Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 9

 

 

 

 

 

 

 

 

 

2018  оны 3 сарын 01 өдөр                      ДШМ/09                                                Хэрлэн сум                                   Хэрлэн сум

 

Г-т холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

226/2018/0008

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Д.Отгонтуяа,

Шүүгдэгч: Г- нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12  дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн  201723000139  дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ховд аймагт 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг жи-10-00 тоотод оршин суух Хошууд овогт Цамбаасүрэнгийн Г- /РД: ,,,/ нь 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг жи10-00 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ................. нарыг зодож, харгис хэрцгий харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д  зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор:Шүүгдэгч Хошууд овогт Цамбаасүрэнгийн Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г-т 01 жил 03  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 01 жил 03 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г-ийн цагдан хоригдсон 2  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г- нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Хохирогч нар 2015, 2016, 2017 онуудад болсон үйл явдлыг мэдүүлсэн байхад  одоо мөрдөж байгаа хуулиар надад шийтгэл оногдуулсан нь буруу. Учир нь би тухайн үедээ дээрх онуудад захиргааны арга хэмжээ авагдсан юм. Мөн цагдаа, прокурор, шүүхийн шатанд надад хэргийн материал танилцуулаагүй. Иймд ял хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Отгонтуяа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Г-ийн эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Г- нь 2017 оны 3 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 02-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хамтран амьдрагч А......- болон түүний хүүхэд болох .....-, .....- нарыг байнга зодож, харгис хэрцгий хандаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А......-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Г- архи уучихаад бид нарыг байнга  зодож дарамталдаг байсан. Арга буюу цагдаад хандахад улам л өсөрхөөд зоддог. 2017 оны 5 дугаар сарын 02-нд согтуу ирж  хүүхдүүдтэй минь цуг зодож, зуухны ширэм чулуудсан. 2016 онд жирэмсэн байхад гэдэс рүү цохиж, нүүр рүү мөргөж байсан. Байнга дарамтлуулж, зодуулж хүүхдүүдээ хүртэл дарамтлуулж байхад хүндрэлтэй байна. Бага хүүхдээ зууханд хийж шатаана гэж зүй зохисгүй авир гаргаж биднийг үргэлж дарамталж зоддог ... гэх /хх-78-81х/,

Насанд хүрээгүй хохирогч .....-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Хойд эцэг Г- нь ээж, дүү Цэрэнпунцаг болон намайг байнга зодож, муухай үгээр доромжилж, дарамталдаг. Бидэнтэй маш зэрлэгээр харьцдаг. Би дахин ийм байдалтай амьдрах хүсэлгүй байна гэх /хх-83-85х/,

Насанд хүрээгүй хохирогч .....-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Хойд эцэг болох Г- намайг байнга зодож, элдвээр доромжилдог. Надад яг цэргийн дарга шиг хандаж, бос суу, гөлөг минь унт гэж дандаа дарамталдаг. Эрүүл ч, согтуу ч байсан дандаа хэл амаар доромжилж ээж болон надад үргэлж гар хүрээд байдаг гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Г-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй, үйлдлийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж, гэм буруугийн хэр хэмжээнд тохирчээ.

Г- нь согтуугаар 13 настай .....-ыг хүйтэнд нүцгэн гадаа зогсоож, нялх хүүхдээ уурын зууханд шатаана гэж авч явсан зэрэг үйлдэл нь харгис хэрцгий хандсан шинжийг агуулж байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ял нь ялын төрлөөс хасагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан ялаас  бага байх тул  түүний үйлдлийг анхан шатны шүүх зөв зүйлчилжээ.

Шүүгдэгч нь хэргийн материалтай танилцсан, дахин танилцах шаардлагагүй гэснийг баталгаажуулсан тэмдэглэл, илтгэх хуудас хэргийн 137, 162 дугаар талд хавсаргагдсан байх тул түүнийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Г-ийн “надад хэргийн материал танилцуулаагүй, гэм буруугүй, ял хүндэдсэн учир хөнгөрүүлж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12  дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Г- нь шийтгэх тогтоол гарснаас хойш 70 /дал/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Гурав. Шүүгдэгч Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Дөрөв. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                               ШҮҮГЧ                                                С.ОЮУНТУНГАЛАГ

     Б.СҮХГОМБО