Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 30

 

 

Ш.А-д холбогдох

                                                                     эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Болор,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 он 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.А-д холбогдох, эрүүгийн 1720000760080 дугаартай, 1 хавтас 118 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амандогийн ..... тоотод оршин суух, Агаруут овогт Ш-ийн А /ЕП70021507/-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Болороос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох түүх соёлын дурсгалт зүйл буюу 3 ширхэг гуулин хувинг хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Агаруут овогт Ширнэнгийн Аг соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Ад оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд сард 555 555, 56 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуудийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1280000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг гуулин хувинг тогтоол хүчин төгөлдөр болмогц Боловсрол, соёл, шинжлэх ухааны, спортын яаманд шилжүүлж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох түүх соёлын дурсгалт зүйл буюу 3 ширхэг гуулин хувинг хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. А нь уг гэмт хэргийг анхнаасаа үйлдэх санаа зорилго агуулаагүй бөгөөд тус гуулин хувингуудыг авч явахдаа ямар нэгэн байдлаар нуун далдлах үйлдэл хийгээгүй, мөн А нь авч яваа бараагаа гаалийн байгууллагад мэдүүлэх эрхийг нь олгоогүй зэрэг нь Аг уг гэмт хэрэгт буруутгах үндэслэл болохгүй юм. Тус хувингуудыг гаалийн хилээр хязгаартайгаар нэвтрүүлж болох бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлснээр нэвтрэх эрх нь нээгдэнэ. Монгол улсын хилээр хууль бусаар гаалийн хилээр нэвтрүүлсэн гэж үзсэн атлаа гаалийн байгууллагаас нуун далдалсан эсэхийг тодруулаагүй байна. Үүнийг гаалийн хилээр хориотой болон татвар ногдох бараа байгаа эсэхийг мэдүүлэг гаалийн диклараци бөглүүлсэн эсэхээр тодорхойлогдох юм. Гаалийн тухай хуульд зааснаар эхлээд диклараци бөглөөд, мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзнэ гэж ойлгож байгаа. Вагонд явж байхад байцаагч нар диклараци бөглөж, шалгуулаад байгаа. Мэдээллийн шинжтэй орж ирсэн хэргүүд дээр диклараци шалгуулж мэдүүлээгүй гэж байгаа болохоос биш диклараци бөглөвөл гаалийн хилээр нэвтрүүлэх боломжтой байсан. Тэр эрхийг нь хангаагүй байна. Диклараци мэдүүлсэн тохиолдолд гаалиар нэвтрүүлэх боломжтой байсан гэдгийг гаалийн эрсдэлийн байцаагч гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Үүнийг гаальд бүртгүүлээд авч гарах боломжтой байсан. Хамгийн гол нь гаальд бүртгүүлэх диклараци өгөөгүй, шууд рентгэн дээр тавиад гарч ирсэн байна. Цаана нь гараад юу юу байсан талаар мэдүүлж байж гарах ёстой байсан гэдгийг эсхүл гаалийн хилээр нэвтрүүлсэнийхээ дараа мэдүүлэх ёстой юм уу, нэвтрүүлэхээс өмнө тэрийг бөглөх ёстой юм уу. Тэр үйл ажиллагааг аваагүй учраас хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна. Тийм учраас энэ хэрэг үндэслэлгүй байна. Хамгийн гол нь мэдүүлэх эрхийг хангаагүй. Иймд шүүгдэгчийг улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. А нь төрсөн эх болох Оргойгийн эзэмшлийн хувинг эзэмшигч Оргойд аваачиж өгөхөөр явж байсан болохоо анхнаасаа мэдүүлдэг, үүнээс үзэхэд А нь ямар нэгэн ашиг олох, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй болох нь тогтоогдож байна. Мөн тухайн гуулин хувингууд нь түүх соёлын дурсгалт зүйл болохыг А нь мэдэх боломжгүй бөгөөд тус хувингууд нь түүний гэрийн амбаарт хадгалагдаж байсан гэдгийг Оргой болон бусад гэрчүүд мэдүүлж байдаг. Иймд Агийн гэм буруугүй болох нь тогтоогдож байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын хилээр хуулиар хязгаарласан барааг нэвтрүүлээгүй, ямар нэгэн санаа зорилго агуулаагүй, гаальд мэдүүлээгүй, өөрөө нууж гарсан асуудал байхгүй учраас гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгч нь үзэж байна. Прокурорын хувьд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдэл нь шууд санаатай үйлдлээр илэрдэг гэмт хэрэг. Гаалийн тухай хуульд Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа этгээд тухайн эд зүйлийг мэдүүлэх үүрэгтэй гэж өөрийнх нь үүргийг заачихсан байгаа. Тухайн диклараци байхгүй байсан ч гэсэн авч яваа зүйлээ мэдүүлэх ёстой. Гэтэл шүүгдэгч өөрөө шууд авч яваад илэрвэл илрэг, илрэхгүй бол яахав гэсэн байдлаар авч яваад үзүүлчихсэн үйлдэл харагддаг. Энэ талаар гаалийн байцаагчийн гэрчийн мэдүүлэг байгаа. А нь хилээр юу авч явах боломжтой, боломжгүй гэдгийг мэдэх ёстой байсан, хилээр эд зүйл гаргах гэж байгаа бол энэ талаараа урьдчилан судалж мэдэх үүрэгтэй. Үүнийг Гаалийн тухай хуульд үүрэг болгоод өгчихсөн байгаа. Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүх соёлын дурсгалт зүйл гэж байгаа. Соёлын өвийн тухай хуульд зааснаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлдэг. Энэ зөвшөөрөл байхгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Нацагнямын мэдүүлэг, шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг агуулж байна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.А  2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Замын-Үүд хилийн боомтоор түүх соёлын дурсгалт зүйлүүд болох 3 ширхэг металл хувинг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  улсын хилээр нэвтрүүлсэн 3 ширхэг хувинг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлын дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын шатанд Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоол /хх-ийн 36/-оор томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяа Соёлын өвийн төвийн дэргэдэх түүх, соёлын дурсгалт зүйлсийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийг  шинжээчээр томилсон ба хууль сануулсан тухай буюу шинжээчид эрх, үүрэг  тайлбарлаж өгсөн тухай баримтанд Бямбасүрэн гэж хүн гарын үсэг зурсан боловч тэрээр дүгнэлт гаргаагүй, харин шинжээчээр томилогдоогүй Н.Жамбал, Ш.Энхтуяа нар шинжээчийн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй болсон,  мөн шинжилгээг мөрдөгчөөс тогтоосон хугацаанд гаргаагүй, хугацаа сунгуулах хүсэлт гаргалгүйгээр 9 хоногийн хугацаа хэтрүүлж гаргасан,  мөн дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/04 тоот тогтоол /хх-ийн 39/-оор Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилсон байхад мөн прокурорын шийдвэрээр томилогдоогүй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны шинжээч Н.Болд, Б.Даваацэрэн, Г.Энхбат гэсэн хүмүүс шинжээчийн дүгнэлт гаргасан нь тус тус Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх тухай журмыг тус тус зөрчсөн байх тул шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д зааснаар энэ хуульд заасан журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Улсын хилээр нэвтрүүлсэн 3 ширхэг металл хувингийн өмчлөгч нь Д.Оргой болох нь хавтаст хэргийн материалаас харагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-д зааснаар түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байсан. Ингэхдээ өмчлөгчийн зөвшөөрлөөр уг эд мөрийн баримтуудыг хураах, эсхүл үнийг шүүгдэгчээс гаргуулах байдлаар шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасанд нийцэх байтал шууд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д заасныг тус тус баримталсан нь мөн үндэслэлгүй болсон.

Шүүгдэгч Ш.А нь улсын хилээр нэвтрүүлсэн 3 ширхэг металл хувинг Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар гаалийн байгууллагад мэдүүлэх эрхээр хангагдсан байсан эсэх, энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдэхэд  нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” болсон эсэхийг шалгаж тогтоогоогүй.

Шүүгдэгч Ш.А нь 2002 оны Засгийн газрын 219 дүгээр тогтоолын 1-р хавсралт болох Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтын XXI хэсгийн Б,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2003 оны 223 дугаар хавсралтаар тогтоосон Түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд лиценз олгох журам зэргийг тус тус яаж зөрчсөнийг шалгаж тогтоогоогүй.

Эдгээр нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа“-ны үед анхан шатны шүүх өөрийн санаачлагаар урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж  шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлоос шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах  ажиллагааг хийлгэх тухай гомдлын зарим хэсгийг хангаж,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                  Н.БОЛОРМАА

                                                                                 А.САЙНТӨГС