Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 29

 

 

 

Т.Т-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Болор,

            Шүүгдэгч: Т.Т,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 он 01 дүгээр  сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Т-д холбогдох, эрүүгийн 201710010069 дугаартай, 2 хавтас 279 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 5 хүүхэд, хадам эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 3-15 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Мянгад овогт Т-ийн Т /РЗ84090511/-д холбогдуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Т.Т архи ууж согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орой Замын-Үүд сумын 2 дугаар баг, Оринтел хотхоны 1 дүгээр орцны 1 тоотод хохирогч Л.Төтай маргалдаж, зодолдон  түүнийг түлхэж унагаасны улмаас амь насанд нь аюултай, тархинд хүнд зэргийн гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Мянгад овогт Т-ийн Т-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн  Т-г 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төрбаригчийн Т-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-гийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Т.Т- нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэшт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Т.Т-г талийгаач Төд агсан тавьж зайл гэх зэргээр элдвээр хэлж хөөж туусан, улмаар бие эрхтэнд халдан цохиж зодон, хоолойг боох зэргээр танхайрах үед нь хамтдаа шалан дээр унаж энэ үед талийгаач Тө гэмтэл авсан болох нь тухайн үед хажууд нь байсан гэрч Ичинхорлоо, Дашдондог нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Талийгаач ээжийнх нь төрсөн дүү байгаа, өөрөө бас хохирогч. Т- нь миний үйлдлээс болж ах өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч эргэлзээтэй зүйлүүд байгаа учраас хэргийг хөнгөрүүлж үзнэ үү гээд байгаа юм. Санаа сэдлийн хувьд шууд алъя гэсэн санаа сэдэл агуулагдаж байна уу, үгүй юу, шүүх сэдэлт, санаа зорилгын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үү, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үү гэх санаа, зорилго, сэдэлтийн хувьд эргэлзээтэй байхад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангиар шийтгэл ногдуулж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоогоогүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Т.Т- нь үйлдсэн хэргээ анхнаасаа шударгаар хүлээн мэдүүлсэн бөгөөд хохирол төлбөрөө бүрэн төлж хохирогчийн гомдол саналыг бүрэн барагдуулсан. Мөн хохирогчийн талаас гомдол санал байдаггүй. Хохирогч нартай хамаатан садангууд байгаа. Хохирогч талаас нэгийг нь шороонд, нэгийг нь шоронд оруулаад яах вэ гэсэн бодолтой байдаг. Хохирогч архи уухаараа хүний үгэнд ордоггүй, ийм байдлаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Т.Т- нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, авга ахынхаа амь нас хохирсонд түүний үйлдэл нөлөөлсөн гэдгийг ойлгож байгаа байдал, дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй нийгэмд болон гэр бүлдээ ихийг бүтээх, эрх хүчтэй ухаан суух 34 насандаа бага насны 5 хүүхдээ орхиод амьдралынхаа хэсгийг шоронд өнгөрөөх гэж байгааг ар гэрийн өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, амьдралд нөлөөлөх байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна гэв.

Шүүгдэгч Т.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруугаас болж ах маань нас барсаныг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болоогүй гэж би хэлээгүй. Давхардаж унаснаас болж ах маань нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би алъя гэж алаагүй. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйлчлэл дээр маргаан байхгүй, харин ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Өнөөдөр шүүх хуралдаан дээр зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй байна. Зүйлчлэл дээр Төг болгоомжгүйгээр алсан байна, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэсэн 2 өөр байр суурьтай давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Миний хувьд анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт тавьж ажилласан. Хэргийн газрын үзлэгт би өөрөө орсон. Гэрт ороход гэрч Дашдондог, гэрч Ичинхорлоо нар байсан. Энэ хоёртой Т-, Тө нар байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн дээрээс нь эдгээр хоёр гэрчийн мэдүүлгээр архи ууснаас болоод маргалдаад, тухайн маргаанаасаа болоод Т- Төг хана руу түлхээд унасны улмаас арагшаа савж унаад тархиндаа хүнд гэмтэл авсан гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 766 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Энэ талийгаачийн тархинд нь учирсан гэмтэл нь амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл гэдгийг тогтоочихсон. Мөн шинжээч эмчийг байцаахад “ амь насанд аюултай гэмтлийг аврах боломжгүй, үхэлд хүргэх аюултай” гэдгийг хэлдэг. Анх Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Анхбаяр архины хордлого гэж гаргасан. Үүн дээр прокурорын зүгээс эргэлзээтэй байна гээд дахин шинжээчийн дүгнэлтийг 2 удаа томилуулсан байгаа. Амь насанд аюултай гэдгийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож гарч ирсэн. Зүйлчлэлийн хувьд болгоомжгүй хүний амь насыг хохироосон гэдэг зүйл ангийг хангахгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан гол шалгуур нь юу байдаг вэ гэхээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд, эсхүл бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүн алчихсан тохиолдолд энэ зүйл ангиар зүйлчилнэ. Гэтэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн шинж буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаад түлхсэний улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан үйлдлийг харуулж байгаа учраас үүн дээр зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд Т- би түлхэж унагасан, гэвч би санаатай алаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж өнөөдрийг хүртэл явж байгаа. Тийм учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-02/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх04-12/, хохирогчоор Л.Улаанбатыг байцаасан тэмдэглэл /хх14-15/, гэрч Б.Дашдондогийг байцаасан тэмдэглэл /хх16-18, 19-20/, согтуурал шалгасан магадлагаа /хх-21/, гэрч Д.Баяр-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /хх22-23/, гэрч Х.Пүрэвжилийг байцаасан тэмдэглэл /хх24-25/, гэрч М.Ичинхорлоог байцаасан тэмдэглэл /хх27-28, 29-30/, гэрч Д.Сэргэлэнг байцаасан тэмдэглэл /хх32-33/, гэрч Л.Энхтуяаг байцаасан тэмдэглэл /хх34-36/, гэрч Р.Түвшинзаяаг байцаасан тэмдэглэл /хх37-39/, шинжээч эмч Э.Анхбаярыг байцаасан тэмдэглэл /хх40-41/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-43-49/, 2017.03.22-ны өдрийн 2901 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн ахлах шинжээчийн дүгнэлт /хх-51/, 2017.03.22-ны өдрийн 2900 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-52/, 2017.04.11-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53-54/, 2017.05.26-ны өдрийн 622 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-58-60/, 2017.06.23-ны өдрийн 766 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх65-66/, сэжигтнээр Т.Т-г байцаасан тэмдэглэл /хх95-96/, яллагдагч Т.Т-г байцаасан тэмдэглэл /хх98-102, 104-105, 107/, шүүх сэтгэц эмгэг судлалын 747 тоот дүгнэлт /хх133-135,/ яллагдагч Т.Т-гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-140/, 2017.10.05-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-164/, шинжээч С.Одончимэгийг байцаасан тэмдэглэл /хх170-172/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийг байцаасан тэмдэглэл /хх178-179/, шинжээч эмч С.Одончимэгийг байцаасан тэмдэглэл /хх180-181/, 2017.11.24-ний өдрийн 5/136 дугаар яллах дүгнэлт /хх183-187/, 2018.01.23-ны өдрийн 15 дугаартай анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх231-255/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Т.Т- нь архидан согтуурч улмаар Замын-Үүд сумын 2 дугаар баг, Оринтел хотхоны 1 тоотод  Л.Төтай маргалдаж, түүнийг цохиж, түлхэж унагаасны улмаас Л.Тө амь насанд аюултай, гавал тархины битүү гэмтэл авснаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Амь хохирогч Л.Тө-гийн үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь шүүгдэгч Т.Т-гийн санаатай цохисон, түлхсэн үйлдлээс үүссэн байх ба харин энэ үйл баримтаас өмнө, нас барах хүртлээ Л.Тө нь өөр бусадтай маргалдсан, цохиулж, зодуулсан, гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн Л.Төг цохьсон, түлхсэн /гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн/ үйлдлийг  “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ талаарх анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч Т.Т-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр үйлийн 1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 он 01 дүгээр  сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 5 /тав/ жил, 4 /дөрөв/ сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “...8 жилийн ...” гэснийг “5 жил 4 сарын” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Т- нь 63 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

                                                                                 Н.БОЛОРМАА