Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Марал,

Хохирогч: Ш.Э-,

Шүүгдэгч: Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005033501716 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.А-,  ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.А- нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 02 дугаар хороолол, Мебелийн 12-р байр 11 тоотод гэртээ эхнэр Ш.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, цээж, хоёр бугалганы цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Над руу дайраад байхаар нь гараараа түлхтэл хамар луу нь оносон байсан. Санаатай цохисон асуудал бол болоогүй” гэв.

Хохирогч Ш.Э- шүүх хуралдаанд: “...Би Алтантольтой 30 жил ханилах хугацаанд намайг олон удаа хуурсан. Алтантоль 2 жилийн өмнөөс Солонгос улсад амьдардаг хуучин эхнэртэйгээ нууцаар холбоо бариад мессеж бичээд байхаар нь бид ярилцаж түүнээс болино гэдгээ Алтантоль хэлсэн боловч дараа нь холбоо бариад байсан. Үүний дараа би Алтантолиос чи нөгөө хүнээсээ больсон уу гэхэд больсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэн юм бол надад мессежээ үзүүлчих гэж хэлтэл үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн тул бид маргалдаж байхад намайг хамар луу шууд цохисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна” гэв.

Хохирогч Ш.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр болох Ч.А- надтай амьдарсан цагаасаа хойш янз бүрийн эмэгтэй хүнтэй холбогдох асуудал гаргадаг байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би зүгээр нөхөртөө “...чи үнэхээр ямар нэгэн хүүхэнтэй холбоогүй юм бол надад гар утсаа үзүүлчих” гэсэн чинь манай нөхөр би яахаараа чамд гар утсаа үзүүлдэг юм. ...гээд бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдах үед манай нөхөр нэг гараараа нэг удаа миний нүүрэнд цохисон. Тэр үед нөхөр бид хоёр маргаж байгаад өнгөрсөн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байхад миний бүр уур хүрээд байсан болохоор нөхөртөө ...чи 30-н жил хүнтэй амьдарчхаад ингэж намайг доромжлоод байхдаа яадаг юм ...гэсэн чинь манай нөхөр намайг өдөж байгаа юм шиг бүр инээгээд ...би чиний амьдралаар тоглосон юм гээд доромжлоод байхаар нь бүүр уур хүрээд нөхөртэйгөө маргасан. Тэгсэн чинь нөхөр миний хоолойгоор боогоод газар унагаад байсан бөгөөд манай нөхөр ер нь их санаа муутай болохоор миний биеийн ил газар цохиж зодоод байдаггүй юм. Тэгээд бүр намайг хэл амаар өдөөд байхаар нь би өмсдөг тавчик аваад нөхөр рүүгээ шидсэн чинь манай хоёр охин босч ирээд над руу уурлаад эхэлсэн. Миний нүдэнд үүссэн гэмтлийг манай нөхөр Алтантоль 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гараараа цохиж учруулсан. Харин биед учирсан гэмтлүүдийг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр учруулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрт байхад ээж, аав руу дайраад байсан. Тэр үед би ээжийг ...та больчих, нэг өдөр тайван баймаар байна. ...гэж хэлээд маргааныг салгах гэсэн боловч ээж миний үгэнд орохгүй дайрч байгаад миний цээж хэсэг рүү нэг мөргөн унагаасан. Тэр үед би унахдаа хүүхдийнхээ тоглоомон дээр зүүн хөлөөрөө эвгүй унаад, хөл эвгүй болсон. Аав хэлэхдээ ээж чинь зодох гээд дайраад байхаар нь аав гараараа хамгаалсан чинь ээж оногдсон гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Шинжээчийн 13214 тоот дүгнэлтэд: “...Э-гийн биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, цээж, хоёр бугалганы цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 29-30/,

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Яллагдагчаар Ч.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэр бүлийн хардалтын маргаанаас болоод манай эхнэр Э- зээ хүү /1 ой 8 сартай/-г тэврээд сууж байхад шахмал түлш, хутга, хоолны халбага, гурилын элдүүр, халбага сэрээ, гутал, тавчик, хүүхдийн тоглоом шидээд бие дээр тулж ирээд тоглоом шидээд байсан. Тэгсэн эхнэр Э-гийн унтдаг жижиг өрөөнд зээтэйгээ хамт шалан дээр сууж байхад Э- чи хүүхдээр битгий далимдуулаад бай гээд над руу дайрсан. Тэгсэн зээ хүү над руу яваад ирсэн. Тэгсэн Э- “хүүхэд тавь, чи надтай яриад орхи, утсаа үзүүл” гээд над руу дайраад байсан. Би баруун гараараа өөрийгөө хамгаалаад зүүн гараараа хүүхдээ тэвэрчихсэн сууж байхад Э- дээрээс дайраад миний хамгаалсан гар руу өөрөө орж ирээд цохиулчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, аюулын зэргийн үнэлгээ /хх-н 8/, компьютер томографикийн шинжилгээ /хх-н 31/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-60/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ч.А- нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 02 дугаар хороолол, Мебелийн 12-р байр 11 тоотод гэртээ эхнэр Ш.Э-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, цээж хоёр бугалганы цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Э-гийн: “...нөхөр миний хоолойгоор боогоод газар унагаад байсан бөгөөд манай нөхөр ер нь их санаа муутай болохоор миний биеийн ил газар цохиж зодоод байдаггүй юм. Тэгээд бүр намайг хэл амаар өдөөд байхаар нь би өмсдөг тавчик аваад нөхөр рүүгээ шидсэн чинь манай хоёр охин босч ирээд над руу уурлаад эхэлсэн. Миний нүдэнд үүссэн гэмтлийг манай нөхөр Алтантоль 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гараараа цохиж учруулсан. Харин биед учирсан гэмтлүүдийг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр учруулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч А.Э-ийн: “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрт байхад ээж, аав руу дайраад байсан...Аав хэлэхдээ ээж зодох гээд дайраад байхаар нь аав гараараа хамгаалсан чинь ээж оногдсон гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, шинжээчийн 13214 тоот дүгнэлт, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь санаатай цохиогүй, өөрийгөө хамгаалж түлхэх үед гар луу мөргөсөн гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин хохирогчийг санаатай цохиж гэмтэл учруулсан болох нь хохирогчийн хууль сануулж авсан мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Шүүгдэгч нь гэр бүлийн хувийн таарамж, тохиромжгүй харьцааны улмаас маргалдан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийнх зүйл, заалт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.А- нь хохирогч Ш.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.А- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ч.А-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.А- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтантолийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР