| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0150/И |
| Дугаар | 141 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: 1956 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, Хараа бөөний төвд манаач ажилтай, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 3-р баг, Хасын гудамж 2-6 тоотод оршин суух, Мааньзав овогт Түнтээгийн Бямбаа /РД: ЕЕ56082311/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Т.Бямбаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1973 оны 06 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн Будар бригадад малчнаар орж, 1993 оныг дуустал ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлээгүй, тамга тэмдэг хүчингүй болсны улмаас Нийгмийн даатгалын тасгаас 1973 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.Бямбаагийн 1973 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн Будар бригадад тэмээчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Бямбаа нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн Будар бригадад тэмээчнээр ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1973 оны 07 сарын 29-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1973 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн тэмээчнээр ажиллуулахаар томилсон тушаал, ажлаас чөлөөлөх тухай 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн даргын тушаал болон нэхэмжлэгчийн 1973, 1981, 1992 оны хөдөлмөрийн дэвтрүүд, гэрч Д.Мөнхзавын “Т.Бямбаа бид хоёр нэг бригадад ажиллаж байсан. Дорноговь аймгийн Социализмын зам нэгдлийн Будар бригадад Т.Бямбаа нь тэмээчин байсан. ...1986 онд Т.Бямбаа нь эмнэг сургалтын спортын мастер болж байсан. 1973-1993 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мягмарын “Т.Бямбаа нь 1973 онд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн Будар 1-р бригадад тэмээчин байсан. 1973 оноос 1993 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Т.Бямбааг 1973 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн Будар бригадад тэмээчнээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Мааньзав овогт Түнтээгийн Бямбааг 1973 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн Будар бригадад тэмээчнээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА