| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/0100/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/107 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/107
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч Т.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н- овгийн Т-гийн Д-ид холбогдох эрүүгийн 2027001760105 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8 эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н- овгийн Т-гийн Д- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Д- нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хохирогч Ш.О-ыг өөрийн эхнэр Д-тай хардсаны улмаас зодож зүүн хоншоор ясны урд болон арын ханыг дайрсан зөрүүгүй сэлтэрсэн хугарал, зүүн хоншоорын хөндий дэх хий, шингэн хуралдалт, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүгүй шинэ хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын баруун хөндлөн сэртэнгийн босоо, зөрүүгүй хугарал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Т.Д- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.
Хохирогч Ш.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Завхан аймгийн Загастай д-наас ачаа тээвэрлэх ажлаар Улаанбаатар хотоос 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед гараад 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02 цаг болж байхад Өвөрхангай аймгийн Хархорин суманд очиж машиндаа унтаж амарчихаад маргааш нь Хархорин суманд байх найз Гансүхийн хүү Баянаа гэгчийн шинэ гэрийн найранд нь очсон юм. Тэгээд найрны 3 хоногийн хугацаанд би тухайн айлд найрласан бөгөөд 3 дахь өдрийн өглөө найранд халамцуу сууж байтал гаднаас Д-, нөхөр Дэмбээ нар орж ирсэн. Би урьд нь Д-тай үерхэж, найзалж байсан учраас Д-тай ойр зуур юм ярьж байтал түүний нөхөр Дэмбээ ирээд чамтай ярих зүйл байна гараад ир гээд намайг гэрээс дагуулаад гарсан. Гадаа гараад яасан гэж асуутал үгийн зөрүүгүй цохиж миний ухаан балартаж газарт хэвтэж байх хооронд миний цээжин хэсэг рүү цохиж байгаа мэдэгдсэн, төд удалгүй найранд байсан хүмүүс гэрээс гараад ирчихсэн намайг дагуулаад эмнэлэг явсан. Тэгээд би хамарны хажуу талд 2 оёо тавиулаад эргээд гэрт нь очиж хэсэг амарч байгаад Завхан аймаг руу ачаагаа тээвэрлэхээр явсан. ...Би эмчилгээний зардалд 1,800,000 төгрөг авсан учир одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 13-16-р хуудас/
Гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Т.Д-, Д- 2 орж ирээд суусан чинь Ш.О- эсрэг талын орон дээрээс босч ирээд Д-гийн хажууд суучихаад Д-г хүзүүдэж -д үнсээд байхаар нь би О-ад хандаж чи одоо болиочээ аль аль нь амьдрал зохиочихоод хуучны юм ярихаа боль гээд Д-гийн хажуугаас холдуулсан. Удалгүй Д- гарахад араас нь О- дагаад гарсан, араас нь П.Д- гараад явсан. Тэгсэн чинь гэрийн гадна пижигнэлдэх чимээ гарах шиг болохоор нь гэрт байсан хүмүүс гараад хартал Д- О-ыг цохиод унагаачихсан юм шиг О- газарт хэвтчихсэн нүднийх нь доод талаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд бид нар эмнэлэгт хандаж оёо тавиулаад өвчин намдаах эм авч өгөөд буцаад найр хийж байгаа айлын хажуу талын гэрт амраасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13243 дугаартай: “1.Ш.О-ын биед зүүн хоншоор ясны урд болон арын ханыг дайрсан зөрөөгүй сэлтэрсэн хугарал, зүүн хоншоорын хөндий дэх хий, шингэн хуралдалт, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүгүй шинэ хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын баруун хөндлөн сэртэнгийн босоо, зөрүүгүй шинэ хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх 23-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10-р хуудас/,
Шүүгдэгч Т.Д-ийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх 31-40, 42-47-р хуудас/
Шүүгдэгч Т.Д-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Д- нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хохирогч Ш.О-ыг өөрийн эхнэр Д-тай хардсаны улмаас зодож зүүн хоншоор ясны урд болон арын ханыг дайрсан зөрүүгүй сэлтэрсэн хугарал, зүүн хоншоорын хөндий дэх хий, шингэн хуралдалт, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүгүй шинэ хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын баруун хөндлөн сэртэнгийн босоо, зөрүүгүй хугарал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.О- /хх 13-16-р хуудас/, гэрч С.А- /хх 17-18-р хуудас/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13243 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Т.Д-ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Д-ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Т.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Д- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Т.Д-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Д-ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд тус бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч Т.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч Т.Д- нь цагдан хоригдсон хоноггүй хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Т.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н- овгийн Т-гийн Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н- овгийн Т-гийн Д-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд тус бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Д- нь цагдан хоригдсон хоноггүй хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Т.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсгүй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН