Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2017/0006/И |
Дугаар | 146 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо нуурын 23-22-01 тоотод оршин суух, Буурал овогт Батхүүгийн Энхболор /НД86041967/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Эрдэнэ сум 5 дугаар баг Хилийн цэргийн 0129 дүгээр ангин 5 дугаар заставд оршин суух, Хилийн цэргийн 0129 дугаар ангид 5 дугаар заставын орлогч дарга ажилтай, Боржигон овогт Хоролмаагийн Чойжамц /НЭ90082937/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхболор, хариуцагч Х.Чойжамц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхболор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь нөхөр Х.Чойжамцтай 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 19-нд хүү Ч.Эрдэмбилэг төрсөн. Нөхөр байнга хардаж зоддог. Хүү бид 2 айдас дарамтанд амьдрах болсон. Зодуулсан гэсэн эмчийн дүгнэлт картыг шатаачихсан зэрлэг амьтан шиг авирлан хий хийсвэр худлаа зүйл ярьж хардаад зодно. Хавиргыг минь гэмтээсэн, 8 сард нүүр лүү 20-30 удаа өшиглөж гэмтээн хүн харахын эцэсгүй болгосон. Үр хүүхдээ айлгаж ичээн дарамтанд байлгаж байнгын хэрүүл зодоонтой байдаг боллоо. Зэрлэг яргачин шиг авирладаг тул хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна. Насанд хүрээгүй хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүдээ тэтгэлэг тогтоолгоно. 9 жил амьдарсан хугацаанд жижиг байшин, prius 10 маркын машинтай болсон. Иймд хүү бид 2-ын ноогдох хувийг олгож өгнө үү. Хүү бид 2 одоогийн байдлаар ажилгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахад шаардагдах зардал, унааны мөнгийг Х.Чойжамцаар гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Энхболор шүүх хуралдаанд: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлээ дараа нь жич нэхэмжлэх хүсэлттэй байгаа учраас эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Х.Чойжамцтой 2007 онд танилцаж, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулан амьдарсан. Хүү Ч.Эрдэмбилэг 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд Х.Чойжамц нь байнга хардаж зодож нүддэг байсан. Би төрснийхөө дараа хүртэл салъя гэж бодож байсан боловч хүүгээ бодоод амьдарч байсан. Би нэг биш удаа уучилж, энэ хүн засрана гэсэн боловч засрахгүй юм билээ. 10 жилийн маань амьдрал хайран л байна. Гэхдээ цаашид амьдарвал хүү маань айдас түгшүүртэй, ямар хүн болж өсөхөв, би ч өөрөө бэртэх, амиа алдаж магадгүй, хэн хохирохов би л хохирно тийм учраас цаашид хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно, эд хөрөнгийн талаар дараа шүүхэд хандах болно...” гэв.
Хариуцагч Х.Чойжамц шүүхэд гаргасан тайлбартаа: “ Х.Чойжамц миний бие нь Б.Энхболорын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Ч.Эрдэмбилэгийг эх Б.Энхболорт үлдээж тэтгэлэг төлнө. Харин Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11 хороо Нуурын 23-22-1 тоотын хашаа байшинг миний нагац ах Р.Баасанхүү 2011 онд надад бэлэглэж, мөн 55-03 УБН улсан дугаартай Prius-10 маркийн машиныг би өөрийн цалингийн зээлээр худалдаж авч байсан тул бидний дундын хөрөнгө биш учир өгөхгүй” гэв.
Хариуцагч Х.Чойжамц шүүх хуралдаанд: “Б.Энхболортой 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж, хүү Ч.Эрдэмбилэг 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Бид байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан. Б.Энхболор нь намайг зодож нүүр самардаж цустай маань хольж л байсан. Ажлаа тараад гэртээ орохоор байнгын хэрүүл хийнэ, жижиг маргаан болохоор цонхоо онгойлгож байгаад орилдог. Хүүгээ бодъё гэж уучлалт гуйж байсан, эвлэрэе гэхээр зөвшөөрөхгүй байсан. Сүүлд би бодоод гэрлэлтээ цуцлуулъя гэж шийдсэн. Энэ хүний гарт би амиа алдаж магадгүй гэж бодсон. Гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ Б.Энхболорын асрамжид өгч тэтгэлэг төлнө” гэв.
Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхболор нь хариуцагч Х.Чойжамцад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Х.Чойжамц гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох талаар маргаагүй.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч Б.Энхболор нь дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийнхээ талаар дараа жич шүүхэд хандана гэж татгалзсан болно.
Зохигчид 2007 онд танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулан амьдарч, 2012 оны 06 сарын 19-ний өдөр хүү Ч.Эрдэмбилэгийг төрүүлсэн, хүүхэд эсэн мэнд өсөж бойжиж байгаа, зохигчид 2016 оны 08 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хэргийн 6-7, 9 дүгээр хуудаст байгаа гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, гэр бүлийн доторхи хүчирхийлэл дарамттай байдлаас шалтгаалан 2016 оны 08 сараас тусдаа амьдарч байгаа болох нь тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Эрдэнэцогт, Х.Юмчинбадам, С.Санчирмаа, М.Өсөхбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон.
Нэхэмжлэгч Б.Энхболор шүүх хуралдаанд “байнга хардаж зодож нүддэг, цаашид амьдарвал хүү маань айдас түгшүүртэй, ямар хүн болж өсөхөв, би ч өөрөө бэртэх, амиа алдаж магадгүй, хэн хохирохов би л хохирно тийм учраас цаашид хамт амьдрах боломжгүй” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн гэр бүлийн хүчирхийлэл дарамт удаа дараа гарч байсан, талаархи тайлбарыг хариуцагч Х.Чойжамц үл зөвшөөрөн “...Б.Энхболор нь намайг зодож нүүр самардаж цустай маань хольж л байсан, байнга хэрүүл хийдэг ...” гэж тайлбарласан боловч гэрч Б.Эрдэнэцогтын “...Намайг Өмнөговь аймгийн Овоот руу цугларалтанд яваад ирэхэд Энхболорыг зодуулаад хавирга нь гэмтсэн гэсэн зүйлийг хамт олон маань ярьж байсан...” гэсэн /хх-ийн 39/, гэрч Х.Юмчинбадамын “...би суман дээр 2 хоноод застав дээр очиход гэрийнх нь хаалга нээлттэй байхаар нь ороод харсан чинь Б.Энхболорын нүүр нь мхш их гэмтсэн байсан... асуухад Чойжамц зодоод гэж хэлж байсан...4-р заставт их дарамтанд байдаг байсан талаараа надад хэлж байсан... тухайн үед нүүр нь үнэхээр аймар болсон байсан...” гэсэн /хх-ийн 41/, гэрч С.Санчирмаагийн “...Энхболор эгчийг байнга харддаг, ... гал тогоонд орж ирээд эгч нь хальтарч унаад хавиргаа гэмтээсэн гэж хэлж байсан гэтэл Чойжамц зодсон юм билээ... энэ явдал 2015 оны 12 дугаар сард, дараа нь 1 сард Энхболор эгч хүүхдээ дагуулаад манайд уйлаад орж ирсэн араас нь Чойжамц орж ирээд айлд байгаагаа ч мэдэхгүй, эмэгтэй хүн ч гэж бодохгүй шууд алгадаж унагаагаад хүүхдийнхээ болон бид нарын дэргэд 2-3 удаа хөлөөрөө дэвсэж зодсон. Тэгээд манай нөхөр болиулж салгасан...” гэсэн /хх-ийн 43/, гэрч М.Өсөхбаярын “...манай гэрт Энхболор Чойжамцаас зугтсан байртай уйлчихсан орж ирэхэд нь араас нь Чойжамц орж ирээд хэрэлдэж маргалдаад толгой руу нь өшиглөхөөр нь би салгасан...” гэсэн /хх-ийн 45/ мэдүүлгүүд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр Х.Чойжамц нь эхнэр Б.Энхболорыг байнгын шинжтэй /2 оос дээш удаа/ хүч хэрэглэн биед нь халдаж байсан гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл,дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэстэй гэж дүгнэсэн болно.
2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ч.Эрдэмбилэгийг эх Б.Энхболорын асрамжид үлдээж, Гэр бүлийн хуульд заасны дагуу эцэг Х.Чойжамцаар хүү Ч.Эрдэмбилэгийг насанд хүртэл тэжээн тэтгүүлэхээр заалаа.
Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийн асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Х.Чойжамц нь хүү Ч.Эрдэмбилэгт анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 28,482.8 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 997,200 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Буурал овогт Батхүүгийн Энхболор /НД86041967/, Боржигон овогт Хоролмаагийн Чойжамц /НЭ90082937/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ч.Эрдэмбилэгийг эх Б.Энхболорын асрамжид үлдээсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ч.Эрдэмбилэгийг 11 нас хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг Х.Чойжамцаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Б.Энхболор нь дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх талаар адил тэгш эрх үүрэгтэйг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа байх үедээ тэдэнтэй байнга уулзах эрхтэйг тус тус заасугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхболорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Чойжамцаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхболорт олгож, хариуцагч Х.Чойжамцаас улсын тэмдэгтийн хураамжид 28,482.8 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ