Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан, шүүгч Б.Мөнхзаяа, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, иргэдийн төлөөлөгч Т.Дарьжав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүгдэгч Х.А, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт О Н, Б ургийн овогт Х А, Ш ургийн овогт Б Э, А ургийн овогт Д Т нарт холбогдох эрүүгийн 1935003000063 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О Н, 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: ОЯ 98101719.

Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Б Э, 1998 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: ОЮ 98061216.

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Х А, 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: ОЮ99050119.

Монгол Улсын иргэн, А ургийн овогт Д Т, 2001 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14-19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: ОЮ 01282400.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар нь бүлэглэж, 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Д.Бийг удаан хугацаагаар тохуурхан доромжилж, явган суулгаж явуулах, суниалгах, суулгаж босгох, зодох зэрэг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн үйлдэл хийж, улмаар хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас газар унаж, тархинд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-16-р хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-24-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 46-р хуудас/, хохирогч Д.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 66-67-р хуудас/, гэрч О.Д мэдүүлэг /1-р хх-ийн 68-70-р хуудас/, гэрч Б.Б мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 137-138-р хуудас/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 151-152-р хуудас/, хохирогч Д.Бийн сэтгэцийн байдалд хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 166-168-р хуудас/, яллагдагч Д.Тгийн мэдүүлэг /2-р хх-ийн 14-17-р хуудас/, яллагдагч Б.Эгээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 37-40-р хуудас/, яллагдагч О.Наас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 48-51-р хуудас/, хохирлын талаарх баримтууд /2-р хх-ийн 148-214-р хуудас/, хохирлын тооцоо бодож гаргасан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 216-217-р хуудас/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд зэргийг шинжлэн судлав.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс /давхцаагүй байдлаар/: гэрч Б.Э мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/, гэрч Ц.Б мэдүүлэг /1-р хх-ийн 103-104-р хуудас, гэрч Ц.О мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р хуудас/, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын тодорхойлолт /1-р хх-ийн 230-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Нын өмгөөлөгчөөс /давхцаагүй байдлаар/: яллагдагч Х.Аын мэдүүлэг /2-р хх-ийн 23-24, 25-29-р хуудас/, Увс аймгаас Улаанбаатар хот руу ирж очсон замын зардлын тооцоо /2-р хх-ийн 148-р хуудас/, бензиний талон, унаа, тээвэр, зогсоолын төлбөрийн баримт /2-р хх-ийн 151, 162-р хуудас/, такси үйлчилгээгээр үйлчилсэн талаар нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт /2-р хх-ийн 163-165-р хуудас/, өмгөөллийн хөлс төлсөн баримт /2-р хх-ийн 189-р хуудас/, Д.Бийн ажилд орсон тушаал /2-р хх-ийн 190-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, хохирол нөхөн төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгчөөс /давхцаагүй байдлаар/: Д.Тгийн нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 250-р хуудас/, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт /3-р хх-ийн 8-р хуудас/, хүсэлтийг хангасан тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 9-р хуудас/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 10 дугаартай прокурорын тогтоол /3-р хх-ийн 11-12-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт, жирэмсэн эхийн хяналтын хөтөч картын хуулбар зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.А, Б.Э нарын өмгөөлөгчөөс /давхцаагүй байдлаар/: гэрч Б.Б мэдүүлэг /1-р хх-ийн 91-р хуудас/, гэрч Ю.Х мэдүүлэг /1-р хх-ийн 105-р хуудас/, гэрч Ю.О мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/, гэрч Ж.Аийн мэдүүлэг /1-р хх-ийн 108-р хуудас/, гэрч З.М мэдүүлэг /1-р хх-ийн 109-р хуудас/, гэрч Д.Э мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/, гэрч У.Б мэдүүлэг /1-р хх-ийн 112-р хуудас/, гэрч Х.Ц мэдүүлэг /1-р хх-ийн 113-114-р хуудас/, гэрч Д.Жийн мэдүүлэг /1-р хх-ийн 115-116-р хуудас/, гэрч Н.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/, яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэг /2-р хх-ийн 18-21-р хуудас/, Увс аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 139 тоот албан бичиг /2-р хх-ийн 71-р хуудас/, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /2-р хх-ийн 75, 77-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 82-83-р хуудас/, Б.Эгийн бүрэн дунд болон суурь боловсролын үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 107-109-р хуудас/, Б.Эгийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 110-118-р хуудас/, Х.Аын сурагчийн хувийн хэргийн хуулбар, мэргэжлийн үнэмлэх болон дипломын хуулбар /2-р хх-ийн 121-126-р хуудас/, Б.Э, Х.Ц нарын ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 206-208-р хуудас/, Б.Б ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 211-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 31 дугаартай тогтоол /2-р хх-ийн 225-226-р хуудас/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 228, 230-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримтууд, Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай яллагдагч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарыг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 80-96 УВА улсын дугаартай автомашинтай Улаан уул руу эмэгтэй хүүхэдтэй цуг яваад буцаад төв орох гээд явж байгаад засмал замын уулзварын хэсэгт тэр эмэгтэйг буулгаад би шууд гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд гэрийн гадна байж байтал нэрийг нь мэдэхгүй 3 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэд надтай уулзахаар ирээд тэр эрэгтэй хүүхдүүдээс надад “1 дүгээр сургуулийн саравчинд очиж ярилцъя” гэж хэлээд тэд нартай цуг 1 дүгээр сургуулийн саравчинд очсон. Үүнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Би нэг мэдэхэд орон дээр хэвтэж байсан ба эмнэлэгт ухаан орсон чинь миний биеийн баруун тал мэдээгүй болсон толгой боолттой байсан. Би ямар учраас биедээ гэмтэл авах болсноо мэдэхгүй байна, эмнэлэгт ухаан орсноос хойш одоог хүртэл эмчилгээ хийлгүүлж байна. Миний биеийн байдал муу байгаа, тархины хагалгаанд 2 удаа орсон. Би тархиндаа гэмтэл авснаас болж 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-ны шөнийн болсон зүйлийг огт санахгүй байгаа, өмнөх зүйлсээ бүдэг бадаг санаж байгаа. Ярих гэсэн зүйлээ эмх, цэгцтэй ярьж, дэс дараалалттай санахгүй байна. Миний биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Тэр орой надтай уулзахаар ирсэн хүүхдүүдийг л миний биед гэмтэл учруулсан гэж бодож байгаа. Миний биеийн баруун хэсэг мэдээгүй байгаа, миний 2 нүд өмнөхөөсөө муудсан, толгой, тархины хэсэгт гэмтэлтэй, заримдаа өвддөг, даарсан үедээ зогсуулдаг, биеийн эсэргүүцэл маш ихээр сульдсан. Удаан явж, ярьж чадахгүй байгаа. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт өдөр бүр эмчилгээ хийлгэж байгаа. Надад хэдэн төгрөгийн хохирол учирсан, түүнийг төлж барагдуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Энэ талаар аав, ээж хоёр мэдэж байгаа” гэх /1-р хх-ийн 61-62-р хуудас / мэдүүлэг,

          2. Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би биедээ гэмтэл авснаа сайн санахгүй байна. Би гэрээс 4-5 хүнтэй явж байсан, яг хэдүүлээ явснаа санахгүй байна. 1 дүгээр сургуулийн дотуур байрны хажуугийн сааданд очиж байснаа мэдэж байна. Үүнээс цааш нь юу болсныг санахгүй байна. Сааданд очсоны дараа тэнд юу болсныг санахгүй байгаа ба сааданд очсоны дараа ухаан санаа орон гаран болсон. Нэг ухаан орсон чинь гэртээ “толгой өвдлөө” гээд очиж байснаа санаж байгаа ба гэрт эгч байсан. Үүний дараа дахиад ухаан санаа орон гаран болсон нэг ухаан орсон чинь би эмнэлэгт байсан. Би гэртээ яаж, хэнтэй хэрхэн очсоноо санахгүй байна. Надтай цуг сургуулийн сааданд 4-5 хүн очсоныг л санаж байгаа боловч ямар учиртай хүмүүс байсныг санахгүй байна. /эргэлзсэн байдал гаргасан нүүрний хувирал үзүүлэв/. Гэрээсээ гараад 1 дүгээр сургууль руу замаар яваад дотуур байр луу ордог хэсгээр саад руу очсон. Уг хэсгээр хүүхдүүд орж гараад байдаг. Миний биед хэн халдсаныг мэдэхгүй байна” гэх /1-р хх-ийн 64-65-р хуудас / мэдүүлэг,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би болсон үйл явдлын талаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан. Уг мэдүүлгийг үзвэл бүх зүйл тодорхой бичигдсэн байгаа. 2019 оны 7 дугаар сарын 27-ны орой гэртээ гэрийнхэнтэйгээ амраад унтаж байтал гадна нохой хуцаж миний нөхөр чанга чанга дуугараад байхаар нь гарсан чинь нөхөр баахан залуучуудтай шуугилдаад байж байсан. Гараад нөхрөөсөө юу болоод байгаа юм бэ гээд асуусан чинь надад “миний хүү Б уг залуучуудтай ярилцаад ирье” гээд явлаа гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр нимгэн хувцастай гараад ирсэн байсан тул гэр лүүгээ буцаж ороод хувцсаа солиод буцаж гараад машинаа асаагаад хашаанаас харсан чинь Б болон хамт явсан залуучууд харагдахгүй байсан. Тухайн залуучууд саарал өнгийн суудлын жижиг машинтай явж байсан тул уг машиныг хайж явсан боловч олдоогүй юм. Ингээд хайгаад явж байтал гэрт байсан охин маань утсаар ярьж “Б ирлээ, бие нь муу байна” гэж дуудахаар нь нөхөр бид 2 гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ очих замд бид 2-ын урдаас нөгөө хайж байсан саарал машин зөрөхөөр нь буцаж араас хөөж очоод зогсоож уулзаад гэр лүүгээ дагуулаад явсан. Гэрт очоод хашаа руу орсон чинь гэр дотроос Б хаалгаар шагайгаад бид хоёрт “наадуулаа явуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд байсан нэг охиноос “юу болсон юм, яагаад миний хүүг зодсон юм бэ” гэж асуусан чинь тэр залуучууд “юу ч болоогүй, Бийг зодоогүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залуучуудад нийтэд нь хандаж “асуудал гарвал дахиж уулзана шүү” гэж хэлээд явуулсан. Гэртээ ороод хүүгээ харсан чинь ил харагдах гэмтэл, нүүр ам хавдсан, цус болсон зүйл харагдахгүй байсан ба толгой өвдөж байна гэж хэлэхээр нь Бийг орон дээр хэвтүүлээд өвчин намдаах эм өгсөн боловч хэсэг хэвтэж байгаад толгой өвдөж байна гээд орилоод босоод ирсэн. Нэгдсэн эмнэлгийн 103-т дуудлага өгсөн чинь “аваад ир” гэсэн тул машинаар авч очиж үзүүлсэн чинь биеийн байдал нь маш муу, хүнд гэмтэлтэй байсан. Эхлээд нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байтал тэр шөнө бие нь улам муудаж сэхээнд орсон. Тухайн үед Улаанбаатар хотоос эмч нар ирсэн байсан тул хагалгаанд оруулсан боловч биеийн байдал нь дээрдээгүй ба 10 хоног сэхээнд хонож эмчилгээ хийлгүүлээд 11 дэх хоног дээр Улаанбаатар хот руу яаралтайгаар явж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгүүлж эхэлсэн. 2019 оны 9 дүгээр сард дахин буюу 2 дахь удаагаа хагалгаанд оруулсан боловч бас л биеийн байдал муу хэвээр байсан. Толгойны хагалгаанд оруулсан боловч бас л биеийн байдал муу хэвээр байсан. Толгойнд хийсэн хагалгааны арьсны хэсэг үхжиж эхэлсэн тул эмч нар арьсны хагалгаанд оруулна гэхээр нь бид нар “хүүхдээ хагалгаа даахгүй байх” гэж бодоод хагалгаа хийхгүйгээр эмчилж өгөхийг хүсэж шийдүүлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Болсон явдлыг урьд нь гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ дэлгэрэнгүй ярьсан байгаа, дахин дахин мэдүүлэг өгөхөөр хүүгийн биеийн байдлыг бодохоор надад маш хэцүү байна. Улаанбаатар хотод эмчилгээнд байсныг бодоход арай гайгүй дээрдсэн боловч толгой чихээр нь хатгаж, бусад хэсгээр өвддөг, ганцаараа ямар нэгэн үйлдэл хийж чаддаггүй, байнгын асаргаанд орж сахиуртай байгаа. Хэргийн улмаас нийт 29.744.925 төгрөгийн хохирол учирсан ба хохирлын баримтыг гаргаж өгнө. Учирсан хохирлын задаргаа нь хохирлын тооцоонд тусгагдсан байсныг би танилцсан тул уг тооцоог үзэхэд тодорхой байгаа. Миний хүү эрүүл мэндээрээ хохирч бие болон сэтгэлийн хувьд асар их хохирол амсаад байна. Одоог хүртэл биеийн байдал хэвийн байдалд орохгүй, байнгын асаргааны хүнтэй, сэтгэцийн хувьд эрүүл бус, оюун ухааны хомсдолтой хүн шиг болоод байна. Ийм учраас маш их гомдолтой байна. Хүүхдээ эрүүл саруул хэвийн байдалд оруулж авмаар байна. Одоо учирсан байгаа болон цаашид хийгдэх эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна ” гэх /1-р хх-ийн 66-67-р хуудас/ мэдүүлэг,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тэгж байгаад тэр хүүхдүүдийг миний хүүтэй л хамаатай юм байх гэж ойлгоод бужигнасан хүүхдүүд дундаас Бийг хайгаад үзсэн чинь 2 эрэгтэй хүүхэдтэй цуг зогсож байхаар нь би очоод юу болсныг Бээс асуусан чинь “юу ч болоогүй, та байж байтан” гэж хэлсэн. Хажуугаас өөр нэг эрэгтэй хүүхэд ирээд надад “таны хүүхэд чинь манай найзыг доромжилсон байна” гэхээр нь би уг хүүхдийн хэлсэн зүйлийг тоохгүйгээр Бийг гэр лүүгээ дагуулаад явах гэсэн Б надад “та байж байтан, байж байтан ээж” гэж хэлсэн. Тэр үед нэг залуу миний хүүг дагуулаад цааш нь эргээд тэр 2 хамт явахаар нь би араас нь очих гээд алхтал над руу нэг охин ирээд “эгчээ эгчээ” гээд миний урд ирээд зогстол хажуугаас нь бас нэг залуу ирээд уг охиныг дагуулаад явсан. Бийг хаана байгааг хараад явсан зүг рүү харсан чинь нэг залуутай зогсож байсан. Тэгж байтал нэг залуу над руу ирээд дахин надад “таны хүүхэд чинь манай найзыг доромжилсон байна” гэхээр нь би “тийм бол цагдаа дуудаад өгчих” гэсэн чинь тэр залуу надад “би цагдаа дээр бүртгэлтэй байгаа, тэгээд орж болохгүй байна” гэхээр нь би “доромжлуулсан охиноо надад өгчих, би уулзаж ярилцъя” гэсэн чинь тэр охиныг тэр залуучууд хориглоод надтай уулзахгүй байсан. Тэгж байтал миний нөхөр над руу ирээд надад “Б намайг цааш нь байж бай гэлээ, энэ хүүхдүүд өөрсдөө учраа олно гэнээ” гэсэн зүйл хэлсэн. Тэр үед нэг саарал өнгийн машин асаад явсан. Үүний дараа Б болон тэр хүүхдүүд 1 дүгээр сургууль руу чиглээд явахаар нь би нөхрөөсөө “эд нар хаашаа явж байгаа юм” гэсэн чинь “Б намайг байж бай гэлээ, залуучууд нь ярилцаад учраа олъё” гэж хэллээ гэсэн. Уг нь миний ярьж байгаа үйл явдал урт мэт бичигдэж байгаа боловч 5-10 минутын хугацаанд бужигнаад болж өнгөрсөн зүйл юм. Тэгэхээр нь би нөхөртэйгөө гэр лүүгээ ороод дулаан хувцас өмсөөд буцаж тэр хүүхдүүдийн араас гарсан чинь машин ч харагдахгүй, тэр хүүхдүүд ч харагдахгүй байхаар нь машинаар Улаангом сумын төвөөр явж тэр хүүхдүүдийг хайсан чинь олдоогүй. Ингээд хайгаад явж байтал миний охин утсаар ярьж “Бийг залуучууд аваад ирлээ, зодсон юм шиг байна” гэхээр нь нөхөр бид 2 гэр лүүгээ яараад иртэл хажуугаар түрүүн манай гаднаас хөдөлсөн саарал өнгийн 42-42 гэсэн дугаартай машин зөрөхөөр нь араас хөөж гүйцэж очоод зогсоогоод уулзсан чинь машин дотор 2 охин, 3 залуу байсан. ...Тэр үед Б гэрийн хаалгаар шагайгаад “наадуулаа явуул” гэж хэлсэн. ...Гэртээ орсон чинь Б орон дээр хэвтэж байхаар нь урдаас нь харсан чинь ил харагдах шарх, шалбархай харагдахгүй байхаар нь хүүгээс яаж байгааг нь асуусан чинь “толгой өвдөж байна” гэхээр нь өвчин намдаах эм өгсөн. Эм уусан даруйдаа Б бөөлжөөд байхаар нь “яагаад бөөлжөөд байгаа юм бэ, толгой нь их өвдөөд байна уу” гэж асуусан чинь “над руу пиво цутгасан” гэж хэлсэн. Бөөлжөөд зогсохгүй болохоор нь би толгойг араас чинь дарсан чинь толгойн ард язарсан, шанааны хэсэгт хавдсан хавдартай байхаар нь нөхрөө дуудаж үзүүлсэн чинь хүү маань гэнэт орилоод “би яг үхлээ” гэж хэлээд нүдээ аниад таг болоод байхаар нь бид нар айгаад 103-т дуудлага өгч эмнэлэгт хүргэж үзүүлсэн чинь биеийн байдал маш муу, ухаан санаа орон гаран болсон байсан. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эмч нар үзээд яаралтай Улаанбаатар хот руу авч явж үзүүл гэхээр нь бид нар онгоцны билет хайсан боловч олдоогүй. Маргааш нь онгоцны билет бичүүлчхээд явах гэсэн чинь эмч нар Бийг сэхээнд оруулаад “хот явах боломжгүй болсон, билетээ буцаа” гэж хэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос эмч нар өөр хүнийг хагалгаанд оруулахаар ирсэн байж таарсныг хойшлуулаад Бийг түрүүлж тархины хагалгаанд оруулсан. Бийг зодсон хүүхдүүдийг хайгаад байж олоод дуудсан чинь зарим нэг нь ирсэн ба эцэг эхээ авч ирж уулзуул гэж хэлсэн. Дахиж уг хүүхдүүдтэй уулзалдаагүй. Аймгийн эмнэлгийн сэхээнд 11 хоноод 12 дахь хоног дээр биеийн байдал нь дээрдэхгүй байсан тул аппараттайгаа Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт шууд очиж хэвтсэн. Үүнээс хойш 12 хоног уг тасагт эмчлүүлж байгаад 2 дахь тархины хагалгаанд орсон. Хагалгаа хийсэн боловч хэвийн байдалд орохгүй байсан ба тархинд хагалгаа хийсэн хэсгийн арьс нь үхжээд байсан тул эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэсэн. Гэмтлийн эмнэлэгт 2 сар эмчилгээ хийлгүүлэхдээ гавал тархины тасгаас гадна, тархины арьс нөхөн сэргээх эмчилгээг давхар хийлгүүлсэн. 2 дахь хагалгааг хийсний дараа эмч нар нь 3 дахь хагалгааг хийж магадгүй гэж бид нарт анхааруулж эмчилгээг хийхээр нь бид нар дахин хагалгаа хийхгүйгээр эмчилж эдгээж өгөхийг хүссэн юм. Уг хүсэлтийн дагуу эмч нар эмчилгээг хийсэн. Үүний үр дүнд хагалгаа хийхгүйгээр нөхөн төлжүүлэх эмчилгээг хийж өөрөөр нь эдгээхээр болсон. Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлэх явцад эмчилгээний сүүлээр нь зөвхөн боолт хийгээд байхаар нь би эмчид хандаж “давхар нөхөн сэргээх эмчилгээнд хэвтээд боолтоо эндээ ирээд хийлгээд байж болох уу” гэдгийг асуусан чинь зөвшөөрсөн тул Бийг Гэмтлийн эмнэлгээс гаргаж “Далд засал” гэх хувийн эмнэлэгт тархины цусан хангамж сайжруулах, сэргээх физик эмчилгээнүүдийг хийлгүүлсэн. Ингэж “далд засал”-д хэвтэж эмчлүүлэхдээ өглөөний цагаар Гэмтлийн эмнэлэгтээ очиж боолтоо тогтмол хийлгүүлж байсан. Уг эмнэлэгт 10 хоносон. Үүний дараа Гэмтлийн эмнэлэгт боолтоо үргэлжлүүлэн хийлгүүлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-нд сүүлчийн боолтоо хийлгүүлээд эмч нартай уулзаж эмчилгээгээ бичүүлж аваад 2019 оны 11 дүгээр сарын 06-нд Улаангом суманд онгоцоор ирсэн. Улаангомд гэртээ ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгүүлж байна. Хохиролд ойролцоогоор 12 сая төгрөгийн хохирол учирсан. Учирсан бүх зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээтэй холбоотой баримтууд байгаа, баримтаа цэгцлээд хэргийн материалд өгнө. Бийн биед гэмтэл учруулсан хүүхдүүдийн нэг ээжтэй нь хэний ээж гэдгийг нь мэдэхгүй байна. Утсаар ярьж “байгаа байдлаа хэлж туслаач гэдгийг хэлсэн” чинь тэр хүүхдүүдийн ар гэрийн зүгээс нь 1.200.000 төгрөг, нэг нь 1.500.000 төгрөг, нэг нь 2.000.000 төгрөг өгсөн байна. 2019 оны 11 дүгээр сарын 05-нд Гэмтлийн эмнэлэгт сүүлийн боолт хийлгүүлж эмчид үзүүлэхэд “Бийг 3 сарын дараа дахин Улаанбаатар хотод ирж, урд хийгдсэн хагалгааны шарх, яс бүтэн эдгээгүй байвал өөр гадаадын улс руу явуулж яс нөхөх эмчилгээнд зөвлөгөөнөөр оруулж шийднэ” гэх /1-р хх-ийн 73-74-р хуудас/ мэдүүлэг,

5. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 27-ны шөнө дунд би “Их наяд” баарны үүдэнд зогсоод такси барих гэж байтал миний найз Э хүмүүстэй явж байхаар нь “намайг гэрт хүргээд өгөөч” гэхэд “суучих” гэсэн. Машинд суухад машины урд 2 залуу, ард 1 охин, Э нар сууж байсан. Тэгээд манайх руу явах гээд явж байтал гэнэт хүн авна гээд “Улаан уул” явах 3 замын уулзвар дээр очиж нэг охиныг машиндаа суулгасан. Тэгтэл машинд суусан охин уйлаад байсан. Тэгээд бид нар машинтайгаа хөдлөөд нэг айлын гадна очоод тэр залуучууд бүгд буугаад хашаа руу орсон. ...Тэгээд тэр хүмүүс хоорондоо юм яриад байсан, юу яриад байгааг нь би мэдэхгүй, би ойртож очоогүй. Би машинд уйлж суусан хүүхэдтэй уулзаад “миний дүү яасан бэ?” гэхэд уйлаад надад тодорхой зүйл ярихгүй байсан. Тэгэхээр нь би нэг эгч хашааны үүдэнд байхаар нь “эгчээ энэ хүүхдүүд яасан бэ?” гэхэд тэр эгч бас тодорхой зүйл мэдэхгүй байсан. Тэгтэл Э намайг “чиний оролцох асуудал биш, цааш байж бай” гэж хэлээд намайг машинаар гэрт хүргэж өгөөд буцаад явсан” гэх /1-р хх-ийн 75-р хуудас/ мэдүүлэг,

6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд шоун дээр найз Ттай хамт байж байтал 21 цаг өнгөрч байхад Б ах над руу залгаад “Ардчилсан намын байрны хажууд хүрээд ир” гэхээр нь би яваад очиход Б ах нэг залуутай уулзаад зогсож байхаар нь би санаа зовоод зөрөөд явчихсан. ...Б ах “дэлгүүр оръё” гээд Билэг төв дээр ирээд “дуртай зүйлийг чинь аваад өгье” гэхээр нь би “идэх юм авъя” гэсэн. Тэгтэл Б ах ороод дэлгүүрээс 500 граммын 4 лааз лимонтой “Сэнгүр” нэртэй пиво авч гарч ирээд шууд “Улаан уул” руу гарч шатны хажуугийн саравчинд дээр очсон юм. Тэгээд тэндээ нэг, нэг лааз пиво уучхаад юм ярьж байгаад тэндээс хөдлөөд саравчнаас баруун тийш эргээд жаахан явж байгаад хүн багатай газар зогсоод дахин нэг, нэг лааз пиво уугаад дууссан. ...Б ахад “одоо явъя” гэхэд жаахан байж байгаад явъя гэсэн. Тэгээд сууж байтал миний утас дуугарсан ба тэгж байтал бид хоёр машины урд талын суудал дээр зэрэгцээд сууж байгаад миний сууж байсан суудлын түшлэгийг буулгаад намайг хойш хэвтүүлээд миний дээрээс дараад авсан. Тэгэхээр нь би орилоод “та яагаад байгаа юм бэ?” гэхэд миний гараас дуугарч байсан утсыг аваад суудал доогуур шидчихсэн. Тэгээд миний өмд, дотуур хувцсыг тайлаад намайг хүсээгүй байхад хурьцал үйлдэж бэлгийн ажил хийсэн. Тэгээд дуусгаад Б миний дээрээс босоход миний гар утас дуугараад би уйлаад утсаар ярихад Т намайг хаана байгааг асуухад би “Улаан уулнаас хөдөлж байна” гэсэн. Тэгтэл “урдаас чинь тосоод очлоо” гээд утсаа тасалсан ба Б бид хоёр Улаан уулнаас уруудаад гурван замын уулзвар дээр ирэхэд Аын машинтай А, Н, Э, Т, мөн нэг танихгүй эгчтэй хамт бид хоёрын урдаас ирээд зогссон. Тэгээд би машинаас буугаад Аын машинд суухад Б машинаа унаад зугтаачихсан. Тэгээд Б рүү Т яриад “манай найзыг яагаад хаячихсан юм, хаана байна” гэхэд 4 замд байна гэхээр нь бид нар Аын машинтай 4 зам ороход Б байгаагүй. Тэгэхээр нь бид нар Бийн гэрийнх нь гадна явж очоод хаалгыг нь онгойлгоод үзэхэд Бийн машин байсан ба Бийн гэр лүү Т, А, Н, Э нар орсон. Харин би нөгөө танихгүй эгчтэй машинд үлдсэн юм. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа Бийг Н заамдчихсан гарч ирээд араас нь Бийн аав, ээж нар мөн манай найзууд гарч ирээд Бийг Н хашаанд шахаад зодоод байх шиг байсан. Н Бийн яг хаана нь яаж зодсоныг нь мэдэхгүй. Тэгж байгаад Бийн аавд нь “Бтэй ярилцаад ирнэ” гээд Бийг аваад Т, Н, Б, А бид нар 1 дүгээр 10 жилийн хашаа руу орохоор явж байгаад А бид хоёр урд нь гараад явж байтал гэнэт ард явсан Т, Н, Б нар алга болчихсон. Тэгэхээр нь А бид хоёр сургуулийн хашаагаар нэвт гараад цаана нь зам дээр зогсож байтал Э ганцаараа Аын машинтай ирсэн. Тэгээд машинд суугаад явж байтал Бийн ээжийн машин зөрөхөөр нь түүний араас явахад алга болчихсон. Тэгээд Бийн гэрийн гадна очиход гэрийнх нь гадаа хүн байгаагүй. Тэгэхээр нь буцаад саравчин дотор байгаа байх гээд очиход 1 дүгээр 10 жилийн хашаан дотор байх дотуур байрны урд талын саравчин дотор Т сандал дээр суучихсан, Н зогсчихсон, Бийг гарынх нь нударган дээр суниалгаж байсан. Тэгтэл Э Бд хандаж тэгвэл цэргийн дэглэм ямар байдгийг харуулъя гээд “ялаа алуулах” гэсэн нэг зүйлийг Бээр хийлгэсэн ба тэр нь үсрээд хоёр гараа толгой дээрээ ташаад байсан. Тухайн зүйлийг Б 2-3 минут хийсэн. Тэгээд мөн Бээр хоёр хөлийг нь газар дээр байлгаж байгаад гарын нуруун дээр нь бариулж байгаад тонгойлгоод газар толгойгоор нь тулуулаад байсан. Тэгж байгаад Б сандал дээр суусан. Тэгтэл тэд нар Бийг миний өмнө сөгдүүлээд надаас уучлалт гуйлгаад суулгаж байгаад Бийг босоход Н Б рүү очоод нэг гараараа заамдаж аваад хоолойг нь шахаад боож байгаад боосон гараа тавихад Б шууд хойшоо толгойныхоо дагз хэсгээр саравчин дотор цементэн дээр гэдрэгээ саваад унасан ба Э Бийн хажууд очиход Б ухаан орохгүй байхаар нь Э борооны тогтоол уснаас аваад Б рүү цацахад хэсэг хугацааны дараа Б ухаан орсон. Тэгээд Бийн дуун нь цаашаа орчихсон толгой өвдөөд байна гэхээр нь нүүр гарыг нь угаалгахаар бид нар Аын машинтай “Гашууны гол” руу явсан бөгөөд гол дээр очоод Бийн нүүрийг угаалгаад гэрт нь хүргэж өгсөн юм. Тэр шөнө Бийг Н боож газар дагзаар нь унагаасан. Харин А, Э нар Бийг зодоогүй юм. Саравчин дотор Н, А, Э нар Бийг зодоогүй юм. Саравчин дотор Н, А, Э нар Бийг дэглэж байхад манай найз Т өөрийн гар утсаар нь бичлэг хийж байсан юм. Бийн толгой руу Н, А, Э нар гараараа болон хөлөөрөө өөр ямар нэгэн зүйлээр зодож цохисон зүйл байхгүй...” гэх /1-р хх-ийн 88-89-р хуудас/ мэдүүлэг,

7. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...намайг машинаас буухад Н гараараа Бийн нүүрний хэсэг рүү цохиж байсан. А, Э, Т нар бас гадаа Н, Б 2-ын хажууд байсан ба үүнтэй зэрэг шахуу Бийн аав, ээж 2 хашааны дотроос гарч ирсэн чинь ээж нь бид нарт хандаж “та нар яаж байгаа юм” гэж асуусан чинь Ааа, Т 2 тэр эгчид “танай хүүхэд чинь манай найзыг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Эгч үүнийг сонсоод “та нар цагдаад хэлээч, эвээр учраа олооч” гэж уурлаж загнаад байсан. Тэр үед Н Бийн хувцаснаас заамдаж бариад доош нь дагуулаад яваад бид нараас 5-6 метр зайнд очсон. Энэ хоёрын араас Бийн аав нь очсон. Бийн аавыг очих хооронд Н гараараа Бийн шанааны хэсэг болон гэдэс рүү цохиж байсан. ...1 дүгээр сургууль яваад машинаа зогсоол дээр нь тавиад сургуулийн дотуур байр луу ордог жижиг булангийн хаалгаар хашаа руу орсон чинь саравчин дотор гэрэл тусаж байхаар нь очсон чинь нөгөө 3 байсан ба Б гарынхаа нударгаар газар тулаад суниах байдалтай байсан. Н Бийн хажууд байсан ба Т гар утасны гэрэл тусгасан байсан. Тэр үед Э “цэрэгт байхад ялаа алуулдаг, тэрийг хийлгэх үү” гэж хэлээд Бд яаж ялаа алуулахыг Э, Н 2 зааж өгөөд Бийн 2 гарыг дээр нь цохиулж суулгаж босгоод байсан. Үүнийг хийж чадахгүй болохоор Н хөлөөрөө Бийн хөл гуяны хэсэг рүү өшиглөсөн. Тэгж байтал хэн нь мэдэхгүй нэг нь Бийг галуун цуваагаар явуулахаар болж саравчны дотор тойруулаад галуун цуваагаар явуулсан. Ингэж галуу цуваагаар явуулж байхад Б явахгүй зогсоод байсан чинь Н Бийн араас бөгс рүү нь өшиглөсөн. Тэр үед Ааа Бд “наад хүүхдээсээ уучлалт гуй” гэж хэлсэн чинь Н, Э 2 Бийг миний урд суу гээд сөгдүүлээд суулгасан. Б надаас уучлалт гуйсан чинь Э Бийг босгоод сандал дээр суулгасан. Тэр үед Ааа бид 2 сандал дээр сууж байсан. Бид 2-ын хажууд Т бид хоёртой ярилцаж байсан. Харин Э, Ааа 2 Тгийн цаад талд тамхи татаад хоорондоо ярилцаж байсан. Б, Э, Н хоёрын хажууханд сандал дээр сууж байсан. Ааа Т бид гурав хоорондоо ярилцаад байж байтал гэнэт “хүн амьсгаадаж” сонин дуугарах чимээ гарахаар нөгөө хэд рүү харсан чинь Н, Бийг боогоод зогсож байхаар нь би тэр хоёр луу очоод Нт “яаж байна аа, наадах чинь үхлээ ш дээ” гэсэн чинь Н Бийг боохоо болиод тавьтал Б эгцээрээ хойш гэдрэг цементэн газар дээр дагзаараа унасан. Н Бийг боож байхад боолт нь ороод Б ухаан алдсан байсан юм байна лээ. Б газар унаад хөдлөхгүй байгаад байхаар нь Бийн нүүр луу ус цацаад байж 2-3 минутын дараа сэрээсэн чинь Б ухаан ороод чимээгүй толгойгоо бариад сууж байснаа “миний толгой өвдөөд байна, би гэртээ очмоор байна” гэж хэлсэн. Э “Гашууны гол” ороод Бийн нүүр, гар, толгойг угаалгая гээд явцгаасан. Тухайн үед Б сууж байгаад өөрөө босоод бид нартай цуг машинд суугаад гашууны гол орсон” гэх /1-р хх-ийн 91-92-р хуудас/ мэдүүлэг,

8. Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр амралтын өдөр байсан тул гэртээ өөрийн хувцас хунараа угааж өнжсөн. ...Тэгээд бид нар унтаж амарч байтал манай аав, ээж хоёр гэрийн гаднаас шуугилдаад орж ирсэн. Тэгэхээр нь би санаа зовоод юу болсон бэ гэж асуухад ээж О “Б найзуудтайгаа хамт буцаад гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд миний санаж байгаагаар үүрээр 04 цагийн үед сэрэхэд манай аав, ээж хоёр хоёулаа гэртээ байхгүй байсан. Тэгээд би гайхаад гэрээс гараад буцаж орж ирээд гэртээ сууж байтал гаднаас Б орж ирсэн. Тэгээд би орж ирэхээр нь дүүгийнхээ царайг нь харахад баруун талын шанаа хэсгээрээ хавдчихсан нүүр нь хөхөрч улайсан байсан. Тэгэхээр нь би толгойны ар хэсгийг нь харахад дагзнаас нь цус гоожоод толгой хэсгээр нь цусны толбо хатчихсан байсан. ...Тэгээд би хашааны үүдэнд зогсож байгаад аав руу залгаад утсаар авахаар нь “ээж та хоёр гэртээ яаралтай ир дүүгийн толгойн бүтэн цус болчихсон байна, миний дүүг алаад хаячихсан юм биш үү хурдан яаралтай ирээчээ” гэж чанга дуугаар орилсон. ...Тэгээд байж байгаад манай дүү Б бөөлжөөд эхэлсэн. Тэгээд би толгойнд нь хүйтэн жин тавиад байж байтал гаднаас аав, ээж хоёр орж ирсэн. Б гэрт орж ирээд надтай нэг ч үг солиогүй. Орон дээр хэвтээд бөөлжөөд байсан. Б шингэн шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байсан” гэх /1-р хх-ийн 93-94-р хуудас/ мэдүүлэг,

9. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цагт ажлаа хүлээж авч 16 цаг хүртэл ажиллаад буусан. Тухайн өдрийн 12 цаг 30 минутад яаралтай түргэн тусламжийн тасгаас насилкаар Б гэх өвчтөн ирж Энхжаргал эмч үзээд өвчтөний түүх авч ирүүлээд эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн үед Б орчны харилцаа сул, ухаан санаа дунд, ил харагдах шарх сорви харагдаагүй. Нүүрэнд ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Манай тасагт тухайн өвчтөн 2 хоног буюу 7 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд эмчлэгдэж байгаад эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасагт 2019 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 8 цагийн орчим шилжсэн. Учир нь өвчтөн Д.Бийн биеийн байдал муудсан учир тухайн тасагт шилжсэн...” гэх /1-р хх-ийн 95-96-р хуудас/ мэдүүлэг,

10. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Рентген техникч Болормаа над руу яриад толгой тархиндаа цус хуралттай хүн байна, та ирж үзлэг хийнэ үү гэж хэлсэн. Тэгээд би тархины томографын өрөөнд очоод өвчтөн Д.Б гэх хүний томографын зургийг харахад тархины хүнд гэмтэл баруун дагз хэсэг нь хугаралтай, хугарлын дор хатуу хальсан дээрх цусан хураатай, зүүн чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураатай, зүүн дух чамархайн хэсэгт тархины эдийн няцралтай, тархины эд доторх цусан хураатай байдалтай зураг байсан. Тэгээд яаралтай түргэн тусламж дээр очоод Д.Бийн биеийг үзэхэд биеийн байдал хүнд, асуултад сул дуугаар хариулсан, орчиндоо харьцаатай, команд идэвх муутай биелүүлж байсан. Зүүн шанаа нүдний эргэн тойрон, хацар орчим хөхөрсөн хавантай, зүүн цээж баруун мөр орчим хөхөрсөн байдалтай байсан. Тархины хаван хөөх булчин сулруулах, өвчин намдаах, цус тогтоох тархины цусан хангамж сайжруулах, шимэгдүүлэх, судас хамгаалах, үрэвслийн эсрэг эмчилгээ хийсэн. Тэгээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тухайн үед Бийн биед ил харагдах шарх, толгой хагарсан зүйл байгаагүй. Ухаан алдсан хүн эгц хойшоо унах боломжтой. Ямар ч байдлаар унах боломжтой” гэх /1-р хх-ийн 97-98-р хуудас/ мэдүүлэг,

11. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэдрэлийн мэс засалч эмчээр ажилдаг юм. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Увс аймагт ирж 22 цаг 20 минутын орчимд мэс засалд орсон. Мэс засалд орохын өмнө хүний биеийн байдал маш хүнд, ухаангүй, комын байдалтай байсан. Хийгдсэн шинжилгээг харахад тархины баруун талыг хамарсан хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн няцрал, тархины эдийн гүн дэх том хэмжээний цус хуралтууд, аалзавчин доорх цус хуралт, гавал ясны хугаралтай байсан. Өвчтөний биеийн байдал, бодит үзлэг хийгдсэн, шинжилгээнүүдэд үндэслээд амь насыг аврах зорилгоор мэс засал хийхээр шийдвэрлэсэн. Улмаар мэс засалд оруулж тархинд хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн гүн дэх цус хуралтуудыг авч тархи дарагдалт чөлөөлөх мэс засал хийсэн. 2019 оны 7 дугаар сарын 31-ний энэ өдрийн байдлаар өвчтөний биеийн байдал ялимгүй дээрдсэн. Эмчилгээ хийгдэж байна. Б нь юм ярих чадваргүй, цаашдын тавилан, амь насны эрсдэл, байдлын хувьд урьдчилж хэлэх боломжгүй. Мөн өвчтөний их биед зөөлөн эдийн гэмтэл буюу мөр, цээж, нүүр хэсэгт хөхрөлт, няцралттай байсан” гэх /1-р хх-ийн 103-104-р хуудас/ мэдүүлэг,

12. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “1. Үзүүлэгч Д.Б-н биед гэмтэл учирсан байна. 2. Тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 7 дугаар сарын 28-нд үүссэн байсан байна. 5. Дээрх гэмтлүүд нь /тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал/ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Д.Бийн биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх /1-р хх-ийн 137-138-р хуудас/ шинжээчийн 558 дугаартай дүгнэлт,

13. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “1. Д.Бийн биеийн гадна хэсэгт учирсан нийт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1,5 хувь орчим талбайг эзэлж байна. 2. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Өөрөөр хэлбэл биеийн гадаргууд учирсан гэмтлүүдийн талбайг тогтоох ба тархинд учирсан гэмтлийг биеийн гадаргууд учирсан гэмтэлтэй нийлүүлж тогтоохгүй. 3. Д.Бийн биед учирсан зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд нь дангаараа буюу тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү талбайг хамарч байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй ба Д.Бийн биед учирсан нийт гэмтлүүдийн аль хүндээр нь буюу Тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу халсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал гэмтлүүдээр гэмтлийн хүнд зэргийг тогтоосон” гэх /1-р хх-ийн 151-152-р хуудас/ шинжээчийн 06 тоот дүгнэлт,

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “1.Д.Б нь одоогоор сэтгэцийн хувьд эмгэгтэй. 2. Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэх үед тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас одоогоор “Тархины доргилтын дараах хам шинж (энцефалопати)” хэмээх өвчнөөр өвчилсөн байна. Уг өвчин нь одоогоор эмчилгээний үе шатандаа байна. 3. Д.Б нь одоогоор болсон үйл явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй. 4. Д.Б нь одоогоор хэрэг хариуцах чадваргүй байна” гэх /1-р хх-ийн 166-168-р хуудас/ шинжээчдийн дүгнэлт,

15. Шүүгдэгч О.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “..Араас “хонда инсайт” маркийн 80-96 УВА улсын дугаартай машин ирж зогсоод Бийг буулгачхаад зугтаагаад явсан. Б машин руу ороод арын суудалд суусан. ...Т “Б бид хоёрыг цагдаа оруулаад өгчих” гэж хэлсэн чинь Б уйлаад “цагдаад хэлбэл дэмий шүү гэж Б хэлсэн” гэхээр нь бид нар цагдаа оролгүй яваад “Бэл булаг” төвийн зогсоол дээр ирсэн. ...Тэр үед Бийн утсаар Т Бтэй ярьсан ба “хаана байгааг нь” асуусан чинь “гурилын үйлдвэрийн дээд талд байна, тэнд хүрээд ир” гэж хэлж байсан тул бид нар Гурилын үйлдвэрийн дээд талд очиход хэн ч байгаагүй. ...Эндээсээ шууд Бээр Бийн гэрийг заалгаж 1 дүгээр 10 жилийн ард замын ард айлд очсон. Уг айлын гадна очиход том хаалга нь онгорхой байсан тул А түрүүлээд хашаа руу орохоор нь араас Э, Т бид 2 хамт ороод хашаан дотор нөгөө Бийг буулгаад явсан Инсайт машин байсан ба уг машины хажуугаас Б гараад ирсэн чинь А шууд Бийг шанаадаж цохисон. Б доошоо тонгойгоод суусан. Тэр үед хэн нь мэдэхгүй нэг нь Бийг өшиглөх шиг чимээ гарсан. Тэр үед гэрийн хаалга онгойх шиг болохоор нь би эргээд хашааны хаалга руу очсон. Тэгтэл араас Э, Т, А, Б 4 алхаад хүрээд ирсэн. Хашааны гадна бүгдээрээ гараад байж байтал Бийн ээж нь гарч ирээд “юу болсон, яагаад манай хүүхдийг цохиж байгаа юм” гэж асуусан. А надад “чи наад эгчтэйгээ уулзаад болсон зүйлийг нь хэлчих” гэхээр нь би тэр эгчтэй очиж уулзаад “танай хүүхэд чинь бидэнтэй хамт явж байгаа охиныг хүчиндсэн байна” гэж хэлсэн чинь надад ямар нэг зүйл хариу хэлээгүй ба “яагаад манай хүүхдийг цохиж байгаа юм” гээд уурлаад байсан. Э, А, Т, Эгийн танил эмэгтэй болон Бтэй хашааны доод талд ярилцаж зогсож байхаар нь би яваад очсон чинь А Бд “би 2 улсын их хурлын гишүүн ахтай, цагдаагийн хурандаа ах ч байна” гэсэн зүйл хэлж байсан. Энэ үед Бийн аав гэх хүн ирээд “юу болсон, яасан” гэж асуусан чинь А тэр ахтай уулзаад “танай хүүхэд чинь нэг найзыг маань хүчиндсэн” гэж хэлсэн чинь аав нь “за за” гээд Бийг дагуулаад бид нараас жоохон холдоод хоорондоо ярилцаад буцаж ирсэн. Б аавтайгаа уулзаад буцаад ирэхээр нь би зөрөөд аав, ээжтэй нь уулзаад “танай хүүхэд чинь манай найзыг хүчиндсэн байна, бид нар танай хүүхэдтэй ярьж болох уу” гэж зөвшөөрөл авах маягтай асуусан чинь аав нь “тэг тэг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бийг дагуулж яваад тэд нараас бага зэргийн холдоод ярилцаад “чи охин хүүхэд хүчиндсэн байна, хүүхдийн амьдралаар тоглосон байна” гэж хэлсэн чинь “би тоглоогүй” гэж хариулахаар нь би “тэгвэл яах юм бэ, маргааш цагдаа дээр уулзъя” гэж хэлсэн. Б бид 2 ярилцаж дуусаад буцаад нөгөө хэд дээр очиж байтал Б “аав, ээж болон цагдаа нарт битгий хэлээрэй, би та нартай хамт явъя” гэж хэлэхээр нь би “өөрөө мэдэхгүй юу” гэж хэлсэн. Б бид 2 нөгөө хэд дээр ирж байтал Э нөгөө согтуу эмэгтэйг хүргэж өгнө гээд машин аваад явсан. Ингэж явахдаа Э надад “Бд цэргийн дэг хийлгэж байгаарай” гэж хэлчхээд явсан. Б тэнд ээжтэйгээ уулзчихаад буцаад бид нар дээр ирсэн юм. Ээж, аав нь гэр лүүгээ орсон. Бид хэд хоорондоо ярилцаад 1 дүгээр 10 жилийн саравч руу очихоор болсон. Тэр үед А, Б 2 урд гараад түрүүлээд явсан. Араас нь Т, Б бид 3 явсан. Би зам дагуу Бийг жоохон газар галуун цуваагаар явуулсан. Тэр үед Т тамхи татсан явж байгаад тамхиа Бийн нуруун дээр унтраачих уу гэхээр би “хэрэггүй” гэж хэлсэн. Би Бээс хөл чинь ядарч байна уу гэж асуусан чинь “ядарч байна” гэж хэлэхээр нь би босгоод алхуулсан. Бид гурав 1 дүгээр сургуулийн хашаа руу арын хаалгаар ороод саравчинд очсон. Уг саравчинд бид нараас өөр хүн байгаагүй. Эхлээд Бийг сандал дээр суулгачихсан байж байтал бид нарын араас А, Б, Э 3 ирсэн. Тэгтэл Э “цэргийн дэг хийлгэнэ” гээд Бээр ялаа алуулсан. Дараа нь нударгаар газарт тулуулж байгаад суниалгаж байхад Бийн нуруу руу би гараараа нэг удаа цохисон. Суниалгаж дуусаад өнцөг бариулна гэсэн зүйл хийлгэсэн ба Бийн толгойн оройг газар тулуулаад 2 хөлийг хойш алцайлгаж зогсоогоод нурууны ард 2 гарыг гаргасан байдалтай болгоод нэлээн удаан байлгасан. Үүний дараа үргэлжлүүлээд Бийн хөлийг хагас суулгаад гарыг өргүүлээд гарыг хагас тойргоор эргүүлээд байсан. Тэр үед А, Бийн гуя руу өвдөглөсөн. Э машин руу яваад пиво авч ирээд кофены аяганд пиво хийгээд А, Э 2 Бийг дарамталж байгаад уулгасан ба А “чи утасны цаанаас их том байна лээ, уулзахаараа аймаар жоохон болчихдог юм байна ш дээ” гэж хэлсэн. Харин Э “наад пивоо уучхаад зүрх ороод жоохон ярилдаа” гэж хэлж байсан. Бд пивоноос аягаар 1 удаа уулгасан. Тэгээд А, Бтэй тэврэлдээд сандал дээр суусан ба А Бд “чи эхнээс нь болсон зүйлийг хэл” гэсэн. Тэр үед би утасны гэрэл тусгасан, Т утсаараа бичлэг хийж байсан. Тухайн үед Бийг Э өвдөглөөд газарт суулгасан байсан ба араас нь Бийн дагз руу алгадаж цохисон. Б тэгтэл “4 пиво авч яваад 2-ыг нь Б, 2-ыг нь би өөрөө уусан, тэгээд би бэлгийн дарамт үзүүлсэн” гэсэн зүйл хэлсэн. Тэгэхэд нь Б инээсэн. Б сууж байхдаа Бээс уучлалт гуйчхаад босон зогсож байгаад буцаад сандал дээр суусан. Нөгөө хэд хоорондоо ярилцаад инээлдээд байж байсан. Би Бийг босгоод Бийн хувцсаар нь хоолойг нь боосон чинь боолт ороод царай сонин болох шиг болохоор нь би сандраад боож байсан хувцсаа тавьчихсан. Б газар унасан. Тэгтэл Э ирээд Бийн толгойны хэсгээс бариад өвөр дээрээ тавиад сууж байсан. Харин Т коланы саванд ус авч ирээд Бийн нүүр лүү нь цацаад 1 удаа алгадсан. Б ухаан ороод сэргээд босоод ирсэн. Би Бээс “зүгээр үү” гэж асуусан чинь “зүгээр” гэхээр нь “тамхи татдаг юм уу” гэсэн чинь “татдаг” гэсэн. Т нэг тамхи өгсөн чинь Б авсан ба уг тамхийг Э асааж өгсөн. Б тамхи татаж байтал А Бд “чамайг сайхан сэргээгээд өгнө, Гашууны гол явна” гэж хэлээд бүгдээрээ явцгаасан. Гол дээр очсоны дараа машинаас Э, Т, Б бид 4 буусан чинь А машиныхаа хөгжмийг чангалаад Бийг “бүжиглэ” гэж хэлсэн чинь нөгөөх нь “бүжиглэж байгаа юм шиг хөдөлгөөн” үзүүлсэн. Б ийм хөдөлгөөн үзүүлж байснаа, “даараад байна” гээд түрүүлээд машинд суусан. Үүнээс хойш 20 гаруй минут бид гурав гадна байж байгаад машинд буцаж орж суусан. Тэндээсээ Бийн гэр лүү очоод Бийг буулгаад Эгийн гэр лүү Цастогтох дэлгүүрийн ойролцоо зам дээр явж байтал Бийн аав, ээж 2 нь манай машины урдуур машинаа оруулж зогсоосон. Ээж, аав хоёр нь машинаас бууж ирээд бид нарт “дагаад манайх руу яв” гэсэн чинь нөгөө хэд намайг “чи явчих” гэхээр нь би нөгөө хүмүүсийн машинд суугаад явсан. Араас нөгөө хэд ирсэн. А ирээд машинд ороод сууж бай гэж хэлчхээд нөгөө хүмүүс рүү очсон. Буцаж ирээд “дахин дуудахааргүй болгочихлоо” гэж хэлсэн” гэх /2-р хх-ийн 48-51-р хуудас/ мэдүүлэг,

-Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Н нь мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг гаргаагүй болно.

16. Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгтэл Б Аын утас руу залгаад “сандарсан байдалтай уйлж яриад, тодорхой зүйл хэлээгүй” утас нь тасарсан. Буцаад залгахаар утас нь холбогдохгүй байсан. ...Араас дахиад нэг машин ирээд зогссон чинь араас Б уйлчихсан байдалтай бууж ирсэн. Нөгөө машин шууд яваад өгсөн. Б бид нарын машины арын суудалд орж ирээд суугаад уйлаад Ттай ярилцаж байсан. Тэгж байтал Б тухайн үед сулхан маш бүдэг дуугаар “Б ахаар хүчиндүүлчихлээ” гэх зүйл хэлэх шиг болтол Т “саяны зөрсөн машиныг хөөгөөрэй” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь дахиад Б рүү ярьсан чинь “гэртээ байна” гэж хэлсэн тул Бээр гэрийг нь заалгаж очоод хашааны гадна зогссон. Бийн хашаа руу А орсон. Араас нь би хашааны хаалганы үүдэн дээр зогссон. Миний хажууд Н бас ирчихсэн зогсож байсан. Тухайн үед Б жорлонгоос гарч ирсэн чинь А, Бийн нүүрний хэсэгт гараараа 1 удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би тэр хоёр луу очоод Бийг хагас тэврэх байдалтай дагуулаад хашаанаас гарсан. Хашаанаас гарсны дараа Б рүү хэрүүл хийгээд үгээр дайрч хэрэлдээд байсан. Тэгэхээр нь Тг Бтэй хэрэлдэхийг нь болиулаад салгаад авсан. Тэгтэл Н Бийг дагуулаад доош эргээд явсан. Тэгтэл Н Б 2 бид нараас жоохон холдтол Н, Бийн нүүр хэсэгт гараараа цохичхоод өвдөглөх шиг болохоор нь би очоод салгаад автал Бийн аав, ээж нь гараад бид нар луу ирсэн. Аав нь “та нар юу болж байгаа юм бэ” гэсэн чинь Т “та нар хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй байна.” гэж хэлснээс болж ээжтэй нь хэрэлдэж эхэлсэн. Тэр үед Ариука машинаас буугаад ирчихсэн бөөлжиж байхаар нь би буцаагаад машинд оруулж суулгасан. Тухайн үед Б өөрөө аав, ээжийгээ дагуулаад бид нараас жоохон холдоод ярилцаад гэр лүү нь оруулчхаад бид нар луу хүрээд ирсэн. Тэр үед би Аын машиныг аваад А “Гашууны гол”-д байх гэрт нь хүргэж өгсөн. Би А хүргэчхээд буцаад явах гэж байтал А над руу утсаар ярьж “1 дүгээр сургууль дээр хүрээд ир” гэхээр нь би шууд очсон чинь А, Б 2 дотуур байрны тэнд байсан ба А “Н, Т нар ирээгүй байна” гэхээр нь бид 3 нийлээд машинтай Бийн гэр лүү яваад зам дээрээс харсан чинь гадна хүн байхгүй болохоор буцаад сургууль орсон. Тэгсэн харин сургуулийн дотор саравчин дотор Н, Т, Б нар ирчихсэн байсан ба Б нударгаараа газарт тулчихсан суниах байдалтай байсан. Б ингэж байж байхдаа хөдлөөд байсан чинь Н” тэнцвэр алдаж байна” гээд нурууны хэсэгт цохисон. Тэр үед А, Бийг босгосон. Тэгтэл Т “би нэг алгадчихъя” гэж хэлээд Бийн хацар луу гараараа сулхан 1 удаа алгадах шиг болсон. Үүний дараа би Бийг суулгаж байгаад ялаа алуулсан. Ялаа алуулж байхад Н “олигтойхон үсэр” гэж хэлсэн байх Бийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Ялаа алуулж дуусгаад Бийг босгочхоод буцаад толгой хөлийг газар тулуулаад бөгс хэсгийг нь дээш нь өргүүлээд “гурвалжин хэлбэрт оруулаад” өнцөг бариулж байлгасан. Өнцөг бариулж байгаад би Бийг босгоод сандал дээр суулгасан. Тэр үед А, Б, Т бид хэд сандал дээр суугаад хоорондоо ярилцаад сууж байсан. Н уг нь тухайн үед зогсож байсан. Тэр хэсэгт Н Бийг би лав анзаарч хараагүй, нөгөө хэдтэй ярилцаж байтал гэнэт “таг” гэх чимээ сонсогдохоор нь чимээ гарсан зүг рүү харсан чинь Б дээшээ хараад газарт хэвтэж байсан. Н урд нь зогсож байсан. Бид нар Наас “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Н “хүүхэд чинь боолт даасангүй” гэж хэлсэн. Тухайн үед би Бд ойрхон сууж байсан тул дөхөж очоод Бийг цээжээр тэврээд харсан чинь ухаан алдсан байсан тул сандраад эргэн тойронд харсан чинь саравчны ойролцоо газарт тогтоол ус харагдахаар нь очиж газарт байсан саванд уснаас хийгээд Бийн нүүр лүү цацсан. Тухайн үед нөгөө хэд бүгд Бийг харсан зогсож байсан ба А машин руу явсан байсан. Б рүү ус цацчихаад сэргэхгүй болохоор сандраад 1-2 удаа алгадсан чинь сэргээд ухаан орсон. Б сэргэж босож ирээд суусан чинь дуу нь сул болсон сонин байдалтай байхаар нь би “чи гайгүй юу” гэж асуусан чинь гайгүй гэж аймаар сул дуугаар хэлсэн. Тэр үед А машинд түрүүлээд суусан. Бид 3 араас нь машинд орж суугаад Бийн гэр лүү явсан. Бийн хашааны гадна очоод зогссон чинь Б өөрөө машинаас буугаад гэр лүүгээ орсон. Бид нар гэр гэр лүүгээ явахаар болоод манай гэр лүү явж байтал Цастогтох дэлгүүрийн ойролцоо зам дээр хөх өнгийн Инсайт машин зам хаагаад зогссон чинь Бийн аав, ээж байсан. Уг хүмүүс бид нарыг дагуулж гэртээ очсон. Уг айлын хашааны гадна очтол Б аав, ээж нь хүүхдээ орж харчхаад “Б зүгээр байна” гэж хэлэхээр нь бид нар явахаар болтол Т Бийн ээжтэй юунаас ч билээ хэрэлдсэн. Тэгэхээр бид нар Тг хэрэлдэхийг болиулаад гэр гэр лүүгээ явсан. ...Би Бийг зодохгүй гэсэн бодолтой байсан тул “ялаа алуулна”, “өнцөг бариулна” гэж бодсон. Уг “ялаа алуулна”, “өнцөг бариулна” гэдгийг би цэрэгт алба хааж байхдаа сурсан. “ялаа алуулна”, “өнцөг бариулна” гэх зүйлийг хийлгэсний дараа Бийг босгоход биеийн байдал хэвийн, ямар нэг өөрчлөлт орсон зүйл байгаагүй.  ...Гашууны голоос Бийн гэрт очиход цаг бараг 4 болж байсан байх гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар Бийн ар гэрт 2.000.000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн...” гэх /2-р хх-ийн 37-40-р хуудас/ мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э нь мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг гаргаагүй болно.

17. Шүүгдэгч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед би өөрийн эзэмшлийн 42-42 УВХ дугаартай “Тоёота ист” маркийн машинтай явж байсан. ...Бийн гэрийг заалгаад очсон чинь хашааны том хаалга нь онгорхой дотор нь Улаан уулын тэнд Бийг буулгаад явсан 80-96 гэх дугаартай машин байсан. Машинаас би түрүүлж буусан, надтай зэрэгцээд араас Э бууж харагдсан. Би ч буугаад шууд хашаа руу ороод нөгөө машин дээр очтол хүн байхгүй байсан. Тэгтэл уг айлын жорлонгоос хүн гараад ирсэн ба би уг хүнээс “Б мөн үү” гэсэн чинь “мөн байна” гэсэн. Тэгэхээр нь би уг хүнд “чи яагаад хүн хүчиндэж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь миний урдаас “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд над руу дөхөөд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Бийг намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод гараа атгаж байгаад Бийн хацар хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл хажуугаас Э Бд “чи яагаад хүн хүчиндэж байгаа юм” гэж хэлээд нэг талын гараараа тэвэрсэн байдалтай бариад хаалга руу чиглээд явсан. Би тэр үед Эгийн талд явж байсан. Бид нарын урдаас Н ирээд Бд “чи хүн хүчинддэг ямар овоо гар вэ” гэж хэлээд Бийн гэдэсний хэсэг рүү жийх байдалтай өшиглөөд хувцаснаас нь заамдаж бариад хаалга руу чиглээд явсан. Бид нар бүгдээрээ хаалгаар хашааны гадна гарсан. Т, Б 2 тухайн үед машинаас бас буучихсан машины хажууд зогссон бид нарыг харж байсан. Хашааны гадна Бийг гартал Т “за яагаад хүн хүчиндэж байгаа юм” гэж хэлж уурлаад хэрүүл хийгээд дайраад байсан. Т Б рүү хэрүүл хийгээд дайраад болихгүй шинжтэй байхаар нь би Эг “Тг салгаад аваач” гээд Тг Бээс холдуулсан. Тэгтэл Н “би Бтэй уулзаадахъя” гээд дагуулаад доош нь эргээд Бийн хашааны доод талын хашааны хаалганы ойролцоо очоод зогсоод ярилцаж байсан. Гэнэт Н Бийн бие рүү гар, хөлөөрөө цохиод эхэлсэн. Яг хаашаа нь яаж цохиж байгаа нь сайн харагдахгүй байсан ба ямар ч байсан цохиод эхэлсэн. Тэгэхээр нь Э бид хоёр нөгөө хоёрыг салгахаар очтол Н хөлөөрөө Бийн хөлийн тахим хэсэгт, гараараа толгойны 2 тал руу цохиж байхад нь Э Ныг салгаад аваад явсан. Тэгэхээр нь би Бээс “чамайг яагаад цохиод байгаа юм” гэж асуусан чинь Б “буруу юм хийсэн болохоор цохиуллаа” гэхээр нь “за за тийм бол очоод уучлалт гуйгаад, салаад явцгаая” гэж хэлээд нөгөө хэд рүү эргээд явтал урдаас Н буцаж ирээд Бийн гэдэс рүү өшиглөөд, гараараа гэдэс рүү элэгдэж цохитол Б тонгойсон чинь нурууны хэсэг рүү цохисон. Тэр үед Бийн хашаанаас  2 хүн гарч ирсэн чинь аав, ээж нь байсан. Н Бийг цохиж байхыг аав, ээж харсан ба уурласан байдалтай бид нар дээр ирсэн. Тэр үед Т ээжид нь “Та хүүхдээ хүмүүжүүлж байхгүй яасан юм, хүн хүчиндчихээд байна ш дээ” гэсэн чинь ээж нь “миний хүүхэд тийм хүн биш ээ” гээд Ттай хэрэлдээд эхэлсэн. ...Би Б рүү очоод “чи болсон зүйлээ үнэнээр нь хэлчихээ, ээж чинь итгэхгүй, хүн барьж идчих гээд дайраад байна” гэж хэлсэн чинь Б аав, ээж рүүгээ очоод дагуулаад бид нараас бага зэргийн холдоод “би энэ хүүхдүүдтэй ярилцаад орлоо, та 2 орж бай” гэж хэлээд аав, ээжийгээ гэр лүү нь орчуулчихсан. Би Бтэй цуг түрүүлж алхаад 1 дүгээр сургууль чиглээд замаар явсан. Бид 2-ын араас Н, Т, Б 3 явж байсан. Б бид ардаа эргэж харахгүй яваад дотуур байр луу жижиг булангийн хэсгээр сургуулийн хашаа руу ороод саравчинд очсон. Тэгтэл нөгөө 3 харагдахгүй байсан ба 10 минут орчим хугацаанд хүлээж суусан чинь хэн ч ирээгүй. Б бид 2 буцаж гарсан чинь Э ганцаараа ирэхээр нь Б бид 2 машинд суугаад бид буцаж 3 Бийн гэрийн гадна зам дээрээс харсан чинь хашааны гадна хүн байхгүй, хашааны доторхыг анзаарч хараагүй. Тэгээд буцаад дотуур байр луу ордог хэсэгт ирээд машинаа үлдээгээд саравч руу орохоор явсан. Тэгтэл саравчин дотор Н, Т, Б 3 байсан ба Б суниасан юм шиг нударгаараа газар тулчихсан байсан. Т утасны гэрлээ асаачихсан, Н Бийн хажууд зогсож байсан. Би “та нар хаагуур явж ирсэн бэ” гэсэн чинь Н “бид нар замаар л ирлээ” гэхээр нь “ямар удаан явж ирдэг юм” гэсэн чинь “галуун цуваагаар яваад ирлээ” гэж хэлсэн. Би Бийг харангуутаа “одоо бос бос” гэсэн чинь Н “хүүхдийг босгож болохгүй” гээд дахиад ямар нэгэн зүйл хийлгэнэ гэсэн. Тэгээд байж байтал Бийг суулгаж босгоод сандал дээр суулгах гэсэн чинь Н “газар дээр өвдгөөрөө сөгдөөд суу” гэж хэлээд газарт сөгдөөд суулгуулчихсан. Тэгэхээр нь би дахиад “Бийг сандал дээр суучихаа” гэсэн чинь Б “би өөрөө газар дээр сууж байя” гэж хэлсэн. Т уг нь утсаараа гэрэл асаачихсан байж харагдсан ба “бичлэг хийчихье, баталгаатай нь дээр” гэж хэлээд бичлэг хийж эхэлсэн ба “чи Бийг хүчиндсэн юм уу” гэж асуусан чинь Б “бүдэг дуугаар юм хэлээд сайн сонсогдохгүй” байсан чинь Н “олигтой чанга дуугар” гээд Бийн нуруу руу гараараа цохисон. Тэгтэл Б чанга дуугаар “би хүчиндсэн үнэн” гэж хэлсэн. Тэгтэл Т Бээс “би чамайг 1 цохичих уу” гэж асуусан чинь Б “тэг тэг” гээд зөвшөөрсөн. Тэгэнгүүт Т гараараа Бийн хацрын хэсэгт зөөлхөн 1 цохисон. Тэр үед Э “цэрэгт яаж ялаа алуулдгийг үзүүлье” гээд Бийг газарт гараар тулуулж толгойг нь доош нь харуулаад хөлийг дээш нь болгоод саравчны мод түшүүлээд хэсэг хугацаанд байлгасан чинь Б “толгой эргэж байна, бие эвгүйрхэж байна” гэж хэлээд өөрөө хөлөө буулгаад толгойгоо бариад суусан. Тэр үед би Бтэй ярилцаад сандал дээр сууж байсан. Хажууханд Т, Э 2 сууж байсан. Тэр үед би Бд “цаг орой боллоо, чиний ээж, аавын санаа зовж байгаа байх, нэгжтэй утастай нэг нь яриулчих” гэж хэлсэн чинь Н утсаа өгч Бийг гэр лүү нь яриулсан ба “би удахгүй очлоо” гэж хэлсэн. Үүний дараа Н Б 2 зогсчихсон ярилцаж байсан тул бид нар ч нээх анзааралгүй сууж байтал гэнэт тас гэх чимээ гарсан. Тухайн үед Б нь Н, Б 2-ыг хараад сууж байх шиг байсан. Чимээ гарсан зүгт харсан чинь Б цементэн газар дээр дээш хараад хэвтэж байсан. Н хажууд нь зогсож байсан. Э тэр хоёртой ойрхон сууж байсан тул босож очоод Бийн цээж хэсгээс тэврээд өндийлгөсөн чинь ухаан алдсан байсан ба Нямбараас “юу болсон бэ” гэсэн чинь Н “хүүхэд чинь боолт даалгүй уначихлаа” гэж хэлж байсан. Тэр үед нөгөө хэд бүгд ирчихсэн Бийг хараад зогсож байсан. Э Бийн хацар луу ганц 2 алгадтал Б ч ухаан орж сэргэсэн чинь дуу нь их муу сул болсон байсан ба “толгой өвдөөд, дотор эвгүйрээд байна” гэж хэлсэн. Тухайн үед бид нар бүгдээрээ сандралдаж эхэлсэн. Би машин руу явж ус хайсан чинь юу ч байхгүй байсан ба үлдэгдэл пиво байхаар нь авч очоод Бд “энэнээс уух юм уу, өөр уух юм алга гээд стаканд хийж өгсөн чинь Б жоохон уучхаад буцаагаад өгсөн. Бид нар ямар ч байсан Гашууны гол явахаар болсон. Гол дээр очоод Н Т, Э Б нар машинаас буусан ба бүгдээрээ голын усаар нүүр гараа угааж байсан. Нөгөө хэдээс түрүүлээд Б машинд орж ирээд суусан чинь Бээс бөөлжис, эвгүй үнэр үнэртсэн. Тэгэхээр би Бээс “бие нь зүгээр үү” гэсэн чинь “бие муу байна” гэж хэлээд бөөлжих гээд огьсон. Гадна байсан нөгөө хэд ч машинд орж ирж суугаад Бийг гэрт нь хүргэж өгсөн ба хашааны гадна очсон чинь хашааны хаалга онгорхой байсан ба дотор нь байсан нөгөө машин байхгүй байсан. Б өөрөө машинаас буугаад гэр лүүгээ орсон. ...Маргааш нь үд дундын үед Нтай утсаар ярьсан чинь “Бийн гэрээс ярьж байна, эмнэлэгт байна гэнэ, хүрээд ир” гэхээр нь би эмнэлэг дээр очсон чинь Э, Н, Т, Бийн ээж нар саравчинд байсан. Ээж нь “та нар хүүхэд яаж байгаа юм бэ” гээд байсан. Тэгэхэд Б эмнэлэгт ирээд хэвтчихсэн байсан. Тухайн үед Т ээжтэй нь хэрэлдээд маргалдаад байсан. Мөн Бийн аав эмнэлэг дотроос гарч ирээд бид нар луу уурлаад байсан. Бид бүгдээрээ эмнэлэг рүү ороод Бтэй уулзсан. 2 билүү 3-р давхрын нэг тасагт орсон чинь өрөөнд Б хэвтэж байсан. Бид хэд ороод Бтэй уулзсан чинь Бийн хэл яриа сул боловч ярилцаж байсан. Буцаж гараад гадна саравчинд байж байсан чинь нэг эгч бид нар дээр ирээд “би Бийн аавын хамаатан Б гэх өмгөөлөгч байна, юу болсныг Бээс сонслоо, та нар цагдаагаар асуудлаа шийдэх юм уу эсвэл онгоцных нь билетийн мөнгийг өгчих юм уу” гэхээр нь бид нар “билетийн мөнгийг нь өгчихье, цагдаагаар явмааргүй байна” гэсэн чинь “маргааш онгоцоор явна, мөнгийг маргааш аваад ир” гэж хэлсэн. Мөн тэр Б гэх хүн “та нар онгоцны зардлаа л өгчих, асуудлаа ингээд шийдчихье, та нар хүчиндүүлсэн гэсэн хэргээ цагдаад хэлэхгүй, бид нар зодуулсан гэсэн хэргээ цагдаад хэлэхгүй өнгөрөөе, та нар онгоцны 4 хүний зардлаа төлчих” гэж хэлсэн. Тэндээсээ бид нар тараад дор дороо мөнгө хайж эхэлсэн. Ийм л зүйл болсон” гэх /2-р хх-ийн 25-29-р хуудас/ мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.А нь мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг гаргаагүй болно.

18. Шүүгдэгч Д.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “2019 оны 7 дугаар сарын 27-ны орой Б утсаар ярихаар нь би “хаана байгааг нь асуусан чинь” Б уйлаад “намайг Улаан уул дээрээс ирээд авчих” гэж хэлээд утас нь тасарсан. ...Тэгж байтал Улаан уул талаас нэг машин ирээд зогсоод арын суудлаас Б уйлчихсан бууж иртэл нөгөө машин маш хурдтай яваад өгсөн. Б машинд орж арын суудалд суугаад бид нарт юу ч хэлэхгүй уйлаад байсан. Б уйлж байснаа тайвшрах шиг болоод миний чихэнд “намайг хүчиндчихлээ” гэхээр нь “саяны машинтай хэн юм” гэсэн чинь “Б” гэж хэлсэн. Тэр үед Н надаас Б яагаад уйлаад байгааг асуухаар нь “саяны машинтай залуу Бийг хүчиндсэн байна” гэдгийг хэлснээр уг асуудлыг машин дотор байсан хүмүүс бүгд мэдсэн. Тэгтэл А машинаа асаагаад нөгөө машины араас явсан. Тэр машин хаашаа явсныг мэдэхгүй, харагдахгүй байсан. А нэлээн хурдтай явж эхэлсэн ба засмал замаараа явж байгаад Цагдаагийн газрын ойролцоо ирж байхад би Ат “машинаа зогсоочих, Б бид 2 цагдаа ороод үнэн учраа хэлээд, тэр залууг олоод авъя, та нар явж бай” гэсэн чинь А “үгүй, миний машин асуудалтай, цагдаа руу орж болохгүй, бөөн асуудал болно” гэж хэлсэн. ...Бийг Б рүү яриулж хаана байгааг нь асуусан чинь “гэртээ байна” гэж хэлээд яриагаа дуусгасан. А Бээс “гэрийг нь мэдэх юм уу” гэсэн чинь Б “мэднэ” гэсэн. Бээр хүчинддэг залуугийн гэрийг залгаад 1 дүгээр сургуулийн ар талд замын ард улбар шар хаалгатай айлыг зааж хүргэсэн. Уг айлын гадна очтол хашааны том хаалга онгорхой байсан тул Н, А, Э түрүүлээд уг хашаа руу орсон. Араас нь Б бид 2 машинаас буугаад хашааны хаалганы үүдэн хэсэгт зогсоод нөгөө хэдийг хараад зогссон. ...А, Н, Э 3 тэр залуу руу дөхөж очтол А нь уг залуугийн цамцны дал мөрний хэсгээс татаж өөр лүүгээ эргүүлээд гараараа шанаа руу нь цохисон. Тэр үед Э, Н хоёр нөгөө хоёр дээр /А, Б 2-ыг хэлж байна/ очоод хүчинддэг залууг зодоод байх шиг л бужигналдаад эхэлсэн. Тэд нарын хооронд яг юу болоод бужигнаад байгааг нь сайн мэдэгдэхгүй байсан. Тэгтэл Э “одоо байж бай, байж бай” гээд хүчинддэг залууг татаад хашаанаас гарч ирсэн. Нөгөө хэд ч ба хашаанаас гарсан. Нөгөө хэд хашаанаас гарах үед Б бид 2 хашаанаас гарсан чинь нөгөө хүчинддэг залуу хашааны буланд суучихсан, нөгөө хэд уг залуугаас юм асуугаад “болиоч, ичээч” гээд асуугаад ярилцаж байсан. Тэр үед би нөгөө хэд рүү очоод Бийг хүчинддэг залуугаас “чи Бийг хүчинддэг залуу мөн үү, өөрөөсөө ичээчээ, манай найз дөнгөж 12-р анги төгссөн, 17 настай, ийм жоохон хүүхэд хүчиндэхээсээ ичээч, яаж ийм бузар хэрэг хийж чадаж байна” гэж хэлсэн. Тэр үед Бийн ээж, аав нь хашааны гадна гарч бид нарын хажууд ээж нь “юу болж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл хүчинддэг Б өөрөө аав, ээжийгээ гэр лүүгээ оруулсан. Ингэж оруулахаас өмнө Б нь Э, А нарт “болсон асуудлыг аав, ээж 2-т битгий хэлээч” гэж гуйж байгаа нь сонсогдсон. Бийн аав, ээж нь ч өөрсдөө орсон. Тэгээд Н Бийг “ийшээ явъя” гээд хувцаснаас татаад зам руу чиглээд явсан. Харин Э нөгөө согтуу эмэгтэйг гэрт нь хүргэхээр машин аваад явсан. Үлдсэн бид хэд машингүй болсон тул зам руу гараад явсан. Тухайн үед бид нар хаашаа явах нь тодорхойгүй байсан. Зам дээр гараад хамгийн түрүүнд А, Б 2 урд гараад түрүүлээд явсан. Ард нь Н, Б бид 3 явсан. А, Б бид 2 бид хэдээс жоохон зайнд гараад явчихсан. Ард нь бид 3 засмалын хажуугийн явган хүний замаар явж байтал Н Бд “доошоо суу, галуун цуваагаар яв” гэж хэлээд доош суулгаад явуулж эхэлсэн. Ингэж явуулж байхад Н Бээс “цэрэгт явж байсан уу” гэж мэтчилэн зүйл ярьж асууж байсан. Тухайн үед би утсаа оролдож явж байсан тул гэнэт утсандаа бичлэг хийж эхэлсэн. Ямар нэгэн санаа, зорилго агуулсан бодолгүй л бичлэг хийгдсэн. Бийн гэрийнхэн урд талын 3 замын уулзварын явган хүний замаас эхлээд уг явган хүний зам дуусах хүртэл галуун цуваагаар явуулж байгаад босгосон. Тэгээд бид гурав 1 дүгээр сургуулийн арын хашааны хаалгаар яваад саравчинд очиж суусан. Уг саравчинд бид 3-аас өөр хүн байгаагүй. Бид 3 саравчинд байж байтал Н Бийг суниалгаж байтал ойролцоогоор 5 минутын дараа А, Б, Э нар хамт бид нар дээр ирсэн. Э, А, Б 3 ирсний дараа Бийг гар дээрээ суниалгахыг болиулсан. Тэр үед Э ялаа алуулна гээд Бийг суулгаж босгоод гарын нь дээр цохиулаад байсан. Тэр үед би Бийг ямар нэгэн зүйл хэлэх, ярих болов уу гэсэн үүднээс утсан дээрээ дахиад бичлэг хийсэн. Бийг ялаа алуулаад Э Н 2 дэглээд байсан. Энэ 2 ялаа алуулж байна гээд юм хийлгэж байгаад Бийг босгож зогсоосон. Тэр үед би Б рүү дөхөж очоод “чи ичээчээ, арчаагүй амьтан бэ” гэсэн зүйл хэлээд найзыг маань хүчиндсэнд гомдоод мөр лүү нь 1 л удаа зөөлөн чичсэн. Тэгээд Б, А бид 3 тусдаа ярилцаад саравчны сандал дээр сууцгаасан. Тэр үед гэнэт хүн эвгүй дуугарах чимээ гарахаар нь тэр чимээ гарсан зүг рүү харсан чинь Бийн хоолойг Н 2 гараараа боогоод өргөсөн байснаас ийм эвгүй чимээ гарсан байсан. Нт “болиочээ, яаж байгаа юм бэ, наад хүн чинь үхлээ ш дээ” гээд тал талаас хэлсэн. Тэгтэл Н Бийг боож боосон гараа тавьчихсан чинь Б газарт унасан. Б газарт уначхаад чимээгүй болчихоор нь А, Б, бид 3 Б рүү дөхөж очоод “босгох” гэсэн чинь хөдлөхгүй байхаар нь ухаан алдсан юм байна гэж бодсон. Бид 3 Бийг босгох гээд хувцаснаас татсан боловч хөдлөхгүй байгаад байсан. Тэр үед Э Бийн нүүр лүү чиглээд ус цацсан чинь сэргээд ухаан орсон. Бийг Э татаж босгоод газарт суулгасан. Б сууж байгаад боссон. Тэр үед Э бид нарт “Бийг гол авч гараад сэргээгээд гэрт нь хүргэж өгье” гэж хэлсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад “Гашууны гол” орохоор явсан. Гол дээр очоод Э Бийг машинаас дагуулж буугаад нүүр гарыг нь угааж харагдсан. Тэгээд буцаж суугаад Бийн гэр лүү шууд явсан. Бийн гэрийн хашааны гадна очоод нэг нь Бийг хашаа руу оруулсан. Хэн нь оруулсныг мэдэхгүй байна. Тэгээд бүгд машиндаа суугаад гэр гэр лүүгээ явахаар хөдөлсөн. Тэгээд бид нар замаар явж байгаад Цастогтох дэлгүүрийн ойролцоо явж байтал урдаас нэг машин ирээд сигналдаж машин зогсоосон. Уг машинаас Бийн аав, ээж нь уурласан байдалтай бууж ирээд бид нар луу ирээд “Бийг асуусан” чинь бид нар “гэрт нь хүргэж өгсөн” гэж хэлсэн. Бийн аав ардаас нь дагаж яв гээд бид нарыг гэр лүүгээ дагуулаад явсан. Гэрийн гадна очоод хашааны гадна зогсож байтал аав, ээж нь гэр лүүгээ орох шиг болсон. Удалгүй буцаж аав, ээж нь гадна гарч ирсэн. Тэгтэл ээж нь Бийг хашаа руу дагуулж ороод уулзах шиг болсон. Тэгээд л бид нар тэндээс гэр гэр лүүгээ явсан. Б бид 2 манайд очиж хоносон. Тэр орой ийм л зүйл болсон” гэх /2-р хх-ийн 14-17-р хуудас/ мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Т нь мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг гаргаагүй болно.

19. Хохирогч Д.Бийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 183-204-р хуудас/,

20. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-ийн 207-226-р хуудас/,

21. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 1/591 тоот албан бичиг /1-р хх-ийн 230-р хуудас/,

22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсаргасан хохиролтой холбоотой баримтууд, хохирлын тооцоо гаргасан баримт /2-р хх-ийн148-204-р хуудас/ зэрэг баримтууд болно.    

Мөн шүүгдэгч Д.Тгийн гар утсанд үзлэг хийх явцад бэхжүүлэгдсэн бичлэгийг хуулбарласан СиДи 1 ширхгийг мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол /1-р хх-ийн 46-р хуудас/-оор эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд уг СиДи бичлэгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан болно.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэрчээр өгсөн О.Н, Э, Х.А, Д.Т нарын мэдүүлгүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ...эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчиж авсан байх тул дээрх гэрчээр өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар нь бүлэглэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Д.Бийг удаан хугацаагаар тохуурхан доромжилж, явган суулгаж явуулах /галуун цуваагаар явуулсан/, гарын нударга дээр газарт суниалгах, толгойгоор нь газар тонгойлгон түшүүлэх, суулгаж босгох /ялаа алах/, зодох зэрэг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн үйлдэл хийж, улмаар хоолойг нь боож ухаан алдуулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэрч Б.Б “...Б гарынхаа нударгаар газар тулаад суниах байдалтай байсан. Н Бийн хажууд байсан ба Т гар утасны гэрэл тусгасан байсан. Тэр үед Э “цэрэгт байхад ялаа алуулдаг, тэрийг хийлгэх үү” гэж хэлээд Бд яаж ялаа алахыг Э, Н 2 зааж өгөөд Бийн 2 гарыг дээр нь цохиулж суулгаж босгоод байсан. Үүнийг хийж чадахгүй болохоор Н хөлөөрөө Бийн хөл гуяны хэсэг рүү өшиглөсөн. Тэгж байтал хэн нь мэдэхгүй нэг нь Бийг галуун цуваагаар явуулахаар болж саравчны дотор тойруулаад галуун цуваагаар явуулсан. Ингэж галуу цуваагаар явуулж байхад Б явахгүй зогсоод байсан чинь Н Бийн араас бөгс рүү нь өшиглөсөн. ...Мөн Бээр хоёр хөлийг нь газар дээр байлгаж байгаад гарын нуруун дээр нь бариулж байгаад тонгойлгоод газар толгойгоор нь тулуулаад байсан. ...Тэгж байгаад Б сандал дээр суусан. Тэгтэл тэд нар Бийг миний өмнө сөгдүүлээд надаас уучлалт гуйлгаад суулгаж байгаад Бийг босоход Н Б рүү очоод нэг гараараа заамдаж аваад хоолойг нь шахаад боож байгаад боосон гараа тавихад Б шууд хойшоо толгойныхоо дагз хэсгээр саравчин дотор цементэн дээр гэдрэгээ саваад унасан ба Э Бийн хажууд очиход Б ухаан орохгүй байхаар нь Э борооны тогтоол уснаас аваад Б рүү цацахад хэсэг хугацааны дараа Б ухаан орсон. Тэгээд Бийн дуу нь цаашаа орчихсон толгой өвдөөд байна гэхээр нь нүүр гарыг нь угаалгахаар бид нар Аын машинтай “Гашууны гол” руу явсан бөгөөд гол дээр очоод Бийн нүүрийг угаалгаад гэрт нь хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаартай дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцогдсон СиДи зэрэг баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл учирсан.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн өөрөөр хэлбэл бүлэглэж үйлдсэн/, 2.2 /хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн/, 2.3 /бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн/ гэж зүйлчилжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Н нь гэм буруугаа хүлээж, шүүгдэгч Х.А, Б.Э нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар гэм буруугийн талаар маргасан болно.

Тухайлбал шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Ж.Жаргалбаяр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхбат нь гэмт хэргийг бүлэглэн үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг өөрчлүүлэх, шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулаагүй тул цагаатгуулах байр сууринаас тус тус оролцсон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

Бүлэглэж гэдэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгоно. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг хамтран үйлдэх талаар гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь ч байж болно.

Мөн хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэж хохирогчийн нэр төр, А хүндийг гутаан, ёс бусаар авирласан /хохирогчийг элэг доог хийх, бах таваа хангах/ үйлдлийг, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэж хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон үйлдлийг ойлгоно.  

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нар хохирогчийг элэг доог хийж, цэргийн дэглэлт үзүүлэх /ялаа алуулах/ үйлдэл хийлгэсэн, нударгаар нь газар суниалгах, явган буюу галуун цуваагаар удаан хугацаагаар явуулсан, газарт толгойгоор нь тонгойлгон тулуулж хоёр гарыг нь ард нь авхуулан зогсоосон, үг дуугарч чадахгүй байхад нь заавал уучлал гуйлгах гэж элдвээр хэлж үүнийгээ гар утсан дээр бичиж, зургийг нь авсан, эцэст нь хоолойг нь өмсөж явсан цамцных нь захаар боож ухаан балартуулсан, үүний улмаас хохирогч ухаангүй болж газарт унасан нөхцөл байдал харагдаж байна.

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааны хувьд хохирогч Д.Бийн бусдыг буюу гэрч Б.Б гэгчийг хүчиндсэн гэх асуудлаас үүдэн хувийн сэдэлтээр үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцогдсон СиДи бичлэг зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч нар нь энэ  гэмт хэргийг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон,  хохирогчийг зүй бус үг хэллэгээр өдөөн дарамтлан заналхийлж, олон хүний сүр хүчийг харуулсан үйлдэл хийсэн болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диксэнд хадгалагдсан дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна.

Иймд шүүхээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодод нь гэмтэл учруулсан байдаг онцлогтой бөгөөд хэргийн хувьд шүүгдэгч нар найзыг нь хүчиндсэн гэх тодорхой хувийн шалтгаанаар хохирогчийн бие махбодод халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул шүүгдэгч Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг өөрчлүүлэх, шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь Д.Тг цагаатгуулах хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Дарьжав нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэх дүгнэлтийг гаргасан болно. 

 Хохирол, хор уршгийн талаар:

 Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас тархиндаа хүнд зэргийн гэмтэл авсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оаас гэмт хэргийн хохиролд шүүгдэгч нараас нийт 37.172.660 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцно

Дээрх нэхэмжилсэн нийт 37.172.660 төгрөгийн хохирлоос дараах зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

-Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилсэн  байна.

Сэтгэл санааны хохирлыг сэтгэл санааны хохирол хүлээгч этгээд өөрт учирсан сэтгэл санааны зовуурь, шаналлаар илэрхийлэх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн  230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд үүнийг хэрхэн үнэлэх нь хуульд тусгайлан заагдсан байх ёстойгоос гадна энэ тохиолдолд хохирогч Д.Б нь хэрэг хариуцах чадваргүй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Д.Бийг өөрийн сэтгэл санаанд учирсан зовуурь, шаналлыг илэрхийлэх чадваргүй байх тул хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

          -Иргэн Ц.О нь “2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 2019 оны 11 сарын 05-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд Д.Бийг өдөр бүр Баянзүрх дүүрэг, Дамбадаржаагаас Гэмтэл согог үндэсний төвд болон улсын 3 дугаар эмнэлэгт хүргэж өгч буцаад гэрт нь хүргэх үйлчилгээ үзүүлж 1 удаагийн такси үйлчилгээнд 18.000 төгрөгөөр тооцож /50 хоног/ 900.000 төгрөг авсан” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 163-р хуудас/-ыг гаргажээ.

Хохирогч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ГССҮТөвд нөхцөл сайжруулсан өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан /2-р хх-ийн 181-р хуудасны ар тал/, үргэлжлүүлэн “Далд засал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/-т авагдсан байх тул иргэн Ц.О гаргасан тодорхойлолт нь үндэслэлгүй байна шүүх үзлээ.

 -Хохирогч Д.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Med Trauma” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэж 320.000 төгрөгийн төлбөр төлсөн баримт /2-р хх-ийн 199-р хуудасны ар тал/ авагдсан боловч уг эмнэлэгт төлсөн 320.000 төгрөгийн төлбөрийн И баримтын хувийг /2-р хх-ийн 202-р хуудасны ар тал/ хавсарган эмчилгээний зардалд давхардуулан тооцож нэхэмжилсэн байна.

Тиймээс дээрх такси үйлчилгээнд төлсөн гэх 900.000 төгрөг, давхардуулсан эмчилгээний төлбөр 320.000 төгрөг нийт 1.120.000 төгрөг дээр сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөг, нийт 11.220.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 25.952.660 төгрөгийг шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс нь 6.488.165 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч О.Наас 1.900.000 төгрөгийг төлсөн тул 4.588.165 төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч Б.Эгээс 2.000.000 төгрөгийг төлсөн тул 4.488.165 төгрөгийг гаргуулахаар, Х.Ааас 1.200.000 төгрөгийг төлсөн тул 5.288.165 төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч Д.Тгаас 6.488.165 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэснийг шүүгдэгч нар нь шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргаж, шүүхээс тогтоосон хор уршгийг шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э нар нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Т 2.700.000 төгрөгийг төлсөн, үлдэх 3.788.165 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин шүүгдэгч Д.Т бусдад учруулсан хохирлоо хэсэгчлэн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Нын хувийн байдлыг тогтоосон гэрч М.О мэдүүлэг /1-р хх-ийн 117-р хуудас/, гэрч Б.Б мэдүүлэг /1-р хх-ийн 118-119-р хуудас/, гэрч М.Г мэдүүлэг /1-р хх-ийн 120-р хуудас/, гэрч Л.Т мэдүүлэг /1-р хх-ийн 129-130-р хуудас/, гэрч Н.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /2-р хх-ийн 73-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 81-р хуудас/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 100-105-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч О.Н нь урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Х.Аын хувийн байдлыг тогтоосон гэрч Ю.Х  мэдүүлэг /1-р хх-ийн 105-р хуудас/, гэрч Ю.О мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/, гэрч Ж.Аийн мэдүүлэг /1-р хх-ийн 108-р хуудас/, гэрч З.М мэдүүлэг /1-р хх-ийн 109-р хуудас/, гэрч Н.Э мэдүүлэг /1-р хх-ийн 110-р хуудас/, гэрч Д.Э мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 82-р хуудас/, сурагчийн хувийн хэргийн болон боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 121-126-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Х.А нь урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Б.Эгийн хувийн байдлыг тогтоосон гэрч У.Б мэдүүлэг /1-р хх-ийн 112-р хуудас/, гэрч Х.Ц мэдүүлэг /1-р хх-ийн 113-114-р хуудас/, гэрч Д.Жийн мэдүүлэг /1-р хх-ийн 115-116-р хуудас/, гэрч Л.Т мэдүүлэг /1-р хх-ийн 129-130-р хуудас/, гэрч Н.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 83-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 107-118-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Э нь урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй,

Мөн шүүгдэгч Д.Тгийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ж.Т мэдүүлэг /1-р хх-ийн 121-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.О мэдүүлэг /1-р хх-ийн 123-124-р хуудас/, гэрч Ц.Өы мэдүүлэг /1-р хх-ийн 125-126-р хуудас/, гэрч Н.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/, гэрч Ц.О мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р хуудас/, нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 250-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 61-р хуудас/, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /2-р хх-ийн 79-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 84-р хуудас/, жирэмсэн эхийн хяналтын хөтөч картын хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Д.Т нь урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялын санал гаргасан.  

Шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгч О.Н нь хохирогчид учруулсан хохирлоо шүүхээс тогтоосон хэмжээгээр бүрэн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 4 сартай нялх хүүхэдтэй, эхнэр нь энэ хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар хүүхдээ эцэгт нь орхиод явсан, энэ нь багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь “Шүүгдэгч Д.Т нь хохирлыг хэсэгчлэн төлж, үлдэх хохирлыг 45 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн 12 долоо хоногтой жирэмсэн болох нь жирэмсэн эхийн хяналтын хөтөч картын хуулбараар нотлогдож байна. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 11 сар 04 хоногтой байсан буюу 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгаж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгч Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхбат нь “Миний үйлчлүүлэгчдийн үйлдэл оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч О.Нын хувьд хэдийгээр ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт амьдардаг, 4 сартай охинтойгоо байгаа, хүүхдийн ээж нь Улаанбаатар хотод байгаа гэх боловч албан ёсоор асран хамгаалагчаар нь тогтоогдоогүй, ам бүлийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт эргэлзээтэй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь өөрийн үйлдэл, үйлдлийн улмаас бий болсон үр дагавар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан/, хууль зүйн дүгнэлт буюу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар урьдчилсан нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан талаараа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа гэм буруугийн шүүх хуралдаанд илэрхийлсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжгүй, шүүгдэгч О.Нт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч О.Наас бусад шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэж мэдүүлэг гаргаж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.2, 2.3-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Тд 6 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.А, Б.Э нарт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн гар утас 1 ширхэг, хохирогчийн 1 ширхэг цамц, 1 ширхэг жинсэн өмд, 1 хос сандаалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.От буцаан олгож, дүрс бичлэг бүхий дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр тогтов.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Эгийн Хаан банкны 5758036915 дугаартай данс, дундын өмчлөлийн 804 м2  газар тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О Н, Б овогт Х А, Ш овогт Б Э, А овогт Д Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч О.Нт 7 жил хорих ял,

-шүүгдэгч Д.Тд 6 жил 9 сар хорих ял,

-шүүгдэгч Х.А, Б.Э нарт тус бүрт нь 6 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан  шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оаас гэмт хэргийн хохиролд нэхэмжилсэн 37.172.660 төгрөгөөс 11.220.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Т 3.788.165 төгрөгийн хохирол төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн гар утас 1 ширхэг, хохирогчийн 1 ширхэг цамц, 1 ширхэг жинсэн өмд, 1 хос сандаалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.От буцаан олгож, дүрс бичлэг бүхий дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.Эгийн Хаан банкны 5758036915 дугаартай данс, дундын өмчлөлийн 804 м2 газар тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ

 

                             ШҮҮГЧИД                                Б.МӨНХЗАЯА

 

                                                                                      А.МӨНХСАЙХАН