Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00018

 

Н.Бямбажавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагч Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Батхүү нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03  дугаар сарын 31-ний  өдрийн  373 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Бямбажавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Үр дүнгийн урамшуулал 4,152,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 05 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар гэрээний дагуу  урамшууллыг олгохгүй хохироосоор ирлээ.  ...2013 оны “Үр дүнгийн гэрээ”-ний … 5.1 дэх заалтанд “...Төрийн жинхэнэ албан хаагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг байгууллагын эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ... ”, 2014 оны “Үр дүнгийн гэрээ”~ний 2.3 дахь заалтанд ‘‘...Жилийн эцэст сумын ИТХ-аас баталсан орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд ТЕГ-ын даргын 2013 оны 474-р тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-ын дагуу Татварын байцаагчийн давуулан биелүүлсэн орлогын дүнгээс 10 хүртэл хувиар урамшуулах асуудлыг сумын ИТХ-д оруулж шийдвэрлүүлэх захирамж гарган шагнаж урамшуулна..." гэж зохицуулсан юм. Миний бие 2013 онд ажлын үр дүнгээр 94,2% А буюу маш сайн гэсэн үнэлгээ, 2014 онд ажлын үр дүнгээр 95,8% А буюу маш сайн гэсэн үнэлгээг тус тус авсан болно.

... Н.Бямбажав надад 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12 401 700 төгрөгийн урамшуулал болох 1,240,170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29 121 800 төгрөгийн 10 хувь болох 2,912,180 төгрөг  нийт 4,152,350 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Бямбажав нь ажлын үр дүнгийн гэрээгээ 2013 онд 94,2% А буюу маш сайн, 2014 онд 95,8% “А” буюу маш сайн гэсэн үнэлгээтэй дүгнүүлсэн байдаг. Энэхүү гэрээний үнэлгээ одоо хүртэл хүчин төгөлдөр байна. Мөн энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүйн дээр ямар нэг тайлбар хийгээгүй ажээ  (Төсвийн тухай хуулийн 23.4, 23.6, 23.8).  Иймд үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

... хариуцагч байгууллага эрх зүйн талаас үгүйсгэсэн тайлбарыг хийгээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлан үгүйсгэж, няцаасан тайлбараар мэтгэлцээгүй гэж үзнэ. Дээрх хууль, журмыг тус тус Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг дарга зөрчсөн. Нөгөөтэйгүүр Татварын Ерөнхий Газрын даргын 2013 оны 474 дугаар тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-ын үйлчлэх хүчин чадал нь нэхэмжлэгч Н.Бямбажавын урамшуулал авах эрх нээгдсэн 2013, 2014 оны үед хүчин төгөлдөр байсныг тэмдэглэж байна.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар  тайлбартаа: “2013 онд сум орон нутгийн орлого 12 401 700 төгрөгөөр, 2014 онд 29,121,800 төгрөгөөр давсан байна" гэснээс үзвэл тус сумын татварын улсын байцаагч Н.Бямбажавын ажлын үр дүнд 2013-2014 онуудад сум, орон нутгийн татварын орлого 41,523,500 төгрөгөөр давуулан биелүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.  ...Иймд Н.Бямбажав нь 2013, 2014 онуудын Сумын татварын орлогын давсан орлого болох 41,523,500 төгрөгөөс урамшуулал авах эрх зүйн үндэслэлтэй юм.

... Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа эдийн засгийн болоод төсвийн хүндрэлтэй байдал зэргээс үр дүнгийн гэрээний урамшууллыг нөхөн олгох боломжгүй гэсэн нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх зүйн үндэслэл биш юм. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж, хөдөлмөрийн үр дүнд олгох ёстой урамшууллыг хасч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй учир хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй болно.

... нэхэмжлэгч Н.Бямбажавын 2013, 2014 онуудын үр дүнгийн гэрээний урамшуулалд 4,152,350 төгрөгийг гаргуулан олгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд сумын орон нутгийн орлого 12401700 төгрөгөөр давсан боловч давсан орлогын төрөл зүйлээр авч үзэхэд ХЭАА-н орлого 1228,7 төгрөгөөр, ойн төлбөр 10093,8 төгрөгөөр, хүү торгууль 1083,9 төгрөгөөр тус тус давсан байна. Мөн 2014 оны орон нутгийн орлогын төрөл зүйлээр авч үзвэл: ХЭАА-н орлого 10728,6 төгрөгөөр, ойн төлбөр 7193,8 төгрөгөөр, агнуур 14087,2 төгрөгөөр, хүү торгууль 6161,7 төгрөгөөр тус тус давсан байна. ХЭАА орлого нь ноосны урамшууллаас орсон орлого бөгөөд бусад нэр заасан орлогуудыг БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаа,

хэсгийн төлөөлөгч, сумын болон багийн Засаг дарга нар ажил үүрэг бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэж хийсэн ажпын үр дүнгээр орсон орлого болно. ТЕГ-ын даргын 2013 оны 474-р тушаалаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам” нь хүчингүй болсон байна. Мөн эдийн засгийн хүндрэл, ЗДТГ-ын төсвийн хүндрэлтэй байдал, дээрх орлогууд нь татварын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнгээр ороогүй зэргээс дээрх мөнгийг нөхөн гаргаж өгөх боломжгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний  өдрийн 373 дугаар шийдвэрээр Монгол Улсын  Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4, 40.4.2, 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Бямбажавын нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, үр дүнгийн урамшуулал 4,152,350 /дөрвөн сая нэг зуун тавин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,388 /наян нэгэн мянга гурван зуун наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Бямбажав давж заалдах гомдолдоо: ...хэрэгт авагдсан нотлох баримт алга болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Хэрэгт авагдсан нотлох баримт алга болсон талаар

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт 2014 оны ажлын үр дүнгийн гэрээг дүгнэсэн зүйл байхгүй” гэжээ. Энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...нэхэмжлэгч Н.Бямбажаваас гаргасан нэхэмжлэлийг бүрдүүлбэрийн хамт хүлээн авч, шүүхийн дардас дарсан нь хавтаст хэргийн 1-р талын арын хуудсанд баталгаажсан байна. Иймд 2014 оны ажлын үр дүнгийн гэрээг шүүх хүлээн авсан гэж үзнэ. Одоо энэ үр дүнгийн гэрээ хавтаст хэргийн материалд байхгүй байгааг нэхэмжлэгчийн эрхийг шүүх ноцтой зөрчиж, нотлох баримтыг алга болгосон гэж үзнэ. ...Нэхэмжлэгч Н.Бямбажав нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлийг нотлохын тулд 2017 оны 2 дугаар сард шүүгчийн туслах Б.Манлайбаярт

а/ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2013 оны 12-р сарын орон нутгийн болон төвлөрсөн төсвийн орлогын гүйцэтгэл;

б/ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2014 оны 12-р сарын орон нутгийн болон төвлөрсөн төсвийн орлогын гүйцэтгэл;

в/ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Н.Бямбажавын 5 жилийн ажлын үзүүлэлт зэрэг нотлох баримтыг нотариатаар баталгаажуулан өөрийн биеэр хүлээлгэн өгсөн. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг хэргийн материалд ороогүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны явцад олж мэдлээ.

Ийнхүү шүүхийн захиргааны ажилтан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэргийг материалд хавсаргаагүй учир шалтгааныг нягтлан үзэх шаардлагатай байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааны талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг шүүх дараах үндэслэлээр зөрчжээ. Үүнд: Шүүх “Н.Бямбажав нь өөрийн ажил үүрэг гүйцэтгэснээс хэдэн төрлийн татвараар тус тус хэдэн төгрөгийг орон нутгийн татварын орлогод оруулсан, мөн үүнээс хэдэн төгрөг нь давсан орлого болох талаарх нотлох баримтыг ирүүлээгүй” гэж дүгнэснээрээ энэ асуудалд холбогдох нотлох баримт хэрэгт огт байхгүй байдлаар үнэлжээ. ...Шүүхийн шийдвэр нотлох болон үгүйсгэсэн хуулийн зохицуулалтад үндэслэсэн байх учиртай.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн зарчмын заалтыг зөрчсөн байна. Тухайлбал: ...2013 онд хийсэн ажлыг дүгнэсэн “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх” илтгэх хуудсыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэж, 94.2 буюу “А” маш сайн үнэлгээтэй дүгнэж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмар, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дарга В.Баяраа нар гарын үсэг зурж баталгаажуулсан, 2014 оны “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх” илтгэх хуудсыг 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэж, 95.8 буюу “А” маш сайн үнэлгээтэй дүгнэж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Э.Чинбат, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дарга В.Баяраа нар гарсан үсэг зурж баталгаажуулсаар байтал  шүүх “...байгууллагын даргаар баталгаажуулаагүй...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Зүй нь энэ баримтуудыг яагаад үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх хууль зүйн талаас хийх учиртай. Нэхэмжлэгч 2017 оны 03 сарын 10-ны өдөр хуульд суурилсан тодорхой тайлбар гаргасныг шүүх шийдвэртээ үгүйсгээгүй байх тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл энэ талаар огт дурдалгүйгээр нотлох баримтад тусгагдсан үйл баримтын эсрэг бодит бус дүгнэлт хийсэн байна.

...журам болон Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дүгээр тогтоол зэрэг маргааны харилцаанд хамаарал бүхий эрх зүйн баримт бичгийг шүүх тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргажээ.

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан явагдахаас өмнө шүүхэд шинээр “Татварын Ерөнхий Газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 474 дүгээр тушаал" хүчинтэй болохыг нотолсон баримт ирснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэнд танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх” эрхийг зөрчжээ.

... Тухайн хэрэг хэрхэн өөр шүүгчид хуваарилагдах болсон учир шалтгааныг шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаагүй.

Мөн ...хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, “Нөлөөллийн мэдүүлэг” хөтлөх үүргээ биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэнд шүүгч нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, энэ талаарх баримтад гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй тул дээрх хууль болон энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмыг шүүгч зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэлд хамаарна. Дээр дурдсан үндэслэл, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй тул ...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Н.Бямбажав нь  Баянзүрх сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2013, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулал 4,152,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх  иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэж,  хэргийн харьяалал зөрчсөн алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Бямбажав, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг дарга, татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нар  2013, 2014  онд   үр дүнгийн гэрээ байгуулсан  байх ба засаг дарга гэрээг дүгнэж,  урамшуулал олгох эсэх асуудлыг  шийдвэрлээгүйгээс маргаан гарчээ.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага  нь үр дүнгийн гэрээний урамшуулал олгоогүйтэй холбоотой  байна.

Ажилтанд үр дүнгийн гэрээний урамшуулал олгох эсэх, ямар хэмжээгээр урамшуулал олгохыг шийдвэрлэх нь  Тамгын газар, даргын эрх хэмжээний асуудал бус төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрлэх асуудал болохыг Төсвийн тухай хуульд тодорхой заажээ.

Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.6-д төсвийн захирагч урамшууллын гэрээ байгуулж болохыг, урамшуулалд олгох хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн дараа жилийн төсвийн багцад тусган батлахыг, төсвийн урамшууллыг иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлснээс хойш нэг сарын дотор тогтоож олгохыг зохицуулжээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар сумын засаг дарга нь төсвийн ерөнхийлөн  захирагч байх албан тушаалтны жагсаалтад хамаарч байх ба сумын засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд дээрх үр дүнгийн гэрээг байгуулах, дүгнэх, мөн урамшуулалд олгох хөрөнгийг дараа жилийн төсөвт тусган батлуулахаар иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй байна.

Үр дүнгийн гэрээг дүгнэж, урамшуулал олгох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь гэрээний нэг тал болох Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын үүргээ биелүүлэхгүй байгаа буюу түүний эс үйлдэхүйтэй холбоотой байх тул уг нэхэмжлэлтэй хэрэг нь иргэний шүүхээр харъяалан шийдвэрлэгдэх маргаан биш байна.

Хариуцагч нь нийтийн эрх зүйн хүрээнд захирамжилсан шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллагын албан тушаалтан  байх ба захиргааны акт гаргахыг тухайн байгууллагад даалгах шийдвэр гаргах нь Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Урамшууллын талаар 2013 оны үр дүнгийн гэрээнд “урамшуулах асуудлыг ...шийдвэрлэнэ.” гэж  2014 оны үр дүнгийн гэрээнд “5-10 хүртэл хувиар урамшуулах” гэж тусгасан байх ба урамшууллыг ямар хувь хэмжээгээр олгохыг  засаг дарга шийдвэрлээгүй байхад иргэний хэргийн шүүх урамшууллын хувь хэмжээ, мөнгөн дүнг тогтоох эрхгүй.

Шүүх хэргийн харьяалал зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь буруу байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгч шүүх  хуралдаан хойшлуулахдаа   2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1300 дугаартай  шүүгчийн захирамжид хуралдааныг “шүүгч Б.Мөнхтуяа даргалж”  гэж тусган гарын үсэг зурсан, шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүгч  Г.Даваахүү даргалж”  гэж тусган  гарын үсэг зурж, шүүх хуралдааныг  хэн даргалсан талаар өөр өөрөөр тусгасан эрхийн акт, тэмдэглэл гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг, мөн хэргийн материалыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй хэргийг шийдвэрлэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг тус тус зөрчсөн  байна.

Шүүх хэргийн харьяалал зөрчсөн, энэ маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш  тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлийг арилгуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчтэй байгуулсан  2014 оны үр дүнгийн гэрээ нь хэргийн 14-16 дугаар хуудсанд авагдсан байх  тул  “шүүх үр дүнгийн гэрээ алга болгосон” гэсэн гомдол  үндэслэлгүй байна. 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2013, 2014 оны 12 дугаар сарын орон нутгийн болон төвлөрсөн төсвийн орлогын гүйцэтгэл, Н.Бямбажавын 5 жилийн ажлын үзүүлэлт зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн гэх боловч нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн  жагсаалтад тусгагдаагүй, шүүх хуралдаанаар энэ талаар хэлэлцэгдээгүй,  эдгээр баримтыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч  баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн  “2014 оны үр дүнгийн гэрээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2013, 2014 оны 12 дугаар сарын орон нутгийн болон төвлөрсөн төсвийн орлогын гүйцэтгэл, Н.Бямбажавын 5 жилийн ажлын үзүүлэлт зэрэг нотлох баримт алга болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 81338 төгрөг, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 81338 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03  дугаар сарын 31-ний өдрийн 373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 81338 төгрөг,  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан  81388 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                            Т.ГАНБАТ