Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: Л.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ч-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005023031660 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Ч-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.Ч- нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж нүүр рүү нь цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Ч- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед автомашинтайгаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлжмэлийн автобусны буудлын орчимд явж байхад Ч- гэнэт миний хажуу талаас машинтайгаа хүрч ирээд миний урд талд зогсохоор нь би машинаа зогсооход Ч- шууд миний автомашины урд талын хаалгыг онгойлгож орж ирээд миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...миний цамцыг толгой дээгүүр нөмөргөөд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед ...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүлжмэлийн автобусны буудлын орчимд явж байхад А-ийн машиныг шахаж зогсоогоод манай нөхөр түрүүлж буугаад А-ийн машинд суусан араас нь С- машинаас буугаад тэр хоёр дээр очсон. Тэгээд удалгүй манай нөхөр, С- хоёр хүрээд ирэхээр нь би А- дээр явж очиход А-ийн нүүрнээс цус гарчихсан, тэр цусаа өөрөө нүүрэндээ нялаад байсан. ...С-, А-ийн машинд сууж эсхүл зодоонд оролцож А-ийн биед хүрсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 32/,

Гэрч Т.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч- машинаасаа ганцаараа буугаад А-ийн машины урд талын суудал дээр ороод сууж байсан. Тэгээд удалгүй тэр хоёр маргалдаж байгаа харагдсан. Тэгээд би яваад очиход нэг нэгнийхээ хувцаснаас зууралдсан байдалтай маргалдаж байгаад А-ийн аль хөмсгийг нь санахгүй байна ямар ч байсан нэг хөмсөгнөөс нь цус гоожиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Шинжээчийн 7441 тоот дүгнэлт: “...Д.А-ийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн дээд зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 22-23/,

Яллагдагчаар Л.Ч-мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед санагдаж байна, би эхнэр Баянжаргал, зүс таних С- гэх дүүгийн машинд хамт явж байхад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүлжмэлийн автобусны буудлын орчим А- машинтайгаа явж байхаар нь би А-ийн машинтай зэрэгцэж очоод зогс гэхэд А- машинаа зогсоосон. Тэгэхээр нь би С-гийн машинаас буугаад А-ийн автомашин дээр очоод хажуу талд орж суугаад чи одоо яагаад гар утсаа авахгүй байгаа юм бэ, би чамаас мөнгө төгрөгөөр авъя гэхэд А- чи чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-ийг цохиход хөмсөгнөөс нь цус гараад нүүр рүү нь урссан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37, 41/, хохирогчийн хүсэлт /хх-н 42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Л.Ч- нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.А-ийн: “...Ч- гэнэт миний хажуу талаас машинтайгаа хүрч ирээд миний урд талд зогсохоор нь би машинаа зогсооход Ч- шууд миний автомашины урд талын хаалгыг онгойлгож орж ирээд миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...миний цамцыг толгой дээгүүр нөмөргөөд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч Н.Б-ын: “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүлжмэлийн автобусны буудлын орчимд явж байхад А-ийн машиныг шахаж зогсоогоод манай нөхөр түрүүлж буугаад А-ийн машинд суусан араас нь С- машинаас буугаад тэр хоёр дээр очсон. Тэгээд удалгүй манай нөхөр, С- хоёр хүрээд ирэхээр нь би А- дээр явж очиход А-ийн нүүрнээс цус гарчихсан, тэр цусаа өөрөө нүүрэндээ нялаад байсан. ...С-, А-ийн машинд сууж эсхүл зодоонд оролцож А-ийн биед хүрсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 32/, гэрч Т.С-гийн: “...Ч- машинаасаа ганцаараа буугаад А-ийн машины урд талын суудал дээр ороод сууж байсан. Тэгээд удалгүй тэр хоёр маргалдаж байгаа харагдсан. Тэгээд би яваад очиход нэг нэгнийхээ хувцаснаас зууралдсан байдалтай маргалдаж байгаад А-ийн аль хөмсгийг нь санахгүй байна ямар ч байсан нэг хөмсөгнөөс нь цус гоожиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, шинжээчийн 7441 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Ч-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Ч- нь хохирогчтой урьдын маргаантай асуудлын улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 42/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Л.Ч- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Ч- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч- 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ч-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР