Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0630

 

 

                                     М.Яы нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч М.Я,

Нэхэмжлэгч: М.Я,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч А.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С, орчуулагч А.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 110/2022/0013/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Я нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргад холбогдууланБаян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Яы “Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М.Я дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тал бүрээс нь бодитой дүгнэж үзээгүй. Дэлүүн сумын Засаг даргын захирамжаар төрсөн аав болох н.Мд 1996 оны 256 дугаартай гэрчилгээгээр Дэлүүн сумын “Хар-Уул”, “Улаан-үзүүр” хэмээх газраас өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон. Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байсан А.А нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаартай захирамж гаргаж тус сумын иргэн Б.Бд “Улаан хороо”-г өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх захирамжийг давхцуулан гаргасан байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

            3.2. Мөн Дэлүүн сумын Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр захирамжаар иргэн Х.Е, Б.Г нарт тус сумын 2 дугаар багын нутаг “Улаан хороо” гэх газрыг өвөлжөөнд зориулан дундаа эзэмшүүлсэн гэх ба уг захирамж хэзээ, хэдийд хүчингүй болсон талаар ямар нэгэн нотлох баримтгүй байхад иргэн Б.Бд “Улаан хороо” хэмээх газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосныг асуухад анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Мөн Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хороо” хэмээх газарт Мы хүү болох М.Мий мөн хаваржиж, өвөлжиж байсныг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй.

            3.3. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Я миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2022 /0041 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өнгө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч М.Я нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

            3.2.  М.Яы эцэг Б.Мд Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хар уул” нэртэй газраас өвөлжөө, хаваржааны байр, сууц, малын хашааны зориулалтаар 300 ам дөрвөлжин газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 256 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон, Б.М нь 2003 онд нас барсны дараа түүний хүү болох М.Яд /хамтран эзэмшигч ах М.М/ Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” нэртэй газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1000 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 000463336 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.3.  Мөн Дэлүүн сумын Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр захирамжаар иргэн Х.Е, Б.Г нарт тус сумын 2 дугаар багийн нутаг “Улаан хороо” гэх газрыг өвөлжөөнд зориулан дунд нь эзэмшүүлсэн, мөн сумын Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эцэг Б.Мд “Хар уул”-аас эзэмшүүлсэн өвөлжөө, хаваржааны газар болон Х.Е, Б.Бы эцэг Б.Г нарт эзэмшүүлсэн “Улаан хороо”-ны өвөлжөөний газрын ашиглах бэлчээрийн заагийг тогтоож өгсөн.

3.4. Улмаар Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “... Б.Бд хуучин Б.Гын ашиглаж байсан “Улаан хороо”-ны 500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай шилжүүлж, сумын Засаг даргын 1998 оны 14 дүгээр захирамжийг хүчингүй болгосон” байна.

            3.5. Нэхэмжлэгчийн “...Б.Бд “Улаан хороо”-г өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх захирамжийг давхцуулан гаргасан, 24 дүгээр захирамжаар иргэн Х.Е, Б.Г нарт тус сумын 2 дугаар багын нутаг “Улаан хороо” гэх газрыг өвөлжөөнд зориулан дунд нь эзэмшүүлсэн гэх ба уг захирамж хэзээ, хэдийд хүчингүй болсон талаар ямар нэгэн нотлох баримтгүй, “Улаан хороо” хэмээх газарт Б.Мы хүү болох М.М мөн хаваржиж, өвөлжиж байсныг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

                        3.6.  Учир нь гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Я нь Дэлүүн сумын 2 дугаар багийн “Хар уул” нэртэй газраас 1000 м.кв газар, гуравдагч этгээд Б.Б нь “Улаан хороо” нэртэй газраас 500 м.кв газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй ба тухайн эзэмшлийн газрууд нь давхцалгүй, хоорондоо 2,5 км гаруй зайтай болох нь тогтоогдсон, А/25 дугаар захирамжаар 1997 оны 24 дүгээр захирамжаар Х.Е, Б.Г нарт эзэмшүүлсэн “Улаан хороо” нэртэй газраас 500 м.кв газрыг Б.Бд өвөлжөөний зориулалтаар шилжүүлж эзэмшүүлсэн, үүнтэй холбогдуулан 24 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.

3.7.   Тодруулбал, Газрын тухай хуульд зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний дагуу олгогдсон газраа эзэмшиж, ашиглах, хэрэв уг газартай нь давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн бол түүнийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.

3.8. Мөн М.Яд Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” нэртэй газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1000 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 000463336 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг түүний ах М.Мд хамтран эзэмшүүлсэн байх тул “Б.Мы хүү болох М.М мөн хаваржиж, өвөлжиж байсныг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Яы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН