Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогч: Х.Ү-,

Шүүгдэгч: Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө-өд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005027141774 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө-, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ө- нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20-21 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Х.Ү-ыг хамт байсан эмэгтэй Н.Ш-ийг явуулахгүй хүчирхийлэлд байлган хоргоон зүй бус харьцсан гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохих, хацар руу нь алгадах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн алганд цус хуралт, дух, хүзүү, нуруу, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Х.Ү- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр би найз нарын хамт зочид буудалд архи уугаад сууж байсан. Дараа нь Н.Ш- ирсэн. Би Н.Ш-тэй бэлгийн харьцаанд орж, түүний гар утасны дугаарыг авах гэж хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Би Н.Ш-д зөвхөн найз нарыг иртэл хамт байж байгаач гэж хэлсэн. Үүний дараа Ө- зочид буудлын өрөөнд орж ирээд намайг шууд зодсон. Тухайн үед хамгаалагч байгаагүй. Эмчилгээний баримт байхгүй, хохирлоо нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Х.Ү-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний нүүр хэсэгт цохиод би шалан дээр унасан бөгөөд доошоо хараад толгойгоо хамгаалаад хэвтсэн. Тэр үед Ө- /бахим биетэй нөгөөхөөсөө арай намхан биетэй/ залуу нь дээрээс зодоод өшиглөөд, толгой руу гараараа цохиод байсан. Ингээд миний зүүн чихний хэнгэрэг хэсэгт цохих үед дүнгэнээд явчихсан юм. Нөгөө туранхай өндөрдүү залуу нь баруун талд зогсож байсан. Яг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ цохисон байх гэж бодоод өндөр туранхай залуу нь хөл рүү өшиглөсөн, цохисон гээд мэдүүлчихсэн юм. Намайг бол Ө- гээд байгаа залуу барьж аваад зодсон. Би Ө-өд гомдолтой... Н.Ш-тэй 2 цаг шахуу маргалдсан зүйл байхгүй, 30 гаран минут л болсон байх. Тэгээд ч чи түр байж байгаач гэж хэлээд хамт байхыг л хүссэн юм. Тэгээд байж байтал хаалга тогшоод хэсэг байж байгаад онгойлготол 2 залуу орж ирээд нэг нь намайг зодсон. Тэгж их чаргууцалдаад явуулахгүй гээд татаж чангаагаад байсан зүйл бол байхгүй. Миний биед учирсан гэмтлийг Ө- гэх залуу зодож учруулсан. Миний пүүзийг манай найз Баттэгшид өгсөн байсныг надад авчирч өгсөн. Гар утас, цамц зэрэг нь олдоогүй, гэхдээ эдгээр зүйлсээ үнэлүүлэхгүй, нэхэмжлэхгүй, гомдолгүй. Би ЭМЖЖ эмнэлэгт үзлэг хийлгэсэн чинь зүүн чихний хэнгэрэг цоорсон гэсэн. Шүүх эмнэлэгт үзүүлж томографик хийлгэхэд хамар хугарсан байсан. Мөн нүд хөхөрсөн байсан учир нүдний эмчид үзүүлсэн. Нийтдээ үзлэг хийлгэхэд 400.000 орчим төгрөгийн зардал гарсан... Цаашид чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд ороход 15 сая төгрөг, хамрын хагалгаанд ороход 3 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарч байгаа. ...Би эмчилгээний баримтаа шүүх дээр гаргаж тавих болно. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, өөр санал хүсэлтгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28, 30-31, 33/,

Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ү-, Э- нартай багын найзууд байгаа юм. 2020 оны 8 дугаар сарын 17-ны орой бид нар шоудаад 10 дугаар хороололд байрлах “Цэлмэг” гэх зочид буудлын 303 билүү 304 тоот өрөөнд амарцгаасан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бид нар буудалдаа үргэлжлүүлээд уусан. Гэтэл найз Э-, Н.Ш- гэх охиныг дуудсан. Н.Ш- 18 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд бид нар хамт суугаад архи, пиво ууцгаасан. Энэ үед надтай хамт байсан найз охин М- яваад өгсөн юм. Буудлын өрөөнд Э-, Н.Ш-, Ү- бид дөрөв үлдээд архи ууцгаасан. Буудлын өрөө нь 2 ортой байсан бөгөөд 1 орон дээр Н.Ш-, Ү- хоёр хамт хэвтээд бэлгийн харьцаанд орсон. Нөгөө орон дээр би Э-той хамт хэсэг хэвтсэн. Ингээд Э- бид хоёр хоол олж идэх санаатай гараад явсан. Өрөөнд Н.Ш-, Ү- хоёр үлдсэн. Тэр хоёр бие биедээ их сайн хандаад их дотно байсан. Ингээд 2 цагийн дараа Э- бид хоёр буцаад ирэхэд буудлын өрөө цоожтой байсан. Ресепшинээс асуухад танай найзыг чинь хамт байсан охиных нь ах нь гэх 2 залуу ирээд аваад явсан гэсэн. Ингээд найзыгаа гарч хайсан чинь буудлын хажуу талын 9 давхрын байрны гадаа хүний машинд сууж байна гэж хүний утаснаас Ү- залгасан. Ингээд очиход цамцгүй, гуталгүй байсан. Буцаад буудлын өрөөнд орж эд зүйлийг нь авах гэтэл байхгүй байсан. Цагдаа дуудсан байсан бөгөөд удалгүй цагдаа ирээд өргөдлөө гаргаж өгсөн. ...2020 оны оны 8 дугаар сарын 19-ний өдөр Цэлмэг зочид буудлын хажуу талын буудалд Ү- бид 2 амарч байхад Э- залгаад нөгөө хүмүүс нь уулзъя гээд байна гэсэн. Ингээд Ү-ыг буудалд үлдээгээд би гарч уулзсан чинь өөдөөс том том юм яриад зодчих шахаад байхаар нь яриа нийлэхгүй юм байна гээд би буцаад орсон. Ингээд дахиж гарч уулзаагүй. Ингээд өрөөндөө байж байтал буудлын ресепшин Ү-ын гутлыг оруулж ирж өгсөн. Гар утас, цамцыг нь яасныг мэдэхгүй байна. Би бол Ү-ыг хэдэн хүн зодож байхыг бол яг хараагүй. Ү- надад хэлэхдээ 1 залуу нь барьж аваад зодсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Н.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байсан бөгөөд 17 цагийн үед Э- гэх найз маань утсаар залгаад хүрээд ирээч уулзъя гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд над руу 10 дугаар хороололд байрлах “Цэлмэг” гэх буудалд байна гэж хэлсэн. Ингээд 18 цаг болж байхад тус буудлын 2 давхарт байрлах өрөөнд нь орсон. Өрөөний дугаарыг нь мэдэхгүй байна. Ороход Э-, Ү- хоёр болон бас нэг найз нь найз охинтойгоо байсан. Ү- унтаж байсан. Ингээд Э- нь эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэдтэй хамт суугаад архи, пиво уусан. Удалгүй танихгүй эрэгтэй нь эмэгтэй гаргаж өгчхөөд ороод ирсэн. Ингээд сууж байтал Ү- унтаж байснаа босоод ирсэн. Ингээд бид хэд хамт суугаад ууцгаасан. Би Ү-тай хамт нэг орон дээр хэвтээд сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Э- найзтайгаа хамт хажуу талын орон дээр хэвтэж байсан. Бид бэлгийн харьцаад орж дуусчхаад хэвтэж байтал Э- найзтайгаа хамт гараад явсан. Би Ү-ад хандан би явлаа гэтэл намайг явуулахгүй, байж бай гээд чангаагаад байсан. Ингээд би Ү-тай 2 цаг шахуу маргалдсан. Би гар утсаа гаргаж ирээд найз Ө- рүү залгаад “намайг ирээд авчих” гэж хэлсэн. Тэгтэл Ү- утас булааж аваад хэнтэй яриад байгаа юм бэ гэж хэлээд гар утас өгөхгүй байсан. Би Ү-ын гараас гар утсаа булааж аваад Ө-тэй ярихад над руу хаягаа явуулчих гэхээр нь би хаягийг нь явуулсан. Ингээд байж байтал 20 цаг өнгөрч байхад хаалга тогшсон. Ү- очоод хаалга онгойлготол Ө- найз С-той хамт зогсож байсан бөгөөд хажууд нь буудлын хамгаалагч, үйлчлэгч хоёр зогсож байсан. Хамгаалагч нь Ө- хандан энэ хоёрыгоо аваад яв 2 цаг шахуу ориллоо гэж хэлчхээд үйлчлэгч эмэгтэйтэй хамт яваад өгсөн. Тэгтэл Ө- чи манай найзыг яаж байгаа юм гэж хэлээд Ү- руу дөхөж очоод шууд хамар хэсэгт нь цохисон чинь шалан дээр унасан. Ингээд Ү- газар нүүрээ дараад хэвтээд байсан бөгөөд Ө- очоод дээрээс нүүр, гар, нуруу, хэсэг рүү нь маш олон удаа цохисон. Ингээд араас нь цамцных нь захнаас татаж байгаад зүүн талын шанаа, чих орчимд нь гараараа цохисон чинь Ү- “яая” гэж дуугараад доошоо хараад нүүрээ дараад хэвтээд л байсан. Ө- бараг 10 минут гаран Ү-ыг цохиж зодсон. Энэ үед би яг хараад зогсож байсан. Ингээд зодож дуусчхаад Ө-, Ү-ыг чи яагаад эмэгтэй хүүхдийг явуулдаггүй юм би чамайг зодсон асуудал дээрээ хэргээ хүлээнэ чи эмэгтэй хүүхэд явуулахгүй хоргоогоод байсан асуудал дээрээ шалгагдана. Хоёулаа цагдаа оръё гэж хэлсэн чинь Ү- хөл нүцгэн гараад зугтаачихсан. Ингээд би Ө-, С- хоёртой хамт буудлаас гараад гэртээ харьсан. Ө-, С- хоёр өөр ажилтай гээд яваад өгсөн. ...Ө- буудлаас гарахдаа пүүз, цамц “Айфоне 5 эс” маркийн гар утсыг нь алга болгочих байх уулзаж  байгаад өгнө гээд аваад гарсан. Ингээд маргааш нь би Э-той утсаар холбогдоод Ө-ийг дуудаад Ү-тай очиж уулзах гэж явсан юм. Ингээд “Цэлмэг” гэх зочид буудлын хажууд байх зочид буудлын гадаа очоод утсаар ярьтал өмнөх өдөр нь Э-, Ү- хоёртой хамт “Цэлмэг” зочид буудалд байж байгаад явчихсан найз нь гарч ирсэн. Ингээд Ү-тай уулзъя гэтэл байхгүй гэж хэлчхээд буудал руу яваад орчихсон. Ү-ын уулзъя гэтэл байхгүй гэж хэлчхээд буудал руу яваад орчихсон. Ү-ын гар утас, цамц, пүүзийг нь өгөөд үлдээсэн. Үүнээс хойш Ү-, Э- нартай огт гар хүрээгүй. Би хажууд нь хараад зогсож байсан болохоор бүгдийг сайн санаж байна. Ү- андуурч буруу ярьсан байна. Бахимдуу намхан гэдэг нь Ө-ийг хэлж байгаа юм. Өндөр туранхай гэдэг нь С-ыг хэлж байгаа юм. Ү-, Э-, Э-ын найз нь гэх эрэгтэй бид дөрөв 1 шил 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи, 2.5 литрийн пиво уусан. Намайг очиход Э-, Ү- найз нь гэх залуу 3 хоног ууж байгаа гээд бага зэргийн согтолттой байсан. Бид хэд хамт уусны дараа бол нилээд согтоцгоосон. Гэхдээ бүгд өөрсдийгөө удирдан жолоодох чадвартай байсан. ...Би гадуур хувцсаа өмсөж байхад Ө- гэнэт л очоод Ү-ыг зодоод эхэлсэн, би айсандаа ойртоогүй юм” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/,

  Гэрч Э.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ө-өөс юу болсон талаар асуухад “Н.Ш- над руу залгаад хүрээд ир гээд байна, хүчирхийлэлд байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр буудал руу явж ороод өрөөнийх нь хаалгыг тогшсон. Бараг 5-7 минут орчим тогшсон. Хаалганы цаана Н.Ш-ийн дуу гараад болиоч хаалга тогшоод байна гэж сонсогдож байсан. Удалгүй нэг залуу хаалга онгойлгосон. Ө- түрүүлж ороод хамт байсан залууг нь хаалган дээрээс татаж оруулаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Би тэр үед өрөөний хаалга хаагаад дотогш орсон. Тэгтэл Ө-, Н.Ш-тэй хамт байсан залуугийн нүүр хэсэгт нь цохиж шалан дээр унагаад дээр нь гарч байгаад араас нь татаад нүүр, 2 талын хацар, шанаа хэсэгт нь алгадаад цохиод байсан бөгөөд нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Би Н.Ш-ийг хүчиндүүлчихсэн юм байна гэж бодоод тэр хоёрыг тоогоогүй Н.Ш-д хандан чи яагаад энд ирчихсэн юм бэ, юу болсон юм гэж асуухад юм хэлэхгүй байсан. Ингээд би эргэж хараад Ө-ийг боль гэтэл болихгүй энд тэнд нь цохиж аваад байсан. Ө- ч гэсэн тэгж ойлгоод л тэр залууг зодчихсон юм. ...Би Н.Ш-тэй хамт байсан залууд огт гар хүрээгүй, Ү- намайг цохисон гэж худлаа хэлсэн байна. Ү-ыг Ө- ганцаараа зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Шинжээчийн 9624 тоот дүгнэлтэд: “...Х.Ү-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн алганд цус хуралт, дух, хүзүү, нуруу, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 36-37/,

Яллагдагчаар Б.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид хоёр буудал руу ороод 302 тоот өрөөний хаалган дээр очоод сонсоход цаана нь Н.Ш-ийн хоолой сонсогдоод “...миний утсыг өг...” гэсэн дуу сонсогдсон. Ингээд хаалгыг нь 5-7 минут тогшсон. Эргээд сонстол “хаалга онгойлгомоор байна, намайг босгооч” гэх чимээ гарсан. Ингээд би хаалгыг нь чанга нүдсэн, тэгтэл нэг эрэгтэй хаалга онгойлгосон. Би зөрөөд дотогш ороод харахад Н.Ш- орон дээр бүрэн хувцастайгаа сууж байсан. Би Н.Ш-д хандан “энэ яагаад байгаа юм” гэж асуухад “...сая наадах чинь намайг явуулахгүй гээд гар утас авчхаад өгөхгүй арай хийж чам руу залгалаа” гэсэн. Тэгэхээр нь би эргэж хараад тэр залууг хаалган дээрээс өрөө рүү татаж дотогш оруулаад нүүр рүү нь цохиод газар унагасан. Ингээд би нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгтэл болиоч хөгшөөн чи ямар онгироо юм бэ маргааш өмгөөлөгчөө дуудаад бэлэн байгаарай гэсэн. Тэгэхээр нь би хөлөөрөө бөгс рүү нь өшиглөсөн, мөн гарын бугалга хэсгээс нь татаад ширдэгэн дээр унагаасан. ...Н.Ш-ийг хүчиндчихсэн гэж ойлгоод зодчихсон юм. Миний биед Ү- халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би Ү-ын нүүр хэсэгт 4-5 удаа цохих үед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь учирсан, шалан дээр унасан байхад нь зүүн чих рүү нь алгадчихсан юм. Тэгэхэд “яая” гэсэн. Тэр үед хэнгэрэг нь хагарсан байх гэж бодож байгаа. Нуруу, хүзүү, духны зулгаралт гэмтэл нь ноцолдох үед учирсан байх гэж бодож байна. Би ганцаараа Ү-ыг зодсон. С-, Ү-ын биед хүрээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 46-48/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38, 53-64/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Ө- нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20-21 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Х.Ү-ыг хамт байсан эмэгтэй Н.Ш-ийг явуулахгүй хүчирхийлэлд байлган хоргоон зүй бус харьцсан гэж нөхцөл байдлыг буруугаар ойлгон учир шалтгааныг ололгүйгээр түүний нүүрэн тус газар нь цохих, хацар руу нь алгадах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн алганд цус хуралт, дух, хүзүү, нуруу, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Ү-ын: “...Миний нүүр хэсэгт цохиод би шалан дээр унасан бөгөөд доошоо хараад толгойгоо хамгаалаад хэвтсэн. Тэр үед Ө- /бахим биетэй нөгөөхөөсөө арай намхан биетэй/ залуу нь дээрээс зодоод өшиглөөд, толгой руу гараараа цохиод байсан. Ингээд миний зүүн чихний хэнгэрэг хэсэгт цохих үед дүнгэнээд явчихсан юм. Нөгөө туранхай өндөрдүү залуу нь баруун талд зогсож байсан. Яг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ цохисон байх гэж бодоод өндөр туранхай залуу нь хөл рүү өшиглөсөн, цохисон гээд мэдүүлчихсэн юм. Намайг бол Ө- гээд байгаа залуу барьж аваад зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28, 30-31, 33/, гэрч Ч.Б-ийн: “...2 цагийн дараа Э- бид хоёр буцаад ирэхэд буудлын буудлын өрөө цоожтой байсан. Ресепшинээс асуухад танай найзыг чинь хамт байсан охиных нь ах нь гэх 2 залуу ирээд аваад явсан гэсэн. Ингээд найзыгаа гарч хайсан чинь буудлын хажуу талын 9 давхрын байрны гадаа хүний машинд сууж байна гэж хүний утаснаас Ү- залгасан. Ингээд очиход цамцгүй, гуталгүй байсан. Буцаад буудлын өрөөнд орж эд зүйлийг нь авах гэтэл байхгүй байсан. Цагдаа дуудсан байсан бөгөөд удалгүй цагдаа ирээд өргөдлөө гаргаж өгсөн. ...Би бол Ү-ыг хэдэн хүн зодож байхыг бол яг хараагүй. Ү- надад хэлэхдээ 1 залуу нь барьж аваад зодсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Н.Ш-ийн: “...Ө- чи манай найзыг яаж байгаа юм гэж хэлээд Ү- руу дөхөж очоод шууд хамар хэсэгт нь цохисон чинь шалан дээр унасан. Ингээд Ү- газар нүүрээ дараад хэвтээд байсан бөгөөд Ө- очоод дээрээс нүүр, гар, нуруу, хэсэг рүү нь маш олон удаа цохисон. Ингээд араас нь цамцных нь захнаас татаж байгаад зүүн талын шанаа, чих орчимд нь гараараа цохисон чинь Ү- “яая” гэж дуугараад доошоо хараад нүүрээ дараад хэвтээд л байсан. Ө- бараг 10 минут гаран Ү-ыг цохиж зодсон. Энэ үед би яг хараад зогсож байсан. ...Би гадуур хувцсаа өмсөж байхад Ө- гэнэт л очоод Ү-ыг зодоод эхэлсэн, би айсандаа ойртоогүй юм” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/, гэрч Э.С-ын: “...Ө- Н.Ш-тэй хамт байсан залуугийн нүүр хэсэгт нь цохиж шалан дээр унагаад дээр нь гарч байгаад араас нь татаад нүүр, 2 талын хацар, шанаа хэсэгт нь алгадаад цохиод байсан бөгөөд нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Би Н.Ш-ийг хүчиндүүлчихсэн юм байна гэж бодоод тэр хоёрыг тоогоогүй Н.Ш-д хандан чи яагаад энд ирчихсэн юм бэ, юу болсон юм гэж асуухад юм хэлэхгүй байсан. Ингээд би эргэж хараад Ө-ийг боль гэтэл болихгүй энд тэнд нь цохиж аваад байсан. Ө- ч гэсэн тэгж ойлгоод л тэр залууг зодчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, шинжээчийн 9624 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ө-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө- нь хохирогчийг гэрч Н.Ш-ийг явуулахгүй, түүнийг хүчиндсэн гэх шалтгаанаар цохиж зодон улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ү-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал болон цаашид эмчилгээ хийлгэх мөнгө нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ө-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-өд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу урд торгуулийн ялаар шийтгүүлсэн, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР