Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Жаргал,

Хохирогчийн төлөөлөгч: Н.А-,

           Шүүгдэгч: Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005003890382 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан мөнгийг завшиж 16.427.192 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өсгөн тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирлыг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирол төлөхөөр мөнгө цуглуулсан байгаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Н.А- шүүх хуралдаанд: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 15.011.203 төгрөгийн хохиролтой санал нийлж байна. Хохирлын тооцоон дээр маргахгүй байна. Шүүгдэгчийг хохирол нөхөн төлөх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай санал нийлэхгүй байна. Харин шүүгдэгчийн зүгээс бидэнд тодорхой хэмжээгээр хохирол төлсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Н.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр манай компанид баримтаар 7.034.574 төгрөгийн дутагдал үүссэн. Харин баримтаар нотлогдохгүй 9.464.708 төгрөгийн авлагыг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай гэж гарсан. Баримтаар тогтоогдсон 7.034.574 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байна. Харин мөрдөн байцаалтаар тогтоохоор гарсан 9.464.708 төгрөгөөс 1.909.410 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн дансанд хийсэн байгаа. Б- компанид ажиллах хугацаандаа 2020 оны 01 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 277.279 төгрөг, Б- нь ажилчин Чимэдрагчаад зээлсэн 230.000 төгрөг, жолооч Лхагвадоржид зээлсэн 750.000 төгрөгийг Чимэдрагчаа, Лхагвадорж нар зээлж авснаа зөвшөөрөөд мөнгийг компанид эргүүлж төлсөн... Б-ын хэрэгтэй холбоотой “Нью Капитал тэнцэл” ХХК-аар аудитын тайлан гаргуулсан төлбөрт 1.484.250 төгрөгийг, мөн санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөхийн тулд нотариатчид төлсөн төлбөрт 266.500 төгрөгийг гаргуулж авмаар байна. ...Ингээд нийт 15.083.343 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 137/,

Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Б- ...худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа харилцагч нараас компанид өгөх ёстой байсан мөнгийг завшсан гэдгийг 2020 оны 01 дүгээр сард мэдсэн. Б.Б- нь 2019 оны 9 дүгээр сард манай компанид ажилд ороод 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. ...Б.Б- нь “В Март” дэлгүүрт 125.500 төгрөгийн бараа нийлүүлснээс 72.100 төгрөгийг, “Аз мини маркет” дэлгүүрт 483.560 төгрөгийн бараа нийлүүлснээс 483.500 төгрөгийг, “Алтан” дэлгүүрт 553.551 төгрөгийн бараа нийлүүлснээс 553.551 төгрөгийг, “Барс” зах дээр ажилладаг Байгалмаад 2.000.000 төгрөгийн, Дэлгэрдалайд 1.814.421 төгрөгийн, Хишигнямд 175.800 төгрөгийг, “Бат Энх Орших” дэлгүүрт 2.066.430 төгрөгийн, “Болор” дэлгүүрт 333.000 төгрөгийн, “Ганзам” дэлгүүрт 1.527.780 төгрөгийн, “Мөнх Аз” дэлгүүрт 1.702.110 төгрөгийн, “Нари” дэлгүүрт 338.850 төгрөгийн, “Орхон” дэлгүүрт 290.800 төгрөгийн, “Түмэн элч” дэлгүүрт 534.000 төгрөгийн, “Цоглог” дэлгүүрт 1.715.190 төгрөгийн, “Эби” дэлгүүрт 85.230 төгрөгийн, “Энх Уянга” дэлгүүрт 266.000 төгрөгийн, “Өлзийт” дэлгүүрт 2.200.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн боловч үнийн дүнг компанид төлөхгүй нийт 16.499.280 төгрөгийг хувьдаа завшсан нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон. Б.Б- болон борлуулалтын албаны дарга Батмандах, борлуулалтын менежер Дэлгэрбаяр нарын хамт явж дээрх 19 харилцагч нартай уулзаж тооцоо нийлэхэд Б- мөнгийг нь өөрийн дансаараа авснаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж өргөдлөө бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 163/,

Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Дээрх бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан. Уг бараа бүтээгдэхүүнийг Б- гэдэг борлуулагч авчирч өгч байсан. Урьд нь манай компани регистрийн дугаарыг асууж байгаад хар машиндаа шивж оруулаад улмаар бараа өгдөг байсан. Дээрх 3 удаа бараа авчирч өгөхдөө өөр дэлгүүрийн нэрийг бичсэн байсан. Тэрийг нь би сайн санаж байна. Тэгэхээр нь би манай компанийн нэр дээр биш байна гэхэд Б- зүгээрээ дараа манай нягтлан шивээд оруулдаг юм аа, Болор гэсэн дэлгүүрийн нэр дээр байх нь хамаагүй гэж байсан. ...Дахиж манай компани регистрийн дугааргүй баримттай, өөр байгууллагын нэртэй бараа авчирвал авахгүй шүү гэдгийг хэлж байсан... 3 удаа нийт 333.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авсан. Тэдгээрийг авахдаа тэр даруй Б-т мөнгийг нь бэлнээр өгөөд авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 140/,

Шинжээчийн 78 тоот дүгнэлтэд: “...Нью капитал тэнцэл аудит” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь тус аудитын компани шалгалт хийж дүгнэлт гаргахдаа Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэж дүгнэлтээ гаргаагүй, зарим байгууллагуудын борлуулалтын авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, зөвхөн борлуулалтын тайлангийн зарцуулалтаар 16.50.2.694.00 төгрөгийн хохирол тооцсон байна. Шинжилгээнд ирүүлсэн “...” ХХК-ийн Санхүүгийн газрын борлуулалт, авлагын дэлгэрэнгүй тайлангууд тус компанийн Хаан банк дахь 5019561969 тоот харилцах дансны 2019.06.01-2019.09.30, 2019.10.01-2020.01.15-ны хоорондох хугацааны хуулганууд, худалдааны төлөөлөгч Б.Б-тай холбоотой 2019 оны 11, 12 дугаар саруудын борлуулалтын тайлангууд зэрэг санхүүгийн баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын бүрдлийг хангаж байна. Шинжилгээгээр ... ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны хоорондох хугацаанд ажиллаж байсан Б.Б-ын борлуулалт, авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг тулган шалгахад давхардсан тоогоо 925 төрлийн 16.528.6 тоо ширхэг буюу 106.556.080.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан байна. Шинжилгээгээр “...” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Б.Б- нь бараа бүтээгдэхүүний борлуулсан орлогын мөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны хоорондох хугацаанд “...” ХХК-ийн Хаан банкны 5019561969 тоот харилцах дансанд 17.625.675.00 төгрөг, кассанд бэлнээр 41.790.452.00 төгрөгийг тус тус тушаасан байна. Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд “...” ХХК нь худалдааны төлөөлөгч Б.Б-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны хоорондох хугацаанд нийт 16.499.292.00 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй бүтгэлд тусгасан байна. Үүнээс харилцагч 13 компаниудтай 9.464.708.00 төгрөгийн авлагын үлдэгдлийн тооцоо нийлж баталгаажуулаагүй, харилцагч байгууллагуудын өгсөн тайлбарт “...” ХХК-аас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн аваагүй, өр авлага үүсээгүй талаар дурдсан байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан нар хариуцна”, 20 дугаар зүйлийн 20.2.5-д “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” 20.2.6-д “Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион  байгуулах, удирдах” гээн заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна. Шинжилгээгээр борлуулалт, авлагын тайлан, тооцоо нийлсэн акт, тайлбар холбогдох баримт материал зэргийг үндэслэн 7.034.574.00 төгрөгийн зөрчил дутагдал тогтоогдож, Санхүүгийн баримтаар нотлогдохгүй 9.464.708.00 төгрөгийн авлагыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 204-209/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 15/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 16/, тооцоо нийлсэн акт /хх 1-н 11-12/, Б.Б-ын өр төлбөр үүсгэсэн өдрүүдийн бараа хүлээн авалт, түгээлтийн мэдээлэл /хх 1-н 54-59/, нотариатаар гэрчлүүлсэн тайлан /хх 1-н 60-160/, шинжээчийн 78 тоот дүгнэлт /хх 1-н 204-209/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 51-61/, ... ХХК-н ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх 2-н 63-68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Б- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан мөнгийг завшиж 16.427.192 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Н.А-гийн: “...Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр манай компанид баримтаар 7.034.574 төгрөгийн дутагдал үүссэн. Харин баримтаар нотлогдохгүй 9.464.708 төгрөгийн авлагыг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай гэж гарсан. Баримтаар тогтоогдсон 7.034.574 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байна. Харин мөрдөн байцаалтаар тогтоохоор гарсан 9.464.708 төгрөгөөс 1.909.410 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн дансанд хийсэн байгаа. Б- компанид ажиллах хугацаандаа 2020 оны 01 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 277.279 төгрөг, Б- нь ажилчин Чимэдрагчаад зээлсэн 230.000 төгрөг, жолооч Лхагвадоржид зээлсэн 750.000 төгрөгийг Чимэдрагчаа, Лхагвадорж нар зээлж авснаа зөвшөөрөөд мөнгийг компанид эргүүлж төлсөн... Б-ын хэрэгтэй холбоотой “Нью Капитал тэнцэл” ХХК-аар аудитын тайлан гаргуулсан төлбөрт 1.484.250 төгрөгийг, мөн санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөхийн тулд нотариатчид төлсөн төлбөрт 266.500 төгрөгийг гаргуулж авмаар байна. ...Ингээд нийт 15.083.343 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 137/, гэрч Т.Г-ийн: “...Б.Б- ...худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа харилцагч нараас компанид өгөх ёстой байсан мөнгийг завшсан гэдгийг 2020 оны 01 дүгээр сард мэдсэн. Б.Б- нь 2019 оны 9 дүгээр сард манай компанид ажилд ороод 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. ...Б.Б- нь “В Март” дэлгүүрт 125.500 төгрөгийн бараа нийлүүлснээс 72.100 төгрөгийг, “Аз мини маркет” дэлгүүрт 483.560 төгрөгийн бараа нийлүүлснээс 483.500 төгрөгийг, “Алтан” дэлгүүрт 553.551 төгрөгийн бараа нийлүүлснээс 553.551 төгрөгийг, “Барс” зах дээр ажилладаг Байгалмаад 2.000.000 төгрөгийн, Дэлгэрдалайд 1.814.421 төгрөгийн, Хишигнямд 175.800 төгрөгийг, “Бат Энх Орших” дэлгүүрт 2.066.430 төгрөгийн, “Болор” дэлгүүрт 333.000 төгрөгийн, “Ганзам” дэлгүүрт 1.527.780 төгрөгийн, “Мөнх Аз” дэлгүүрт 1.702.110 төгрөгийн, “Нари” дэлгүүрт 338.850 төгрөгийн, “Орхон” дэлгүүрт 290.800 төгрөгийн, “Түмэн элч” дэлгүүрт 534.000 төгрөгийн, “Цоглог” дэлгүүрт 1.715.190 төгрөгийн, “Эби” дэлгүүрт 85.230 төгрөгийн, “Энх Уянга” дэлгүүрт 266.000 төгрөгийн, “Өлзийт” дэлгүүрт 2.200.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн боловч үнийн дүнг компанид төлөхгүй нийт 16.499.280 төгрөгийг хувьдаа завшсан нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон. Б.Б- болон борлуулалтын албаны дарга Батмандах, Борлуулалтын менежер Дэлгэрбаяр нарын хамт явж дээрх 19 харилцагч нартай уулзаж тооцоо нийлэхэд Б- мөнгийг нь өөрийн дансаараа авснаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж өргөдлөө бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 163/, гэрч Д.Э-гийн:  “...Дээрх бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан. Уг бараа бүтээгдэхүүнийг Б- гэдэг борлуулагч авчирч өгч байсан. Урьд нь манай компани регистрийн дугаарыг асууж байгаад хар машиндаа шивж оруулаад улмаар бараа өгдөг байсан. Дээрх 3 удаа бараа авчирч өгөхдөө өөр дэлгүүрийн нэрийг бичсэн байсан. Тэрийг нь би сайн санаж байна. Тэгэхээр нь би манай компанийн нэр дээр биш байна гэхэд Б- зүгээрээ дараа манай нягтлан шивээд оруулдаг юм аа, Болор гэсэн дэлгүүрийн нэр дээр байх нь хамаагүй гэж байсан. ...Дахиж манай компани регистрийн дугааргүй баримттай, өөр байгууллагын нэртэй бараа авчирвал авахгүй шүү гэдгийг хэлж байсан... 3 удаа нийт 333.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авсан. Тэдгээрийг авахдаа тэр даруй Б-т мөнгийг нь бэлнээр өгөөд авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 140/, шинжээчийн 78 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь ... ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа бараа бүтээгдэхүүн борлуулсан 16.427.192 төгрөгийг завшиж, хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь хохирогч ... ХХК-д нийт 16.427.192 төгрөгийн хохирол учруулснаас 1.909.410 төгрөгийг төлсөн, үлдэгдэл цалин бусад хүмүүст зээлсэн 1.257.279 төгрөг, нийт 3.166.689 төгрөгийг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй.

Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан 1.484.250 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн 266.500 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Б-аас гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-аас нийт 15.011.253 төгрөг гаргуулж хохирогч ... ХХК /Н.А-/-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”, 1.1 дэх заалтад “...шинжээч ...төлөх зардал”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд ... ХХК-наас аудитын дүгнэлт гаргуулсан 1.484.250 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн баримтын төлбөр 266.500 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгав.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Б-т шүүхээс оногдуулсан 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 15.011.253 төгрөг гаргуулж хохирогч “Мак маркет ХХК”-д олгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР