| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш
Шүүгдэгч Б.Т- оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Б-ын Т-д холбогдох эрүүгийн 2027001260104 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4 , эхнэр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б- овгийн Б-ын Т- /РД: ___/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ___ гах газар Б.Д-ын эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн ажиллагааг хэвийн эсэхийг шалгах зорилгоор 1 дүгээр араандаа хийсэн эсэхийг мэдэх боломжтой байхад шалгалгүйгээр хайхрамжгүй хандаж түрхүүрийг түлхэж асаах үйлдэл хийж улмаар тээврийн хэрэгсэл урагш идэвхитэй үйлдэл хийж 2 нас 7 сар 21 хоногтой насанд хүрээгүй хохирогч Д.Б-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэр бүлийн гишүүд хооронд ийм зүйл болсон болохоор би орох нь зөв байх. Энэ хэрэг дээр талууд хоорондоо санал хүсэлт гомдол гэх зүйл байхгүй болгоомжгүй болсон болохоор надад өөр хэлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 84-86 дугаар хуудас/,
Гэрч Д.Н- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд би гэртээ т- нэрээд хувцас угааж байтал талийгаачийн ээж Д- хүүхэд гээд орилох шиг болсон би гэрээсээ гараад очтол Д- хүүхдээ тэврээд зогсож байсан...Манай нөхөр надад хэлэхдээ би автомашины түлхүүрийг түлхсэн чинь машин асаад тухайн үед талийгаач автомашин доогуур байсан юм шиг байна би бол хүүхдийг хараагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.Н- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Д- ахын бага гэрийн урд явж байтал манай аав Т- дуудсан. Аав тэгэхэд Д- ахын бага гэрийн урд байсан. Аав хэлэхдээ би Д-ын машиныг асаая чи яндангаас нь хэр утаа гарах нь үзээдэхдээ гэж хэлсэн. Тухайн үед Д- ахын машин их, бага гэрийнх нь дунд хойшоо харсан байдалтай байсан. Аав машины зөв талаар нь буюу жолооч талаар очоод машины хажууд очоод тонгойх шиг болсон, би сайн хараагүй /машинд суусан эсэх/ тэгсэн чинь Д- ахын машин асаад 2 метр гаран явсан байх. Машин хөдлөхдөө зэрэгцээд талийгаач дүү маань ёолоод дуугарах шиг болохоор нь би машины ард талаар тойроод очтол дүү маань дээшээ харсан байдалтай ам, хамраас нь цус гарсан байдалтай байж байхаар нь би шууд гүйж очоод тэврээд авсан. Аав бид 2-ыг зогсож байтал талийгаачийн ээж Д- бага гэрээс гарч ирээд талийгаач дүүг надаас авсан. Талийгаач дүү маань их цус алдаад байсан учир сумын эмнэлэг явъя гээд аав, ээж, Д- эгч 3 осол гаргасан портер машинтай явсан. Тэр хэдийг явсны дараа 20-30 минутын талийгаачийн аав Д-, П- гэх айлаас ирээд юу болсон талаар сонсоод сумын төв рүү яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас,
Насанд хүрээгүй гэрч Т.Н- 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Тухай осол болох үед би өөрийнхөө гэрээс гараад Д- ахын хажууд зогсож байсан. Тэгэхэд манай аав Б.Т нь Д- ахын машины хажууд зогсож байсан. Аав Д- ахын машины жолооч талын хаалганы дэргэд зогсоод хаалгыг нь нээгээд гадна талд нь зогсож байгаад түлхүүр түлхэх шиг болж машин асаал 1-2 метр явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
Гэрч Б.Д- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Машины түлхүүр машин дотор байсан. Хэрэг болох өдрөөс 2 хоногийн өмнө би машин унаад нэгдүгээр араанд нь хийгээд орхисон байсан. Би өмнө нь ахдаа хар утаа машинаас гараад байгаа тэрийг нэг үзэх юмсан гэж ярилцаж байсаан. Тэрийг л үзэх гэж хажууд нь зогсож байгаад дотор нь оролгүй түлхүүр түлхсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,
Гэрч Г.Д- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Т.Т- ахын охин дүү гээд уйлаад байж байсан. Би тэгээд хүүхдээ аваад шууд сумын эмнэлэг дээр ирсэн...Машин асаад дуугарах шиг болсон...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №85 дугаар дүгнэлтэд “...1.Талийгаач Д.Бын биед гавлын зүүн чамархай, зулай, духны зүүн хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, баруун чамархай, зулай хэсгийг хамарсан шугаман хугарал, гавлын суурь ясны дунд хонхрыг хамарсан /хөндлөн/ шугаман хугарал, баруун чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, хуйх, хоёр чамархай булчинд цус хуралт, зүүн шанаа, хацрыг хамарсан зулгаралт, баруун чихний дэлбээний дээд хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр болон автомашины эд ангийн мохоо зүйлд толгой хэсгээр дайрагдах үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь үхэлд хүргэх бөгөөд осол болох нэг хугацаанд үүсэн. 4. Шинжилгээнд үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5 2020.08.09-ны 16 цаг орчмын цогцсын гадна үзлэгээр нас бараад 24 ба түүнээс дээш цаг орчим болжээ. 6. Оношийн 1-рт дурдсан гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэнэ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-24 дүгээр хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 25-32 дугаар хуудас/,
-Хувцас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-38 дугаар хуудас/,
-Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 119 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч Б.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Тгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан эрэг гах газар Б.Д-ын эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн ажиллагааг хэвийн эсэхийг шалгах зорилгоор 1 дүгээр араандаа хийсэн эсэхийг мэдэх боломжтой байхад шалгалгүйгээр хайхрамжгүй хандаж түрхүүрийг түлхэж асаах үйлдэл хийж улмаар тээврийн хэрэгсэл урагш идэвхитэй үйлдэл хийж 2 нас 7 сар 21 хоногтой насанд хүрээгүй хохирогч Д.Бын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цын мэдүүлэг /хх 84-86 дугаар хуудас/, гэрч Д.Н-гийн мэдүүлэг /хх 91-92 дугаар хуудас/, гэрч Т.Н-гийн мэдүүлэг /хх 93-96 дугаар хуудас/, гэрч Б.Д-ын мэдүүлэг /хх 103-104 дүгээр хуудас/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №85 дугаар дүгнэлт /хх 53-55 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-24 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 25-32 дугаар хуудас/, хувцас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-38 дугаар хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 119 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Б.Тгийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Тг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Тг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Б.Тг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэснийг, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
хэрэгт битүүмжлэгдсэн Б.Д-ын эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, .
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн болно..
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Б-ын Т-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Б-ын Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Б.Т нь 6 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Б.Д-ын эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд ял оногдуулахгүйгээр тэнссэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН