Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 790

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БОАЖСад холбогдох

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...БОАЖСын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х Т” ХХК-ийн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х Т” ХХК нь шүүх хуралдаан, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Х******* дүүрэг, Б******* Уулын Д******* газар Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 2011 оноос эхлэн газар ашиглаж байгаа билээ. Манай компанийн газар ашиглах хугацааг 2020 оны 10 дугаар сар хүртэл сунгасан юм. Газар ашиглах хугацаанд газар ашигласны төлбөрөө төлж барагдуулсаар ирсэн.

Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот БОАЖСын тушаалаар газар ашиглах эрхийг гэрээний дагуу газар ашиглаагүй төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Мөн гэрээ болон хуульд заасны дагуу ашиглахаар удаа дараа Сингапур улсын О and O компанитай 2011-2013 онд, Герман улсын H international компанитай 2014-2015 оны хооронд, Австри улсын иргэн Андреас Гебауэрийн компанитай 2016-2017 оны хооронд хэлэлцээр хийж, газар дээр аялал жуулчлалын зориулалттай цогцолбор барихаар төлөвлөн зураг төсөл зуруулж байсан /бүх эскиз зураг төслүүд байгаа ба хэрэг шийдвэрлэх явцад шүүхэд моол хэлнээ буулган нотлох баримтаар гаргаж өгөх болно.

Гэвч энэ бүхэн эцсийн шат хүртлээ хэрэгжих боломжгүй байдгаас төсөл бүрэн хэрэгжилгүй дуусдаг. Шалтгаан нь манай компаниас биш эрх бүхий төрийн байгууллагын манай ашиглах газар руу орох орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгөөгүйтэй холбоотой.

Гэтэл газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэл дээр “...газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн байгаа нь зүйд нийцэхгүй юм. Газар ашиглахын тулд тухайн газар руу орох орц, гарах гарц зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг холбогдох яам 6 жилийн турш шийдэлгүй газар ашиглах боломжийг бүрдүүлээгүйд манай компанийн буруу байхгүй юм. 2017 онд орц, гарцын асуудал шийдэгдсэнээр тухайн газар дээр аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжүүлэхээр зураг төслийн В компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа ба уг төсөл хэрэгжиж байх хугацаанд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хэт нэг талыг баримталж газар ашиглагчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн энэхүү газар дээр өнөөдрийг хүртэл газар ашиглах гэрээ байгуулаагүй байгаа болно.

Иймд БОАЖСын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд “Х Т” ХХК нь БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/121 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “Х Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “..Манай компани нь Х******* дүүрэг Б******* Уулын Д******* газар Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 2011 оноос эхлэн газар ашиглаж байгаа билээ. Манай компанийн газар ашиглах хугацааг 2020 он 10 сар хүртэл сунгасан юм. Газар ашиглах хугацаанд газар ашигласны төлбөрөө төлж барагдуулсаар ирсэн. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот БОАЖСын тушаалаар газар ашиглах эрхийг гэрээний дагуу газар ашиглаагүй төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Мөн гэрээ болон хуульд заасны дагуу ашиглахаар удаа дараа Сингапур улсын O and O компанитай 2011-2013 онд, Герман улсын H international компанитай 2014-2015 оны хооронд, Австри улсын иргэн Андреас Гебауэрийн компанитай 2016-2017 оны хооронд хэлэлцээр хийж, газар дээр аялал жуулчлалын зориулалттай цогцолбор барихаар төлөвлөн зураг төсөл зуруулж байсан бүх эскиз зураг төслүүд байгаа ба хэрэг шийдвэрлэх явцад шүүхэд моол хэлнээ буулган нотлох баримтаар гаргаж өгөх болно. Гэвч энэ бүхэн эцсийн шат хүртлээ хэрэгжих боломжгүй байдгаас төсөл бүрэн хэрэгжилгүй дуусдаг. Шалтгаан нь манай компаниас биш эрх бүхий төрийн байгууллагын манай ашиглах газар луу орох орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгөөгүйтэй холбоотой...” гэжээ.

БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 тоот тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Моол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдх*******ын д******* газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 445 дугаар саналыг тус тус үндэслэн гаргасан байдаг.

Нэхэмжлэгч “Х Т” ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй болох нь Нийслэлийн Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны 01-09/2405 дугаар албан бичиг түүний хавсралтын 29-д заасан баримт, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Богд хан уулын д******* газрын хамгаалалтын захиргааны 455 дугаар албан бичгийн хавсралтын 27-т зааснаар 2013 оноос хойш төлбөр төлөөгүй, шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэх баримт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3 зэрэг нотлох баримтаар Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна. Иймд БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 тоот тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анх 2011 онд “Х Т” ХХК нь Б******* уулын Д******* газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газрын 1.7 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийн гэрчилгээг авсан байх бөгөөд хариуцагч БОАЖС нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаараа “...нэхэмжлэгч компанийг газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй ... газрын төлбөрөө төлөөгүй ... ” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Д******* газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Моол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд мөн хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй” гэж, Моол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д “…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэжээ. 

Дээрх хуулийн заалтын дагуу аливаа хуулийн этгээд тусгай хамгаалалттай газар ашиглаж байгаа тохиолдолд уг газраа гэрээнд зааснаар зориулалтын дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийн зэрэгцээ газрын төлбөрөө хуульд заасны дагуу зохих ёсоор төлж байх учиртай бөгөөд дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар нарийвчлан заасан байна.

Шүүхээс маргаан бүхий газарт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, Х******* дүүргийн 15 дугаар хороо, Тотал оффис байрны 4 дүгээр давхарт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаар нэхэмжлэгч “Х Т” ХХК нь маргаан бүхий газарт ямар нэг объект баригдаагүй, үйл ажиллагаа явуулаагүй боловч уг газарт эрхлэх аялал жуулчлалын үйл ажиллагааны зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татах ажлууд хийгдэж байсан болох нь О энд О ХХК-ийн гаргасан эскиз зураг, макет зэргээр тус тус тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “Х Т” ХХК-иас “...гэрээ болон хуульд заасны дагуу ашиглахаар удаа дараа Сингапур улсын О энд О компанитай 2011-2013 онд, Герман улсын HUF HAUS international компанитай 2014-2015 оны хооронд, Австри улсын иргэн Андреас Гебауэрийн компанитай 2016-2017 оны хооронд хэлэлцээр хийж, газар дээр аялал жуулчлалын зориулалттай цогцолбор барихаар төлөвлөн зураг төсөл зуруулж байсан. Гэвч энэ бүхэн эцсийн шат хүртлээ хэрэгжих боломжгүй байдгаас төсөл бүрэн хэрэгжилгүй дуусдаг. Шалтгаан нь манай компаниас биш эрх бүхий төрийн байгууллагын манай ашиглах газар руу орох орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөөгүйтэй холбоотой” гэж маргажээ.

Гэрч Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б шүүх хуралдаан дээр “... “Х Т” ХХК намайг 2014 онд ажилд томилогдохоос өмнө газар ашиглах эрхээ авсан байсан. Ажилд томилогдсоны дараа 2016 онд тухайн газрын орц гарцын асуудлаар хэд хэдэн компаниас удаа дараа хүсэлт ирсний үндсэн дээр бид очиж шалгахад уг газарт орц, гарцгүй болсон бодит нөхцөл байдал бий болсон байсан. Тухайн холбогдох хамгаалалтын захиргаа, Кадастрын хэлтсүүд шийдвэрлэх ёстой. Хэрэв өөр компани талбайгаа томсгоод орц, гарцыг хаасан бол тухайн газрыг чөлөөлүүлж өгөх ёстой” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Х Т” ХХК болон нэр бүхий 5 компанийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, Х******* дүүргийн өмчийн харилцааны албанд 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2014 оны 07 дугаар сарын 07, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд, Х******* дүүргийн газрын албанд 2014 оны 06 дүгээр сарын 20-ны өдөр тус тус “...орц, гарц нээх асуудлыг шийдвэрлүүлэх талаар...” удаа дараа хандсан байна.   

Түүнчлэн хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... орц, гарцын асуудлаар яаманд хандаж уг асуудлаа шийдвэрлүүлэх нь нээлттэй байсан” гэж тайлбарлах боловч зөвхөн нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэж газар эзэмшүүлэх, чөлөөлөх, орц, гарц нээх процессын ажиллагаа явагдана гэх тайлбар нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл газрын орц, гарц нээж газар ашиглах боломжоор хангах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг байх тул энэхүү үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна. 

Харин нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлийн тухайд Х******* дүүргийн Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16/1474 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч “Х Т” ХХК нь тус албаны төлбөрийн орлогын 2603007906 тоот дансанд газрын төлбөрт 2010 онд 6.058.800 төгрөг, 2011 онд 11.220.000 төгрөг, 2013 онд 3.366.000 төгрөг, 2014 онд 11.732.000 төгрөг, 2015 онд 6.732.000 төгрөг, 2016 онд 3.366.000 төгрөг, 2017 онд 3.366.000 төгрөг, 2018 онд 12.845.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...маргаан бүхий акт гарсан хойно нэхэмжлэгч нь газрын төлбөр төлсөн ... тухайн акт гарах үед төлбөрийн үлдэгдэлтэй байсан” хэмээн маргаж байх боловч тус маргаан бүхий 2018 оны 05 сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын тухай нэхэмжлэгчид Б******* Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1001 тоот албан бичгээр мэдэгджээ. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг мэдэхээс өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр газрын төлбөр төлснийг буруутгах үндэсгүй юм.

Иймд БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын нэхэмжлэгч “Х Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “Х Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын “Х Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн      7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ШҮҮГЧ                            Ц.ОДМАА