Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/00775

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б 

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч С.Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай нөхөр Х.Эрдэнэбаатар нь “Гэзэгийн худаг” ХХК-д ажиллаж байх үед тус компанийн захирал З.Насанжаргалын гуйлтаар өөрсдийн эзэмшлийн Баянгол дүүрэ,  13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа барьцаалж зээл авч өгөөч гэсэн тул 16 давхар барилгын суурийн ажилд нь зориулж “Ориент инвест” ББСБ ХХК-иас 25.000.000 төгрөгийн зээлийг авч өгсөн бөгөөд С.Б.Б миний бие нөхөр Х.Эрдэнэбаатарт итгэмжлэл хийж өгсөн болно.

“Гэзэгийн худаг” ХХК нь уг зээлээр суурийн ажил гүйцэтгэсэн боловч хэрэгжүүлж буй төсөл нь зогсонги байдалд орсон тул зээл төлөх боломжгүй болсон. Гэвч нөхөр Х.Эрдэнэбаатар бид нар боломжийн хэрээр цаг хугацаанд нь зээлийн хүүг “Ориент Инвест” ББСБ ХХК-д төлж байсан болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 тоот захирамжийн дагуу 37.602.575 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд С.Б.Б миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр буюу 150.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг өгсөн.

Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрийн хаалган дээр маань Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/261 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”, 3/26225 тоот “Мэдэгдэл” зэргийг үлдээсэн байна. Нэхэмжлэгч С.Б.Б миний бие зүрхний өвчин, бамбайн эмгэгийн улмаас хүндрэлтэй төрсөн бөгөөд байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, эмчилгээний үед тайван байдлыг шаарддаг тул нөхөр Х.Эрдэнэбаатар маань надад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар огт хэлээгүй ба шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс ч надад ямар нэгэн мэдэгдэл, тогтоол зэрэг холбогдох баримтын талаар огт мэдэгдэж байгаагүй болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/261 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-д “... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зэх зээлийн үнэ болох 119.538.697 төгрөгийн 50 хувь буюу 59.769.348 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахыг 183 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Алтансувдад үүрэг болгосугай.” гэсэн байна.

Нэхэмжлэгч С.Б.Б миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцны үнэлгээчний 119.538.697 төгрөгөөр үнэлснийг огт мэдээгүй бөгөөд чухам яагаад 150.000.000 төгрөгийн зах зээлийн бодит ханштай байхад 119.538.697 төгрөгөөр үнэлснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, бидний өмчлөлийн буюу 10 настай, 2 настай 2 охины минь эрх ашгийг хөсөр хаяж зах зээлд байхгүй хямд үнэ болох 59.769.348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг нэг ёсондоо төлбөр авагчийн захиалгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авах оролдлого гэж үзэж эмчилгээ хийлгэх шаардлагатай эмчилгээний төлбөрөөсөө танан байж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 5.342.000 төгрөгийг өөрийн бололцоог шавхан байж төлөөд байгаа болно.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох надад мэдэгдэлгүйгээр хэт доогуур 119.538.697 төгрөгөөр үнэлж, анхны дуудлага худалдааг мөн надад мэдэгдэлгүйгээр шууд 70 хувиар үнэлэн явуулсан, одоо 119.538.697 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар буюу 59.769.348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг өмчлөлийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах 59.769.348 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтансувд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар Хөхийн Эрдэнэбаатараас 37.602.575 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 144/03 тоот тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллага “Бэсгэ” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 119.538.697 төгрөгөөр тогтоосон ба 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3/31373 дугаар албан мэдэгдлээр төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 83.677.087 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/32656 дугаар албадан мэдэгдэл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 59.769.348 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/26225 дугаар албан мэдэгдлүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар мөн хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмлжэл гаргасны дагуу анхан шатны шүүх хурал явагдаж тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8472 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Эрдэнэбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 479 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж Х.Эрдэнэбаатарын гомдлыг хангахгүй шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд “нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ориент инвест” ББСБ нь иргэн Хөх овогт Эрдэнэбаатарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлж байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан нь Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг хийлгэж албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэтэл Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг хамтран өмчлөгч С.Б.Б нь үнэлгээг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан нь Х.Эрдэнэбаатараас төлбөрийг гаргуулах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манай байгууллага нь төлбөрөө авч чадахгүй эрх ашиг хөндөгдөж хохирсоор байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Б.Б нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагчийг дэмжиж оролцсон.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37.602.575 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 249 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 144/01 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2205005525 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг битүүмжлсэн ба уг ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд С.Б.Б биечлэн оролцсон байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 144/03 тоот тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг хурааж авсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд С.Б.Б нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2205005525 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг 150.000.000 төгрөгөөр үнэлсэн ба 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 15/240 тоот албан бичгээр төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. /ХХ-ийн 38, 39 дэх тал/

 

Төлбөр төлөгч болон төлбөр авагч, талууд дуудлага худалдаагаар санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 67 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр “Бэсгэ“ ХХК-ийг томилсон байна. /ХХ-ийн 40 дугаар тал/

 

Шинжээч “Бэсгэ“ ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2205005525 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг 119.538.697 төгрөг байна гэжээ.

 

“Бэсгэ“ ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа хууль, дүрэм, журамд заасны дагуу гаргасан байна. /ХХ-ийн 44-49 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь анхны болон хоёрдахь албадан дуудлага албадан дуудлага худалдааны үнэлгээнд гомдол гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатар нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч С.Б.Б нь анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааны үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан тул хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэхгүй болохыг дурдав.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 117.4 дэх хэсэгт заасны дагуу 1-р байр, 68 тоот орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 3/32656 тоот мэдэгдэл, “Өнөөдөр” сонины 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны дуудлага худалдааны протокол, “Үндэсний шуудан” сонины 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн № 159 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/26225 мэдэгдэл, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Шуудан” ТӨХК-ийн мөнгө хураах тасалбар, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын протоколын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 1-р байр, 68 тоот орон сууцыг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.