Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 178/2021/0022/Э |
Дугаар | 2021/ШЦТ/33 |
Огноо | 2021-02-05 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Ц.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зуутраг овогт Цовоохүүгийн Нямд холбогдох эрүүгийн 2136000000020 дугаартай, 178/2021/0022/Э/ индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв
Монгол Улсын иргэн, 1998 оны 11дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПП98112913 регистрийн дугаартай, Зуутраг овогт Цовоохүүгийн Ням
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ням нь холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан иргэн Б.Мягмаржавтай утсаар ярьж “... давс зарна...” гэж итгүүлэн түүнийг хуурч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр Б.Мягмаржаваас 1.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч Бух овогт Басангийн Мягмаржавын /1966 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 10 дугаар сарын сүүлээр над руу нэг эрэгтэй хүн яриад “ ... би Завхан аймгийн Сантмаргац сумаас давс худалдах гэсэн юм, та давс авах уу, кг-г нь 60 төгрөгөөр өгнө” гэж ярихаар нь би зөвшөөрсөн. 2020 оны 11 сарын 02-ны өдөр нөгөө дугаараас над руу яриад “ давс бэлэн болсон уутлах мөнгө хэрэгтэй байна. 300000 төгрөг явуулаач” гэхээр нь би уг мөнгийг шилжүүлсэн. 2 хоногийн дараа дахин над руу ярьж давс уутлахад ажилласан хүмүүсийн хөлс болох 200000 төгрөг явуулаач гэхээр нь мөнгийг шилжүүлсэн.2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин над руу залгаж “ Би давсыг бэлэн болгочихсон.Давсны хураамж 700000 төгрөгийг шилжүүлээч” гэхээр нь би 300000 төгрөг шилжүүлсэн.Тэгтэл тэр хүн дахин ярьж “дахиад 200000 төгрөг нэмээд хийгээч, миний мөнгө дутаад байна” гэхээр 200000 төгрөг шилжүүлсэн. Би нийт 1.000.000 төгрөг шилжүүлсэн.Би Ц.Нямыг Завхан аймгийн Сантмаргац суманд байгаа юм байна гэж ойлгож байсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 24-ний үед Улаанбаатараас гурил ачаад Увс аймагт ирсэн.Увсад ирснээс хойш нөгөө хүний 93344244 дугаарын утас руу хэд хэдэн удаа залгасан боловч огт холбогдоогүй.Тэр хүн надаас 1 сая төгрөг авч намайг залилсан учраас би цагдаад хандсан.Тухайн үед данс руу нь мөнгө шилжүүлэхэд “Ням” гэсэн нэр гарч ирсэн. Би тэр хүнийг огт танихгүй, хараагүй.Харин Ням гэдэг хүн давс бэлтгээгүй болохыг сүүлд Нямын ээж Цэвээнтэй яриахад “ Миний хүү давс бэлтгээгүй байж чамтай яриад худал хэлээд мөнгө авчихсан юм байна” гэж хэлэхээр нь Ц.Нямыг давс бэлдээгүй гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/
Хохирогч Б.Мягмаржавын 99452068 дугаарын утсанд 93344244 дугаарын утаснаас ирсэн мессежний хуулбар 1 хуудас баримтыг хүлээн авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 42-43-р хуудас/
Хохирогч Б.Мягмаржавын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 46-47-р хуудас/
93344244 дугаарын эзэмшигчийн мэдээлэл болон ярианы дэлгэрэнгүй мэдээлэл / хэргийн 50-51-р хуудас/
Шүүгдэгч Ц.Нямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Б.Мягмаржав гэх хүнийг танихгүй.Манай ах урьд нь давс гаргаж Б.Мягмаржав гэх хүнд өгдөг байсан. Б.Мягмаржав гэх хүний дугаарыг ээж, аав хоёр утсан дээрээ “давс” гээд хадгалчихсан байсан болохоор би давс авдаг хүн юм байна гэж бодоод залгасан.Би Завхан аймгийн Сантмаргац сумаас давс бэлдээгүй, тухайн үед худлаа хэлсэн.Би 4 удаа мөнгө шилжүүлж нийт 1.000.000 төгрөг авсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байхаар нь худал хэлж авсан. Би уг мөнгийг ихэнхийг нь өөртөө зарцуулж ээжид хаван буулгах эм авч өгсөн.Эхлээд ээжээс айгаад хэлэлгүй байж байгаад сүүлд үнэнээ хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ням нь хохирогч Б.Мягмаржавт “давс зарна” гэж хуурч 4 удаагийн шилжүүлгээр нийт 1 сая төгрөгийг залилж авснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Ц.Ням нь Б.Мягмаржавыг давс худалдаж авдаг болохыг мэдсэн бөгөөд утасны дугаарыг нь аав ээжийнхээ утаснаас мэдэж аваад “ Завхан аймгийн Сантмаргац сумаас давс зарна” гэж худал ярьж итгүүлэн, “давс уутлах мөнгө, давс ууталсан хүмүүсийн хөлс, давсны татвар” гэх мэтээр 4 удаа мөнгө шилжүүлэн авч, хохирогчид нийт 1.000.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Ням нь мөнгө олох зорилгоор зориудаар худал хэлж бусдыг хуурч мөнгө авсан нь тухайн хэргийг шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Ням нь бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Нямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Мягмаржавын “... миний 99452068 дугаарын утсанд Ц.Нямын ээж Цэвээн гэх хүн залгаад манай хүүхэд давс бэлдээгүй байж худал хэлээд чамаас мөнгө авсан байна. Надад дансны дугаараа өгөөч гэсний дагуу би дансны дугаараа явуулж миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн.Миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-65/, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Ням анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-27/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Нямын хувийн байдлын талаар гэрч О.Цовоохүүгийн өгсөн... Ц.Ням нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч, ажилч, хөдөлмөрч хүүхэд байгаа юм.Тусдаа гараагүй аав ээжийнхээ хамт Дөргөн суманд мал маллаж амьдардаг.…гэх мэдүүлэг /хэргийн 15-16-р хуудас/,
Гэрч Ө.Мөнхбатын өгсөн... манай найз Ц.Ням нь хүнд тусархуу, ажилсаг, төлөв даруу зантай хүн. 2017 онд дунд сургуулиа төгсөөд хөдөө аав, ээж, ахынхаа хамт мал маллаж амьдарч байгаа. Архи тамхи хэрэглэдэггүй. Аав ээж нь боломжийн амьдралтай...гэх мэдүүлэг /хх-18-19/, Ц.Нямын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.Нямд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Нямыг бусдыг хуурч, залилах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Нямд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 1.000.000 төгрөгний хохирол төлсөн, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Ц.Ням шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогчид учруулсан 1000000 төгрөгний хохирлоо төлж барагдуулсан. Хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Ц.Ням нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 650.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ням нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 1.000.000 төгрөгний хохирол төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зуутраг овогт Цовоохүүгийн Нямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Зуутраг овогт Цовоохүүгийн Нямыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Нямд оногдуулсан торгох ялын 650.000 / зургаан зуун тавин мянган/ төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Нямд тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ц.Ням нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Нямд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Нямд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС