Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Т.Э-,

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005006661592 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б- нь “Тарнскапитал” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан хохирогч Т.Э-гийн эзэмшлийн ... улсын дугаартай 9.000.000 төгрөгний үнэ бүхий “Тоёота Аурис” маркийн авто машиныг худалдан авна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанаас авч яван залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “...Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулах гэж хичээсэн боловч хохирол төлөх төлбөрийн боломж байсангүй. Надад байгаа Хятад улсаас оруулж ирсэн хуушуур хийдэг төхөөрөмжөө зарж, ажлын хөлсөөрөө хохирогчийн хохирлыг төлж барагдуулах хүсэлттэй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

   Хохирогч Т.Э- шүүх хуралдаанд: “...Б- нь дүү Түвшинжаргалын найз. Б- шүүх хуралдаанд байгаа шиг хүн биш. Тэрээр бодит амьдрал дээр өөр хүн. Миний машиныг авч явснаасаа хойш утсаа салгаад надтай дахиж уулзаагүй. Би “Транскапитал” ББСБ-ын зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Миний дүү болох Б-гийн найз Түвшинжаргал бөөрний дутагдал өвчнөөр хүнд өвдсөн. Би дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлж барагдуулж чадаагүйгээс дүүгийн биеийн байдал хүндэрсэн. Дүүгийнхээ бөөрийг солиулахаар ах, дүүс бид нийт 80 сая төгрөг зээлж эмчилгээ хийлгэсэн боловч миний дүү нас барсан. Б- надад тулгарсан энэ бүх хэцүү нөхцөл байдлыг мэдсэн хэр нь надтай холбогдож хохирол төлөөгүй, бидэнтэй санаачилгаараа уулзаагүй. Би Б-гаас хөрөнгийн үнэлгээний тайлангаар гарсан 9.000.0000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тухайн үед өөрөө өр машин авсан байсан учраас банк бус байгууллагад төлөх ёстой төлбөрийг төлөөд ав гэж хэлсэн” гэв.

            Хохирогч Т.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Аурис маркийн машинаас өөрийнхөө дүүгийн танил болох Г.Б- гэдэг хүнд 2019 оны 3 дугаар сард өгч явуулаад өнөөдрийг хүртэл машин болон мөнгө олж авч чадаагүй. Тухайн үед буюу 2019 оны 3 дугаар сард /яг одоогоор сар өдрийг нь сайн санахгүй байна/ миний машиныг манай дүү унаж явж байгаад журмын хашаанд хийлгэсэн. Учир нь тэр үед манай дүү бичиг баримтгүй унаж явж байсан юм. Тухайн үедээ миний машиныг Нарны гүүрний зүүн талд байдаг Баянгол дүүргийн замын цагдаагийн журмын хашаанд хийсэн байсан юм. Би машинаа 7 хоногийн журмын хашаанаас очиж авах байсан чинь манай дүүгийн танил гэх Б- гэх залуу надад хандан “Эгчээ та машинаа зарах гэж байгаа юм уу” би таныг машинаа зарна гэж дүүгээс чинь сонссон юм. Би эхнэртээ авч өгөх гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зарах санаа байгаа, миний машин банк бус дээр байдаг юм гэж хэлсэн чинь тэр надад хандан тэр өдөр “дүү нь эхнэртээ үзүүлчхээд ирье” гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш алга болсон. Би машинаа оны өмнө хайгаад явж байсан чинь Дарь-эхэд айлын хашаанд миний машиныг мөргүүлээд ямар ч ажиллагаагүй болгоод орхисон байсан. Тэгээд тэр айлын хашааны хүнтэй уулзсан чинь Б-г ирээд “Дугуй болон хөгжмийг нь аваад явчихсан” гэж надад хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би машинаа 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Транс капитал ББСБ-аас урьдчилгаа 7.000.000 төгрөг төлөөд авч байсан. Улмаар дараа нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ямар нэгэн урьдчилгаа өгөөгүй шууд 7.000.000 төгрөгийн зээлэнд тавьсан байсан. Би ББСБ-с авсан зээлээ өнөөдрийг хүртэл өөрөө төлж байгаа. Одоохондоо миний машин “Транс капитал” ББСБ-ын нэр дээр байгаа. Тухайн үед 6.943.000 төгрөгийн үлдэгдэл өртэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 29-30/,

            Гэрч Ш.Г- мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын орчим авчирч тавьсан. Урд хэсэг нь эвдэрсэн байдалтай ирсэн. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Г.Б- надад 4 дугуй, моторыг нь авч явлаа гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

            Яллагдагчаар Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надад сонгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Энх-Амгалан эгч би энэ машинаа зармаар байна, банк бусад тавьсан байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь тэгвэл би үлдэгдлийг нь төлөөд таны машиныг авъя гэж хэлсэн. Тэгээд хэд хоногоос яръя гээд 2, 3 хоногийн дараа Энх-Амгалан эгчээс машиных нь түлхүүрийг аваад машиныг журмын хашааных нь төлбөрийг төлөөд авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 109/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, хохирогчийн өргөдөл /хх-н 11-12/, автомашины гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 27/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 32-36/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-80, 83-85, 92-94, 100-104/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь “Тарнскапитал” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан хохирогч Т.Э-гийн эзэмшлийн ... улсын дугаартай 9.000.000 төгрөгний үнэ бүхий “Тоёота Аурис” маркийн авто машиныг худалдан авна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанаас авч яван залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Т.Э-гийн: “...Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Аурис маркийн машинаас өөрийнхөө дүүгийн танил болох Г.Б- гэдэг хүнд 2019 оны 3 дугаар сард өгч явуулаад өнөөдрийг хүртэл машин болон мөнгө олж авч чадаагүй. Тухайн үед буюу 2019 оны 3 дугаар сард /яг одоогоор сар өдрийг нь сайн санахгүй байна/ миний машиныг манай дүү унаж явж байгаад журмын хашаанд хийлгэсэн. Учир нь тэр үед манай дүү бичиг баримтгүй унаж явж байсан юм. Тухайн үедээ миний машиныг Нарны гүүрний зүүн талд байдаг Баянгол дүүргийн замын цагдаагийн журмын хашаанд хийсэн байсан юм. Би машинаа 7 хоногийн журмын хашаанаас очиж авах байсан чинь манай дүүгийн танил гэх Б- гэх залуу надад хандан “Эгчээ та машинаа зарах гэж байгаа юм уу” би таныг машинаа зарна гэж дүүгээс чинь сонссон юм. Би эхнэртээ авч өгөх гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зарах санаа байгаа, миний машин банк бус дээр байдаг юм гэж хэлсэн чинь тэр надад хандан тэр өдөр “дүү нь эхнэртээ үзүүлчхээд ирье” гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 29-30/, гэрч Ш.Г-: “...2019 оны 5 дугаар сарын орчим авчирч тавьсан. Урд хэсэг нь эвдэрсэн байдалтай ирсэн. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Г.Б- надад 4 дугуй, моторыг нь авч явлаа гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Т.Э-гийн автомашиныг худалдаж авна гэж хуурч залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлын хэмжээний хувьд анх 6.9000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөд худалдан авахаар тохирсон тул хохирлыг уг хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчтой тохиролцох үед машины үнэ хэд байснаас үл шалтгаалан түүний 9.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь залилан авч, улмаар ашиглах боломжгүй болгон эвдэлсэн, улмаар уг автомашины эд ангийг худалдан борлуулсан, хохирол төлбөрөөс огт төлөөгүй байх тул хохирлыг автомашины үнэлгээгээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөөгүй бөгөөд хавтаст хэрэгт эд зүйлийн үнэлгээгээр гарсан 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б-гаас гаргуулж хохирогч Т.Э-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч уг хэрэг үйлдсэнээс хойш 01 жил 9 сарын хугацаа өнгөрсөн, дээрх хугацаанд хохирол төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хохирол төлөх талаар бодит боломжтой эсэх нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид хорих ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь 01 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гийн урьд баривчлагдсан 01  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гаас 9.000.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР