Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0209/З |
Дугаар | 378 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 378
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: ХХУ ХХК
Хариуцагч: СЗХ
Нэхэмжлэлийн шаардлага: “СЗХ ны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ХХУ ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 03 тоот албан бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа СЗХ ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг СЗХ нд даалгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б , өмгөөлөгч Д.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХУ ХХК-ийн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанид СЗХ ны 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн 1/191 дугаар бүхий гэрчилгээг олгосон.
Гэтэл СЗХ ны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар тогтоолоор ХХУ ХХК-ийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийг гаргалаа.
Дээрх тогтоолын үндэслэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийн 14.1.5-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэх хуулийн заалтыг баримтлан тогтоол гаргасан байдаг.
СЗХ ны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 271 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 2,500,000,000 хоёр арваны таван тэрбум төгрөг, ...бусад аймаг, сумдад 200,000,000 хоёр зуун сая төгрөг байхаар тогтоосон.
Уг тогтоолын 2 дахь заалтаар тогтоол гарахаас өмнө тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад хамаарахгүй, харин 3 дахь заалтаараа тогтоол батлагдсантай холбоотой одоо үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
СЗХ ны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх тухай шийдвэр гарч, хуваарийг баталсан.
Мөн Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх тухай хуваарийг СЗХ ны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор өөрчилж баталсан байдаг. Ингэж өөрчлөхдөө 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр 2021 он хүртэл гаргасан байдаг.
Эндээс үзвэл нэхэмжлэгчид дээрх тогтоолуудын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ нь дээрх тогтоолуудыг зөрчиж компанид боломж олголгүйгээр хууль зөрсөн шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.
Мөн ХХУ ХХК-ийн нийт хувьцааг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн эрх нь бүрэн шилжсэн. Компанийн эрх шилжсэнтэй холбогдуулж шилжүүлэн авсан тал нь компанийг Төв аймгийн Баянчандмань сум руу хаягаа шилжүүлж, дүрмийн сангаа өөрчлөх хүсэлтийг гаргаж, хариу өгөхийг удаа дараа хүссэн боловч СЗХ ноос шийдвэр гаргаж өгөлгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулиар олгосон боломжоор огт хангаагүй, өөрсдийнхөө гаргасан тогтоолын биелэлтийг мөн хангах боломжийг олгоогүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсгох ажиллагааг огт явуулаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу мөн мэдэгдэх ажиллагааг явуулаагүй.
СЗХ 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар тогтоолыг тухайн үед компанид өгөөгүй, бидэнд мэдэгдээгүй бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр нэр бүхий албан тушаалтнаас гардан авсан тул ийнхүү хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаж байна. Иймд СЗХ ны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
ХХУ ХХК нь 2009 оноос хойш хууль тогтоомжид нийцүүлэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ХХУ ХХК-ийн нийт хувьцааг компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр бүрэн шилжсэн. Бид компанийнхаа санхүүгийн тайланг СЗХ нд өгөхөөр очиход манай үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн байсан. Учир нь бид СЗХ нд хүсэлт гаргасан ба уг хүсэлтдээ дүрмийн сангаа 400.000.000 төгрөгөөс 800.000.000 төгрөг болтол ХХУ ХХК-ийг Төв аймгийн Баянчандмань сум руу хаягаа шилжүүлэх, дүрмийн сангаа өөрчлөх хүсэлтийг удаа дараа хүссэн боловч СЗХ ноос шийдвэр гаргаж өгөөгүй. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өгсөн хүсэлтэд 45 хуудас бүхий материал бүхий СЗХ ноос гаргасан СЗХ0002 тоот маягтыг бөглөж, 03 албан тоотоор өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасныг зөрчиж байгаа юм.
Иймд СЗХ ны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, ХХУ ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай албан тоот бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа СЗХ ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЗХ ны 2016 оны 72 дугаар тогтоол гарснаар дүрмийн сангийн хэмжээг Улаанбаатар хотод доод хэмжээ нь 800 000 000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Харин манай компанийн хувьд 400 000 000 төгрөгийн дүрмийн сантай үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь өмнө нь авч байсан дүрмийн сангийн хэмжээ юм. Энэ хэмжээнд манай компани хүрэн ажиллаж байгаа. Уг дүрмийн сангийн хэмжээг СЗХ ноос авах үүрэг чиглэл өгөн тогтоол гарган явсан байдаг. Тогтоол гарснаас хойш бидний зүгээс арга хэмжээ авсан. Учир нь 2017 оны 59 дүгээр тогтоол гэж гарсан. Өөрөөр хэлбэл 800 000 000 төгрөг хүрээгүй бол 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх тул энэ хугацаанд танайх асуудлаа шийд гэсэн шаардлага тавьсан. Уг шаардлагын дагуу манайх 800 000 000 төгрөгийн дүрмийн санд хүрч чадахгүй байгаа тул хөдөө орон нутаг руу шилжүүлж өгнө үү гэж 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буюу 10-ны өдрөөс 1 хоногийн өмнө хүсэлтээ тавьсан байдаг. СЗХ ноос энэ хүсэлтийг одоог хүртэл шийдэж өгөөгүй байгаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Манай зүгээс СЗХ ноос тавьсан шаардлагыг биелүүлэхийн төлөө явсан боловч боломжгүй болон хөдөө орон нутаг руу шилжүүлэх хүсэлт гарган 20 000 000 төгрөг тушаан Төв аймгийн Баянчандмань сум руу шилжихээр болсон байдаг. Төлбөр төлсөн баримтаа хэргийн материалд эх хувиар нь хийсэн байгаа. Улмаар хөдөө орон нутаг руу шилжих шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр өөрчлөлт хийлгэхээр СЗХ ны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар СЗХ нд мэдэгдсэн байдаг.
СЗХ нь СЗХ ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих гэж заасныг үндэслэж, захиргааны акт буюу маргаан бүхий актыг гаргасан байдаг. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх гэж заасныг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл СЗХ тусгай зөвшөөрлийг олгосон бол аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх нөхцөлийг хангах ёстой. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т ил тод, шуурхай байх гэсэн зарчим алдагдаж, зөрчигдсөн гэж үзэж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах буюу сонсох ажиллагаа хийх ёстой ч хийгээгүй нь мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх зарчим алдагдсан гэж үзэж байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар захиргаа өөрөө бид нарт сонгох боломж олгохгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “СЗХ ны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолууд нь ХХУ ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралгүй тогтоолууд юм. Үүнд:
Хорооны 2016 оны 271 дүгээр “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол нь зөвхөн шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээдэд хамааралтай тогтоол тул ХХУ ХХК-д хамааралгүй.
Хорооны 2017 оны 27 дугаар “Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх тухай” тогтоол нь Хорооны 2016 оны 72 дугаар тогтоолын заалтыг хангаж ажилласан банк бус санхүүгийн байгууллагад л хамаарах тул ХХУ ХХК нь Хорооны 2016 оны 72 дугаар тогтоолын заалтыг биелүүлж ажиллаагүй тул түүнд хамаарахгүй.
Харин Хорооны 2016 оны 3 сарын 11-ний “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 72 дугаар тогтоол нь ХХУ ХХК-д хамааралтай юм.
Учир нь Хороо 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 72 дугаар тогтоолоор ББСБ-уудыг 2017 оны 01 сарын 01-ний өдрийн дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ 800,000,000 /найман зуун сая/ төгрөгт хүргэж ажиллахыг үүрэг болгож шийдвэрлэсэн.
ХХУ ХХК нь тухайн үед 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байсан бөгөөд Хорооны 2016 оны 72 дугаар тогтоолд заасан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800.000.000 /найман зуун сая/ төгрөгт хүргэж ажиллах шийдвэрийг биелүүлээгүй. Иймд Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.4, Хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан ББСҮА-ны зохицуулалтын журмын 7.2.3-т заасан “Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллаагүй бол 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн Хорооны 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор ХХУ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг өгсөн.
Гэвч ХХУ ХХК нь түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй учир Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол хүчингүй болгоно.”
Хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “ББСҮА-ны зохицуулалтын журам”-ын 7.7.8 “Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй бол хүчингүй болгоно” гэж заасан үндэслэлээр Хорооны 2017 оны 201 дүгээр тогтоолоор ХХУ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Мөн тэрчлэн 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс ХХУ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал бий болсон байхад Хорооны зүгээс шууд хүчингүй болгоогүй бөгөөд 4 сар гаруй хугацааны дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Энэ хугацаанд Хорооноос ХХУ ХХК хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх мэдэгдэл, шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 9/1507 албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 73 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагаар тус тус хүргүүлсэн.
Ийнхүү ХХУ ХХК-д хууль тогтоомжид заасан шалгуурыг хангах боломж, цаг хугацааг хангалттай өгч ажилласан байхад тус компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг огтхон ч авч ажиллаагүй.
Дээрх мэдэгдэл шаардлагыг Хорооноос ХХУ ХХК-д 2 удаа хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд хүргүүлнэ.” гэсэн заалтыг Хороо биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй юм. Энэ хугацаанд ХХУ ХХК нь Хороонд холбогдох тайлбар материал, саналаа ирүүлээгүй.
ХХУ ХХК нь албан ёсоор Хороонд компанийн хаяг байршил өөрчлөх талаарх хүсэлт холбогдох материалыг ирүүлээгүй тул Хороо шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд ХХУ ХХК-ийн гаргасан СЗХ ны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэмэгдүүлсэн шаардлагын гол үндэслэл болох ХХУ ХХК-иас 2017.06.09-ны өдрийн 03 тоот албан бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа СЗХ ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах” СЗХ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 3.2.1” Ирсэн бичгийг бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авна. Ирсэн бичгийг хүлээж авсны дараа хаяг бүрдлийг шалгаж бүртгэх, урьдчилан танилцах, ангилах, удирдлагад танилцуулж цохолт хийлгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх зэрэг ажилбарууд хийгдэнэ” гэж заасны дагуу ирсэн бичиг баримттай холбоотой асуудлыг хүлээн авч шийдвэрлэдэг.
ХХУ ХХК-иас СЗХ нд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичгээр хандаж ямарваа нэгэн хүсэлт гаргаагүй тул тус Хорооны зүгээс захиргааны акт гаргах боломжгүй юм.
Мөн тэрчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэрч Д.Дашмягмар мэдүүлэхдээ “Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай өрөөнд орж ирээд банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл худалдаж авсан юм үүнтэй холбоотой зөвшөөрөл авах гэж яваа талаараа хэлээд надаас зөвлөгөө авсан. Би авч явсан баримт бичгийг судлаад таны хүсэлт буцаагдах магадлалтай юм байна гэхдээ та манай байгууллагын бичиг хэрэгт хүсэлтээ өгнө үү гэдэг зөвлөгөөг өгсөн гэтэл Э.Б нь чи авах ёстой гэж дайрч давшилсан тэгээд ширээн дээр авч явсан баримт бичгээ шидчихээд гараад явсан тул хүлээж авсан гэж үзэхгүй байна” гэсэн мэдүүлэг ХХУ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б ий “би 2017 оны 6 сарын 09-ний өдөр ББСБГ-ын өрөөнд ороход Д.Дашмягмар сууж байсан тэгээд бичиг баримт үзээд бичиг хэрэгт өг гэж хэлсэн дараа нь Б.Итгэлсүрэн даргаас өгсөн бичиг баримтаа авсан” гэснээс үзвэл ХХУ ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичгээр ямарваа нэгэн хүсэлт холбогдох баримт бичгийг СЗХ нд ирүүлээгүй нь нотлогдож байна.
Иймд ХХУ ХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч ХХУ ХХК нь тус шүүхэд СЗХ ны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХУ ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 03 тоот албан бичгээр хандсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа СЗХ ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг СЗХ нд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч ХХУ ХХК нь СЗХ ны 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болсон бөгөөд тус хорооны 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
СЗХ ны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 72 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагуудыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ 800.000.000 төгрөгт хүргэж ажиллахыг үүрэг болгож, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталжээ.
Хариуцагчаас ХХУ ХХК нь СЗХ ны 2016 оны 72 дугаар тогтоолоор баталсан хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор тус компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг өгсөн байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд ХХУ ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх талаар 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 9/1507 албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 73 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагаар тус тус мэдэгдсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тус хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор ХХУ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс “...манайх 800 000 000 төгрөгийн дүрмийн санд хүрч чадахгүй байгаа тул хөдөө орон нутаг руу шилжүүлж өгнө үү гэж 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буюу түдгэлзүүлсэн хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө хүсэлтээ тавьсан. СЗХ ноос энэ хүсэлтийг одоог хүртэл шийдэж өгөөгүй” гэж маргадаг.
Хариуцагчаас “ХХУ ХХК нь албан ёсоор компанийн хаяг байршил өөрчлөх талаарх хүсэлт холбогдох материалыг СЗХ нд ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй.” гэж тайлбарлажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч ХХУ ХХК-ийг тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй боловч
ХХУ ХХК нь 400.000.000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг СЗХ ны 2016 оны 72 дугаар тогтоолд заасан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800.000.000 төгрөгт хүргэж ажиллах шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч дүрмийн сангийн хэмжээнд нийцүүлэн банк бус санхүүгийн байгууллагаа орон нутагт шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь ХХУ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигч Ким Ёонгрокийн эзэмшлийн 60 хувь, Жунг Геунгкигийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг бүхэлд нь Э.Б д шилжүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан Э.Б ий өмчлөлд шилжжээ.
ХХУ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Э.Б шилжүүлэн авсан компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахгүйгээр харьяаллыг шилжүүлэх сонирхолтой байгаагаа хариуцагч байгууллагад илэрхийлсэн нь гэрч Д.Дашмягмарын “Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай өрөөнд орж ирээд банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл худалдаж авсан юм. Үүнтэй холбоотой зөвшөөрөл авах гэж яваа талаараа хэлээд надаас зөвлөгөө авсан. Би авч явсан баримт бичгийг судлаад таны хүсэлт буцаагдах магадлалтай юм байна. Гэхдээ та манай байгууллагын бичиг хэрэгт хүсэлтээ өгнө үү гэдэг зөвлөгөөг өгсөн. Гэтэл Э.Б нь чи авах ёстой гэж дайрч ширээн дээр авч явсан баримт бичгээ шидчихээд гараад явсан тул хүлээж авсан гэж үзэхгүй байна” гэсэн мэдүүлэг ХХУ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б ий “Би 2017 оны 6 сарын 09-ний өдөр өрөөнд ороход Д.Дашмягмар сууж байсан тэгээд бичиг баримт үзээд бичиг хэрэгт өг гэж хэлсэн боловч бичиг хэрэг байгаагүй тул үлдээгээд явсан. Дараа нь Б.Итгэлсүрэн даргаас өгсөн бичиг баримтаа авсан” гэсэн, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлсүрэнгийн “... тус компанийн бичиг баримтыг манай ажилтан орхиод явлаа гээд өгсөн боловч албан ёсоор, журмын дагуу хандаагүй тул сейфэнд хадгалж байгаад буцааж өгсөн” гэх тайлбаруудаар нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагчаас “ХХУ ХХК-иас тусгай зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх хүсэлтийг бичиг хэргийн ажилтнаар дамжуулан өгөөгүй тул шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй боловч, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсч, ирүүлсэн баримт бичгийг СЗХ хүлээн авч ажлын 30 хоногийн дотор хянаад, дараахь шаардлагыг хангасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно:, 9.1.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь СЗХ ноос тогтоосон хэмжээнд хүрсэн; “ гэж зааснаас үзэхэд ХХУ ХХК тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ 800.000.000 төгрөгт хүргэж ажиллах боломжгүй боловч өөрийн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн хэмжээнд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх хүсэлтээ тус хороонд биечлэн илэрхийлж байсныг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс хорооны ажилтанд өгсөн бичиг баримтыг эрх бүхий ажилтанд шилжүүлж, СЗХ ны эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр шаардаж болно.” гэж заасан чиг үүргийн дагуу хүсэлтийг тодруулан шийдвэрлэх боломжтой байжээ.
Иймд ХХУ ХХК-ийн өөрийн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн хэмжээнд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх хүсэлтийг СЗХ хүлээн авч, судлан шийдвэрлэх хүртэл СЗХ ны ХХУ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. СЗХ ны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасныг баримтлан ХХУ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх хүсэлтийг СЗХ хүлээн авч, судлан шийдвэрлэх хүртэл СЗХ ны ХХУ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН