Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/109

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч: Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овгийн Ц-ын Г-т холбогдох эрүүгийн 202715000000091 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бага  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Бүрэгтий гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №30 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Х- овгийн Ц-ын Г- /РД: ___/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим Бат-Өлзий сумын 2 дугаар багийн Рамын дэнж гэх газар өөрийн гэртээ эхнэр Д.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт сандал шидэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Г- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.

Хохирогч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нөхөр бид 2 хоорондоо маргалдсан юм. Хүнд мөнгө өгөх ёстой байж байгаад тэр зүйлээс маргалдсан, маргалдаад байж байтал манай нөхөр Ц.Г- хуванцар сандал над руу шидээд миний нүдэн тус газар оносон. Би тэгээд шууд сумын цагдаа дээр ирээд цагдаагаар сумын эмнэлэгт хүргүүлсэн. Маргааш нь аймгийн төв рүү явж үзүүлсэн. Үзүүлэхэд зүүн нүднийхээ дээд зовхины дотор тал язарсан байсан. Оёо тавих ёстой гэж хэлсэн. Тэгээд би аймгийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлж байгаад ирсэн....Г- гэрийн хойд хэсэгт газар сууж байгаад сандал аваад шидсэн. Миний нүдэнд хагалгаа хийвэл хараа орно. Нүдэндээ хагалгаа хийлгэвэл хараа орно. Мөнгөний боломжгүй байгаа тул хагалгаанд орж чадаагүй байна. Хагалгаанд ороход нэг сая таван зуун мянган төгрөг орох ёстой гэсэн. Би нөхрөөсөө мөнгө төгрөг нэхэмжлэх шаардлагагүй, харин хагалгаандаа хурдан ормоор байна” гэсэн мэдүүлэг /хх 36-37, 40-41/, 

 

Насанд хүрээгүй гэрч Г.Р- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай аав, ээж болон аавын төрсөн ах Г-, эхнэрийнхээ хамтаар самранд яваад ирсэн. Тэгээд тэр хэд архи ууцгаасан. Архиа ууж дууссаны дараа аавын ах, эхнэрийнхээ хамт манайхаас явсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байснаа аав, ээж рүү улбар шар өнгийн хүүхдийн хуванцар сандал шидчихсэн. Тэр сандал нь ээжийн нүүр хэсэг рүү оносон. Ээжийн нүүрнээс цус гараад байсан бөгөөд ээж гэрээсээ гараад явсан. Тэрний дараа ээж гэртээ ирээд бага дүүг аваад эмнэлэг рүү явлаа гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 48/,

Гэрч Н.Загарзүсэм мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр би ажлын өрөөндөө сууж байтал Ш.О- гэх эмэгтэй ойролцоогоор 22 цагаас хойш байх /миний санаж байгаагаар 2020.09.24-ний шөнө байх/ манай нөхөр Г- миний нүд рүү сандалаар намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Ш.О- гэх эмэгтэйг сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Тухайн үед Эрүүл мэндийн төвд Б.Д- гэх эмч жижүүр эмчээр гарч байсан. Ш.О- гэх эмэгтэйг жижүүр эмчид хүлээлгэж өгчихөөд Ц.Г- гэх айлд очсон. Ц.Г-ийнд ороход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нярай хүүхэд унтуулах гээд хэвтэж байсан, мөн гэрт нь бага насны хүүхдүүд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 52/,

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...22 цагийн үед Эрүүл мэндийн төвийн хүлээн авах хэсэг дээр зүүн талын нүдний нэвт гэмтэлтэй, нүдний салст урагдсан, нүдний угаас цус гарсан байдалтай Ш.О- гээд эмэгтэйг сумын цагдаагийн хоёр ажилтан авчирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 44/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №177 дугаартай дүгнэлтэд “1. С.Гэрэлт-Одын биед, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхи, зүүн хөлийн өвдөгт цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь тайлбарлаж байгаа зодуулсан гэх үйлдлээс үүссэн байх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 23/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №430 дугаартай дүгнэлтэд: “1.Үзүүлэгч Д.О-ы биед зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, зүүн зовхины шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх 7-8/

          - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

          - Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 6033 хохирогч Д.О-ы өвчний түүх /хх 66-73/,

          -  Шүүгдэгч Ц.Г-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /65-66, 68-71/ зэрэг болно.

          Шүүгдэгч Ц.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим Бат-Өлзий сумын 2 дугаар Рамын дэнж гэх газар өөрийн гэртээ эхнэр Д.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт сандал шидэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.О- /хх 36-37, 40-41/, насанд хүрээгүй гэрч Г.Р- /хх 48/, гэрч Н.Загарзүсэм /хх 52/, гэрч Б.Д- /хх 44/ нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №430 дугаартай дүгнэлт /хх 7-8/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 6033 хохирогч Д.О-ы өвчний түүх /хх 66-73/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /65-66, 68-71/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ц.Г-ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

          Иймд шүүгдэгч Ц.Г-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Ц.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

          Шүүгдэгч Ц.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ц.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзаж,

          эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд тус бүр 416,667 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоож,

          шүүгдэгч Ц.Г- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

          шүүгдэгч Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

          хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн жижиг сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,  

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овгийн Ц-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овгийн Ц-ын Г-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд тус бүр 416,667 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн жижиг сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН