| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/178 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч А.Азжаргал,
хохирогч Ж.Ууганбаяр,
шүүгдэгч өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч Р.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Л-д холбогдох эрүүгийн 1934002410159 хэргийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж овогт Р.Л / /, Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймаг Баянтэс суманд хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг Жаргалант сум 3 дугаар баг Баянбулаг гэх газар оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Р.Л нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг Дамжин гэх газраас бэлчээрт байсан иргэн Ж.Ууганбаярын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 2750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-14 тал/, мөрдөгчийн тэмдэглэл/хх-15 тал/, мөнгө хүлээн авсан тэмдэглэл/хх-16 тал/, мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-17 тал/, хохирогч Ж.Ганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21 тал/, хохирогч Ж.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-25 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-27 тал/, иргэний нэхэмжлэгч Ө.Хүрэлбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-32-33 тал/, гэрч Р.Гүнчиндоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-35 тал/, гэрч Р.Батхишигээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-38 тал/, гэрч Э.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39 тал/, “Хан-Ундарга” ХХК-ийн өмчлөлийн 81-14 УБС улсын дугаартай Verna accent маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан/хх-42-51 тал/, Ж.Ууганбаярын өмчлөлийн 1 тооны адууны үнэлгээний тайлан/хх-55-61 тал/, Р.Лийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-97-104, 108, 112-113, 120-123, 130-131, 141-142, 157-161/, Р.Лийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-148 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Р.Л нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг Дамжин гэх газраас бэлчээрт байсан иргэн Ж.Ууганбаярын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 2750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Ууганбаярын: “Миний 15 тооны адуу Төв аймгийн Жаргалант сумын “Дамжин” гэх газар дүү Мөнхбаярын адуутай хамт байдаг юм. Би өөрөө Улаанбаатарт хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг тул тэр бүр мал дээрээ очиж чаддаггүй юм. Намайг Улаанбаатар хотод гэртээ байхад 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орой төрсөн дүү Ж.Мөнхбаяр гар утсаар ярьж хэлсэн юм. Тухайн үед Мөнхбаяр ярихдаа 2019 оны 02 дугаар сарын 18-наас 2019 оны 02 дугаар сарын 19-нд шилжих гэрийнхээ ойролцооноос таны нэг тооны хүрэн зүсмийн баруун гуя, зүүн хаан дээрээ сартай 3-н нүдний чандмань тамгатай гүүг чинь хулгайд алдчихлаа, хойд айлын Гүнчиндорж, Л нар адуу хулгайлаад Баянчандмань сумын цагдаагийн хэсэг дээр баригдсан байна, би очиж үзлээ гүү чинь мөн байна” гэж хэлсэн. Миний бие тухайн үед завгүй байсан тул дүүгээ цагдаатай уулзаад мэдүүлэгээ өгчих гэж хэлсэн. Тухайн үед Мөнхбаярын хамт миний төрсөн дүү Ганбаяр цуг очиж мэдүүлэг өгсөн байсан. Миний хувьд зун цагдаа дээр таарсан. Энэ хүмүүс хулмалзаад юм хэлж чадахгүй байсан. Цагдаа дээр анх баригдах үедээ “зээл төлөх гээд хулгай хийсэн” талаар манай дүүд хэлсэн байсан. Миний хувьд хэргийн талаар өөр мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч Р.Гүнчиндоржийн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт хүргэн Наранбаатарын гэрт байсан юм. Гэтэл манай төрсөн дүү Л хоёулаа Жаргалант сум яваад өөрийнхөө адуунаас нэг байдас гаргаад ирье банкны мөнгө тулчихаад байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн 81-14УБС улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслээ унаад тэгээд Улаанбаатар хотоос өдрийн 15 цагийн үед гараад тэгээд явсаар байгаад Төв аймгийн Жаргалант сумын хөдөө Дамжин гэх газар байдаг гэртээ очиход 19 цаг болж байсан. Тэгээд гэртээ очоод манай дүү Л манай хүү Бат-Эрдэнийн мориор адуунд явна гээд мордсон. Тэгээд ойролцоогоор 30-40 минут болоод 20 гаруй тооны адуу хөөж ирээд тэгээд дотроос нь хүрэн зүсмийн гүү барьж авсан. Тэгэхээр нь би хүний мал юм биш үү яах гээд байгаан бэ гэж дүүдээ хэлэхэд зүгээрээ гээд байсан. Тэгээд уг адууг гэрээсээ жоохон зайдуу дүү Л бид хоёр нядлаад нядалсан газраа цэвэрлээд тэгээд мах, шир, толгой, шийр, дотор гэдсийг нь шуудайнд хийгээд бүгдийг нь машиндаа ачаад тэгээд хөдөө гэрээсээ 22 цагийн орчим хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад Жаргалант сумын Талбулаг гэх газрыг өнгөрч яваад замын хажууд шуудайнд хийсэн дотор гэдсийг хаясан. Тэгээд явсаар байгаад Баянчандмань сумын төвд орж ирсэн Тэгсэн чинь манай дүү Л гэр хорооллын замаар нь ороод явчих гээд зам хаасан. Тэгээд гэр хорооллын замаар нь ороод цагдаагийн пост өнгөрөөд төв асфальтан замд нийлэх гэж байхад цагдаа араас хүрээд ирсэн. Тэгээд түр саатуулагдаж Цагдаагийн байгууллагад шалгагдсан” гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Гэрч Э.Жаргалсайханы: “ ... Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг 40 минутын үед байх цагаан өнгийн верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр эрэгтэй хүнийг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж шалгасан Уг үзлэгээр тээврийн хэрэгслийн багажинд 1 тооны адууны гарал үүслийн бичиггүй мах ачсан, хүрэн өнгийн адууны шир байсан. Тэгэхээр нь тэдгээр хүмүүсээс ямар учиртай мал, мах болох талаар нь асуутал Төв аймгийн Жаргалант сумаас өөрийнхөө адуунаас идэш хийгээд явж байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гарал үүслийн бичиг нь хаана байгаа талаар нь асуухад гарал үүслийн бичиг байхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнгөнхүүд шилжүүлэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-39 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-14 тал/, мөрдөгчийн тэмдэглэл/хх-15 тал/, мөнгө хүлээн авсан тэмдэглэл/хх-16 тал/, мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-17 тал/, Ж.Ууганбаярын өмчлөлийн 1 тооны адууны үнэлгээний тайлан/хх-55-61 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Р.Л нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг Дамжин гэх газраас бэлчээрт байсан иргэн Ж.Ууганбаярын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 2750000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Р.Л нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Р.Лийн 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багийн нутаг Дамжин гэх газраас бэлчээрт байсан иргэн Ж.Ууганбаярын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 2750000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Р.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан 2750000 төгрөгийн хохирлоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авч төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болно.
Шүүх шүүгдэгч Р.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч Р.Л нь 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Р Л-ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Л-д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг үүрэг хүлээлгэх/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Л нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Л нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Р.Л нь бусдад төлөх төлбөргүй, 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ