Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

  Хохирогч: Э.Б-,

Шүүгдэгч: Б.Б-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаархүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....тоот регистртэй,

   Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын орчим 2020 оны 8 дугаар сарын 28-ны шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн С.Б-, хохирогч Б.Б-, Э.Б- нарт хүч хэрэглэж, бүлэглэн хохирогч Э.Б-ын нүүр, бие тус газарт цохиж, өшиглөн биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, нүдний салстад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээх зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч Э.Б- шүүх хуралдаанд: “...Би 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Саппорогийн автобусны буудлын ойролцоо зам хөндлөн гарч яваад Б.Б-тай тааралдсан. Б.Б- надтай тааралдаад намайг мэндийн зөрүүгүй шууд цохисон. Үүний дараа Б.Б- ирээд хамтдаа намайг зодсон. Тэгээд би цагдаа дуудаад иртэл Б.Б-, Б.Б- нар ганцаараа явж байсан тааралдсан залуу болгоныг цохиж, зодож байсан. Миний учирсан гэмтлийг Б.Б-, Б.Б- нар бүлэглэж учруулсан. Би өөрт учирсан хохирлоо төлүүлэх хүсэлттэй байна. Одоог хүртэл надад хохирол төлөөгүй. Би их гомдолтой байна” гэв.

            Хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн урд талын автобусны буудал дээр явж байхад нэг намхан хар савхин куртиктэй махлаг дуу халзан, дугуй нүүртэй онигор өргөн шанаатай эрэгтэй миний урдаас хурдтай алхаж ирээд миний эрүү тус газар өөрийн духаараа нэг удаа мөргөөд намайг заамдаж авсан. Тэгэхэд ардаас нь 180 см орчим өндөртэй туранхай халимаг үстэй залуу хүрч ирээд миний хамар руу гараа зангидаж байгаад цохиод духаараа мөргөсөн. Намхан залуу миний зүүн өвдөг орчимд хэд хэдэн удаа өшиглөсөн. Би тэр хоёроос салаад ертөнцийн зүгээр баруун тийш ээ зугтаагаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

            Хохирогч Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр найз С.Б-гийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн замын урд хотын төв орох чиглэлийн автобусны буудлын АТМ-ээс мөнгө аваад гарч ирсэн. Хажуугаар намхан бүдүүн биетэй /Б.Б-/ залуу зөрөхдөө барьж явсан цүнхээрээ миний толгой дагз хэсэг рүү цохисон. Би эргэж хараад яаж байгаа юм бэ гэж асуусан чинь түүний хажууд байх туранхай өндөр залуу /Б.Б-/ миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Манай найз С.Б- салгах гээд орсон чинь манай найзыг газар унагаагаад тэр хоёр нийлж зодсон. Би салгах гээд туранхай өндөр залууг нь түлхсэн чинь бүдүүн залуу босч ирээд намайг зодох гээд хөөсөн. Бүдүүн залуу намайг хөөж ирээд намайг цохиод байхаар нь би бие ээ хамгаалж зөрүүлж нэг цохисон. Туранхай өндөр залуу нь махлаг залуугийн хажуугаар орж ирээд миний үснээс зулгааж нүүр рүү өшиглөсөн. Би зугтаагаад түц рүү орсон чинь тэр хоёр залуу миний араас орж ирээд миний малгайтай цамцнаас доош нь дарж байгаад тэр хоёр зодсон. Түцнээс намайг чирээд гаргасан чинь үл таних өндөр залуу /Э.Б-/ гүйж ирээд салгасан. Намайг салгангуут нь би түц рүү ороод сууж байсан чинь намайг ирж салгасан өндөр залууг намайг зодсон хоёр хүний тарган залуу нь урдаас нь тэвэрч аваад, туранхай залуу нь хамар хэсэг рүү нь цохисон. Өндөр биетэй залуу биеэ хамгаалж тэр хоёр залуугийн өөдөөс эсэргүүцсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

            Шинжээчийн 9945 тоот дүгнэлтэд: “...Э.Б-ын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, нүдний салстад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шилбэний зулгаралт цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 23-24/,

            Яллагдагчаар Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр найз Б.Б- болон ажлынхаа хэдэн хүнтэй Саппорогийн автобусны буудлын урд талын паабад сууж архи ууж байгаад оройны 21 цаг өнгөрч байхад гарч ирээд автобус хүлээнгээ ТҮЦ-ний Б.Б-тай хамт тамхи татаад зогсож байтал Б.Б-тай хэдэн залуучууд маргалдсан. Тэгээд бид хоёрыг ямар ч шалтгаангүйгээр зодсон. ...зугтахаар нь бид хоёр араас нь хөөж байгаад 3 хүнийг нь барьж авсан. Тэгээд тэр гурвыг зодсон архи их уугаад согтсон байсан учир яаж зодсоноо санахгүй байгаа, тэгээд нэг мэдсэн цагдаа ирээд бид хоёрыг эрүүлжүүлэхэд хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 35-37/,

            Яллагдагчаар Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр автобусны буудлын урд талд нэг паабад хамт ажилладаг 3 хүн орж ууж байгаад оройны 21 цагийн үед паабаас гараад харихаар болж автобусны буудлын ард Б.Б-тэй хамт тамхи татаж байгаад би гартаа барьж явсан цүнхтэй хувцсаа үүрэх гэж байгаад тэр цүнхээрээ үл таних нэг залууг цохисноос болж хоорондоо маргалдсан. Тэгээд тэр залуучууд Б.Б- бид хоёрыг зодсон. Бид хоёр зодуулчхаад босож ирээд бид хоёрын ойролцоо байсан гурван залууг барьж аваад зодсон. Би архи уугаад согтолт их байсан учир яаж зодсоноо сайн санахгүй байна, нэг ухаан орсон чинь Саппорогийн замын явган хүний гарц дээр дөрвөн хөлөлчихсөн миний дээрээс Буянбаатар гэж залуу дарчихсан байж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Б.Б- бид хоёрыг эрүүлжүүлэх рүү авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4, 144/, хохирогч Б.Б-ы хүсэлт /хх-н 41/, шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43, 46-47, 65-71/, шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44, 48-50, 73-104/, хохирлын баримтууд /хх-н 54-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын орчим 2020 оны 8 дугаар сарын 28-ны шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн С.Б-, хохирогч Б.Б-, хохирогч Э.Б- нарт хүч хэрэглэж, бүлэглэн хохирогч Э.Б-ын нүүр, бие тус газарт цохиж, өшиглөн биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, нүдний салстад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Б-ын: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн урд талын автобусны буудал дээр явж байхад нэг намхан хар савхин куртиктэй махлаг дуу халзан, дугуй нүүртэй онигор өргөн шанаатай эрэгтэй миний урдаас хурдтай алхаж ирээд миний эрүү тус газар өөрийн духаараа нэг удаа мөргөөд намайг заамдаж авсан. Тэгэхэд ардаас нь 180 см орчим өндөртэй туранхай халимаг үстэй залуу хүрч ирээд миний хамар руу гараа зангидаж байгаад цохиод духаараа мөргөсөн. Намхан залуу миний зүүн өвдөг орчимд хэд хэдэн удаа өшиглөсөн. Би тэр хоёроос салаад ертөнцийн зүгээр баруун тийш ээ зугтаагаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, хохирогч Б.Б-ы: “...намхан бүдүүн биетэй /Б.Б-/ залуу зөрөхдөө барьж явсан цүнхээрээ миний толгой дагз хэсэг рүү цохисон. Би эргэж хараад яаж байгаа юм бэ гэж асуусан чинь түүний хажууд байх туранхай өндөр залуу /Б.Б-/ миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Манай найз С.Б- салгах гээд орсон чинь манай найзыг газар унагаагаад тэр хоёр нийлж зодсон. Би салгах гээд туранхай өндөр залууг нь түлхсэн чинь бүдүүн залуу босож ирээд намайг зодох гээд хөөсөн. Бүдүүн залуу намайг хөөж ирээд намайг цохиод байхаар нь би бие ээ хамгаалж зөрүүлж нэг цохисон. Туранхай өндөр залуу нь махлаг залуугийн хажуугаар орж ирээд миний үснээс зулгааж нүүр рүү өшиглөсөн. Би зугтаагаад түц рүү орсон чинь тэр хоёр залуу миний араас орж ирээд миний малгайтай цамцнаас доош нь дарж байгаад тэр хоёр зодсон. Түцнээс намайг чирээд гаргасан чинь үл таних өндөр залуу /Э.Б-/ гүйж ирээд салгасан. Намайг салгангуут нь би түц рүү ороод сууж байсан чинь намайг ирж салгасан өндөр залууг намайг зодсон хоёр хүний тарган залуу нь урдаас нь тэвэрч аваад, туранхай залуу нь хамар хэсэг рүү нь цохисон. Өндөр биетэй залуу биеэ хамгаалж тэр хоёр залуугийн өөдөөс эсэргүүцсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, шинжээчийн 9945 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь согтуугаар Саппорогийн автобусны буудлын орчим буюу олон нийтийн газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч нарын танихгүй хүмүүст эхэлж зодуулсны улмаас хохирогч нарыг андуурч зодсон гэсэн мэдүүлэг өгсөн нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүйн дээр хууль сануулан мэдүүлэг авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь согтуугаар Саппорогийн автобусны буудлын орчим буюу олон нийтийн газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, Б.Б-, С.Б- нарт хүч хэрэглэж зодсон, хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Э.Б-т хохирол төлөөгүй ба хавтаст хэрэгт баримтаар авагдсан 1.532.870 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Э.Б-т олгох нь зүйтэй.

Хохирогч Э.Б- цалин хөлстэй холбоотой хохирол нэхэмжилсэн байх ба хэдийгээр хавтаст хэрэгт тухайн байгууллагад ажилдаг гэх тодорхойлолт байх боловч тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн баримт болон бусад шаардлагатай нотлох баримт байхгүй тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, хохирогч Э.Б- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлж нийт эдлэх ялыг тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг тус тус 01 жил хорих ялаар,

       - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сар  хорих ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт шүүхээс оногдуулсан тус тус 01 жил 01 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нараас тус бүр 766.435 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-т олгосугай.

    6. Хохирогч Э.Б- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

       11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР