Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001423 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Л-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 02 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн амрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Охь” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөнд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч “Редми нөт 8” маркийн болон “Айфоне 7 плас” маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлан авч хохирогч М.М-од нийт 850.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л- шүүх хуралдаанд: “...Би хэрэг болсон өдөр 2 найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зочид буудалд орж, согтуугаар хохирогчийн гар утсыг авсан байсан. Тэгээд өөр буудалд ороод маргааш нь сэрэхэд миний халаасанд хохирогчийн гар утас байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн” гэв.

Хохирогч М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз охин Наранцэцэг болон ах О-ын хамт архи ууж байгаад “Охь” нэртэй буудлын 402 тоотод орсон. Тэгээд би буйдан дээр тасраад ах гараад явсан. Манай найз охин орон дээр унтаж байсан. Өглөө нь сэрэхэд миний хоёр гар утас алга болсон байхаар нь би цагдаад хандсан. Миний алдагдсан гар утас “Редми нөт 8” “айфоне 7 плас” маркийн гар утас байсан. “Редми нөт 8” утасны дэлгэц нь цуурсан байсан 354059091037299 гэсэн имей кодтой, “айфоне 7 плас” гар утас нь хөр өнгөтэй ямар нэгэн сэв зураагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34, 36/,

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед хоёр найзтайгаа уулзаж Цэ-д орж архи уусан. Тэгээд орой хааж байна гэхээр нь бид гурав гараад “Охь” гэх буудалд орсон чинь бичиг баримтаа өг гэхээр нь бид гуравт байгаагүй. Тэгтэл үйлчлэгч залуу нь намайг таниад та өмнө найзынхаа эхнэрийн үнэмлэхийг мартаад явсан байна лээ энэ үнэмлэхээр бүртгэчих үү гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд бид гурав 4 давхарт нэг өрөөнд орж 2 шил архи авч уусан. Шөнө 02 цагийн үед манай найз Л- утсаар ярьж гарчхаад эргэж орж ирээд дахиж гарчхаад орж ирэхгүй байж байснаа над руу залгаад гараад ир өөр буудалд оръё гээд Хархорин захын ард байдаг Аз байхаа тийм нэртэй буудалд орж хоносон. Тэр үед Л- үйлчлэгчтэй уулзаж үлдээд бид хоёрыг өрөөндөө байж бай гээд оруулсан. Би зохицуулчихлаа гээд араас ундаа гоймон, 2 шил архи аваад орж ирсэн. Тэгээд 1 шил архийг нь ууж байгаад Л- бид хоёр маргалдаад зодолдсон. Тэгээд Л-, Б- хоёрыг Л-гийн найз охинд өгөөд явуулсан. Би утас хулгайлсан талаар мэдээгүй. Д-өө гэх эмэгтэй миний нэрээр буудалд орсон байна гээд цагдаа яриад байна гэх үед Л- рүү залгасан чинь би гар утас хулгайлчихсан юм аа гээд хэлэхээр нь би байцаагчид нь гар утсыг нь өг гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Энхболд Д-ий нөхөр Энхбат бид нар буудалд ороод Энхбат эхнэрийнхээ иргэний үнэмлэхээр буудалд бүртгүүлсэн. Тэгээд авахаа мартсан байна гэсэн” мэдүүлэг /хх-н 40/,

Гэрч Н.ДБ-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн найз Л- болон Г- нарын хамт хорооллын эцсийн нэг буудалд архи уугаад байж байхад Л- утсаар хэд хэдэн удаа яриад гараад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу залгаад 01 дүгээр хорооллын ард хүрээд ир гээд Хархорин худалдааны төвийн арын зам дээр уулзаад нэрийг нь одоо сайн санахгүй байна нэг буудалд 2 давхрын 8 номерын өрөөнд орсон. Тэгээд 1 шил архи Л- худалдан авсан байсныг ууж байхдаа Г-, Л- хоёр муудалцаад байхаар нь би түрүүлээд гараад явсан. Уг буудлыг Л- авч архи худалдан авсан байсан. Тооцоог хийхдээ Л- хийсэн. Тухайн үедээ Л-тэй уулзахад өөрөө “Самсунг эс-2” маркийн гар утастай байсан. Л- 1 дүгээр хорооллын арын буудлыг авахдаа тооцооны оронд гар утас үлдээсэн байсан. Харин өрөөнд сууж байхдаа өөрийнх нь “Самсунг эс-2” маркийн гар утас өөрт нь байсан. Тухайн үедээ хэлээгүй би болон Г- бид хоёр мэдээгүй. Надад хэд хоногийн дараа уг буудалд буухдаа төлбөртөө утас барьцаанд тавьсан байгаа түүнийгээ авах талаар хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

Гэрч Ц.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг өдөр би ресепшнээр ажиллаж байсан. Ингээд ажиллаж байхад 23 цагийн үед гаднаас 3 эрэгтэй хүн орж ирээд өрөө авах тухай хэлсэн. Уг 3 хүний 2 нь өмнө буудалд орж ирж байсан хүмүүс байсан. Буудлын өрөөг авахдаа бичиг баримтаар бүртгүүлэх тухай хэлэхэд өөрийнхөө бичиг баримт байхгүй гээд өмнө хамт ирж байсан Д- гэх хүний бичиг баримтыг авах тухай хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа хайхад Д- гэх ... дугаартай цахим үнэмлэх байсан. Уг үнэмлэхийг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр уг 2 хүн Д- болон өөр нэг эрэгтэйтэй хамт орж ирээд бүртгүүлээд өгсөн бичиг баримтаа явахдаа мартаад үлдээгээд явсан байсан. Уг өдөр 9 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн 2 хүн байсан учраас уг хүний бичиг баримтаар бүртгүүлчихье гэхээр нь би өмнө нь ямар нэг асуудал гаргаж байгаагүй учраас тэр хүмүүсийн хэлснээр бичиг баримт дээрх Д- гэх нэрээр бүртгэж оруулсан. Уг хүмүүс 3 давхарт орсон. Өөр хүн нэмж ороогүй. Шөнө 3 цагийн үед гарч явсан. 402 тоот өрөөнд 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагт өмнө манайд үйлчлүүлж  байсан О- ах надтай утсаар яриад өрөө захиалсан байсан тул би уг өрөөг О- ахыг ирэхэд нь түлхүүрийг өгсөн. Ирэхдээ О- ах нэг эрэгтэй хүнтэй ирсэн. ...402 тоотыг би О- ахыг хэлсэн учраас бүртгэлгүй ирсэн цагийг нь бичээд оруулсан. 9 дүгээр сарын 12-ны өглөө 6 цагийн үед утас алга болчихлоо гээд О- ахын дүү нь гэх хүн хэлж байсан. Тэгээд камер шүүж үзэхэд 403 тоот өрөөнд байсан эрэгтэй хүн ороод гарч байсан. Энэ хүн гарч яваад эргэж орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Гэрч Р.Ө-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө манай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Аз” дэн буудалд гаднаас эрэгтэй хүн орж ирээд “өрөө байна уу” гээд тооцоогоо хий гээд хэлэхэд мөнгө алга утсаа тавьчихъя гээд надад хар өнгийн Айфоне маркийн гар утсыг гаргаж өгөөд өрөө авахаар болоод нэмж 1 шил архи, ус, ундаа, бэлэн гоймон зэрэг зүйлс худалдаж аваад нийт 85.000 төгрөгийн тооцоонд уг утсыг надад үлдээсэн. Ингээд 8 номерын өрөөнд орсон. Уг өрөөнд 3 эрэгтэй орж байж байгаад нэг махлаг эрэгтэй нь түрүүлж гарч явсан. Харин өрөөнд 2 эрэгтэй үлдээд хоорондоо маргалдаад байхаар нь маргалдахаа боль хүмүүс амарч байна гээд  буудлын өрөө авсан эрэгтэйг гаргасан. Харин өрөөнд нэг эрэгтэй үлдсэн. Маргааш өглөө нь болоход уг үлдсэн эрэгтэй гараад явсан. Утас нь тооцоо хийгээгүй учир үлдсэн. Харин хэд хоногийн дараа анх утас тавьсан болон хамт байсан эрэгтэй цуг ирээд надад 20.000 төгрөг өгөөд үүнээс 2 хоногийн дараа үлдэгдэл мөнгийг нь өгөөд утсаа авч явсан. Өөр тооцоонд үлдээсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,

Яллагдагчаар Б.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой ...403 тоот өрөөндөө ороод дахиад утсаар ярихаар гараад эргэж орохдоо 402 тоот өрөөнд орсон байсан. Тэгээд гарахдаа уг өрөөнд байсан айфоне-7 плас, Рэдми нөт маркийн гар утсыг аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 55-57/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 1/, хохирогчийн өргөдөл /хх-н 2/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 14/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 15/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-23/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 26-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 61-82/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 02 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн амрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Охь” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөнд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч “Редми нөт 8” маркийн болон “Айфоне 7 плас” маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлан авч хохирогч М.М-од нийт 850.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.М-ын: “...би буйдан дээр тасраад ах гараад явсан. Манай найз охин орон дээр унтаж байсан. Өглөө нь сэрэхэд миний хоёр гар утас алга болсон байхаар нь би цагдаад хандсан. Миний алдагдсан гар утас “Редми нөт 8” “айфоне 7 плас” маркийн гар утас байсан. “Редми нөт 8” утасны дэлгэц нь цуурсан байсан 354059091037299 гэсэн имей кодтой, “айфоне 7 плас” гар утас нь хөр өнгөтэй ямар нэгэн сэв зураагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34, 36/, гэрч Б.Г-ын: “...Л- утсаар ярьж гарчхаад эргэж орж ирээд дахиж гарчхаад орж ирэхгүй байж байснаа над руу залгаад гараад ир өөр буудалд оръё гээд Хархорин захын ард байдаг Аз байхаа тийм нэртэй буудалд орж хоносон. Тэр үед Л- үйлчлэгчтэй уулзаж үлдээд бид хоёрыг өрөөндөө байж бай гээд оруулсан. Би зохицуулчихлаа гээд араас ундаа гоймон, 2 шил архи аваад орж ирсэн. ...Д-өө гэх эмэгтэй миний нэрээр буудалд орсон байна гээд цагдаа яриад байна гэх үед Л- рүү залгасан чинь би гар утас хулгайлчихсан юм аа гээд хэлэхээр нь би байцаагчид нь гар утсыг нь өг гэж хэлсэн” мэдүүлэг /хх-н 40/, гэрч Н.ДавааБ-гийн: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн найз Л- болон Галманах нарын хамт хорооллын эцсийн нэг буудалд архи уугаад байж байхад Л- утсаар хэд хэдэн удаа яриад гараад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу залгаад 01 дүгээр хорооллын ард хүрээд ир гээд Хархорин худалдааны төвийн арын зам дээр уулзаад нэрийг нь одоо сайн санахгүй байна нэг буудалд 2 давхрын 8 номерын өрөөнд орсон. Тэгээд 1 шил архи Л- худалдан авсан байсныг ууж байхдаа Г-, Л- хоёр муудалцаад байхаар нь би түрүүлээд гараад явсан. Уг буудлыг Л- авч архи худалдан авсан байсан. Тооцоог хийхдээ Л- хийсэн. Тухайн үедээ Л-тэй уулзахад өөрөө “Самсунг эс-2” маркийн гар утастай байсан. Л- 1 дүгээр хорооллын арын буудлыг авахдаа тооцооны оронд гар утас үлдээсэн байсан. Харин өрөөнд сууж байхдаа өөрийнх нь “Самсунг эс-2” маркийн гар утас өөрт нь байсан. Тухайн үедээ хэлээгүй би болон Г- бид хоёр мэдээгүй. Надад хэд хоногийн дараа уг буудалд буухдаа төлбөрөө утас барьцаанд тавьсан байгаа түүнийгээ авах талаар хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 42/, гэрч Ц.А-гийн: “...9 дүгээр сарын 12-ны өглөө 6 цагийн үед утас алга болчихлоо гээд О- ахын дүү нь гэх хүн хэлж байсан. Тэгээд камер шүүж үзэхэд 403 тоот өрөөнд байсан эрэгтэй хүн ороод гарч байсан. Энэ хүн гарч яваад эргэж орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/, гэрч Р.Ө-ы: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө манай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Аз" дэн буудалд гаднаас эрэгтэй хүн орж ирээд “өрөө байна уу” гээд тооцоогоо хий гээд хэлэхэд мөнгө алга утсаа тавьчихъя гээд надад хар өнгийн Айфоне маркийн гар утсыг гаргаж өгөөд өрөө авахаар болоод нэмж 1 шил архи, ус, ундаа, бэлэн гоймон зэрэг зүйлс худалдаж аваад нийт 85.000 төгрөгний тооцоонд уг утсыг надад үлдээсэн. ...Утас нь тооцоо хийгээгүй учир үлдсэн. Харин хэд хоногийн дараа анх утас тавьсан болон хамт байсан эрэгтэй цуг ирээд надад 20.000 төгрөг өгөөд үүнээс 2 хоногийн дараа үлдэгдэл мөнгийг нь өгөөд утсаа авч явсан. Өөр тооцоонд үлдээсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 49/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундаа уусан байсан тул өөр өрөөнд ороод гар утас авсан тухайгаа сайн санахгүй байна гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нь тухайн зочид буудлын 403 тоот өрөөнд орж байгаа бичлэг, уг өрөөнөөс гар утсыг хулгайлан буцаад өөрийн байсан өрөөнд орохгүйгээр гарч яван хамт буудал байсан найз нарыгаа дуудан өөр буудалд орсон. Уг буудалд тооцоо хийхдээ хулгайлсан бусдын гар утсыг барьцаанд тавьсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах санаа зорилготой, өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л- нь зочид буудлын өрөөнд нэвтэрч, гар утас хулгайлан 850.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох хууль зүйн ойлголт юм.

    Шүүгдэгч Б.Л- нь зочид буудлын өрөөнд амарч байгаа хүмүүсийн өрөөнд зөвшөөрөлгүй орж, тэдний хувийн орон зайд нэвтрэн хохирогчийг унтаж байхад нь гар утсыг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 2 гар утсаа буцаан авсан гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт тухайн гар утаснуудыг буцааж өгсөн тэмдэглэл авагдсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Л-г буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Б.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Л-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Л-г 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Л-д  оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР