Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

            Шүүгдэгч: Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805006721344 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айзам дэн” буудалд хохирогч Н.Б-гийн хамтаар үйлчлүүлж байх үедээ Н.Б-гийн эзэмшлийн хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар аваад 1.500.000 төгрөг хууль бусаар АТМ-ээс уншуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд өөрийн найзууд болох О-, М-нартай уулзаад Стелла нэртэй зочид буудалд өрөө аваад 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уугаад байж байтал О-гийн найз гэгч Б- ирсэн юм. Тэгээд удалгүй би Б-тэй дэлгүүр ороод 1 шил архи бусад идэж уух юм авах гэтэл бэлэн мөнгө байгаагүй. Тэгээд картаа уншуулж тооцоо хийлгэхээр картны нууц кодоо худалдагчид чанга хэлсэн юм. Тухайн үед миний картын кодыг Б- мэдэх шиг болсон. Тэгээд бид 2 буцаж буудал ороод авсан архиа О-, М-той хувааж уугаад байж байтал М-ын найз Үүрээ гэгч нэг хүүхэн ирсэн. Тэрнээс хойш би яг юу болсныг санахгүй байна их согтоод унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд Айзам нэртэй буудалд ганцаараа байсан. Тэр үед миний хаан банкны карт алга болсон байсан. Би сэрээд буудлын үйлчлэгчээс юу болсон талаараа асуусан чинь намайг нэг хүүхэнтэй орж ирсэн гэсэн. Тэр хүүхэн чинь сая дэлгүүр орлоо гээд гараад явсан гэж хэлсэн. Би найз О-, М-2 дээр Стеллагийн буудал дээр очоод тэр хоёроос асуусан чинь намайг Б-тэй гараад явсан гэж хэлсэн. Би хаан банк руу залгаад дансаа хаалгаад сүүлийн гүйлгээг нь асуутал 1.000.000 төгрөг миний данснаас гарсан байна гэсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би маргааш нь дансаа дахиад шүүлгэхэд нийт 1.500.000 төгрөг авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57/,

Яллагдагчаар Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Н.Б-гийн хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын хойд туслахаар яваад МТ шатахуун түгээх станцын хажуу талд байдаг Хөх хот нэртэй дэн буудалд орсон. Буудалд орохоосоо өмнө архи уучихсан согтуу байсан ба буудалд ороод Баяраа бид хоёр хоёулхнаа байсан учраас 0.75 литрийн /нэрийг нь сайн мэдэхгүй/ архи хувааж уусан бөгөөд хохирогч Баяраа архи ууж байснаа архи талд орох үед тасраад унтаад өгсөн. Тэгэхээр нь би өмднийх нь халааснаас хаан банкны виза картыг нь аваад гадагшаа гарсан. Яагаад картыг нь авсан гэхээр мөнгөний хэрэг байсан, мөн хохирогч Баяраатай хамт дэлгүүрт орохдоо тооцоо хийхэд картныхаа нууц кодыг хэлж, би цээжилж авсан учраас картыг нь авч гараад 10 дугаар хорооллын туслах зам дагуу байдаг Хаан банкны АТМ орж картыг уншуулж, данснаас нь 1.500.000 төгрөгийг уншуулан аваад, виза картыг нь тэр хавьдаа хогийн сав руу хийчхээд явсан. Ингээд картнаас авсан мөнгөөрөө өөртөө хувцас, хоол унд, байрны мөнгө зэргийг төлөх гээд өөртөө ойр зуурдаа хэрэглээд дуусгасан. Хохирогч Баярааг архи уугаад тасраад унтчихсан байхад нь өмдний халааснаас нь виза картыг нь аван, улмаар картнаас 1.500.000 төгрөгийг хулгайлан авсан маань үнэн” гэсэн мэдүүлэг /хх-н 73-74/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 42-50, 81-82/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 66-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айзам дэн” буудалд хохирогч Н.Б-гийн хамтаар үйлчлүүлж байх үедээ Н.Б-гийн эзэмшлийн хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар аваад 1.500.000 төгрөг хууль бусаар АТМ-ээс уншуулан авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Б-гийн: “...би Б-тэй дэлгүүр ороод 1 шил архи бусад идэж уух юм авах гэтэл бэлэн мөнгө байгаагүй. Тэгээд картаа уншуулж тооцоо хийлгэхээр картны нууц кодоо худалдагчид чанга хэлсэн юм. Тухайн үед миний картын кодыг Б- мэдэх шиг болсон. ...Нэг сэрэхэд Айзам нэртэй буудалд ганцаараа байсан. Тэр үед миний хаан банкны карт алга болсон байсан. Би сэрээд буудлын үйлчлэгчээс юу болсон талаараа асуусан чинь намайг нэг хүүхэнтэй орж ирсэн гэсэн. Тэр хүүхэн чинь сая дэлгүүр орлоо гээд гараад явсан гэж хэлсэн. Би найз О-, М-2 дээр Стеллагийн буудал дээр очоод тэр хоёроос асуусан чинь намайг Б-тэй гараад явсан гэж хэлсэн. Би хаан банк руу залгаад дансаа хаалгаад сүүлийн гүйлгээг нь асуутал 1.000.000 төгрөг миний данснаас гарсан байна гэсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би маргааш нь дансаа дахиад шүүлгэхэд нийт 1.500.000 төгрөг авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогчтой цуг дэлгүүрт үйлчлүүлж байхдаа түүний картны нууц кодыг мэдэж улмаар түүнийг унтаж байхад нь картыг нь авч, уг картыг нь ашиглан 1.500.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөөгүй тул шүүгдэгчээс картнаас авсан 1.500.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 18.000 төгрөг, виза картны үнэ 5000 төгрөг, нийт 1.523.000 гаргуулж хохирогч Н.Б-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь 14 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 14 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 112 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцов.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн урьд цагдан хоригдсон 14 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 1.523.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР