүссэн үеэс эхлэн будааг цэвэрлэн эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа хариуцагчид гаргаж байсан боловч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчлийн улсын байцаагч нь үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эрсдэлийн үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байтал давж заалдах гомдол гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгааг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн байцаагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

            4.4. Бүтээгдэхүүнээс илэрсэн органик хольцын талаар Зөрчилд дурдагдсан бүтээгдэхүүн нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ***, ***, *** дугаартай гурван вагоноор АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсээр орж ирсэн бөгөөд тус барааны гаалийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг “Гаалийн ерөнхий газрын Хилийн хорио цээрийн байцаагч Ч.Ж хийсэн. Шалгалтын явцад вагон тус бүрээс дээж авч 2 удаа шинжилгээнд хамруулан *** бүртгэлийн дугаартай сүүлийн шинжилгээний хариуг манай компани 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Шинжилгээний хариугаар “... бүтээгдэхүүнд гадаадад хорио цээртэй суринамын гурилч цох үхсэн хэлбэрээр илэрсэн” дүгнэлт гарсан бөгөөд байцаагчийн зүгээс уг гурван вагоныг буцаах эсвэл устгалд оруулах шийдвэрийг албан бичгээр өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гурилч цох үхсэн хэлбэрээр бүтээгдэхүүнээс олдсон тул органик хольц гэж үзэж байгаа. Тухайлбал, Монгол хэлний тайлбар тольд амьтан гэж “хөдөлж, мэдэрч чадах бүх амьд биеийг ойлгоно”, “Шавж” гэж үе хөлтний хүрээний 1 анги, 1.5-2 сая зүйлтэй, биеийн урт нь 0.2 мм-33 мм олонх нь далавчтай, голдуу газар дээр хааяа цэнгэг ус орчимд амьдардаг амьтныг ойлгоно” гэж, Монгол Улсын стандарт MNS6481:2014 Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийн хор хөнөөл тодорхойлох аргын 4.5-д “Дээжид хөнөөлт шавж, хачиг нь хөгжлийн бүх үе шатандаа амьдаар илэрсэн бүтээгдэхүүнийг “хөнөөлт шавж, хачигаар халдварлагдсан дээж”, 4.6-д “Дээжид хөнөөлт шавж, хачиг үхсэн хэлбэрээр илэрсэн бүтээгдэхүүнийг “хөнөөлт шавж, хачигаар бохирлогдсон дээж” гэж ойлгоно, Монгол Улсын стандарт MNS ISO7301:2000 Цагаан будааны техникийн шаардлагын 3.7-д “Цагаан будааны бүтэн ба эвдэрсэн үрээс гадна органик ба органик бус хольцыг гадны хольц гэж үзнэ” гээд органик бус хольцид тоос, шороо, элс, хайрга, чулуу хамаарна, органик хольцод дэрсний хэсэг, хивэг, хальс болон бусад зүйл хамаарна” гэж тус тус заасан. Дээрх Монгол хэлний тайлбар толь болон MNS6481:2014, MNS ISO7301:2000 стандартуудын тайлбаруудаас үзвэл бүтээгдэхүүнээс үхсэн хэлбэрээр илэрсэн суринамын гурилч цох нь органик хольцод хамаарах бөгөөд органик хольцын хэмжээг стандартад заасан хэмжээнд байгаа эсэхийг шалгахын тулд уг стандартын дагуу шинжилгээнд хамруулах шаардлагатай.

            4.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс тодруулга авсан бөгөөд “1. Oryzaephilus surinamensis L болон Cucujidae sp Зүйлүүд өөр хоорондоо болон хор хөнөөлийн хувьд ялгаатай эсэх, 2. Дээрх гурилч цохнуудын үлдэгдэл, үхсэн хэлбэрээр болон биеийн хэсгүүдийг хүнсний бүтээгдэхүүнээс ялган цэвэрлэх боломжтой эсэх” гэсэн асуудал байв. Үүнд “Oryzaephilus surinamensis L бол үр тарианы хортон гэж нэрлэгддэг бүлэг шавжийн нэг төлөөлөл юм. Энэ зүйл цох дэлхийн хэмжээнд маш өргөн тархалттай бөгөөд үр тариа болон хүнсний агуулахад их хэмжээгээр тохиолдоно. Уг зүйл олширсон үедээ үр тариаг буталж бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэг. Харин Cucujidae sp -ийн хувьд торол бөгөөд зүйл тодорхой биш учраас өмнөх зүйлтэй харьцуулан жиших улмаар хор хөнөөлийг үнэлэх боломжгүй. Түүнчлэн дээрх цохны үлдэгдэл, үхсэн цох болон биеийн хэсгүүдийг хүнсний бүтээгдэхүүнээс ялган цэвэрлэх асуудал нь тухайн бүтээгдэхүүнд уг цох амьд эсвэл үхсэн авгалдай байна уу, эсвэл цох нь өөрөө байна уу, цохны биеийн аль нэг хэсэг нь байна уу гэдгээс хамаарна. Энэ нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлсон тохиолдолд тохирох арга зүй, техник ашиглан ялгах боломж бий. Гэхдээ манай улсын хувьд ийм нөхцөл бололцоо байгаа эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байгаагаа хэлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж тодруулга өгсөн.

            4.6. Манай компанийн хувьд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирсэн будааг хогт хольцоос ангилан ялгаж цэвэрлэх тоног төхөөрөмжтэй талаар мэдээлэл, тоног төхөөрөмжийн танилцуулгыг анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0588 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.3-д “Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Г.И” ХХК нь Улаанбаатар хот хүртэл бараагаа авах байршлаа тогтоосон, хил дээр бичиг баримт үйлдээд наашаа явуулж байгаа гэж тайлбарлах боловч энэ нь гадаадад хорио цээртэй амьтан, ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх Гаалийн байгууллагын үүргийг үгүйсгэх үндэслэл биш юм”, 8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх 7 дахь хэсэгт дурдсан нөхцөл байдлуудаас үзвэл, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хорио цээртэй шавж нь амьд бус үхсэн хэлбэрээр илэрсэн байхад бүтээгдэхүүнийг буцаахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу цэвэрлээд ашиглах боломжтой эсэхийг тодруулаагүй” гэх агуулга бүхий тайлбарыг үгүйсгэхээргүй байна”, 8.2-т  “хариуцагч нь тухайн шавжийн хор хөнөөлийн зэргийг мэргэжлийн байгууллагаас тодруулсны үндсэн дээр тухайн будааг устгах эсхүл, үйлдвэрлэлийн болон бусад зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байжээ. Дээрхээс нэгтгэн үзвэл, Зөрчил шалган шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар гомдол гаргагч хуулийн этгээд нь “... буцаах үүргээ биелүүлээгүй гэх зөрчил үйлдсэн гэж үзэхээргүй ...” гэж тус тус заасан тул анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан” гэж үзэж байна.

            4.7. Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0588 дугаар шийдвэрийг үндэслэл бүхий, хууль ёсны шийдвэр гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, стандартыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актыг 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

3. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

3.1. “Г.И” ХХК нь “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б нь 171450 кг цагаан будаа гэж гаалийн байгууллагад мэдүүлсэн бараанд хорио цээрийн хяналт шалгалт хийгээд “...“Г.И” ХХК нь хөнөөлт шавжаар бохирлогдсон цагаан будааг буцаан гаргаагүй” гэж үзээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 2,000,000 төгрөгөөр торгож, 171450 кг, нийт 6858 шуудай “С” гэсэн шошготой цагаан будааг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд устгах саналтайгаар шилжүүлжээ.

3.3. Гомдол гаргагчаас “... нэгэнт улсын хилээр нэвтэрсэн бүтээгдэхүүнд Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь заалтаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, ... гомдол гаргагчаас будааг цэвэрлэн эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хариуцагч үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, ... бүтээгдэхүүнээс үхсэн хэлбэрээр илэрсэн суринамын гурилч цох нь органик хольцод хамаарах бөгөөд органик хольцын хэмжээг стандартад заасан хэмжээнд байгаа эсэхийг шалгахын тулд уг стандартын дагуу шинжилгээнд хамруулах шаардлагатай, ... манай компани будааг хогт хольцоос ангилан ялгаж цэвэрлэх тоног төхөөрөмжтэй ...” гэх зэргээр тайлбарлан маргасан.

3.4. Харин хариуцагчаас “... цагаан будаанд эрсдэлийн задлан  шинжилгээ хийгдсэн эсэх талаар тодруулах шаардлагагүй, ... одоогийн байдлаар Улаанбаатар хотын гаалийн хяналтад байгаа гаалийн нутаг дэвсгэрт ороогүй буюу гаалийн хилээр ороогүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулаагүй, ... гомдол гаргагч нь барааг гаалийн байгууллагад мэдүүлснээр эрх зүйн харилцаа үүсч гаалийн хорио цээрийн хяналт шалгалт хийх, дээж авч хүнсний аюулгүй байдлын лабораторийн шинжилгээнд хамруулах нөхцөл бүрдсэн, ... Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль нь зөвхөн хилээр нэвтрүүлэх үеийн харилцааг зохицуулахгүй, ... будааг тоног төхөөрөмжөөр цэвэрлэсэн ч будааг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй зөрчлийн үндсэн шинж арилахгүй ...” гэх зэргээр тайлбарлан маргаж байна.

3.5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 3 удаагийн шинжилгээгээр “Г.И” ХХК-ийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолсон цагаан будаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/90 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, амьтдын нэрсийн жагсаалт”, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хавсралтад багтсан “суринамын гурилч цох” /Oryzaephilus surinamensis L/ үхсэн хэлбэрээр илэрсэн, цагаан будаа нь цохны толгой, хэвлий их бие, авгалдай, хүүхэлдэй, гуужсан хальсаар бохирлогдсон болох нь тогтоогдсон байна.

3.6. Дээрх Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “ “Ургамлын хөнөөлт шавж” гэдэг нь эдийн засагт аюултай, яг одоо байдаггүй буюу байдаг боловч нэг их тархаагүй бөгөөд хавсралтад заагдсан ургамал хорио цээрийн хөнөөлт шавжийн жагсаалтад орж албан ёсны хяналт дор байдаг шавжуудыг хэлнэ. Энэ хавсралт нь тус Хэлэлцээрийн салшгүй хэсэг байна” гэж тодорхойлж, 5 дугаар зүйлд импортолж буй түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад хор хөнөөлт организм буюу үл мэдэгдэх хортон шавж илэрсэн буюу ургамлын эрүүл мэндийн журмыг зөрчсөн тохиолдолд тэдгээрийг ариутгаж, буцаах буюу устгах арга хэмжээ авна. Уг ачааны талаар Хэлэлцэн тохирогч нөгөө Талдаа нэн даруй мэдэгдэхээр тодорхой заажээ.

3.7. Мөн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай, тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх шаардлагыг хангаагүй бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглохоор, 13.3-д зааснаар дээр заасан үндэслэлээр амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг улсын байцаагч хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгөх бөгөөд 13.4-д зааснаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй, 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгахаар хуульчилсан байна.

3.8. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/283 дугаар мэдэгдлээр “Г.И” ХХК-д будааг экспортлогч улсад буцаах үүрэгтэй тухай мэдэгдэж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д заасны дагуу арга хэмжээ авахыг дурдсан, энэхүү шийдвэртэй гомдол гаргагч маргаагүй, “Г.И” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05/168 дугаар албан бичгээр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хандан “... АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсэд гаалийн лацтай зогсож буй 3 вагон цагаан будаанаас тус бүрээс дээж авч дахин шинжилгээнд хамруулах”аар хүсэлт гаргасан, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/175 дугаар албан бичгээр “... өөр байцаагч томилуулах, бараанд амьд биет илрээгүй тул барааг дахин шинжилгээнд оруулж, дүгнэлт гаргуулах, барааг буцаах эсвэл устгалд оруулахаас өөр гарц гаргалгаа байгаа эсэхийг судалж зөвлөгөө авах”-аар хүсэлт гаргасан, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/317 дугаар албан бичгээр “... улсын байцаагчийг солих боломжгүй, ... 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр давтан дээж авч шинжилгээнд хамруулахдаа танай менежер Д.Өийг байлцуулсан тул дахин шинжилгээнд хамруулах боломжгүй, ... гадаад хорио цээртэй зүйл илэрсэн бол устгахаар заасан. Холбогдох хуульд гадаад хорио цээртэй зүйл /амьд болон үхсэн хэлбэр/ гэж заагаагүй” гэх хариуг өгчээ.

3.9. Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, уг маргааны хувьд “Г.И” ХХК нь цагаан будааг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл авсан атлаа бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.10. Гэтэл анхан шатны шүүх “...холбогдогчоос будааг цэвэрлэж дахин шинжилгээнд оруулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад хариуцагч хүсэлтийг хангахаас татгалзсан тул эрх бүхий албан тушаалтан ... үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх гомдол гаргагчийн суринамын гурилч цох нь амьдаараа илрээгүй, үхсэн хэлбэрээр, илэрсэн, цохны үлдэгдэл, гуужсан хальсаар бохирлогдсон цэвэрлээд ашиглах боломжийг тодруулаагүй гэх гомдол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үхсэн цох, үлдэгдэл, гуужсан хальснаас гадна цохны авгалдай, хүүхэлдэй илэрсэн тул хилээр нэвтрүүлэх боломжгүй гэх тайлбаруудад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар шавжийн авгалдай, хүүхэлдэй амьд эсэхээс хамааран ялгаж цэвэрлэх боломжтой эсэх асуудал хамаарна гэснээс үзвэл, хариуцагч нь тухайн шавжийн хор хөнөөлийн зэргийг мэргэжлийн байгууллагаас тодруулсны үндсэн дээр тухайн будааг устгах эсхүл, үйлдвэрлэлийн болон бусад зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай, ... гомдол гаргагч хуулийн этгээд нь ... буцаах үүргээ биелүүлээгүй гэх зөрчил үйлдсэн гэж үзэхээргүй боловч тухайн бараанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон шавж илэрсэн, тухайн шавжийн хор хөнөөл тодорхойгүй, энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарах эсэхийг хуулиар эрх олгосон эрх бүхий албан тушаалтан дүгнэж шийдвэрлээгүй, энэ нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, ... зөрчлийн бүрэлдэхүүн байгаа эсэх, эсхүл хуулиар хориглосон өөр зөрчилд хамаарах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай” гэх зэргээр дүгнэж актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, энэ тохиолдолд “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэхээргүй байна.

3.11. Учир нь шүүх гагцхүү гомдлын шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах бөгөөд энэ тохиолдолд “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй” гэх Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэг дэх зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байх тул “илэрсэн шавжийн хор хөнөөлийн зэргийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, түүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар болон бусад зориулалтаар ашиглах боломжтой эсэх” зэрэг нь уг маргаанд хамааралгүй, “суринамын гурилч цох” /Oryzaephilus surinamensis L/ илэрсэн нь 3 удаагийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон, холбогдох хууль, журамд гадаадын хорио цээрт шавжийг үхсэн эсхүл амьд эсэх, хор хөнөөлийн зэргээс хамааран бүтээгдэхүүнийг буцаах, устгах, цэвэрлэж дахин ашиглах зохицуулалтад нөлөөлөхөөр заагаагүй, гомдол гаргагчаас “будааг үйлдвэрлэлийн зориулалтаар болон бусад зориулалтаар ашиглах талаар” маргаж мэтгэлцээгүй, уг шавжийн олон улсын нэршлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй хөнөөлт шавж, амьтдын нэрсийн жагсаалт, 2 улсын Хэлэлцээрийн хавсралтад тодорхой тусгасан, хариуцагч шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагааг хийснээр маргааны үйл баримт, үүссэн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

3.12. Гомдол гаргагчийн тайлбарлаж буйгаар цагаан будааг цэвэрлэж дахин шинжилгээ хийлгэснээр өмнөх 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр илэрсэн нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй бөгөөд энэ нь Улаанбаатар хот дахь Гаалийн газраас будааг экспортлогч улсад буцаахыг мэдэгдсэний дагуу буцаагаагүй гомдол гаргагчийн үйлдлийг зөвтгөх, оногдуулсан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.13. “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийн хор хөнөөл тодорхойлох арга MNS6481:2014 стандарт”-ын 8.2-т “Агуулахын шавжийн хөнөөлийн зэргийг тогтоосны үндсэн дээр үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэх”-ийг зөвшөөрсөн зохицуулалттай байх боловч энэ нь дотоодын буюу Монгол Улсын хилээр орж ирээд агуулахад хадгалагдаж байх хугацаанд илэрсэн шавжийн тухайд хэрэглэгдэхээр, харин энэ тохиолдолд Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, амьтдын нэрсийн жагсаалт, 2 улсын Хэлэлцээр, холбогдох хуулиар тодорхойлж, шийдвэрлэхээр байна.

             3.14. Гаалийн тухай хуулиар Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох зэргийг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ хуульд зааснаар “гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг, “гаалийн хяналт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг, “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг ойлгохоор, Монгол Улсын нутаг дэвсгэрийг “гаалийн нутаг дэвсгэр” гэж, гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцохоор заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй, хориглосон барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба ийнхүү гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авахаар, 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгахаар хуульчилсан, харин 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн байвал амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, хашлага бусад зүйлд холбогдох мэргэжлийн байгууллагаар эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгүүлсний үндсэн дээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхөөр хуульчилсан байна. 

3.15. “Г.И” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05/167 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу будаа ачсан 3 вагоныг Улаанбаатар өртөөний Эрчим импекс 3 дугаар зам руу татаж шилжүүлсэн үйл баримт, хариуцагчийн “... уг вагонууд нь АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд лацтай ирсэн, тус компани төлбөрт орох гээд байсан,  мөн гаалийн хяналтад байгаа хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгчид хадгалуулж болох хуулийн зохицуулалттай тул гаалийн байгууллагын хяналтан дор будааг тээвэрлэж агуулахад тавьсан, одоо бараа гаалийн лацтай байгаа, тус компанийн хувьд бараагаа хүлээн авах гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэгдсэн болохоос гаалийн нутаг дэвсгэрт ороогүй” гэх зэрэг тайлбар, мөн дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл будааг улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэхээргүй байх тул “нэгэнт улсын хилээр нэвтэрсэн бүтээгдэхүүнд Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь заалтаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх гомдол гаргагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.16. Харин анхан шатны шүүх “...Эрх бүхий албан тушаалтан нь дээд шатны байгууллагаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй” гэх гомдол үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

4. Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд, холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаанд хамааралгүй асуудлыг тодруулж, дахин нэмэлт ажиллагаа явуулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь буруу байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 588 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д тус тус заасныг баримтлан “Г.И” ХХК-ийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын дугаарыг “2.” гэж тус тус өөрчилж, 2, 3 дахь заалтуудыг хасч, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ерөнхий ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

                 ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ

                 ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН